Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/140

 

 

 

 

 

   

                                

      2022         08           19                                        2022/ШЦТ/140

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

         улсын яллагч М.Отгонбаатар,

         хохирогч Б.Жавзандулам /цахимаар/,

         шүүгдэгч Н.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Сүхбаатар дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Хд холбогдох эрүүгийн 2209000001192 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: Н.Х

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Н.Х нь 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дэвсгэр 60-н гуанз гэх газраас 10 км зайд хохирогч Б.Жавзандуламтай маргалдаж, түүний биед халдан эрүүл мэндэд нь зүүн шилбэний зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Шүүгдэгч Н.Хгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сум руу говийн замд анх удаа явж байгаа болохоор элсэнд сууж, машин эвдрээд халуун байсан, тэгээд уур уцаартай байсан. Хохирогч удаан явлаа гэснээс болж маргалдсан нь үнэн. Би хохирогч эмэгтэйг цаашаа түлхсэн. Гэхдээ дорцовоор цохиогүй. Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө. Хохирогч надаас юу нэхээд байгааг ойлгоогүй. Санаатайгаар хүн рүү дайраад цохиод бариад байгаагүй. Би 1.300.000 төгрөгөөр тохирч явсан. Энэ компани нь хятад захиралтай, хэл мэдэхгүй, харилцах боломжгүй байсан. Зөвхөн тээврийн хөлсөө авч явсан. Хохирогч надаас 500.000 төгрөг нэхэмжилсэн. Надад 250.000 төгрөг байсан боловч бид хоёр тохиролцож чадаагүй. Одоо бол баримтын дагуу хохирлыг төлнө. Хэргийн хувьд маргахгүй, хүлээн зөвшөөрнө. Иймд торгох ял оногдуулж өгнө үү гэсэн мэдүүлэг,

           -Хохирогч Б.Жавзандуламын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн үед Дорноговь руу 2 жолооч 100 айлаас түрээсэлж авч явсан. Гэтэл Х гэдэг жолоочийн машин нь эвдэрч, хонон өнжин явж ажил алдагдсан. 4-5 удаа элсэнд сууж хоносон. Нэг хоногийн ажил алдсан болохоор би уурласан. Тэгтэл намайг пизда, нохой, гичий, шээс гэх зэргээр доромжилж зодох гэж хөөсөн. Над руу чулуу шидсэн боловч оноогүй. Тэгээд машиныхаа багажийг авч шидэж, зүүн хөлийн ар талд оносон. Одоо эдгэрсэн байгаа. Ер нь нэг хэсэгтээ хөл доголж явсан. Хатанбулаг сумын эмнэлэгт үзүүлээд явсан. Өөрийнхөө охин шиг хүнийг ингэж зодох гэж дайрсан, машиныхаа багаж шидэж оносон. Үүнд гомдолтой байгаа. Хоног хугацаа алдаж ажлаа алдаж хохирсон. Өөр машин түрээсэлж мөнгө төгрөгийг нь өөрөөсөө гаргасан. Надад одоо гаргаж өгөх баримт байхгүй байна. Эмнэлэг надад баримт бичиж өгөөгүй. Ажилтай холбоотой баримт болох дансны хуулгыг үзвэл гарах байх. Нийт 300.000 төгрөгийн хохирол учирсан байсан. Үүнийг таны зардлаас хасаж тооцно гэж байтал эхнэр нь хэл ам хийж байгаад компаниас авчихсан байсан. Одоо 450.000 төгрөг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг,

            -Гэрч О.Сонинбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Дорноговь аймаг руу явах замд Хгийн машин удаа дараа эвдэрч элсэнд суусан. Үүнээс болж хоног хугацаа алдах болсон. 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Хатанбулаг сумаас 10 км зайд Хгийн машин дахин эвдэрч зогсох болсон. Энэ үед Жавзандулам бухимдаж машинаа янзлахгүй яасан юм гэхэд Х уурлаж барьж байсан машиныхаа дорцовоо Жавзандулам руу шидэж гуяны дотор талын буюу тахим дээр нь оносон. Үүнээс болж Жавзандулам алхаж чадахгүй газар суусан гэсэн мэдүүлэг /хх 22-23 ху/,

          -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 7716 дугаартай дүгнэлтэнд: 

          1.Б.Жавзандуламын биед зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

          2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

          3.Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй гэсэн дүгнэлт х 25-26 ху/,

          -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 01-02,53-54 ху/,

          -Шийтгэх тогтоолын хуулбар /хх 36-38 ху/,

          -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 35 ху/ зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           Шүүгдэгч Н.Х нь 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дэвсгэр 60-н гуанз гэх газраас 10 км зайд хохирогч Б.Жавзандуламтай маргалдаж, түүний биед халдан эрүүл мэндэд нь зүүн шилбэний зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Н.Хгийн...Хатанбулаг сум руу говийн замд анх удаа явж байгаа болохоор элсэнд сууж, машин эвдрээд халуун байсан, тэгээд уур уцаартай байсан. Хохирогч удаан явлаа гэснээс болж маргалдсан нь үнэн. Би хохирогч эмэгтэйг цаашаа түлхсэн. Гэхдээ дорцовоор цохиогүй. Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө” гэсэн, хохирогч Б.Жавзандуламын “...Х гэдэг жолоочийн машин нь эвдэрч, хонон өнжин явж ажил алдагдсан. 4-5 удаа элсэнд сууж хоносон. Нэг хоногийн ажил алдсан болохоор би уурласан. Тэгтэл намайг пизда, нохой, гичий, шээс гэх зэргээр доромжилж зодох гэж хөөсөн. Над руу чулуу шидсэн боловч оноогүй. Тэгээд машиныхаа багажийг авч шидэж, зүүн хөлийн ар талд оносон. Ер нь нэг хэсэгтээ хөл доголж явсан” гэсэн мэдүүлгүүд, гэрч О.Сонинбаатарын мэдүүлэг, хохирогчийн биед зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон  шинжээчийн 7716 дугаартай дүгнэлт болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

          Шүүгдэгч Н.Хгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

          Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

          Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Жавзандуламын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүхийн шатанд хохиролд 450.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч нотлох баримтыг ирүүлээгүй тул энэ шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.  Иймд нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь энэ талаархи нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

         Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээнийтөгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Н.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хг 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

         4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлд зааснаар хохирогч Б.Жавзандуламын нэхэмжилсэн 450.000 төгрөгийг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

         6.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

          7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА