Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/137

 

 

 

 

 

   

                                

      2022         08           18                                        2022/ШЦТ/137

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

         улсын яллагч М.Отгонбаатар,

         шүүгдэгч О.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Тод холбогдох эрүүгийн 2219000000209 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: О.Т

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч О.Т нь 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Эрээн хэмээх газарт хохирогч Л.Дашзэвэгтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар хүрзээр цохиж, түүний эрүүл мэндэд нь зүүн богтос ясны хугарал, нүүрэнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Шүүгдэгч О.Тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр өглөөний 07 цагийн үед очиход Дашзэвэг согтуу орондоо байсан. Хонио ялга гэсэн чинь чи хүн авчраад ялгачих, би чадахгүй гээд агсраад хутга бариад дайрсан. Тэгээд миний мотоциклийг түлхэж унагаасан. Тэгэхээр нь би хүрзээр цохисон. Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө, миний буруу. Хохирогчид тусламж үзүүлсэн зүйл байхгүй. Ер нь урьд нь жаахан таарамжгүй харилцаатай байсан гэсэн мэдүүлэг,

           -Хохирогч Л.Дашзэвэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр манай малтай Т гэх айлын мал салхидаж ирээд нийлсэн байхаар нь орой нь ялгаж Тын гэрийн зүг туугаад орхисон чинь шөнө нь дахин ирж нийлсэн байсан. 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр өглөөний 07 цагийн орчим гэртээ хэвтэж байхад гаднаас Т гэх залуу манай малтай нийлсэн малаа ялгаж авна гэж орж ирсэн. Тэгэхээр нь би урьд нь жоохон архи уусан байсан ба толгой өвдөөд байхаар нь ганцаараа байна, хүн амьтан авчраад ялгахгүй бол барахгүй ээ, өчигдөр би малыг чинь ялгаад чиний гар утас руу залгахад утас чинь холбогдохгүй байхаар нь Тын аав Очирхүү рүү залгаад малыг нь ялгаад танай зүг рүү туусан гэж хэлээд би Тыг малаа маллаж чадахгүй арчаагүй юм гээд загнаж хараасан. Тэгээд бид маргалдаж, чи өөрөө хүн амьтан авчирч ялгаж ав гэсэн чинь Т би ганцаараа ялгаад авч чадна гээд мотоциклоо унаад явах гэж байхаар нь би тэгвэл ялгуулахгүй гээд мотоциклыг нь түлхэж унагаасан. Тэгээд бид хоёр хэрэлдэж байгаад залуу хүүхэд болохоор нь айлгах санаатай гэрээсээ орж хутга барьж гарч ирээд Тыг чи яв, явахгүй бол чамайг хутгална шүү гэж хэлээд хий айлгасан чинь Т гэрийн гадаа байсан төмөр хүрзийг барьж аваад намайг 2-3 удаа цохих үед иш нь салсан. Миний зүүн гарын шуу, зүүн талын хавирга эвгүй болсон. О.Тоос нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн мэдүүлэг /хх 5, 29 ху/,

            -Гэрч С.Өлзийсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Намайг ажил дээрээ байж байтал Л.Дашзэвэг гэх хүн зүүн гарын шуу хэсэгтээ хүрзээр цохиулсан гэж ирж уулзсан. Л.Дашзэвэг гэх хүн архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай үнэртэж байсан. Тухайн хүнд гадна үзлэг хийхэд зүүн гарын шууны гадна дунд хэсэгт 2 см хэмжээтэй язралт үүссэн, цус гарсан байдалтай түүнийгээ хоолны хусуур тавьж, цэцэгтэй эрээн даавуугаар боосон байдалтай, зүүн гарын хөдөлгөөн хязгаарлагдсан байдалтай байсан. Мөн цээжний зүүн талын ар хэсэгт 9, 10 дугаар хавирганы түвшинд улайсан байдалтай эмзэглэлтэй, баруун ташааны ард зулгарч тавласан хуучин шархны мөртэй түүндээ эмзэглэлтэй байсан. Ингээд би Л.Дашзэвэгийн зүүн гарын шуу хэсгийн дунд хэсэгт үүссэн шархыг цэвэрлээд боолт хийж өгсөн. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлэгт рентген зураг авхуулах талаар зөвлөгөө өгөөд явуулсан гэсэн мэдүүлэг /хх 7 ху/,

           -Яллагдагч О.Тын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр өглөө айлын малд нийлсэн малаа авах гээд очиход гэрийн эзэн Дашзэвэг гэртээ хэвтэж байхаар нь мэнд мэдээд малаа ялгах уу гэхэд Дашзэвэг чадахгүй пизда минь, өөрөө ялгахгүй юу гэсэн. Тэгж хэлэхээр нь би тэгвэл явлаа орой ирж ялгаж авъя гэсэн чинь архи уусан согтуу бололтой архины шил барьж босож ирээд тархийг чинь хага цохино шүү гэж над руу дайрсан. Би энэ үед архины шилийг нь булааж аваад гэрээс гарч явсан. Тэгээд би гэрээс гараад орой эхнэр Навчааг ирэхээр нь малаа ялгаж авъя гэсэн чинь Дашзэвэг би чамд яаж хутга шаадгийг харуулах уу гээд гэрээсээ жижиг шар иштэй хутга баруун гартаа бариад гарч ирээд миний хойноос туусан. Би гэрийн урд талд байх малын хашааг 1 удаа тойрч зугтаахад Дашзэвэг намайг туухаа болиод гэр рүүгээ явсан. Би гэрийн гадаа байсан өөрийн мотоцикл дээр очоод унаад явах гэтэл Дашзэвэг над руу хутга барьсан чигээрээ дайраад хутга шаах гэж зүүн мөрөнд хальт хутгатай гараараа  шүргэх үед би мотоциклтойгоо хажуу тийшээ унасан. Намайг босож ирээд харахад Дашзэвэг над руу дайраад алнаа гээд дайрахаар нь хутга барьсан байсан зүүн гарын шуу хэсэгт нь 2 удаа хүрзээр цохисон. Энэ үед хүрзний иш мултраад унасан гэсэн мэдүүлэг /хх 9-10, 27-28 ху/,

          -Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 02/0344 дугаартай дүгнэлтэнд: 

          1.Л.Дашзэвэгийн биед зүүн богтос ясны хугарал, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

          2.Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3.Учирсан гэмтлүүд нь шинэ гэмтэл байна.

          4.Учирсан зүүн богтос ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.

          5.Учирсан нуруунд цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн дүгнэлт /хх 14-15 ху/,

          -Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Эрүүл мэндийн эмчийн тодорхойлолт /хх  16 ху/,

          -Эд зүйлийг хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 58-59 ху/,

          -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 65 ху/,

          -Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 22-24, 27-28 ху/зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           Шүүгдэгч О.Т нь 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Эрээн хэмээх газарт хохирогч Л.Дашзэвэгтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар хүрзээр цохиж, түүний эрүүл мэндэд нь зүүн богтос ясны хугарал, нүүрэнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч О.Тын өгсөн “...Хонио ялга гэсэн чинь чи хүн авчраад ялгачих, би чадахгүй гээд агсраад хутга бариад дайрсан. Тэгээд миний мотоциклийг түлхэж унагаасан. Тэгэхээр нь би хүрзээр цохисон” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Л.Дашзэвэгийн “...Тыг чи яв, явахгүй бол чамайг хутгална шүү гэж хэлээд хий айлгасан чинь Т гэрийн гадаа байсан төмөр хүрзийг барьж аваад намайг 2-3 удаа цохих үед иш нь салсан. Миний зүүн гарын шуу, зүүн талын хавирга эвгүй болсон” гэсэн мэдүүлэг, гэрч С.Өлзийсүрэнгийн мэдүүлэг, хохирогчийн биед зүүн богтос ясны хугарал, нуруунд цус хуралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн 02/0344 дугаартай дүгнэлт, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Эрүүл мэндийн эмчийн тодорхойлолт, эд зүйлийг хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

          Шүүгдэгч О.Тын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч О.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

          Шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

          Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Дашзэвэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч “гомдол саналгүй, хохирол нэхэмжлэхгүй” гэсэн хүсэлт гаргасан болох нь хавтаст хэргийн 71 дүгээр хуудсанд авагдсан баримтаар нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч О.Тийн гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

           Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

         Иймд дээрх гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч О.Тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял  оногдуулж, уг ялаас чөлөөлөхөөр  шийдвэрлэв.

        Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрзийг ишний хамт устгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч О. Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялаас чөлөөлсүгэй.

         3.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Тод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрзийг ишний хамт устгасугай.

         5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА