| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2017/03401/И |
| Дугаар | 183/ШШ2018/00061 |
| Огноо | 2018-01-08 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 183/ШШ2018/00061
| 2018 оны 01 сарын 08 өдөр | Дугаар 183/ШШ2018/00061 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 6 дугаар гудамжны 261 тоотод оршин суух, 1990 онд төрсөн, 28 настай, эмэгтэй, Б овогт Ч-ын З/рд:ИЦ90032424/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн хороолол, 7 дугаар гудамжны 109 тоотод оршин суух, 1990 онд төрсөн, 28 настай, эрэгтэй, Т. овогт А. С /рд:УЗ90102359/-т холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.З, хариуцагч А.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Б.Баярцэнгэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.З шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2009 онд А.Стой танилцаж, 2014 оны 2 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ батлуулж, гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2010 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүү С.С төрсөн. Бид зан харилцаа, үзэл бодол таарамжгүй байдлын улмаас 2015 оноос тусдаа амьдарсан. Цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, хүү С.Сийг миний асрамжид үлдээж өгнө үү. Одоогоор хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч А.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2009 онд танилцаад, гэр бүл болоод 5 жил хамт амьдарсан. Зан харилцааны таарамжгүй байдлын улмаас тусдаа амьдарч байна. Иймд гэрлэлт цуцлуулах болон хүү С.Сийг эхийн асрамжид үлдээх шаардлагыг зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэгийн хувьд бид ярилцаж тохиролцсон. Хүүхдээ эцэг, эхийн хэн аль нь тэжээн тэтгэх үүргээ ухамсарлаж байгаа. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.З нь хариуцагч А.Ст холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухайнэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд Ч.З, А.С нар нь 2009 онд танилцан, гэр бүл болсноо 2014 оны 2 дугаар сарын 17-ны өдөр эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлэн, хамт амьдрах хугацаанд тэдний дундаас 2010 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүү С.С төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар зэргээр нотлогдож байна.
Гэрлэгчид зан харьцааны таарамжгүй байдлаас шалтгаалан 2015 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалаар орсон эвлэрүүлэх ажиллагаа нь амжилтгүй болсны улмаас шүүхэд ханджээ.
Иймд Ч.З, А.С нарт Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн нэхэмжлэгч нь хүү С.Сийг өөрийн асрамжид үлдээх шаардлага гаргасныг хариуцагч А.С хүлээн зөвшөөрсөн тул хүү С.Сийг эх Ч.Згийн асрамжид үлдээхээр шийдвэрлэв.
Гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болон нэхэмжлэгч нь хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй. Харин энэхүү шийдвэр нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхээр шүүхэд дахин хандахад саад болохгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийншаардлагыг ханган шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг, улсын төсвийн орлогоос 31 300 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Боржигин овогт Чын З, Түмэд овогт Александрын С нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу хүү С.Сийг эх Ч.Згийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болон нэхэмжлэгч нь хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг А.С, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Ч.Зд тус тус даалгасугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг, улсын төсвийн орлогоос 31 300 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ