| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2018/01711/И |
| Дугаар | 2429 |
| Огноо | 2018-08-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 2429
| 2018 оны 08 сарын 02 өдөр | Дугаар 102/ШШ2018/02429 | Улаанбаатар хот |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, Их тойруу гудамж, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 19 дүгээр байр 306 тоотод байрлах Н К ББСБ-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 86 дугаар байр 86а тоотод оршин суух, Хотгойд ургийн овогтой Т.Г,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 80 дугаар байр 49 тоотод оршин суух, Хогойд ургийн овогтой Д.О нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 7,195,657.48 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Саруулмандахнар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н К ББСБХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай “Нанокапитал ББСБ” ХХК нь иргэд, аж ахуй нэгжид бизнесийн үйл ажиллагаанд туслах зорилгоор зээлийн үйлчилгээ явуулдаг. Т.Гнь 2016 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 1,500,000 төгрөгийг зээлсэн. Барьцаанд хашаа, байшин барьцаалсан. Энэ гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Энэ зээлээ төлсний дараа “манай хүү бизнес эрхлэх гэж байгаа тул бизнесийн зээл олгооч” гэж дахин 4,500,000 төгрөгийн зээл авсан. Бид харилцагчид чирэгдэл багатай байдлыг бодож барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Гэвч Т.Гэрэлчимэг, Т.Одбаяр нар нь зээлээ төлөлгүй байгууллагыг хохироож байна. Иймд зээлийн үлдэгдэл 3,654,611 төгрөг, хүү 3,080,315 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 460,732.48 төгрөг нийт 7,195,657.48 төгрөгийг хариуцагч Т. Г, Д.О нараасгаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т. Г, Д.О нарынитгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Учир нь гэрээний 4.2.12.2-т өмчлөгчийн эрхийг хязгаарлах зохицуулалт орсон байна. Өмчлөгч нь хэд хэдэн этгээдэд байгаа. Тэдгээр нь өмчөө барьцаалж болно. Ингэснээр нийгэм эдийн засгийн харилцаанд хязгаарлалтгүй чөлөөтэй оролцоно. Өмчлөгчийн худалдах, захиран зарцуулах, ямарваа нэгэн эрхийг хязгаарласан хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна. Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1 дэх хэсэгт тодорхой заасан тул уг гэрээ нь хүчин төгөлдөр бус юм. Мөн тус хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан нөхцөлийг зөрчсөн. Өмнөх зээлийн гэрээний хүү, алдангийг хариуцагч нар төлөөд дууссан тул сөрөг нэхэмжлэл гаргахгүй. Мөн барьцаа гэдэг бол Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар “үүрэг гүйцэтгэгчийг хуульд буюу гэрээнд зааснаар тухайн барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулдаг. Гэтэл гэрээнд заагаагүй тул үүнийг тусдаа баримт бичиг гэж ойлгож байна. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагуудыг хангаагүй. Барьцаа хөрөнгийг 4,500,000 төгрөгийн зээлийн барьцаанд хэрэглэх боломжгүй. Энэ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт зааснаар барьцаа хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс зээл төлсөн төлөлт, үлдэгдэл, тооцоололд маргах зүйл байхгүй. Үндсэн зээл 3,654,611 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын 3,654,611 төгрөгөөс бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н К ББСБХХК нь хариуцагч Т. Г, Д.О нартхолбогдуулан 6,547,630 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж зээлийн гэрээний үүрэгт 7,195,657.48 төгрөг гаргуулахаар шаардсанаас хариуцагч зарим хэсгийг нь зөвшөөрч үлдсэнийг эс зөвшөөрч маргажээ.
Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
Нэхэмжлэгч Н К ББСБХХК нь хариуцагч Т. Г, Д.О нартай2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 4,500,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, нэг сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцож, ЗГ00161223 дугаартай зээлийн гэрээ, мөн БГ00161223 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулсан байна. /хх-ийн 6-9 дүгээр тал/
Талууд гэрээг бичгээр байгуулж, нотариатчаар гэрчлүүлсэн байх бөгөөд барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тухайд маргаагүй.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.”, 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй”, 453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Талууд өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлдүүлэгч 4,500,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн тул талуудын хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан агуулгад нийцсэн, хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн байна гэж үзэв.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийн гэрээний 4.2.12-т “Зээлдэгч дараах шийдвэрийг банкны бичгээр олгосон зөвшөөрлөөр гаргана”, 4.2.12.4-т “Барьцаа хөрөнгийг давхар барьцаалах, худалдах, эрх шилжүүлэх” гэж заасан нь Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-д заасны өмчлөгчийн эрхийг хязгаарласан хүчин төгөлдөр бус хэлцэл тул гэрээний дагуу хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй гэж маргасан.
Гэрээний дээрх зохицуулалт, талуудын хуульд заасан эрх ашгийг хязгаарласан гэж үзэх боломжгүй тул гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй үндэслэлгүй байна.
Зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, хавсралт, талуудын тайлбараар нотлогдсон тул зээлдэгч зээл, зээлийн гэрээний болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн төлөх үүрэгтэй.
Харин Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан зээлийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж байсан нь маргаан бүхий гэрээний барьцааны гэрээнд хамааралгүй.
Иргэний хуулийн 153, 154, 156 дугаар зүйд заасны дагуу барьцааны гэрээг бичгээр байгуулж улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага тавигдана. Энэ шаардлагыг хангаагүй барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байна.
Иймд хариуцагч Т. Г, Д.О нараасзээл 3,654,611 төгрөг, зээлийн хүү 3,080,315 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 460,732.48 төгрөг, нийт 7,195,657.48 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н К ББСБХХК-д олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Зохигч зээлийн гэрээний дагуу төлсөн төлбөр, төлөгдөөгүй төлбөрийн талаар мараагүй гэснийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу хариуцагч Т. Г, Д.О нараас7,195,657.48 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н К ББСБХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 189,913 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Т. Г, Д.О нараас119,713 төгрөг гаргуулж нэхэмжлэгч "Н” банк бус санхүүгийн байгууллага ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР