Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2024/0144

 

 

 

 

 

 

 

 

 

 

         

Ж.Э-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Мөнхтулга

Илтгэсэн: шүүгч З.Ганзориг

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д

 

Нэхэмжлэгч:Ж.Э /РД:/

Хариуцагч: Ш е з

Нэхэмжлэлийн шаардлага: Ш е з-ийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 165 дугаар тушаалын хавсралтын Ж.Э-т холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах; Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчийн өндөр насны тэтгэмжид олгох нэг удаагийн тэтгэмжийг дутуу тооцож олгосон эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тэтгэмжийн зөрүү болох 63,180,000 төгрөгийг олгохыг даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2023/0883 дугаар шийдвэр

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин

Хэргийн индекс: 128/2023/0764/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.Э нь Ш е з-д холбогдуулан “...Ш е з-ийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 165 дугаар тушаалын хавсралтын Ж.Э-т холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, Ш е з-өөс шүүгчийн өндөр насны тэтгэмжид олгох нэг удаагийн тэтгэмжийг дутуу тооцож олгосон эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тэтгэмжийн зөрүү болох 63,180,000 төгрөгийг олгохыг даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2023/0883 дугаар шийдвэрээр: Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.4, 47 дугаар зүйлийн 47.9, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг тус тус баримтлан Ж.Э-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчийн өндөр насны тэтгэмжид олгох нэг удаагийн тэтгэмжийг дутуу тооцож олгосон эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тэтгэмжийн зөрүү болох 63,180,000 төгрөгийг олгохыг даалгаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 165 дугаар тушаалын хавсралтын Ж.Э-т холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Должиндэмид дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн “... сарын дундаж цалин” гэснийг хэрхэн ойлгохоос хамаарч байгаа тул “албан тушаалын цалин”, “нэмэгдэл”, “тэтгэмж” гэснийг хэрхэн ойлгож хэрэглэснийг дурдах нь зүйтэй. Тус хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.3-д зааснаар Монгол Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолын хавсралтаар бүх шатны шүүхийн шүүгчийн цалин хөлсний хэмжээг тогтоосон.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн “...сарын дундаж цалин” гэдэг нь шүүгчийн албан тушаалын цалин юм.  Нэмэгдэл болон тэтгэмжийг мөн хуулийн дагуу, нэмэгдлийг сар бүр, харин тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд нэг удаа олгож байгаа болно. Нэмэгдлийг шүүгчид сар бүр олгодог бөгөөд нэмэгдлийн хэмжээг албан тушаалын цалингаас тооцно. Албан тушаалын цалин нь сар бүр олгогддог нэмэгдлийн хамт “цалин хөлс” гэсэн ойлголтыг бүрдүүлнэ.

3.2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ” гэж заасан. Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор “Шүүгчид нэмэгдэл олгох журам”-ыг баталсан бөгөөд уг тогтоолд дурдсанаар шүүгчид докторын зэргийн нэмэгдэл /тогтоолын 2 дугаар заалтаар/, шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл /тогтоолын 1 дүгээр хавсралт/, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл /тогтоолын 2 дугаар хавсралт/-ийг олгохоор хуульчилсан.

3.3. Тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шүүгчид “нэг удаа” олгох талаар хуульд заасан бөгөөд энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан тэтгэмж юм. Тэтгэмжийг нэмэгдлийн нэгэн адил мөн л албан тушаалын цалингаас тооцдог. Нэхэмжлэгч нь шаардлагадаа дурдсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн “... авч байсан сарын дундаж цалин” нь Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалин юм.

3.4. Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан “... сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж заасныг Ш е з-с хэрэгжүүлэхдээ Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож олгож байгаа нь хууль зөрчөөгүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгчээс Ш е з-д холбогдуулан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 165 дугаар тушаалын хавсралтын Ж.Э-т холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах; Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчийн өндөр насны тэтгэмжид олгох нэг удаагийн тэтгэмжийг дутуу тооцож олгосон эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тэтгэмжийн зөрүү болох 63,180,000 төгрөгийг олгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

3. Ж.Э нь 17 жил шүүгчээр ажиллаад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 7 дугаар 05-ны өдрийн 133 дугаар зарлигаар тэтгэвэрт гарах өндөр насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн ба  Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 165 тушаалаар нэхэмжлэгчид 36 сарын хугацаагаар нэг удаагийн тэтгэмж болох 97,200,000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчээс гаргасан “Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт зааснаар өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн тэтгэмжийг сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр тооцож, зөрүү тэтгэмжийг олгуулах” агуулга бүхий хүсэлтэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 01/1377 дугаар албан бичгээр “... шүүхийн шийдвэрээр таны нэг удаагийн тэтгэмжийн зөрүү олгуулахтай холбоотой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хүсэлтийг хангах боломжгүй” гэх хариу өгчээ.

5. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 3-т “Шүүх улсын төсвөөс санхүүжинэ. Шүүх үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана” гэж шүүх, шүүгч нарын эдийн засгийн баталгааны талаар төрийн хүлээх үүргийг үндсэн хуулиар тогтоосон.

6. Монгол Улсын Үндсэн хуулийн дээрх заалтыг бататган бэхжүүлэх хүрээнд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлд “Шүүх, шүүгчийн эдийн засгийн баталгаа”-г тодорхой хуульчилж өгсөн. Үүнд: Мөн зүйлийн 46.1-д “Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээ нь эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байх боломжийг хангасан байна”, 46.2-т “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ”, 46.4-т “Шүүхийн төсвийг батлахдаа шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүн, хэмжээг бууруулж болохгүй”, 47 дугаар зүйлийн 47.9-д “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж шүүгчийн цалин хөлсний бүтэц, бүрдлийг цогцоор нь маш тодорхой хуульчилж, төсөв батлахдаа цалин хөлсний бүрдэл, хэмжээг бууруулахыг хориглосон байна.

7. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж, Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 4.4-т “Хэрэв Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй” гэж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.1-д “Ажилтны дундаж цалин хөлсийг дараах байдлаар тодорхойлно:”, 2.1.1-д “нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хувааж” гэж тус тус заасан.

8. Эдгээр хууль, журмын зохицуулалтыг харьцуулан дүгнэхэд, Төрийн албаны тухай хуулиар өндөр насны тэтгэвэрт гаргахад төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг “сарын үндсэн цалингийн дунджаас” тооцохоор, харин Монгол Улсын шүүхийн тухай хуулиар өндөр насны тэтгэвэрт гаргахад шүүгчид “сарын дундаж цалингийн хэмжээгээр” нэг удаагийн тэтгэмжийг тооцохоор ялгаатай байдлаар заасан, тодруулбал, шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гаргахад олгох нэг удаагийн тэтгэмжийн харилцааг нарийвчлан зохицуулсан хуулиар Төрийн албаны хуульд зааснаас илүү хэмжээгээр нэг удаагийн тэтгэмж авах нөхцөлийг тусгасан, мөн шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэхээр нарийвчлан зохицуулсан.

9. Тодруулбал, шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх ба Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 20 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлд тус тус зааснаар цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэх тул шүүгчид нэг удаа олгох тэтгэмжийг бодох сарын дундаж цалингийн хэмжээг эдгээр хуультай нийцүүлэн цалингийн бүтэц, бүрдлийг цогцоор нь тооцох хууль зүйн үндэслэлтэй юм.

10. Дээрх нарийвчилсан зохицуулалтын дагуу шүүгч нь “сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр” буюу “сарын албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлийн дунджаар” тооцуулан нэг удаагийн тэтгэмжийг өндөр насны тэтгэвэрт гарахдаа сонгон авах эрхтэй гэж байтал мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийн шүүгчийн цалин хөлсний цогц бүрдлийг тогтоосон заалтаас зөвхөн “албан тушаалын цалин”-аас тооцон тэтгэмж олгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

11. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн “өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн тэтгэмжийг сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр тооцож, зөрүү тэтгэмжийг олгохоос татгалзсан” хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй нь хуульд нийцээгүй бөгөөд нэхэмжлэгчийн нэг удаагийн тэтгэмжийн аль илүүг сонгох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй, анхан шатны шүүхийн ... нэхэмжлэгчийн хувьд албан ажлын онцгой нөхцлийн, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг оруулан тооцоогүй нь шүүгчээр ажиллаж байсан Ж.Э-ийн Монгол Улсын шүүхийн тухай хуулиар баталгаажсан нийгмийн баталгааг зөрчиж, эс үйлдэхүй гаргасан байна гэх дүгнэлт зөв байна.

12. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шүүгчид “нэг удаа” олгох талаар хуульд заасан бөгөөд энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан тэтгэмж юм. Тэтгэмжийг нэмэгдлийн нэгэн адил мөн л албан тушаалын цалингаас тооцдог. Нэхэмжлэгч нь шаардлагадаа дурдсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн “... авч байсан сарын дундаж цалин” нь Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалин юм. Иймд 36 сарын тэтгэмжийг “албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлээс тооцох үндэслэлгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв.

13. Ш е з-ийн даргын 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 165 дугаар тушаалаар, Ж.Э-т нэг удаагийн тэтгэмж олгохдоо Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гаргахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 2 дахь заалтыг баримталсан байх боловч уг журмын 4.4-т Хэрэв Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй” гэж заасан зохицуулалтыг анхаарч үзээгүй болохыг тэмдэглэв.

14. Нэхэмжлэлийн шаардлагын “Ш е з-ийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 165 дугаар тушаалын хавсралтын Ж.Э-т холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдлийг зөв гэж дүгнэв.

15. Учир нь нэхэмжлэгчийн хувьд эерэг үйлчлэл бүхий Ш е з-ийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 165 дугаар тушаалын Ж.Э-т холбогдох хэсэг нь түүний “өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийг сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр тооцож, зөрүү тэтгэмжийг авах” эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй буюу түүнд нөлөөлсөн чиглэлгүй тул нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзнэ.

16. Иймд дээрх хууль зүйн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2023/0883 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

              ШҮҮГЧ                                                                   С.МӨНХЖАРГАЛ

 

 

              ШҮҮГЧ                                                                     Г.МӨНХТУЛГА

 

 

              ШҮҮГЧ                                                                     З.ГАНЗОРИГ