Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2018/01184

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 14 өдөр

       Дугаар 183/ШШ2018/01184

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 3 дугаар  хороо, 5 дугаар хороолол, 9 дүгээр байр, 59 тоотод оршин суух, 1982 онд төрсөн, эмэгтэй, Б овогт Ё-гийн О /ИГ82021508/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн  хуулийн гудамж, өөрийн байр, Н-т холбогдох,

 

Ё.О-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 24/2 дугаар байр, 01 тоот хаягт байрлах 54.44 м.кв бүхий үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2206019990 дугаартай 2 өрөө орон сууцыг үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.На, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.На шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 00551 тоот шийдвэрээр хариуцагч Ё.О болон Ё.П, АИХХК нараас 92 630 550  төгрөг гаргуулж, нэхэмжлэгч НК ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. 00551 тоот шүүхийн шийдвэрт 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 00523 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, мөн оны 5 дугаар сарын 19-ний өдөр 17280590 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн, 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 179 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ц.Баянчимэг нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 24/2 дугаар байр, 01 тоот хаягт байрлах улсын бүргэлийн Ү-2206019990 дугаартай, 54.44 м.кв талбай бүхий төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч Ё.О-ын өмчлөлийн 2 өрөө орон сууцанд үнэлгээ тогтоолгохоор 342 тоот “Шинжээч томилох тухай тогтоол” үйлдэж, шинжээч томилсон. Нын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 4/1031 тоот мэдэгдлийг хүлээн авсан бөгөөд тус мэдэгдэлд дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг шинжээч 89 862 400 төгрөгөөр үнэлсэнг дурдаад тухайн үнэлгээний 70 хувь буюу 62 903 680 төгрөгөөр албадан дуудлага худалдаанд оруулахаар болсон байна. Шинжээч дээрх үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ тухайн орон сууцанд нэг ч удаа нэвтрэн орж, орон сууцны бодит байдалтай танилцаж байгаагүй, орон сууцанд нэвтрэн орж үнэлгээ хийх талаар өмчлөгчтэй ямар нэг байдлаар холбогдож байгаагүй атал юунд үндэслэж үнэлгээ хийсэн нь тодорхойгүй байгаа нь тухайн шинжээчийн үнэлгээ нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх, шинжилгээг тал бүрээс нь бүрэн, бодитой, үндэслэлтэй хийх, шударга ёсны зарчимд огт нийцээгүй байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасны дагуу үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шинжээчийн дүгнэлт болон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч Н-ын дарга, хурандаа Б.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2017/00551 дүгээр шийдвэрээр АИХХК, Ё.О, Ё.П нараас 91 142 403 төгрөгийг гаргуулан Нэт капитал финанс ББСБ-д олгохоор шийдвэрлэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр үүсгэн төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл удаа дараа гардуулсан. Шийдвэр гүйцэтгэгчийн заасан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Шинэ мөрөөдөл Туул гол гудамж, 24/2 байр, 01 тоотод байршилтай, 54.44 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг битүүмжлэн хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар 2017 оны 11 дүгээр 07-ны өдөр 4/27385 дугаар албан бичгээр үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч  нараас үнийн саналаа 2017 оны 11 дүгээр сарын 13-ны дотор ирүүлэх мэдэгдлийг биечлэн гардуулахад төлбөр төлөгч, төлбөр авагч  нар нь харилцан тохироогүй тул 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 342 тоот тогтоолоор   Х ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилсон. Хөрөнгийн үнэлгээний ХХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр үүргийн гүйцэтгэлийн нэр бүхий барьцааны хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Шинэ мөрөөдөл Туул гол гудамж, 24/2 байр, 01 тоотод байршилтай, 54.44 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг 89 862 400 төгрөгөөр үнэлсэн. Шинжээчийн үнэлгээг төлбөр төлөгч АИ ХХК, Ё.О, Ё.П нарт баталгаат шуудангаар 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 4/1031 дүгээр албан бичгээр тус тус мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Ё.О нь хариуцагч Н-т холбогдуулан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 24/2 дугаар байр, 01 тоот хаягт байрлах 54.44 м.кв бүхий үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2206019990 дугаартай 2 өрөө орон сууцыг үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “.... Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргаж байна.

 

           Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

 

Хэргийн баримтаас үзэхэд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2017/00551 дүгээр шийдвэрээр хариуцагч “Арвис интернэшнл” ХХК, Ё.П, Ё.О нараас 90 531 795 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Нэт финанс ББСБ” ХХК-д олгож, хариуцагч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Шинэ мөрөөдөл Туул гол гудамж, 24/2 дугаар байр, 1 тоотод байршилтай 54.44 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсанаас олсон орлогоос үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.  

 

Улмаар шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 5647 дугаар захирамж гарган шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, гүйцэтгэх хуудас олгосон байх бөгөөд хариуцагч Н дээрх гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, төлбөрөө төлөх талаар мэдэгдэн эд хөрөнгийн мэдүүлгийг авч, нэхэмжлэгчийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206019990  дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Шинэ мөрөөдөл Туул гол гудамж, 24/2 дугаар байрны 01 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 17/613 дугаар тогтоолоор битүүмжилж, хураажээ.    

 

Нэхэмжлэгчийн зүгээс тухайн хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан барьцааны зүйл гэдэгт маргаагүй, шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан битүүмжлэх, хураах ажиллагаанд гомдол гаргаагүй тул шүүх энэ талаар эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Нын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 342 тоот Шинжээч томилох тухай тогтоолоор нэхэмжлэгчийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Шинэ мөрөөдөл Туул гол гудамж, 24/2 дугаар байр, 1 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцанд үнэлгээ тогтоохоор ХХХК-ийг томилж, тус компанийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01/05 тоот дүгнэлтээр тус орон сууцны зах зээлийн үнэлгээг 89 865 400 төгрөгөөр тогтоосон байна.

 

Нэхэмжлэгч дээрх үнэлгээг эс зөвшөөрч, ... шинжээч дээрх үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ тухайн орон сууцанд нэг ч удаа нэвтрэн орж, орон сууцны бодит байдалтай танилцаж байгаагүй, орон сууцанд нэвтрэн орж үнэлгээ хийх талаар өмчлөгчтэй ямар нэг байдлаар холбогдож байгаагүй атал юунд үндэслэж үнэлгээ хийсэн нь тодорхойгүй гэх үндэслэл зааж шинжээчийн дүгнэлт болон үнэлгээг хүчингүй болгохоор шаардсан боловч ХХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01/05 тоот шинжээчийн дүгнэлтэд Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул энэхүү үндэслэлээр нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

 

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр шүүхийн мэдэгдэх хуудсаар хүргүүлсэн, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Эрдэнэд шүүх хуралдааны товыг 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр мэдэгдэж, гарын үсэг зуруулсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар тэдгээрийн эзгүйд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсгийг баримтлан хариуцагч Нт холбогдох Ё.Оын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 24/2 дугаар байр, 01 тоот хаягт байрлах 54.44 м.кв бүхий үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2206019990 дугаартай 2 өрөө орон сууцыг үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ё.Оын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааaсныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Тус шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШЗ2018/04472 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ