| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 187/2018/0459/Э |
| Дугаар | 601 |
| Огноо | 2019-06-18 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Эсэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 601
Ө.Мд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Эсэн,
шүүгдэгч Ө.Мгийн өмгөөлөгч Б.Батбаяр,
нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 298 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батбаярын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Ө.Мд холбогдох 1810012680500 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Хонгор овгийн Өий М, 1964 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцааны мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүрэг, Залуучуудын өргөн чөлөө, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;
Ө.М нь 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 16.00 цагийн орчим, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт, А.Мандах-Эрдэнэтэй маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ө.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Хонгор овогт Өий Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ө.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ө.Мд оногдуулсан 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Ө.Мд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгтээ бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг Ө.Мд сануулж, шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ө.Мгийн өмгөөлөгч Б.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хавтас хэрэгтэй танилцахад нэг ч гэрчийн мэдүүлэг байхгүй бөгөөд хохирогч, яллагдагч хоёрын мэдүүлгээс өөр мэдүүлэг байхгүй байна. Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагаанд нотолбол зохих байдлуудыг нотлоогүй гэж үзэж байна. Зөвхөн хохирогч, шүүгдэгч хоёрын зөрүүтэй мэдүүлэгт үндэслэн анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Дээрх мэдүүлгийн зөрүүг тухайн газрын хяналтын камер болон мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаагаар шалгаж болох юм. Үүгээр гэмт хэрэг гарсан бол гарсан шалтгаан нөхцөлийг нь тогтоох, хохирогчийн зүй бус үйлдэл байсан эсэхийг тогтоох шаардлагатай байна. Хэрэв Ө.Мгийн мэдүүлэгт байгаа шиг хохирогч гэх этгээд нь төв замаар явж байгаад баруун гар тийшээ эргэж, Ө.Мгийн машиныг араас нь хөөж, урдуур нь дарж зогсон, хууль бус үйлдэл гаргасан бол хэргийн нөхцөл байдалд өөрөөр нөлөөлөх юм. Хохирогч тухайн үед гар утсаараа бичлэг хийгээд яваад байсан гэж яллагдагч мэдүүлжээ. Тэрхүү бичлэг дээр нь хохирогчийн мэдүүлсэн шиг төв зам дээр юм уу, эсхүл Мишээл экспо руу орсон туслах замын хэсэгт үү гэдэг нь харагдана. Хохирогч өргөдөлдөө 4-5 удаа нүүр рүү цохисон гэсэн бол мэдүүлэгтээ 2-3 удаа, мөн мэдүүлэгтээ “намайг зам тавьж өгөөгүй гэх шалтгаанаар зодсон байх” гэжээ. Гэтэл хохирогч, гэрч нарын мэдүүлгээс харахад зам тавьж өгөөгүй гэх асуудал гараагүй байна. Ө.Мгийн мэдүүлэгт “хохирогчийг гараараа цохисон билүү, алгадсан санагдаж байна” гэсэн нь түүнийг цохиж зодсон, гэмтээсэн талаар огт биш юм. Харин хохирогч учир зүггүй “би чигээрээ явж байсан” хэмээн орилж, хөл гараа сарвалзуулан цохиж зодох гэж дайрч байхад нь өөрийгөө хамгаалан гар хөлийг нь хааж байхдаа хохирогчийн биед нь хүрч байсныг илэрхийлсэн, түүний 3 сарын дараа өгсөн таамгийн шинжтэй мэдүүлэг юм. Прокурор, мөрдөн байцаагч нар хэргийн бодит үнэнийг олохын оронд зөвхөн Ө.Мг буруутгах гэсэн байдлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь хэргээс харагдаж байна. Яллагдагч Ө.Мд холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” бүрэн шалгагдаж тогтоогдоогүй байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд, хуульд заасан дараах хөнгөрүүлэх нөхцөлд хамаарч байна. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.4 дэх заалтад “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэж тус тус заажээ. Нэгэнт шүүхээс нотолбол зохих байдлууд гүйцэд тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн учраас хэргийг цагаатгах үндэслэлтэй байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж, 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ө.Мд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Прокурор Г.Эсэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ө.Мд холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй гэж үзэж байна. Хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаанд өмгөөлөгчийн хэлж байгаа хэрэг гарсан газар нь хоёр хүний хэлсэн мэдүүлгээр тогтоогдоно. Хэрэг болсон газрыг мөн нэг газар хэмээн зааж байгаа. Хохирогч А.Мандах-Эрдэнийн мэдүүлгийг шалгаад хэрэг гарсан газрын гэрэл зургийг бэхжүүлж авсан. Хяналтын камерын хугацаа алдсан нөхцөл байдлаас болж тухайн хэрэг гарсан газрын эргэн тойронд хяналтын камер байхгүй. Байгаа нэг камер нь хэрэг болсон газар руу хардаггүй, өөр тийш харж байсан нь мөрдөгчийн тэмдэглэлд байгаа бөгөөд энэ нь хавтас хэрэгт байгаа. Иймд Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Одоогоор тухайн хэрэгт ямар нэгэн байдлаар нотолбол зохих байдлыг дутуу хийсэн ажиллагаа байхгүй гэж үзэж байна. Тухайн хэрэг гарахад хохирогч, шүүгдэгч нар хэн аль нь замын хөдөлгөөнд оролцож байсан. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Ө.М нь 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 16.00 цагийн орчим, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт, хохирогч А.Мандах-Эрдэнэтэй “Тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа урдуур дайрсан” гэх асуудлаар маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь зүүн завьж, доод уруулын дотор салстад язарсан шарх, хамрын үзүүрт зулгаралт, бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч А.Мандах-Эрдэнийн “...50 орчим насны эрэгтэй намайг “чи мөргөчихгүй яасан юм” гэж хэлээд шууд миний нүүрэн тус газарт баруун гараараа 2-3 удаа цохисон. Би тэр хүнтэй хэрүүл хийгээгүй, шууд машиндаа суугаад явах гэтэл тэр хүн машины хаалга онгойлгоод баруун хөлөөрөө миний нүүр рүү, мөн баруун талын шанаа хэсэг рүү 3-4 удаа өшиглөсөн. Машинаас буутал миний хамраас цус гарсан, буцаж машиндаа суугаад хамрын цусаа арчтал тэр хүн араас өшиглөсөн. ...” гэх /хх 10-13/,
гэрч Д.Алтанбулагийн “...А.Мандах-Эрдэнэ над руу залгаад “аав намайг хүн зодчихлоо” гээд болсон асуудлын талаар хэлсэн. ...” гэх /хх 126-128/,
шүүгдэгч Ө.Мгийн “...Миний нүүрийг гараараа цохих гээд сарвалзаад байхаар нь би түүний нүүрийг гараараа алгадсан билүү, цохисон санагдаж байна. ...түүний бөгс рүү хөлөөрөө хоёр удаа араас нь өшиглөсөн. ...” гэх /хх 30-31/ мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн “...А.Мандах-Эрдэнийн биед зүүн завьж, доод уруулын дотор салстад язарсан шарх, хамрын үзүүрт зулгаралт, бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн 6212 дугаартай дүгнэлт /хх 18/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн “...А.Мандах-Эрдэнийн биед зүүн завьж, доод уруулын дотор салстад язарсан шарх, хамрын үзүүрт зулгаралт, бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн 100 дугаартай дүгнэлт /хх 116-117/,
2019 оны 2 дугаар сарын 04-ний өдөр хохирогч А.Мандах-Эрдэнийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх 134-136/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батбаярын “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэв.
Мөрдөн шалгах ажиллагаанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Ө.Мгийн үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэм буруутайд тооцсон дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Ө.Мгийн хохирогч А.Мандах-Эрдэнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Ө.Мд тухайн зүйлд заасан төрөл, хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгох ял оногдуулсан байх бөгөөд шүүхээс оногдуулсан ял нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байна.
Харин Ө.Мд холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэх үед хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй:”, 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн;” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэж тус тус заажээ.
Иймд шүүгдэгч Ө.Мгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дээрх хуулийн зохицуулалтын дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 298 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч Ө.Мд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 5 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй
.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Ц.ОЧ