Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/82

 

 

 

 

 

 

2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр                           Дугаар 2022/ШЦТ/82                              Даланзадгад сум

                                                                                 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч: О.Батнасан,

Шүүгдэгч: Б.Ш,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г говийн Бийн Шт холбогдох 2228000000094 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Биеийн байцаалт:

Шүүгдэгч Б.Ш нь согтуугаар 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 13 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын өгөөмөр багт байрлах Ганга нэртэй дэлгүүрийн гадаа болон тээврийн хэрэгсэл дотор хувийн таарамжгүй харилцааны улмаас Иргэн Х.Атэй маргаж, нүүр, хүзүү рүү нь алгадах, нүүр толгой, дух бие рүү нь мөргөх хурууг нь хазах зэргээр зодон тархины доргилт баруун гарын V хурууны хазагдсан шарх зүүн чихний дэлбээ хүзүү баруун бугалга баруун дал зүүн мөр тохой бугуй өвдөгний зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Шын яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Ш шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ өгсөн. Одоо нэмж ярих зүйл байхгүй гэв.

Хохирогч Х.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2022 оны 06 дугаар сарын 03-ны өглөө Ханхонгор сумаас Ээж над руу залгаад машины дугуй мултраад ойчсон гэж хэлсэн. Тэгээд би Өмнөговь аймаг дахь гэрээсээ Ханхонгор сумын урд талд очиж Ээжийн машин янзлаад 13 цагийн үед дууссан. Тэр хугацаанд Б.Ш, Бийн хамтаар 0.75л Хараа нэртэй 1 шил архийг хувааж уусан. Тэгээд Ш хүрж ирээд нэг шил юм аваад өг гээд гуйгаад байсан. Тэгээд байхаар нь би машинтайгаа яваад сумын хойд талын дэлгүүрээс 0.75л Хараа нэртэй нэг шил архи аваад машин дотроо байлгаж байгаад Ганга дэлгүүрийн гадаа Шыг дуудаж нөгөө архийн өгсөн. Тэгээд машин дотор орж суугаад Б.Ш ганцаараа архи задлаад 2 татсан. Тэгээд хоёулаа тал гарч үзье гэсэн. Яагаад гэж асуусан чинь өөрөөс нь ах байхад намайг ах гээгүй гэж хэлээд намайг машин дотор сууж байхад миний нүүр лүү нэг алгадсан. Тэгээд миний хүзүү рүү алгадхаар нь түлхээд машинаасаа гаръя гэж хэлээд машинаас гарсан. Тэгсэн машинаас гараад тойрч ирээд намайг заамдаад боосон. Тэгэхээр нь би цамцны захаас нь бариад авсан. Тэгээд цамцаар нь бооход Б.Ш муужраад сонин болсон. Тэгэхээр нь би тавьсан. Тэгсэн Б.Ш нүүр толгой руу, их бие рүү мөргөөд цохиод байсан. Тэгээд намайг унагаагаад миний дээрээс дараад, намайг өнхрүүлээд дээрээс цохиод байсан. Тэгээд би арай гэж нэг юм боссон. Тэгсэн миний баруун чигчий хурууг амандаа зуугаад хазаад тавихгүй байсан. Тэгээд би гуйгаад тавьчих аа би одоо яах ч үгүй би чамтай зодолдмооргүй байна гэж их гуйсан. Тэгээд хуруу зуугаад тавихгүй байсан. Тэгээд би зүүн гараараа толгойг нь түлхсээр байгаад гараа салгаад босоод зугтсан. Тэгсэн араас Ш ирээд дахиад зуураад авсан. Тэгээд миний нүүр лүү гараараа нэг цохисон. Тэгээд толгой руу нэг мөргөсөн. Тэгээд миний их бие рүү цохисон. Тэгж байгаад салсан. Би архи уугаагүй эрүүл байсан. Б.Ш архи уусан гэхдээ гайгүй л байх шиг байсан. Б.Ш бид хоёр л байсан. Өөр хүн байгаагүй. Хүзүү нуруу хэсгээр их зулгаралттай, баруун гарын чигчий хуруу хазуулаад цус гараад яс нь харагдаж байсан. Гар хөл өвдөг, тохой чихний ар тал зулгарсан. Толгой дүүр ч өвдсөн. Нуруу бөөр хэсэг өвдөөд байсан. Тэгээд эмнэлэгт очсон тэгээд тархины хаван хөөлгөх дусал хийлгэсэн. Бие их зовиуртай байсан тул өвчин намдаах тариа хийлгэсэн. Тэр өдрөөс хойш гар өвдөөд бие өвдөөд халуураад болдоггүй учир өвчин намдаах эм орой болгон ууж байгаа. Гэмтлээ тогтоолгоно. Би өвчин намдаах эм авч уусан. Өөр эм тан авч хэрэглээгүй. Надад хохирол учраагүй.” /хавтаст хэргийн 10-11 дэх тал/ 

Хохирогч Х.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн үед машинд байхад миний хүзүү рүү алгадаад, машинаас гарахад толгой  руу цохиод газарт намайг дарж унаад шороонд дээр өнхрүүлж байхад бие минь гэмтсэн юм. Мөн миний баруун гарын чигчий хуруунаас хазахад бий болсон гэмтлүүд байна. надад ямар нэгэн гомдол санал алга. Одоо надад өвдөж байгаа зүйл алга. Б.Ш намайг эмнэлэгүүдээр авч явж үзүүлсэн. Хэрэгтэй эм авч өгсөн. Надад ямар нэгэн гомдол санал алга. Хохирол учраагүй. Шүүх хуралд суухгүй би ажилдаа явна.” гэжээ. /хавтаст хэргийн 13 дахь тал/  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 394 дугаартай дүгнэлтэд: Х.Аийн биед тархины доргилт, баруун гарын V хурууны хазагдсан шарх, зүүн чихний дэлбээ, өвдөгний зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

Шүүгдэгч Б.Шын яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: ...Машин дотор байхад мөр рүү хэсэг рүү алгадсан. Тэгээд машинаас гараад ноцолдсон. Ноцолдох үед Х.Аийг газар дарж унаад өнхөрүүлсэн гэсэн тэр үед зулгаралт үүссэн байх. Ноцолдож байхад би Аийн хуруунаас хазсан байснаа санаж байна. Энэ гэмтлүүдийг би тухайн үед учруулсан гэж үзэж байна... Х.Аийг дагуулаад явж үзүүлж харуулсан. Тэгээд би хохирол мөнгийг нь төлье хэдэн төгрөгний хохирол учирсан бэ гэж асуухад Х.А надад ямар нэгэн хохирол учраагүй. Зүгээр гэсэн гэжээ. /хавтаст хэргийн 26-27 дахь тал/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 28 дахь тал/,

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2-217 дугаартай “Бийн Ш нь КК92100812 регистрийн дугаартай бөгөөд тус сумын Өгөөмөр багийн оршин суугч иргэн мөн болохыг тодорхойлов” гэх албан бичиг /хавтаст хэргийн 31 дэх тал/

Иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 32 дахь тал/

Төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 33 дахь тал/

Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллогын бүртгэл /хавтаст хэргийн 34-35 дахь тал/

Өмнөговь аймгийн Прокурорын газарт гаргасан “Х.А миний  бие нь Б.Шт гомдолгүй учир энэ хэргийг минь түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 41 дахь тал/

Өмнөговь аймгийн Прокурорын газарт гаргасан “Б.Ш миний бие 2022.06.04-ны өдөр Ханхонгор суманд архи ууж таарамжгүй харьцаанаас болж Х.Атэй зодолдсон. Аийн гар болон биед нь гэмтэл учруулсан тул хохирол мөнгийг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул хялбаршуулсан журмаар түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 42 дахь тал/

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 44-47 дахь тал/

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 36 дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 48-49 дахь тал/

Прокурорын санал /хавтаст хэргийн 50 дахь тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Шт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Шын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Шт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүгдэгч Б.Шын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Ш нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт /хавтаст хэргийн 42 дахь тал/ гаргаж 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 34 дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 48-49 дахь тал/-оор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндсэн 5 нөхцөл байдлыг хянаж шүүгдэгч Б.Шт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Ш нь согтуугаар 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 13 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын өгөөмөр багт байрлах Ганга нэртэй дэлгүүрийн гадаа болон тээврийн хэрэгсэл дотор хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Х.Атэй маргаж, нүүр, хүзүү рүү алгадах, нүүр толгой, дух бие рүү мөргөх хурууг нь хазах зэргээр зодон тархины доргилт баруун гарын V хурууны хазагдсан шарх зүүн чихний дэлбээ хүзүү баруун бугалга баруун дал зүүн мөр тохой бугуй өвдөгний зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Х.Аийн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11, 13 дахь тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 394 дугаартай дүгнэлтэд: Х.Аийн биед тархины доргилт, баруун гарын V хурууны хазагдсан шарх, зүүн чихний дэлбээ, өвдөгний зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,  шүүгдэгч Б.Шын үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Шын үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Өмнөговь аймгийн Прокурорын газарт гаргасан “Б.Ш миний бие 2022.06.04-ний өдөр Ханхонгор суманд архи ууж таарамжгүй харьцаанаас болж Х.Атэй зодолдсон. Аийн гар болон биед гэмтэл учруулсан” гэх хүсэлт “хавтаст хэргийн 42 дахь тал”-ээр шүүгдэгч Б.Шыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзлээ. 

Шүүгдэгч Б.Ш нь Прокуророос санал болгосон 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялын саналтай танилцан гарын үсэг зурж санал хүсэлт гаргаагүй байх тул  сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт хохирогч Х.А хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Б.Шыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ. 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол, прокурорын саналтай шүүгдэгч Б.Ш танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч Б.Ш хохирогч Х.Аийн бие эрх чөлөөнд халдаж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Хохирогч Х.А шүүгдэгч Б.Шаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр нэхэмжлээгүй болох нь хохирогчийн мэдүүлэг, Өмнөговь аймгийн Прокурорын газарт гаргасан “Х.А миний  бие нь Б.Шт гомдолгүй учир энэ хэргийг минь түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 41 дахь тал/ зэргээр тогтоогдож байх тул бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Шын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.Шыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Улсын яллагч шүүгдэгч Б.Шт 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялын санал, дүгнэлт гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол хор уршгийн  хэр хэмжээ, прокурорын ялын саналын хүрээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Б.Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3 зүйлд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод  тус тус нийцнэ гэж дүгнэн шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Шт 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Б.Шт торгох ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн тул хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Ш нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г говийн Бийн Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шт 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Шүүгдэгч Б.Ш шүүхээс оногдуулсан 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Хохирогч Х.А шүүгдэгч Б.Шаас хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Б.Ш цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.    

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Шт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Б.Шт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ