Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/139

 

 

 

 

   

                                

      2022         08           19                                        2022/ШЦТ/139

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

         улсын яллагч М.Отгонбаатар,

         шүүгдэгч Э.У нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ут холбогдох эрүүгийн 2219002480207 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: Э.У

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Э.У нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар баг Мааньзавын гудамжны 339 тоотод эхнэр Э.Мөнхсайхантай маргалдаж, түүний биед халдан эрүүл мэндэд нь баруун хөлийн 3 дугаар хурууны 1 дүгээр шивнүүр ясны хугарал, шивнүүрийн цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Шүүгдэгч Э.Уын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөнхсайхан нь манай эхнэр байгаа юм. Бид хоёр хамт амьдраад 4 жил болж байна. Тухайн үед би нэлээн согтуу байсан. Эхнэртэйгээ маргалдах болсон шалтгаан нь Намуунаагаас болсон. Намуунаа над руу яриад хонох газар олоод өгчих гэсэн. Тэгэхээр нь эмээгийнхээ байшинд оруулсан. Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө. Бид хоёр одоо хамт амьдарч байгаа. Эхнэрээсээ уучлалт гуйсан гэсэн мэдүүлэг,

           -Хохирогч Э.Мөнхсайханы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Манай нөхөр У нь 2022 оны 06 дугаар сарын 20-ны орой найзуудтайгаа уулзахаар гэрээс гэрч явсан.Би 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 06 цаг өнгөрч байхад бие засчихаад гэрийнхээ довжоон дээр сууж байхад эмэгтэй эрэгтэй хүний дуу манай гэрийн хашаанд байрлах түрээсийн байранд сонсогдохоор очиж хаалгыг татахад цоожтой байхаар нь баруун талд нь байх хамаатны залуу болох Аминаагийн гэрийн хаалгыг нь цохиж нээлгэх үед, Аминаагийн цонхны цаагуур миний зүс мэдэх эмэгтэй явж өнгөрөхөөр нь Аминаагийн цонхийг нээж хартал манай нөхөр Аминаагийн зүүн талд байрлах өрөөний цонхны тавцан дээр тамхи татаад сууж байхаар нь чи наад өрөөндөө танихгүй охинтой юу хийж байгаа юм гэж хэлээд ахыг нь дуудахаар гэр лүүгээ ороод гарч ирэхэд нөхөр хашааны гадаа ганцаараа зогсож байсан. Нөхрөөс сая юун охин байсан талаар асуун маргалдах үед манай хүн нэлээн согтуу байсан. Намайг нөхөртэйгөө хэрэлдэх үед миний толгой руу баруун гараараа алгадсан. У гэрийнхээ үүдний шатан дээр суун газар руу гараараа цохиж байх үед нь очиход миний баруун хөлийг цохих үед миний баруун хөлийн дунд хуруу цохигдсон. Би тэгээд гэрт орох үед нөхөр миний араас гэрт орж ирэн миний толгойн дээд хэсгээс үсдэж дарж 4-5 удаа алгадсан. У нь миний биед анх удаа гар хүрч байна. Миний баруун хөлийн дунд хурууны нэгдүгээр үе тухайн үед эмнэлэгт үзүүлэхэд бяцарсан байна гэсэн. Одоо бол бороолоод эдгэрсэн. Надад гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /хх 4, 25 ху/,

            -Гэрч О.Цэцэгмаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Намайг харахад У Мөнхсайхан нарын хувцас тоос болсон байсан. Хашаан дотор эргэж орж ирээд эхнэр Мөнхсайхан нь газар суун уйлж, нөхөр нь хажууд нь зогсож байсан. Би өрөөнийхөө цонхоор шагайх үед Мөнхсайхан, У нарын хажууд байсан Мөөгий гэх намхан эрэгтэй нь цагдаа дууд гэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Намайг нойл орохоор явж байхад Мөнхсайхан, У болон Мөөгий гэх хүн байсан. Энэ гурваас өөр хүн байгаагүй. У болон Мөөгий нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Миний түрээсэлдэг байранд Мөнхсайхан, У нь 2022 оны 06-р сарын 21-ний өдрөөс 7 хоногийн өмнө ирсэн байсан. Өмнө нь харж байгаагүй. Тухайн өдрийн өглөө дуудлагаар ирсэн цагдаа ирээд Мөнхсайханаас чиний хөлийг хэн гэмтээсэн юм бэ гэж асууж байсан. У руу тухайн цагдаа хандан чи хүний хөлийг ийм болгож гэмтээсэн байна гэж хэлж байсан гэсэн мэдүүлэг /хх 29 ху/,

           - Гэрч Ц.Мөнхтөгөлдөрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Намайг 2022 оны 06 дугаар сарын 21-ний өглөө гэртээ 07 цагийн үед унтаж байхад, хашаанд хүн орилж байх чимээгээр сэрээд байшингийн цонхоор харахад хашааны үүдэнд У нь согтуу орилж байсан. Уын хажууд эхнэр нь болох Мөнхсайхан нь байсан. Би байшингаасаа гарч Уыг гэрт оруулах гэтэл түрээсийн байрны нэг охин руу үг хэлэхээр нь би боль гэж хэлээд байшинд оруулсан. Гэрт оруулсан дараа нь У, эхнэр Мөнхсайхантайгаа муудаж, Мөнхсайханы толгой руу 1-2 удаа алгадахаар нь би боль гэж хэлээд болиулаад байж байхад, цагдаагийн алба хаагч гэрт орж ирсэн. Цагдаагийн алба хаагч тэднийг авч явсан. Өмнө нь Мөнхсайхан, У нарыг муудаж байсан талаар сонсож байгаагүй. Манай гэрт ирээд 10 хонож байсан. Мөнхсайханы хөлийг хэн гэмтээсэн талаар би мэдэхгүй байна. Ут цохиулсан гэж байсан гэсэн мэдүүлэг /хх 31 ху/,

           -Яллагдагч Э.Уын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Тухайн айлд үүр цайтал архи согтууруулах ундааны зүйл ууж байхад, Хулан гэх найз маань над руу “video call” хийж ярин 2 найз охинтойгоо явж байна хонох газар олоод өгчих гэхээр нь би тухайн айлаас гараад такси барин Дорноговь аймгийн 2-р багт байрлах Мандах наран байшингийн зүүн талд очин Хулан, Намуунаа, хамт явж байсан эмэгтэйг би танихгүй. Хулан миний танихгүй эмэгтэйтэй хамт таксинаас буусан. Би Намуунаагийн хамт өөрийн эмээ болох Болормаагийн түрээслүүлдэг байранд очин сул өрөөнд нь Намуунааг оруулан унтуулах гэтэл цонхоор нь Намуунаа гараад явсан. Намуунааг цонхоор гараад явах үед манай эхнэр болох Мөнхсайхан нь харсан байсан. Тэгээд эхнэр Мөнхсайхантай юунаас болж муудан биед нь гар хүрж зодсон талаараа санахгүй байгаа. Би ямар ч байсан Намуунаатай цуг гэртээ очсон талаараа санаж байгаа. Өмнө нь Мөнхсайхантай муудаж маргалдаж байгаагүй. Харин 2022 оны 06 дугаар сарын 21-ний өглөө муудаж Мөнхсайханыг зодсон. Тухайн үед согтуу байсан болохоор яагаад эхнэрээ зодсон талаараа санахгүй байгаа. Би эхнэр Мөнхсайханы баруун хөлийн ядам хурууг гэмтээсэн байсан. Өөр гэмтэл учруулаагүй. Эхнэр бид хоёр одоо эвлэрч би эхнэрээсээ уучлалт гуйсан гэсэн мэдүүлэг /хх 6, 27, 40 ху/,

          -Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 02/0320 дугаартай дүгнэлтэнд: 

          1.Э.Мөнхсайханы биед баруун хөлийн 3 дугаар хурууны 1 дүгээр шивүүр ясны хугарал, шивүүрийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

          2.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

          3.Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

          4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэсэн дүгнэлт х 11-12 ху/,

          -Яаралтай тусламжийн хуудас, эмчийн тэмдэглэл /хх 13-14 ху/,

          -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 51 ху/,

          -Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 33-35, 40 ху/ зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           Шүүгдэгч Э.У нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар баг Мааньзавын гудамжны 339 тоотод эхнэр Э.Мөнхсайхантай маргалдаж, түүний биед халдан эрүүл мэндэд нь баруун хөлийн 3 дугаар хурууны 1 дүгээр шивнүүр ясны хугарал, шивнүүрийн цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Э.Уын...Тухайн үед би нэлээн согтуу байсан. Эхнэртэйгээ маргалдах болсон шалтгаан нь Намуунаагаас болсон. Намуунаа над руу яриад хонох газар олоод өгчих гэсэн. Тэгэхээр нь эмээгийнхээ байшинд оруулсан. Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө” гэсэн мэдүүлэг, хохирогч Э.Мөнхсайханы ...нөхөртэйгөө хэрэлдэх үед миний толгой руу баруун гараараа алгадсан, У гэрийнхээ үүдний шатан дээр суун газар руу гараараа цохиж байх үед би очих үед миний баруун хөлийг цохих үед миний баруун хөлийн дунд хуруу цохигдсон. Би тэгээд гэрт орох үед нөхөр миний араас гэрт орж ирэн миний толгойн дээд хэсгээс үсдэж дарж 4-5 удаа алгадсан” гэсэн мэдүүлэг, гэрч О.Цэцэгмаа, Ц.Мөнхтөгөлдөр нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед баруун хөлийн 3 дугаар хурууны 1 дүгээр шивүүр ясны хугарал, шивүүрийн цус хуралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн 02/0320 дугаартай дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас, эмчийн тэмдэглэл болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

          Шүүгдэгч Э.Уын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

          Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

          Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Мөнхсайханы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

         Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Э.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Уыг 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

         4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         5.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА