Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/138

 

 

 

 

 

   

                                

      2022         08           18                                        2022/ШЦТ/138

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

         улсын яллагч М.Отгонбаатар,

         шүүгдэгч Б.Ө нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Өд холбогдох эрүүгийн 2219000000202 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: Б.Ө

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.Ө нь 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Баян гэх газарт хохирогч О.Баянмөнхбаттай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний эрүүл мэндэд нь зүүн чихний дэлбэнгийн шарх, зүүн чих, баруун бугуй, хүзүү, хоолой, цээжинд цус хуралт, толгойн хуйх, зүүн чих, хүзүү, хоолой, баруун бугуйнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Шүүгдэгч Б.Өийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би Баянмөнхбаттай эгчийнд нь таарсан юм. Баянмөнхбат өмнө нь манай найз охинтой чат бичсэн байсан. Тэрнээс болж уур хүрсэн. Тэгээд уулзъя гээд эгчийнхээс нь 200 метр гаран зайд очсон. Тэгээд үгийн зөрүүгүй цохиж, зодсон нь үнэн. Миний буруу, ойлгож гэмшиж байна. Хохирогчид хохиролд 200.000 төгрөг өгсөн гэсэн мэдүүлэг,

           -Хохирогч О.Баянмөнхбатын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 13 цагийн орчим ээжийн дүү Отгонцацрал эгчийн гэрт хонио усалж дуусаад хэвтэж байхад гаднаас зүс мэдэх Ө, Намсрай нар орж ирсэн. Тэгээд цай ууж дуусаад бид 3 гэрээс гарсан. Тэгсэн чинь Ө надтай гэрээс жоохон холдож байгаад ярих юм байна гээд түрүүлээд мотоциклоо унаад яваад өгсөн. Би Намсрайг сундлаад 200 метр орчим газар явж нэг хонхорхой газарт Ө зогсож байхаар нь хажууд нь очоод зогсоход Ө мотоциклоос бууж амжаагүй байхад шууд миний гэдэс рүү өшиглөсөн. Тэгээд намайг унагах гэж хөл аваад байхаар нь би хүзүүнээс нь зуураад өөрийг нь унагаасан. Тэгсэн чинь миний гарыг хазсан. Тэгээд хажууд байсан Намсрай салгаад болиулсан. Тэгтэл Ө чи яасан овоо юм бэ гээд дахиад дайраад байхаар нь би дахиад газар унагаахад Намсрай намайг салгаад холдуулсан. Тэгсэн чинь Ө чи одоо зодсон гэж ярих уу гээд газраас чулуу аваад ална шүү гээд байхаар нь би чулууг булааж авахад Намсрай дундуур ороод болиоч гээд зогсож байхад Ө газраар дүүрэн чулуу байна гээд дахиад чулуу авч, миний зүүн чих рүү 1 удаа чулуугаар цохиход их цус гарсан. Тэгээд би ноцолдож байгаад чулууг нь аваад газарт хаяад мотоциклын толинд чихээ хараад байж байхад араас Ө дахиад толгой руу цохиод авахаар нь би өшиглөөд авсан чинь Ө хойшоо унаад өгсөн. тэгээд бид хоёр салаад би гэр рүүгээ тэр хоёр мотоциклоо унаад цаашаа явсан. Миний зүүн талын чих хуруу орохоор дайны цоорсон ба 4 билүү 5 оёдол тавиулсан. Би эмчилгээндээ 280.000 төгрөг зарцуулсан ба уг мөнгөө нэхэмжилж авсан гэсэн мэдүүлэг /хх 5, 8 ху/,

            -Гэрч Д.Намсрайн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Гэрээс 200 метр орчим холдож, Ө шууд Баянмөнхбатыг өшиглөөд авсан. Тэгээд тэр хоёр хоорондоо барьцалдаж аваад Баянмөнхбат Өийг унагаад доороо хийгээд заамдаад авахад Баянмөнхбатын гарыг хазаад байна гээд босоод ирсэн. Тэгэхээр нь би та хоёр юунаас болоод маргалдаад байгаа юм, би хоёр боль, хэл амаараа учраа ол гэсэн. Тэгсэн чинь Ө Баянмөнхбатыг чи яах гээд хүний эхнэр рүү залгаад байгаа юм, би чамаас зөндөө гуйсан биз дээ гэсэн чинь Баянмөнхбат танай эхнэр чинь өөрөө над руу залгаад байдаг ш дээ гэсэн чинь тэр ямар хамаатай юм, чи блок хийгээд харьцаагаа тасалчихаач дээ, чи эр хүн биз дээ гээд дайраад байхаар нь би салгаад зогсож байхад гэнэт газраас чулуу аваад толгой руу чулуугаар 1 удаа цохиод авахаар нь би Өийн барьж байсан чулууг салгаж аваад болиоч гээд байж байхад Баянмөнхбатын зүүн талын чихнээс цус гарч байхаар нь цусаа арчаарай наад хэнгэрэг чинь хагарсан юм биш биз дээ гэсэн чинь Баянмөнхбат мотоциклынхоо толинд чихээ хараад цамцаараа цусаа арчиж байхад Ө Баянмөнхбатын толгой руу гараараа цохиод авахаар нь би салгаж боль гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 10-11 ху/,

           -Яллагдагч Б.Өийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Айлаас холдож зогсоход араас Намсрай, Баянмөнхбат хоёр мотоциклтой ирсэн. Тэгэхээр нь би буугаад ир гээд шууд нэг удаа хөл рүү нь өшиглөсөн. Тэгээд би цохиж аваад унагаах гэхэд миний хүзүүгээр тэвэрч аваад доошоо дарсан. Тэгэхээр нь би гарыг нь тавиулах санаатай гарыг нь хазаж тавиулсан. Тэгсэн чинь намайг газарт унагасан. Тэгээд Намсрай хажуу талаас салгаад би босож ирээд дээгүүрх цамцаа тайлаад Баянмөнхбат чи ийм том болсон юм уу эсвэл намайг дээрэлхээд байгаа юм уу гээд газраас чулуу авч Баянмөнхбатын толгой руу 1 удаа цохиод авсан. Тэгсэн чинь Баянмөнхбатын зүүн талын чихнээс цус гарч, Намсрай бид хоёрыг салгасан. Баянмөнхбат мотоциклынхоо толинд чихээ хараад зогсож байхаар нь миний дургүй хүрээд араас нь толгой руу нь гараараа 1 удаа цохиод авахад Намсрай салгасан гэсэн мэдүүлэг /хх 13, 33-34 ху/,

          -Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №02/0329 дугаартай дүгнэлтэнд: 

          1.О.Баянмөнхбатын биед зүүн чихний дэлбэнгийн шарх, зүүн чих, баруун бугуй, хүзүү хоолой, цээжинд цус хуралт, толгойн хуйх, зүүн чих, хүзүү хоолой, баруун бугуйнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2.Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Гэмтлүүд нь ямар дэс дарааллаар үүссэнийг тогтоох боломжгүй.

          3.Учирсан зүүн чихний дэлбэнгийн шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

          4.Учирсан зүүн чих, баруун бугуй, хүзүү хоолой, цээжинд цус хуралт, толгойн хуйх, зүүн чих, хүзүү хоолой, баруун бугуйнд зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сариулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн дүгнэлт х 15-16 ху/,

          -Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт, гэрэл зураг х 17-19 ху/,

          -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 35 ху/,

          -Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 25-28, 31-34 ху/ зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           Шүүгдэгч Б.Ө нь 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Баян гэх газарт хохирогч О.Баянмөнхбаттай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний эрүүл мэндэд нь зүүн чихний дэлбэнгийн шарх, зүүн чих, баруун бугуй, хүзүү, хоолой, цээжинд цус хуралт, толгойн хуйх, зүүн чих, хүзүү, хоолой, баруун бугуйнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Б.Өийн...Баянмөнхбат өмнө нь манай найз охинтой чат бичсэн байсан. Тэрнээс болж уур хүрсэн. Тэгээд уулзъя гээд эгчийнхээс нь 200 метр гаран зайд очсон. Тэгээд үгийн зөрүүгүй цохиж, зодсон нь үнэн” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч О.Баянмөнхбатын “...Би Намсрайг сундлаад 200 метр орчим газар явж нэг хонхорхой газарт Ө зогсож байхаар нь хажууд нь очоод зогсоход Ө мотоциклоос бууж амжаагүй байхад шууд миний гэдэс рүү өшиглөсөн. Тэгээд намайг унагах гэж хөл аваад байхаар нь би хүзүүнээс нь зуураад өөрийг нь унагаасан. Тэгсэн чинь миний гарыг хазсан. Тэгээд хажууд байсан Намсрай салгаад болиулсан. ...Ө дахиад чулуу авч, миний зүүн чих рүү 1 удаа чулуугаар цохиход их цус гарсан. Тэгээд би ноцолдож байгаад чулууг нь аваад газарт хаяад мотоциклын толинд чихээ хараад байж байхад араас Ө дахиад толгой руу цохиод авахаар нь би өшиглөөд авсан чинь Ө хойшоо унаад өгсөн” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Намсрайн мэдүүлэг, хохирогчийн биед зүүн чихний дэлбэнгийн шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн 02/0329 дугаартай дүгнэлт, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

          Шүүгдэгч Б.Өийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Өийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

          Шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

          Гэмт хэргийн улмаас хохирогч О.Баянмөнхбатын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохиролд 280.000 төгрөгийг нэхэмжилсэн байх бөгөөд хохирогчоос “гомдол саналгүй, хохирлоо төлж барагдуулсан” гэсэн хүсэлт гаргасан болох нь хавтаст хэргийн 51 дүгээр хуудсанд авагдсан баримтаар нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Ө нь учруулсан хохирлоо төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

           Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

         Иймд дээрх гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч Б.Өийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял  оногдуулж шийдвэрлэв.

        Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Б.Өийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

         4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         5.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА