| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 167/2022/0133/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/142 |
| Огноо | 2022-08-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.8.1., |
| Улсын яллагч | М.Отгонбаатар |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/142
2022 08 22 2022/ШЦТ/142
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,
Улсын яллагч М.О,
Хохирогч Ч.Чинбаатар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр,
Шүүгдэгч С.О нарыг оролцуулан шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.От холбогдох эрүүгийн 2219000000026 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: С.О
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч С.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Жанчивын 21-3-3 тоотод иргэн И.Мягмарсүрэнг зодож байхад нь салгах гэсэн хохирогч Ч.Чинбаатартай маргалдаж, түүнийг цохиж, шилээр түүний зүүн шууг зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн С.О нь хувинтай үнсийг хохирогч Ч.Чинбаатарын эзэмшлийн 09-18 ДГА улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн автомашин руу шидэж, баруун хойд талын гэрлийг хагалж, эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас 565.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч С.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2021 оны 12 дугаар сарын 25-ны шөнө хөдөөнөөс орж ирсэн. Хохирогчийг таньдаггүй байсан. Гэтэл энэ хохирогч шөнийн 2 цагт манайд орж ирсэн. Юун хүн бэ гэхэд эхнэр манай газар дээр буучих гэсэн хүн байгаа юм гэсэн. 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хоёулаа архи ууж байхад энэ хүн бас орж ирсэн. Энэ үед хажуу айлын хүн орж ирээд Батлай ахыг чинь хүн зодчихлоо гэхээр нь энэ хохирогчийг гуйгаад хамт явсан. Очиход Батлай байгаагүй учир буцаж ирсэн. Тэгээд айлд орж байж байгаад эхнэртэйгээ маргалдсан. Тэгээд эхнэрээ мөрөн дээрээс нь татсан чинь энэ хүн дундуур орсон. Чамайг дийлэхгүй бол машиныг чинь эвдэнэ гээд гарч эвдсэн. Архины шилээр энэ хүнийг цохиж бариагүй. Хоёр гартаа барих нь барьсан байсан. Энэ хүнийг айлгах зорилготой байсан. Хохирогчийн биед учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө. Хохирлыг төлнө. Тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг хүлээн зөвшөөрнө. Бага ял оногдуулж өгнө үү гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Ч.Чинбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тэр орой эднийхээр очсон. Гэрэлтэй харагдахаар нь орсон. Эднийх айлтайгаа таарамж муутай байсан. Би хашаандаа тохитой айл буулгая гэж бодсон. 2021 оны 12 дугаар сарын 30-ны орой Батлайгийнд очтол найз маань байхгүй байсан. Тухайн үед айлд согтуу хүнтэй маргалдсан сураг байсан. Батлайгийн авгай энэ О хоёр яваад ирээч гээд гуйхаар нь явчихаад ирсэн. Батлай ч байгаагүй. Тэгээд ирчихээд байж байтал эдний эхнэр гүйгээд ороод ирсэн. Тэгтэл араас нь О орж ирээд эхнэрээ үсдэж зодсон. Тэгэхээр нь би болиоч гэсэн чинь над руу дайрч, намайг хагарсан шилээр гарын шуу, нуруу, дух хэсэгт зүссэн. Тэгээд гараад машины шил хагалсан. Машины эвдрэлийн үнэлгээг зөвшөөрнө. Машины хохирол 565.000 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг,
-Гэрч С.Мөнх-Ертөнцийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2021 оны 12 дугаар сарын 30-ны орой 18.00 цаг өнгөрч байсан бах би хүүхдүүдийн хамтаар гэрт байж байтал манай нөхрийн танил Ч.Чинбаатар манайхаар орж ирсэн. Ч.Чинбаатар ганцаараа амьдардаг болохоор манайхаар орж гарч хоол унд иддэг юм. Ч.Чинбаатарын гэрт орж ирээд байж байтал хажуу айлын залуу болох С.О нэг залуутай орж ирээд манай нөхрийг айлаас аваад ирье гэж гуйгаад байсан. Тэгээд тэд Ч.Чинбаатарын машинтай явцгаасан. Удалгүй “манай нөхрийг айлд байхгүй байна” гэж орж ирсэн. Манайд орж ирэхдээ Ч.Чинбаатар, хажуу айлын С.О, Оын эхнэр Мягмарсүрэн нар ирсэн. Манайд орж ирээд байж байтал С.О гэнэт босож ирээд эхнэрийнхээ нүүр ам руу нь цохиж үсдэж зодсон. Тухайн үед эхнэр нь Ч.Чинбаатарын хажууд сууж байсан О эхнэрийгээ Ч.Чинбаатартай хардсан байх гэж бодож байна. С.О эхнэрийгээ зодоход нь Ч.Чинбаатар болиоч гэж хэлтэл чамайг хамт ална шүү гэж хэлээд гэрээс гарч яваад эргэж орж ирэхдээ архины хагархай шил барьчихсан орж ирээд Ч.Чинбаатарын цамцны гаднаас хэд хэдэн удаа хатгаад тэр хоёр манай гэрийн зүүн орон дээр зууралдаж ноцолдсон. Ноцолдож байхдаа С.О Ч.Чинбаатарын гар луу нүүр лүү архины хагархай шилээр хэд хэдэн удаа зүсэх шиг болсон. Тэгээд тэд гэрээс гарч ноцолдоод С.О Ч.Чинбаатарын гэрийн гадаа тавьсан байсан машины арын хэсэг рүү хувинтай үнс шидэж гэрлийг нь хагалсан С.О гартаа архины хагархай шил барьсан байсан болохоор бид айгаад ойртож чадаагүй. С.О архи уусан байсан. Ч.Чинбаатарын гараас нь цус гарсан, нүүр нь мөн цус болсон байсан гэсэн мэдүүлэг /хх 15 ху/,
-Гэрч И.Мягмарсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Өчигдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 19 цаг 30 минутын орчимд хамтран амьдрагч С.Оын хамт 1 шил 0.75 литрийн Ерөөл архи уугаад байж байтал манай хажуу айлын залуу болох Чинбаатар гэрт орж ирэхэд нь манай хамтран амьдрагч С.О нь “чи энэ залуутай явалддаг” гээд хардаад миний үснээс зулгаагаад доош дараад миний толгойн дээрээс 3 удаа дэвсээд газар унасан чинь миний цээж рүү 3 удаа, миний нуруу бөөрний орчимд 3 удаа өшиглөсөн. Тэгэхэд манай хажуу айлын залуу босож ирээд С.Оыг хориглотол “чамайг ална” гээд занаж байгаад гаднаас архины шил хагалаад аваад ирсэн. Тэгээд Чинбаатар бид хоёр хажуу айл руу буюу Мөнх-Ертөнцийн гэрт ортол гаднаас С.О орж ирээд Чинбаатарын гар луу нь хагархай архины шилээрээ хатгаад гарыг нь зүссэн. Тэгэхэд нь Мөнх-Ертөнц цагдаа дуудсан бөгөөд Чинбаатар С.Отай ноцолдож байгаад гартаа барьсан байсан архины шилийг нь булааж авсан. Манай гэрт хүн амьтан орж ирэхээр хардаад, хажуу айлын Мөнх-Ертөнцийн нөхөртэй харддаг асуудлуудаас болоод бид хоёр удаа дараа маргалдаж байсан. Бид хоёрын хувьд хардалтаас үүдэлтэй маргаан ихэвчлэн байдаг. Би өчигдөр архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй. Харин С.О нь найз Доржоо гэгчтэйгээ 1 шил 0.75 литрийн архи хувааж уусан гэсэн мэдүүлэг /хх 20 ху/,
-Яллагдагч С.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би хамтран амьдрагч Мягмарсүрэнтэй маргалдаж, мөр рүү нь 1 удаа, толгой руу нь 1 удаа гараа хагас атгаж байгаад цохисон. Тэгтэл үл таних залуу намайг барьж аваад дарж унагаагаад, миний толгой руу 1 удаа цохисон. Тэгэхээр нь би архи уусан байсан шарандаа гаднаас архины шил хагалж авчраад тэр залуугийн гар руу хатгаж зүссэн. Тэгтэл тэр залуу намайг тэвэрч аваад, газар унагаад миний баруун гуяны дотор хэсэгт 1 удаа өшиглөж, миний уруул руу цохисон гэсэн мэдүүлэг /хх 17-18, 107 ху/,
-Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02/044 дугаартай дүгнэлтэнд:
1.Ч.Чинбаатарын биед зүүн шууны шарх, зүүн бугалга, шуунд цус хуралт, дух, баруун хацар, хамрын нуруу, баруун бугалга, шуу, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Учирсан гэмтлүүд нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоо журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэсэн дүгнэлт /хх 25 ху/
-Хохирлын үнэлгээ /хх 40 ху/,
-Яаралтай тусламжийн хуудас /хх 22-23 ху/,
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 3-7 ху/,
-Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 49-76, 78-82 ху/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 48 ху/,
-С.Оыг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурор тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 100-103, 107 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч С.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Жанчивын 21-3-3 тоотод иргэн И.Мягмарсүрэнг зодож байхад нь салгах гэсэн хохирогч Ч.Чинбаатартай маргалдаж, түүнийг цохиж, шилээр түүний зүүн шууг зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хувинтай үнсийг хохирогч Ч.Чинбаатарын эзэмшлийн 09-18 ДГА улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн автомашин руу шидэж, баруун хойд талын гэрлийг хагалж, эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас 565.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч С.Оын өгсөн “эхнэрээ мөрөн дээрээс нь татсан чинь энэ хүн дундуур орсон. Чамайг дийлэхгүй бол машиныг чинь эвдэнэ гээд эвдсэн. Архины шилээр цохиж бариагүй. Хоёр гартаа барих нь барьсан байсан. Энэ хүнийг айлгах зорилготой байсан. Хохирогчийн биед учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө. Хохирлыг төлнө. Тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг хүлээн зөвшөөрнө” гэсэн мэдүүлэг, хохирогч Ч.Чинбаатарын өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 30-ны орой Батлайгийнд очтол найз маань байхгүй байсан. Тухайн үед айлд согтуу хүнтэй маргалдсан сураг байсан. Батлайгийн авгай энэ О хоёр яваад ирээч гээд гуйхаар нь явчихаад ирсэн. Батлай ч байгаагүй. Тэгээд ирчихээд байж байтал эдний эхнэр гүйгээд ороод ирсэн. Тэгтэл араас нь О орж ирээд эхнэрээ үсдэж зодсон. Тэгэхээр нь би болиоч гэсэн чинь над руу дайрч, намайг хагарсан шилээр гарын шуу, нуруу, дух хэсэгт зүссэн. Тэгээд гараад машины шил хагалсан” гэсэн мэдүүлэг, гэрч С.Мөнх-Ертөнц, гэрч И.Мягмарсүрэн нарын өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед зүүн шууны шарх, зүүн бугалга, шуунд цус хуралт, дух, баруун хацар, хамрын нуруу, баруун бугалга, шуу, сарвуунд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн 02/044 дугаартай дүгнэлт, хохирлын үнэлгээ, яаралтай тусламжийн хуудас, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, шийтгэх тогтоолын хуулбарууд, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Оын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжүүдийг тус тус агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч С.Оын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэргийн улмаас хохирогч Ч.Чинбаатарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь эрүүл мэндэд учирсан хохирлыг нэхэмжлээгүй, харин эд хөрөнгөд учирсан хохирол үнэлгээний дагуу 565.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч төлж барагдуулаагүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан.
Шүүгдэгч С.О нь эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирлыг төлж барагдуулах үндэслэлтэй тул 565.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Чинбаатарт олгох нь зүйтэй.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон хохирол төлөхөө илэрхийлж байгаа байдал, прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар дээрхи ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 480 цагаар тогтоож шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хараа гэсэн бичиглэлтэй хөх цэнхэр өнгийн архины шилний хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдогдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С. Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч С.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 480 /дөрвөн зуун ная/ цагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Оын эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Оын цагдан хоригдсон 3 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.От урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Оаас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 565.000 /таван зуун жаран таван мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Дорноговь аймаг Сайншанд сум 6-р баг Жанчивын 21-62 тоот Ч.Чинбаатар /ЕЮ77101312/-т олгосугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хараа гэсэн бичиглэлтэй хөх цэнхэр өнгийн архины шилний хагархайг устгасугай.
9.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
10.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА