| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2018/02015/И |
| Дугаар | 2468 |
| Огноо | 2018-08-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 2468
2018 оны 08 сарын 06 өдөр Дугаар 102/ШШ2018/02468 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо, Баянгол 14 дүгээр гудамж 9 тоотод оршин суух, Ш.Т-ийннэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, өөрийн байранд байрлах, НШШГГ-т холбогдох,
Албадан чөлөөлөх ажиллагааг хүчингүй болгож, ажиллагааг дахин явуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Тшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2011 оны 07 сараас эхлэн “Жинди” ХХК-ийн захирал Дүн Шиү Фентэй харилцан тохиролцож Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 336/1-д байрлах “Токио” зочид буудлын 1 давхар болон 314, 316 тоот өрөөнүүдийг өнөөдрийг хүртэл ашиглаж ирсэн бөгөөд “Жинди” ХХК болон эрх шилжүүлэн авсан гэх “Ээвэргрийн теад” ХХК-ийн зүгээс нэг ч удаа миний эзэмшиж байгаа дээрх өмчтэй холбоотой өмчийн маргаан үүсгээгүй. Эд хөрөнгийг харилцан тохиролцож уг компанид хүлээлгэн өгөхөд бэлэн гэдгээ уг аж ахуйн нэгжийн захирал Чен Биний 99113818 тусаар залгаж хэлж байсан боловч хариу өгөөгүй. Гэтэл 2018 оны 05 сарын 10-ны өдөр миний эзэмшилд ямар нэг маргаангүйгээр ашиглаж байсан байрыг албадан чөлөөлөх тухай шийдвэрийг шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс гаргасанд гомдолтой байна. Өмч хөрөнгө зөөх бэлтгэл ямар ч хугацаа өгөлгүй хоёр хоногийн дотор албадан гаргах ажиллагаа явуулж эхлээд байна. Мөн 2017 оны 09 сарын 07-ны 02388 тоот шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1.2-т миний нэр ороогүй бөгөөд иргэн н.Базарсадын эзэмшлээс албадан чөлөөлөх гэж нэр зааж гарсан атал н.Базарсадын эзэмшлийн 16 өрөөг чөлөөлөхийн оронд миний эзэмшлийн өрөөнүүдийг албадан чөлөөлж шүүхийн шийдвэрээс хальсан үйл ажиллагаа явуулж байгааг буруу гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан шийдвэр, тогтоол гаргалгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна гэжээ.
Нэхэмжлэгч Ш.Тшүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тодруулгадаа: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Б.Отгонбаяр Баянгол дүүргийн шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны 102 тоот шийдвэрийг албадан биелүүлэх явцдаа дараах хууль бус ажиллагаа явуулсан. 1.Шүүхийн шийдвэрт Ш.Тминий нэр огт дурдагдаагүй байхад миний эд хөрөнгөнд халдсан. 2.Намайг хариуцагч н.Базарсадтай түрээсийн гэрээ байгуулсан гэж хуурамч бичиг баримт үйлдсэн. 3.Албадан гүйцэтгэх ажиллагааны явцад эд хөрөнгийн бүртгэл хөтлөлт хийгээгүй. 4.Шөнийн цагаар ажиллагаа явуулсан. 5.Нэг давхрыг чөлөөлөх мэдэгдэл өгөөгүй. 6.Хэргийн хариуцагчийг байлцуулаагүй ажиллагаа явуулсан. Эдгээр хууль бус ажиллагаа явуулж миний хууль ёсны эрхийг зөрчсөн тул уг объектын 1 давхарт явуулсан албадан чөлөөлөх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ш.Тшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх газар үйл ажиллагаа явуулахдаа хууль зөрчихгүй байх үүрэгтэй. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хэд хэдэн алдаа гаргасан. Тийм учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гомдол гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, дахин хийлгэх хүсэлтэй байна. Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байлгах 3 давхар объектыг н.Б-д гэдэг хүний хууль бус өмчлөлөөс чөлөөлсүгэй гэсэн хариуцагчийн нэр зааж гаргасан шүүхийн шийдвэр байгаа. Миний шаардлага бол уг барилгын нэгдүгээр давхрын заал чөлөөлсөн ажиллагаа хууль бус явагдсан тул хүчингүй болгуулж дахин явуулах шаардлага юм. Өмнө нь гаргасан шаардлага бол байрны 1 давхрын заал болон 314, 316 дугаар өрөөг чөлөөлсөнтэй холбоотой байсан. 1 Давхрын заал чөлөөлөхдөө эд хөрөнгийн бүртгэл хийгээгүй, чөлөөлөх явцад шийдвэр гүйцэтгэгч өөрөө байгаагүй. Ямар эд хөрөнгийг хэний эзэмшлээс, хэнд чөлөөлж байгаа талаар тэмдэглэл байхгүй. Шууд гудамжинд гаргаж хаяад машинд ачаад зөөсөн. 2018 оны 05 сарын 11-ний өдрийн шөнийн 21 цагаас 12-ны өдрийн 02:00 цаг хүртэл шөнийн цагаар үйл ажиллагаа явуулсан. Шөнийн цагаар зайлшгүй ажиллагаа явуулах тогтоол гаргаагүй. Иймд албадан чөлөөлөх ажиллагаа хүчингүй болгож өгнө үү. Дахиж бүртгэл тооллого хийж хуулийн дагуу чөлөөлөх ажиллагааг явуулж өгнө үү. Төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулж байгаа учраас эдгээр хүмүүст хариуцлага тооцуулах ёстой гэж бодож байна гэжээ.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-р шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2017/02388 дугаар шийдвэрээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2205011642 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 336/1 тоот хаягт байрлах 2592 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, подвальтай, 3 давхар үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Ц.Б-н хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, 5,228,150 төгрөгийг гаргуулж “Ээвэргрийн таед” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 336/1 тоот хаягт байрлах 316 тоот өрөөг түрээслэгч Ш.Түвдэнбалжирт шүүхийн шийдвэрийг биелүүлж 2018 оны 05 сарын 08-ны өдрийн 09 цагт сайн дураар султган чөлөөлөх мэдэгдлийг 2018 оны 05 сарын 08-ны өдөр, 2018.05.11-ний өдрийн 09 цагт сайн дураар чөлөөлөхийг 2018 оны 05 сарын 10-ны өдрийн 4/147 дугаар албан бичгээр тус тус мэдэгдэж тэмдэглэл үйлдэн, мэдэгдлийг хүргүүлж, гардуулсан. Шүүхийн шийдвэрт дурдсан Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 336/1 тоот хаягт байрлах 2592 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, подвальтай, 3 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлд Ш.Тнь хамааралгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасны дагуу зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа, тус газар хэргийн хариуцагч биш тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Тнь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 336/1 тоот хаягт байрлах 2592 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, подвальтай 3 давхар үл хөдлөх хөрөнгийн 1 давхрын үйлчилгээний зориулалттай заалыг албадан чөлөөлөх ажиллагааг хүчингүй болгож, дахин явуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж дууссан гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2017/02388 дугаар шийдвэрээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2205011642 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 336/1 тоот хаягт байрлах 2592 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, подвальтай 3 давхар үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Ц.Базарсадын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байх ба Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар энэхүү шийдвэрт бичигдсэн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ГХ2017/1423 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэжээ. /хх-ийн 18 дугаар тал/
Нийслэлийн шүүхийн шийдвэр шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч Ц.Б-д 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр дээрх барилгыг, бусад эзэмшигч нарт болон нэхэмжлэгч Ш.Түвдэнбалжирт 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр барилгын 314, 316 тоотыг тогтоосон хугацаанд чөлөөлөх, хэрэв сайн дураар чөлөөлөөгүй тохиолдолд албадан нүүлгэж, холбогдон гарах зардлыг нөхөн төлүүлэх тухай” мэдэгдлийг тус тус өгсөн байна. /хх-ийн 17, 26 дугаар тал/
Нэхэмжлэгч мэдэгдэл өгсөнтэй холбогдуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт барилгын 314, 316 тоотыг гэрээний дагуу эзэмшиж байгаа гэх гомдол гаргасан байх боловч гомдлын хангах боломжгүй талаар хариуг 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Хариу мэдэгдэх хуудсаар өгсөн байна. /хх-ийн 4 дүгээр тал/
Улмаар 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр уг барилгыг албадан чөлөөлөх ажиллагаа явуулж, мөн өдөр төлбөр авагч “Ээвэргрийн таед” ХХК-д хүлээлгэн өгчээ. /хх-ийн 62-64 дүгээр тал/
Нэхэмжлэгч нь 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн албадан чөлөөлөх ажиллагааг шүүхийн шийдвэрт Ш.Тминий нэр дурдагдаагүй байхад миний эд хөрөнгөнд халдсан, хариуцагч н.Базарсадтай түрээсийн гэрээ байгуулсан гэх хуурамч бичиг баримт үйлдсэн, албадан гүйцэтгэх ажиллагааны явцад эд хөрөнгийн бүртгэл хийгээгүй, шөнийн цагаар ажиллагаа явуулсан, 1 давхрыг чөлөөлөх мэдэгдэл өгөөгүй, хэргийн хариуцагчийг байлцуулаагүй ажиллагаа явуулсан, шийдвэр гүйцэтгэгч өөрөө байгаагүй зэрэг нь хууль бус гэх үндэслэлээр хүчингүй болгуулахаар гомдол гаргасан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Орон байр, барилга, агуулах, савыг төлбөр төлөгч буюу нүүн гарах этгээд, түүний хамт амьдарч байгаа гэр бүлийн гишүүн, тэдгээрийн эд хөрөнгө, мал, гэрийн тэжээвэр амьтнаас чөлөөлж, төлбөр төлөгч буюу нүүн гарах этгээдэд албадан чөлөөлсөн үл хөдлөх хөрөнгийг цаашид эзэмших, ашиглахыг хориглож, төлбөр авагчид хүлээлгэн өгснөөр орон байрнаас нүүлгэн гаргах тухай гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлсэнд тооцно.”, 100.8-д “Нүүн гарах этгээд албадан нүүлгэх мэдэгдэлд заасан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр барилга, орон байранд байхгүй, эсхүл албадан чөлөөлөх барилга, орон байр бусдын ашиглалтад байгаа нь шийдвэрийг биелүүлэхэд саад болохгүй.” гэж тус тус заасан.
Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар заавал биелэгдэх бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.6-д заасанчлан иргэн, хуулийн этгээд шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй. Гэвч төлбөр төлөгч Ц.Базарсад болон нэхэмжлэгч Ш.Тнарт барилга чөлөөлөх мэдэгдлийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас мэдэгдсэн боловч биелүүлээгүй байна.
Ш Ш-гч О 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 18250319/102 дугаар “Эд хөрөнгө хураах тухай”, 18250319/101 дугаар “Байр, орон сууцнаас албадан гаргах тухай” тогтоолд хөндлөнгийн гэрч С.Б, Б.Б, 1 давхрын үйлчилгээний зориулалттай талбайн эзэмшигч гэх н.Бээжин, цагдаагийн байгууллагын албан хаагч нарын гарын үсэг зурсан байна. /хх-ийн 64 дүгээр тал/
Хэдийгээр нэхэмжлэгч барилгын 1 давхрын үйлчилгээний зориулалттай талбайг “Жинди” компанитай байгуулсан хэлцлийн дагуу эзэмшдэг, дотор нь байсан эд хөрөнгийг өмчилдөг гэх боловч хэрэгт энэ талаар авагдсан нотлох баримтгүй.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй боловч барилгын 1 давхрын талбай, эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийн талаар нотлох хуульд заасан үүргийн дагуу баримтаар нотолж чадаагүй тул нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг хангах үндэслэлгүй болно.
Нөгөө талаар хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар албадан чөлөөлөх ажиллагааг хууль бус явуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд албадан чөлөөлөх ажиллагааг хүчингүй болгож дахин явуулах тухай нэхэмжлэгч Ш.Т-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д заасны дагуу хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “Байр, орон сууцнаас албадан гаргах тухай” тогтоолын дагуу Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 336/1 тоот хаягт байрлах 2592 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, подвальтай 3 давхар үл хөдлөх хөрөнгийн 1 давхрын үйлчилгээний зориулалттай талбайг албадан чөлөөлсөн ажиллагааг хүчингүй болгож, дахин явуулах тухай нэхэмжлэгч Ш.Т-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Т-с улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЗБАЯР