Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2021/0199

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 02  өдөр       Дугаар 128/ШШ2021/0090          Улаанбаатар хот

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Ц

Хариуцагч: НДЕГ-ын ГШЗ

Хариуцагч: СБД-ын ГШЗ

Нэхэмжлэлийн шаардлага: “СБД-ийн ГШЗ2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаар тогтоолын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, НС-ын 2004 оны 7..  дугаар тушаалаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох, газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ын “Хөдөлмөрийн хортой нөхцөл”-ийн заалтад хамруулан шийдвэр гаргахыг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд даалгуулах, НДЕГ-ын дэргэдэх ГШЗ ийн 2019 оны 1.. дугаар албан бичгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Ц , хариуцагч НДЕГ-ын дэргэдэх ГШЗ ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б Б.*******, хариуцагч СБД-ийн ГШЗитгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М , Н.У , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О нар оролцов.

    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Ц миний бие Д аймгийн Дулааны цахилгаан станцын түлш дамжуулах цехэд конвейерын  машинчаар 7 жил, 7 сар ажилласан. Миний ажилласан хугацааг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 04..  дугаар шийдвэрээ тогтоосон.

Хөдөлмөрийн Эрүүл мэндийн төвийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны  өдрийн  дугаартай тодорхойлолтоор НС-ын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 7..  дугаар тушаалаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох, газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ын 3.1-д заасан ангилалд хамааруулж, хөдөлмөрийн хортой нөхцөлөөр тэтгэвэрт гарах боломжтой гэсэн юм.

Гэтэл НДЕГ-ын дэргэдэх ГШЗ  миний өгсөн өргөдлийг шийдвэрлэхгүй бүтэн 2 жил болсны дараа намайг Дулааны цахилгаан станцад конвейерын машинчаар ажиллаж байсан нь хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарагдана гэсэн хариу өгсөн. Миний ажиллаж байсан нөхцөл маш халуун бөгөөд нүүрсийг боловсруулж, нунтаглаж 0.25 мм ширхэггүй болгож, целсийн 1000 градусын халуун уурын мананцараар утаж, норгож, нойтон болсон нүүрсийг хусуурын тусламжтайгаар зуухны бункерт хуваарилж хийдэг байсан.  Нүүрс өөрөө хүнд металл, халуун уураар, утсан уур савсан нойтон болоход CO2 нүүрс хүчлийн хий үүсдэг.

Иймд би өөрийн дулааны цахилгаан станцад ажилласан 7 жил, 7 сарын хугацааг хөдөлмөрийн хортой нөхцөлд ажиллаж байсан гэж үзэж байгаа.

Миний бие Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд гомдол гаргахад НДЕГ-ын дэргэдэх ГШЗ ийн 2019 оны 1.. дугаар шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэн, Засгийн газрын 1994 оны 171 дүгээр  тогтоолын 2 дугаар  хавсралтаар баталсан “Ажил олгогч, даатгуулагч болон нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан зөрүүг хянан шийдвэрлэн гомдлын шаардлагын зөвлөлийн дүрэм”-ийн 4.18 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд гомдлоо гаргаж, шийдвэрлүүлэх эрхтэй гэсэн хариу өгсөн” гэжээ.  

 

Нэхэмжлэгч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1982 онд Д аймгийн Дулааны цахилгаан станцад конвейерийн машинчаар ажилд орсон. Анх ажилд орж байхад гарсан даргын тушаал байдаг. Уг тушаалд “...БНМАУ-ын дэргэдэх Сайд нарын зөвлөлийн 1960 оны 350 дугаар тогтоолыг үндэслэн Д.Ц ыг түлш дамжуулах цехийн конвейерийн машинчаар ажиллуулсугай” гэсэн байдаг. Үүндээ хөдөлмөрийн “хүнд, халуун, аюултай” нөхцөлд ажиллахыг мөн дурдсан байдаг.

Хоёр сар дагалдан хийж, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлөөр баталсан 75 дугаар тогтоолын дагуу мэргэжлийн 3 дугаар зэрэг олгогдож байсан. Конвейерийн машинчаар ажиллана гэдэг нь давхар тоноглол дээр ажиллахыг л хэлж байгаа. Газар доор болж байгаа үйл ажиллагаанд конвейерийн машинч гардаг болохоос биш түлш дамжуулах цехийн дамжлагын машинч гардаггүй. Эдгээр мэргэжил нь өөр хоорондоо ялгаатай зэрэглэлтэй байдаг талаар өмнө дурдсан.

Бид газар доороос нүүрсийг конвероор татаж гаргаад дамжлагаар оруулан бутлагч машин руу тээвэрлэдэг. Бутлагч машин дээр ч мөн адил конвейерийн машинчийн 3 дугаар зэрэгтэй хүн ажилладаг. Конвейерийн машинч нь хүнд, халуун, хортой гэх хөдөлмөрийн 3 нөхцөлд давхар тоноглол дээр ажилладаг нь үнэн.

Бэлэн болсон нүүрсийг тосгуурын тусламжтай дамжуулах үүрэг хүлээдэг байсан. Нүүрсийг тосгуурын тусламжтайгаар 12 зууханд яг тэнцүү хуваарилдаг. Тэнд ганцхан конвейерийн машинч ажилладаг байсан. Одоо бага зэрэг өөрчлөгдөөд конвейерийн машинчтай хамт дагалдангаар дамжлагын машинч ажилладаг болсон.

Тухайн үед конвейерийн машинчид хүнд, халуун, хортой нөхцөлд ажилладаг гэх утгаараа сүү, нормын хувцас, түлш, нүүрс үнэгүй авдаг байсан. 1995 оноос өмнө Сайд нарын зөвлөлийн 75 дугаар тогтоол хүчинтэй байсан. Одоо хүчингүй болгосон гэж яриад байна. Эдгээр нөхцөл байдлуудыг шалгаад, үнэн зөв шийдвэр гаргуулах хүсэлтэй байна.

Дамжлагын машинч бол дамжин өнгөрч байгаа нүүрсний аюулгүй ажиллагааг хангадаг, ажлын байрны цэвэрлэгээг хийдэг 2 дугаар зэргийн мэргэжилтнүүд байдаг. Конвейерийн машинч нар нь өдөр бүр аюулгүй ажиллагааны зааварчилгаа, норм, журмыг дагаад ажлаа хийдэг. Бүх тоноглолуудыг удирдаж үйл ажиллагаагаа явуулдаг. Тухайн үед конвейерийн машинчаар 7.6 жил ажиллаад, үлдсэн 20 хүртэлх жилээ өөр ажил хийгээд хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж байсан гэдгээр тэтгэвэр тогтоолгодог байсан. Энд цор ганц миний эрх, хууль ёсны ашиг сонирхол бус тухайн үед хамт ажиллаж байсан эмэгтэйчүүдийн эрхийн асуудал яригдаж байна.

Одоо хууль, дүрэм нь өөрчлөгдсөн байж болох юм. Конвейерийн машинчийг хөдөлмөрийн “хүнд, халуун, хортой” нөхцөлд хамааруулдаг байсан атал одоо дан “хүнд” нөхцөлд хамаатуулан үздэг болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын  зөвлөл шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:Д.Ц нь 2019 оны

 05 дугаар сарын 08-ны өдөр тус хэлтэст хөдөлмөрийн халуун нөхцөлд ажилласнаар тэтгэвэр тогтоолгохоор гаргасан хүсэлт, холбогдох материалуудыг шалгахад нийт 22 жил ажилласнаас, хөдөлмөрийн халуун нөхцөлд хамаарах нь 7 жил 6 сар 27 хоног байсан. Тухайлбал:

1. 1982 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, Д аймгийн Чойбалсан хотын дулааны цахилгаан станцын түлш дамжуулах цехэд конвейерын машинчаар /дагалдангаар/ 3 сар

2. 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Хөтөл, Д аймгийн Чойбалсан хотын дулааны цахилгаан станцын түлш дамжуулах цехэд конвейерын  3 дугаар  зэрэгтэй машинчаар  7 жил 3 сар 27 хоног ажилласнаа шүүхээр тогтоолгосон байна.

Конвейерын машинч хөдөлмөрийн нөхцөлийн ажлын байранд шууд нэршлээр таарахгүй байсан тул хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн хурлаар  хэлэлцүүлсэн.

Гомдлын шаардлагын зөвлөл нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 21  дүгээр зүйлийн 2-т Нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллагын дэргэд нэг талаас ажил олгогч, даатгуулагч, нөгөө талаас нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан саналын зөрөөг хянаж шийдвэрлэх гомдлын шаардлагын зөвлөл /орон тооны бус/ ажиллана” гэж зааснаар даатгуулагчаас холбогдох нэмэлт нотлох баримтыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13-т заасны дагуу шаардан, 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэж, тэтгэвэр тогтоох эрх үүсэхгүй тухай тогтоол гаргасан.

Түлш дамжуулах цехийн үйл ажиллагааг тус цехийн тоноглолын техникийн тодорхойлолтод дурдсанаар 66000 тонн нүүрс хадгалах ил талбайд уурхайгаас автомашинаар зөөвөрлөгдөн ирсэн нүүрсийг тусгай зориулалтын тоног төхөөрөмж болон конвейеруудаар дамжуулан шигшин буталж, нүүс агуулах, далд сарайд  бас дахин шигшигдэн, туузан дамжуулагчаар дамжигдан зуухны бункеруудад хуваарилдаг үйлдвэрийн түүхий эдийг бэлтгэдэг цех гэсэн байна.

“Конвейерын машинч” гэсэн ажил мэргэжлийг “түлш дамжуулахын машинч” гэсэн ажил мэргэжилтэй гүйцэтгэх үүргийн хувьд адилтган үзэж, НС-ын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 7..  дугаар тушаалаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох, газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ын хөдөлмөрийн хүнд нөхцөлийн 4 дүгээр бүлгийн 1-д хамаарахаар заасан байна.

Мөн 7..  дугаар тушаал батлагдахаас өмнө хэрэгжиж байсан 1971 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Улсын тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох ажил мэргэжил, албан тушаалын жагсаалт батлах тухай” 185/142 дугаар тогтоолын 4 дүгээр бүлэг болох  хүнд нөхцөлийн 18 дугаарт хүнд нөхцөлд хамааруулна гэж заасан байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай” -ийн 2.3-д “нийтдээ 20-оос  доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн тохиолдолд тэтгэвэр тогтоолгож болно”  гэж заасан бөгөөд Д.Ц ын  хүнд нөхцөлд ажилласан жил нь 7 жил 6 сар 27 хоног байгаа тул тэтгэвэр тогтоолгох болзлыг хангаагүй гэж үзсэн.

Харин НС-ын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 7..  дугаар тушаалаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох, газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ын хөдөлмөрийн халуун нөхцлийн 3 дугаар бүлгийн 1-д заасан туслах тоноглолын машинч эргүүлийн ажлын байр нь зуухан цехед хамаарагддаг тул түлш дамжуулах цехийн конвейерын машинчийн ажлын байрыг хөдөлмөрийн халуун нөхцөлд ажилласан гэж адилтган үзэх боломжгүй юм.

 

Д.Ц ын ирүүлсэн Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 12..  дугаар албан бичгийн хувьд дээрх байгууллага нь ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг судлах, үнэлгээ дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа байгууллага ба дээрх ажлын байр нь хөдөлмөрийн нөхцөлд хамаарахаар бол санал дүгнэлтээ Нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэн шийдвэр гаргуулахаас бусад тохиолдолд иргэдэд тэтгэврийн эрх үүсэхтэй холбоотой чиглэлд зөвлөмж өгөх чиг үүрэггүй болно. Энэ талаар дээд шатны байгууллага болох Нийгмийн даатгалын ерөнхий газарт 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1/584 дүгээр албан бичгээр хандахад 2018 оны 12 дугаар сарын 19-ний 2/2968 дугаар албан бичгээр хүргүүлсэн зөвлөмжийн дагуу шийдвэрлэнэ гэсэн хариуг ирүүлсэн.

Иймд Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэд дэх Гомдлын шаардлагын зөвлөлийн тогтоол нь эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Д.Ц  нь  2020  оны  01  дүгээр  сарын 01-ний өдрөөс өндөр настны тэтгэвэр тогтоолгох болзлыг ханган, тэтгэврээ тогтоолгосон болно” гэжээ.

Хариуцагч СБД-ийн ГШЗитгэмжлэгдсэн төлөөлөгч Н.У  шүүх хуралдаанд: Манай байгууллага анх нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн аваад хөдөлмөрийн “хүнд, халуун, хортой” нөхцөлд ажиллаж байсан гэдгээр тогтоохоор болсон боловч 2004 оны 7..  дугаар тушаалд заасан хөдөлмөрийн “хүнд, халуун, хортой” нөхцөлд конвейерийн машинч хамаарахгүй байсан. Харин конвейерийн машинч нь хөдөлмөрийн “хүнд” нөхцөлд хамаарч байсан. Нэхэмжлэгчийн ажилласан жил нь хөдөлмөрийн “хүнд” нөхцөлд хүрэхгүй байсан тул манайхаас “...дээд шатны байгууллагад хандах эрх тань нээлттэй” гэсэн маягаар хариу хүргүүлж байсан.

Манай зөвлөл “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ын “Дөрөв”-ийн 1-д заасны дагуу конвейерийн машинчийг хөдөлмөрийн “хүнд” нөхцөлд хамаарна гэж үзээд тогтоолоо гаргасан” гэжээ.

Хариуцагч НДЕГ-ын дэргэдэх ГШЗ  шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Д.Ц ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.     

Д.Ц нь Д аймгийн Чойбалсан хотын Дулааны цахилгаан станцад түлш дамжуулах цехийн конвейерын машинчаар1982 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нийт 7 жил 06 сар 30 хоног ажилласан.

СБД-ийн ГШЗ2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаар тогтоолд НС-ын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 7..  дугаар тушаалаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох, газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ын дөрөвт хөдөлмөрийн хүнд нөхцөлийн 4.1Эрчим хүч, үйлдвэрлэлийн .... түлш, дамжуулахын ....машинч-д хамаарч байгаа бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 4.3.3-д “нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 50 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй хугацаагаар мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 45 нас хүрсэн бол  тус  тус  өөрийн  хүсэлтээр”  гэж  заасан  болзлыг  хангаагүй учраас өндөр насны

 

тэтгэвэр тогтоох боломжгүй гэж шийдвэрлэсэн байсан.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Гомдлын шаардлагыг зөвлөл нь Д.Ц болон дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн хооронд гарсан саналын зөрүүг хууль тогтоомжид нийцүүлэн хянаж, судлан 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хурлаар хэлэлцээд, СБД-ийн ГШЗ2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаар тогтоолоор өндөр насны тэтгэвэр тогтоох эрх үүсэхгүй гэсэн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Түүнчлэн хэвийн бус нөхцөлөөр ажилласан хугацааг тооцохдоо иргэний хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн ажил мэргэжил нь НС-ын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 7..  дугаар тушаалаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох, газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-д заасан ажил,  мэргэжилтэй тохирч байгаа нөхцөлд хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоож олгодог.

НС-ын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 7..  дугаар тушаалаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох, газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ын “Гурав”-ын хөдөлмөрийн халуун нөхцөлийн 3.1заалтад эрчим хүч үйлдвэрлэлийн 35 ата  ба түүнээс дээш даралтаар ажилладаг зуухны машинч, ахлах машинч, шугам хоолой, арматур, халах, гадаргуугийн слесарь зуухны цехийн ба тоос бэлтгэх тоноглолын засварчин өрлөг, дулаан тусгаарлалтын засварчин, туслах тоноглолын машинч эргүүлч, зуухны ээлжийн мастер, засварын инженер, ашиглалт, засварын мастер, мастер, зуухны цахилгаан ба хийн гагнуурчин, зуух үлээлгэгч, шаар цэвэрлэгч” гэсэн ажил мэргэжил дээр ажилласан даатгуулагч иргэдийн хөдөлмөрийн халуун нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоож олгодог учраас иргэн Д.Ц ын түлш дамжуулах цехийн конвейерын  машинчаар ажилласан хугацаа нь хөдөлмөрийн халуун нөхцөлийн жагсаалттай түүний ажил, мэргэжилтэй тохирохгүй байх тул хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй байна” гэжээ.

Хариуцагч НДЕГ-ын дэргэдэх ГШЗ ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Ц ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.  

Нэгдүгээрт,  Нийгмийн даатгалын ерөнхий газар нь аймаг, дүүргийн нийгмийн

 даатгалын хэлтсийн буюу анхан шатны гомдлын шаардлагын зөвлөлөөс гарсан шийдвэрийг хянадаг байгууллага. Гаргасан шийдвэр нь зөв, үндэслэлтэй эсэх тал дээр хяналт, шалгалт хийж, НДЕГ-ын дэргэдэх ГШЗ өөс тогтоол гаргадаг. Эсхүл иргэдээс ирүүлсэн өргөдлийг шийдвэрлэж хариу хүргүүлдэг. 

Нэхэмжлэгч Д.Ц аас манай байгууллагад хандан өргөдөл ирүүлсэн. Өргөдлийн дагуу СБД-ийн ГШЗхурлын тэмдэглэл болон холбогдох нотлох баримтуудыг судалж үзээд СБД-ийн ГШЗтогтоолыг үндэслэлтэй байна гэж дүгнэсэн ба тэр талаар хариу албан бичгийг нэхэмжлэгчид 2019 оны 10 дугаар сард хүргүүлж байсан.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хөдөлмөрийн “халуун” нөхцөлийн талаар дурдаагүй байдаг. Хөдөлмөрийн хортой, халуун, хүнд гэдэг нь бүгд хоорондоо ялгаатай өөр нөхцөлүүд. Хөдөлмөрийн “хортой” нөхцөлд дулааны цахилгаан станцын нэг ч ажилтан хамаардаггүй. Нэхэмжлэл дээрээ “хортой” гээд буруу шаардсан харагдаж байна. Хортой нөхцөлөөр Дулааны цахилгаан станцын нэг ч ажилтан тэтгэвэрт гардаггүй.

Хоёрдугаарт, “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт” 2004 онд шинэчлэгдэн батлагдсан. 1971, 1979 болон 1995 онуудад БНМАУ-ын Сайд нарын зөвлөл, Хөдөлмөрийн цалин хөлсний улсын хороо болон Үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөл нар хамтарч батлан гаргаж байсан. 1971 оны жагсаалтын 4 дүгээр бүлэгт хөдөлмөрийн “хүнд” нөхцөлийг заасан. Хөдөлмөрийн хүнд нөхцөлийн “ажилчин” гэх заалт дотор конвейерийн машинчийг хамруулсан байгаа.

Энэ 4 удаа шинэчлэгдэн батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”ад конвейерийн машинч нь хэзээ ч хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд хамаарч байгаагүй, зөвхөн хүнд нөхцөлд хамаарч байсан. 2004 оны жагсаалтад зарим нэг ажил мэргэжлийн нэршил гээгдсэн боловч дүйцүүлэх маягаар бид тооцож, өмнөх жагсаалтуудтай харьцуулан үнэлэлт хийж байгаа.

Гуравдугаарт, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ямар ч хууль, журамд эмэгтэй хүнийг газрын доор хөдөлмөр эрхлэхийг хориглодог. Монгол Улсын хэмжээнд эмэгтэй хүн газар доор хөдөлмөр эрхлээд тэтгэвэр тогтоолгож байсан түүх байхгүй.  Нэхэмжлэгч  өөрийгөө  газар доор хөдөлмөр эрхэлж байсан гэж буруу тайлбарлаад байна. Конвер гэх үгийн утгаас авч үзэхэд ч тэр дамжуулах агуулга л ард нь оршиж байгаа.

Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох, газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтын 3 дугаар бүлгийн 1 дэх заалтад “уурын зуух”-ыг хамаатуулсан. Гэтэл уурын зуух гэдэг ямарваа нэгэн гэмтэл учраагүй л бол 365 хоног тасралтгүй ажиллагаатай байдаг. Тэр зуух дотор ажиллаж байгаа ажилчид нь тусдаа гэж манайх үзсэн.

Дөрөвдүгээрт, Д аймгийн Чойбалсан сумын Дулааны цахилгаан станцаас хөдөлмөрийн нөхцөлийн тодорхойлолтыг нэхэмжлэгчид хийж өгсөн байдаг. Уг тодорхойлолтод “...Д.Ц нь 1982-1990 онуудын хооронд манай байгууллагад хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж байгаад өөрийн хүсэлтээрээ ажлаас гарсан” гэсэн байдаг. Манай газар нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газар болон Улсын Их Хурлаас гарсан тогтоолын дагуу л үйл ажиллагаагаа явуулсан.

Манай талаас нэхэмжлэгч Д.Ц ын эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан эсэх талаараа ахин дахин шинжилгээ хийсэн. 1971 болон 1979 онуудын “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”аар конвейерийн машинч нь хөдөлмөрийн “хүнд” нөхцөлд хамаарч байсан.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 2004 оны 7..  дугаар тушаал болох “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ын “Дөрөв”-ийн 4.1 дэх заалтын “...түлш дамжуулах цехийн машинч гэдэгтэй дүйцүүлэн хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгож болно гэх доод шатны байгууллагын тогтоолыг Нийгмийн даатгалын ерөнхий газраас хэвээр үлдээсэн байгаа.

Манай байгууллагад тогтоол, хурлын тэмдэглэл, албан бичгийн хариу гэх 3 төрлийн баримт үйлдэгддэг. Тогтоолын хувьд Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Гомдлын шаардлагын зөвлөлөөс гардагтай ижил төстэй байдлаар гардаг.

Нэхэмжлэгчийн манайд гаргасан хүсэлтийн хувьд Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Гомдлын шаардлагын зөвлөлийн тогтоол, шийдвэрийг хянуулах тухай байсан. Ийм тохиолдолд Гомдлын шаардлагын зөвлөл хуралдаад, тэмдэглэл үйлддэг. Хурлаас Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Гомдлын шаардлагын зөвлөлийн тогтоол нь хуулийн дагуу үнэн, зөв гарсан  байгааг  тогтоож  хариу  албан  бичиг  хүргүүлсэн.   Энэ   тохиолдолд  манай

 

байгууллагаас тогтоол гардаггүй.

Засгийн газрын 1994 оны 171 дүгээр тогтоолын дагуу ажил олгогч, даатгуулагч болон нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан маргааныг хянан шийдвэрлэх чиг үүргийг манайх хэрэгжүүлж ажиллаж байна. Гомдлын шаардлагын зөвлөлийн эрх, үүргийн хувьд ажил олгогч нь даатгуулагчийн гомдлыг харьяаллын дагуу хүлээн авч шийдвэрлэнэ, зөвлөлийн хуралдаанаас гарсан шийдвэрийг гомдол гаргагч, ажил олгогчид тайлбарлан таниулах, ажил олгогч, иргэдээс буцаан хүргүүлсэн бичиг баримтыг нэн даруй шийдвэрлэнэ гэх зэрэг олон заалттай байдаг.

Нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвд хандахыг зөвлөсөн албан тушаалтан өнөөдөр манай байгууллагад байхгүй. Нэхэмжлэгчийн хэлсэн саяны тайлбар нотлох баримтгүй байгаа тул үнэн худлыг нь хэлж мэдэхгүй байна.

Хоёрдугаарт, 2004 оны “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн  жагсаалт”-д конвейерийн машинч гэх ажил, мэргэжил байхгүй.

Хөдөлмөрийн нөхцөл нь ерөнхийдөө 4 ангилагддаг. Газрын доор, хортой, халуун, хүнд гэх 4 тусдаа ангилал байдгаас биш хамтдаа байдаг нөхцөлүүд биш, нэгдсэн хөдөлмөрийн нөхцөлийн жагсаалт байгаагүй юм.

Чойбалсан хотын Дулааны цахилгаан станцын газраас ирүүлсэн хөдөлмөрийн нөхцөлийн талаарх тодорхойлолтоос авч үзвэл нэхэмжлэгчийг хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж байсныг тодорхой дурдсан байгаа. Мөн Дулааны 3 дугаар цахилгаан станцаас нэхэмжлэгчийг тоостой, дуу чимээтэй, чийгтэй нөхцөлд ажиллаж байсныг тодорхойлсноос биш хөдөлмөрийн халуун нөхцөлд ажиллаж байсан гэх тайлбар хүргүүлээгүй болохыг дахин дурдмаар байна.

 

Гуравдугаарт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв нь тэтгэврийн нөхцөлийн талаар дүгнэлт гаргахгүй, тэтгэвэрт тогтооход оролцох эрх бүхий субъект биш юм. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллыг яамны 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 9/3429 дугаар албан бичигт “...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг стандартын асуудал эрхэлсэн байгууллагын итгэмжлэл бүхий мэргэжлийн байгууллага батлагдсан журмын дагуу хийнэ” гэж заасны дагуу энэ эрх, үүргийг итгэмжлэл бүхий мэргэжлийн байгууллагатай хамтарч хэрэгжүүлэх нь харагдаж байна.

 Өөрөөр   хэлбэл,    Хөдөлмөрийн    аюулгүй  байдал,  эрүүл  мэндийн  төв  нь

 дангаараа үнэлгээ хийх эрхгүй юм. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журмыг хөдөлмөрийн сайдын 2015 оны “Журам шинэчлэн батлах тухай” А/223 дугаар тушаалын хавсралтаар баталсан. Энэхүү журмын 3 дугаар зүйлийн 3.6-д “тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжилтэй холбоотой хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх асуудлыг Хөдөлмөрийн эрүүл мэндийн асуудлын төв хариуцаж хийнэ” гэж заасан. Үнэлгээ хийж дүгнэлт гаргахдаа Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн нөхцөлийн шинэчлэн баталсан журмыг баримтлах талаар мөн заасан.

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ :

СБД-ийн ГШЗ2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаар тогтоолын [1] 3 дахь заалтаар иргэн Д.Ц нь Д аймгийн Чойбалсан хотын Дулааны цахилгаан станцын түлш дамжуулах цехэд  1982 оны 8 дугаар сарын 01-нээс 1982 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр  хүртэл  конвейверын машинчийн дагалдангаар  /3 сар/ , 1982 оны 11 дүгээр сарын 01-ны өдрөөс  1990 оны 2 сарын 28-ны өдөр хүртэл Д аймгийн Дулааны станцад Түлш дамжуулах цехэд конвейерын 3 дугаар зэрэгтэй машинчаар 7 жил 3 сар, 29 хоног /нийт 7 жил, 6 сар, 29 хоног/ ажилласан нь НС-ын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 7..  дугаар тушаалаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ын Дөрөв: “Хөдөлмөрийн хүнд нөхцөл”-ийн  1-д хамаарч байгаа тул хүнд нөхцөлд ажилласан жил нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3-ын 3/-д заасан хугацааг хангаагүй тул тэтгэвэр тогтоох эрх үүсэхгүй болно” гэж шийдвэрлэсэн, нэхэмжлэгч нь дээрх  тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргасан байх бөгөөд  НДЕГ-ын дэргэдэх ГШЗ ийн 2019 оны 1.. дугаар албан бичгээр[2]  “ ... дээрх шийдвэр үндэслэлтэй байх тул Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх  Гомдлын шаардлагын зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаар тогтоолоор өндөр насны тэтгэвэр тогтоох эрх үүсэхгүй гэсэн шийдвэрийг хэвээр үлдээж байгааг мэдэгджээ.

Нэхэмжлэгч нь дээрх  тогтоолын өөрт холбогдох хэсэг болон НДЕГ-ын дэргэдэх ГШЗ ийн 2019 оны 1.. дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, НС-ын 2004 оны 7..  дугаар тушаалаар батлагдсан  “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох, газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ын “Хөдөлмөрийн хортой нөхцөл”-ийн заалтад хамруулан шийдвэр гаргахыг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан,  нэхэмжлэлийн үндэслэлээ “ ... Миний  ажиллаж байсан нөхцөл нь хортой. ... маш халуун нүүрсийг боловсруулж, нунтаглан 0,25 мм ширхэггүй болгож, Со-ийн 1000 градусын халуун уурын мананцараар утаж норгон, нойтон болсон нүүрсийг хусуурын тусламжтайгаар зуухны бункерт хуваарилж хийдэг. Нүүрс өөрөө хүнд металл, халуун уураар утсан уур савсан, нойтон болоход CO2 нүүрс хүчлийн хий үүсдэгийг шинжлэх ухаан нотолдог. ...Дулааны цахилгаан станцад ажилласан 7 жил 7 сарын хугацаа хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд  хамаарна” гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт  авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг: СБД-ийн ГШЗ2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаар тогтоолын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, НС-ын 2004 оны 7..  дугаар тушаалаар батлагдсан  “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох, газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ын “Хөдөлмөрийн хортой нөхцөл”-ийн заалтад хамруулан шийдвэр гаргахыг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т “Нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллагын дэргэд нэг талаас ажил олгогч, даатгуулагч, нөгөө талаас нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан саналын зөрөөг хянаж шийдвэрлэх гомдлын шаардлагын зөвлөл ажиллана” , 21 дүгээр зүйлийн 3-т “Нийгмийн даатгалын байгууллагын болон энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан Зөвлөлийн дүрмийг Засгийн газар батална” гэж заасны дагуу Засгийн газрын  1994 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 171 дүгээр тогтоолоор “Ажил олгогч,

даатгуулагч болон нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан зөрүүг хянан шийдвэрлэх гомдлын шаардлагын зөвлөлийн дүрэм”-ийг батлан мөрдүүлсэн, уг дүрмийн “Нэг”-ийн 1-д “Нийгмийн даатгалын байгууллагын дэргэдэх ажил олгогч, даатгуулагч болон нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан зөрүүг хянан шийдвэрлэх гомдлын шаардлагын зөвлөлийн үндсэн зорилго нь нэг талаас ажил олгогч, даатгуулагч, нөгөө талаас нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан саналын зөрүүг хууль тогтоомжид нийцүүлэн хянан шийдвэрлэж, ажил олгогч, даатгуулагчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахад оршино” гэж заажээ.

Нэхэмжлэгч Д.Ц нь СБД-ийн ГШЗ2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаар тогтоолын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргаж байна.

 

Нэхэмжлэгч Д.Ц нь 1982 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Д аймгийн Чойбалсан хотын Дулааны цахилгаан станцын Түлш дамжуулах цехэд конвейерын машинчаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх ба  хэргийн оролцогч нар нэхэмжлэгчийн  ажилласан хугацаа болон ажиллаж байсан байгууллагын талаар маргаагүй байна.

 Харин нэхэмжлэгч нь дээрх хугацаанд ажилласан ажил, мэргэжлийг  /конвейерын машинч/ тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох хөдөлмөрийн хортой, халуун  нөхцөлд хамаарах ёстой ...”  гэсэн агуулгаар  маргажээ. 

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэх үндэслэлүүдийг тодорхойлон заасан, 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 2, 3-д зааснаар нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 нас хүрсэн эмэгтэй мөн нийтдээ 20-оос доошгүй жил, үүнээс 10-аас  доошгүй  жил нь хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 нас хүрсэн эмэгтэй өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй  байна.

Монгол Улсын НС-ын 2004 оны 7..  дугаар тушаалаар “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох, газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ыг хавсралтаар баталсан, уг жагсаалтын “Дөрөв” Хөдөлмөрийн хүнд нөхцөл”-д түлш дамжуулах тоноглолын машинчийн ажил, мэргэжил хамаарч байх ба  харин “ конвейерын  машинч” гэсэн ажил, мэргэжил  тусгагдаагүй байна.

Харин энэхүү жагсаалтаас өмнө мөрдөгдөж байсан БНМАУ-ын  Сайд нарын зөвлөл, Хөдөлмөр, цалин хөлсний улсын хороо, МҮЭ-ийн төв зөвлөлийн 1971 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 185/142 дугаар тогтоолоор  баталсан “ Улсын тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох ажил, мэргэжил, албан тушаалын жагсаалт”-ын “Дөрөв”-ийн “Хөдөлмөрийн хүнд нөхцөл”-д “ конвейерын  машинч “-ийн  ажил мэргэжил тусгагдаж   байжээ.

 Нэхэмжлэгчийн ажиллаж байсан конвейерын машинчийн ажил, мэргэжил нь тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох хөдөлмөрийн хүнд нөхцөлийн  “түлш дамжуулахын машинч” гэсэн ажил, мэргэжилд  хамаарч байгаа болох нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 01-06-089, 01-06-090 дугаартай шинжээчийн дүгнэлт[3],  Дулааны III цахилгаан станц ТӨХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 16-ний өдрийн 1/328 дугаар албан бичгээр[4]  тус тус тогтоогджээ. Мөн “Д бүсийн эрчим хүч систем” ТӨХК-ийн 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн албан бичгээр[5] нэхэмжлэгч Д.Ц ыг “хөдөлмөрийн хүнд нөхцөл”-д ажиллаж байсан болохыг тодорхойлж байжээ.

 Иймд нэхэмжлэгч Д.Ц ын 1982 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Д аймгийн Чойбалсан хотын Дулааны цахилгаан станцын Түлш дамжуулах цехэд конвейерын машинчаар   ажиллаж байсан хугацаа нь тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд хамаарахгүй байх тул маргаан бүхий  Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх  Гомдлын шаардлагын зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаар тогтоолын Д.Ц ад холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна. Дээрх маргаан бүхий захиргааны акт нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дэх хэсгийн 2, 3 , Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д  “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” заалтуудтай нийцсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн “ ...Дулааны цахилгаан станцад ажилласан 7 жил 7 сарын хугацаа хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд  хамаарна ... ” гэсэн тайлбарыг  үндэслэлгүй гэж үзнэ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын  яамны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн  12..   дугаар  албан бичигтэй  “ ... конвейерын машинчийн ажлын байрыг ... тоноглолын машинч  гэсэн ажил, мэргэжилтэй адилтган ... “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох, газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”- д заасан “Хөдөлмөрийн хортой нөхцөл”-ийн  ...ангилалд хамааруулна.

 ... Д.Ц ын хортой нөхцөлд ажилласан жил нь 7 жил 6 сар 29 хоног байгаа учир “хөдөлмөрийн хортой нөхцөл”-өөр тэтгэвэрт гарах боломжтой” гэж тодорхойлсон, нэхэмжлэгч нь энэхүү албан бичгийг нэхэмжлэлийн үндэслэлээ болгон маргаж байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон холбогдох дүрэм, журмаас үзэхэд  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв нь Монгол Улсын хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, стандартыг хэрэгжүүлэх, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг судлах, үнэлгээ, дүгнэлт гаргах, мэргэжлээс шалтгаалах өвчнийг оношлох,  эрт илрүүлэх, эмчлэх, нөхөн сэргээх, сувилах, хөдөлмөр зохицуулалтын магадлал хийх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох, сургалтын байгууллагуудын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн удирдамж чиглэл өгөх, хяналт тавих, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа болон сурталчилгааны ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа байгууллага байх тул  дээрх байгууллагад   иргэний ажилласан хугацааг  тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох ажил, мэргэжлийн жагсаалтад хамруулах эсэх талаар дүгнэлт гаргах, тухайн ажлын байранд ажилласан иргэнд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоох чиглэл, зөвлөмж өгөх чиг үүрэг холбогдох хууль тогтоомжоор олгогдоогүй байна.  Түүнчлэн  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 221/ШШ2019/0015 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/223 дугаар тушаалаар батлагдсан “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам”-ын  3.6-д заасан  “Тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжилтэй холбоотой ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх, дүгнэлт гаргах асуудлыг Хөдөлмөрийн эрүүл мэнд, судлалын төв хариуцаж гүйцэтгэнэ. Үнэлгээ хийж, дүгнэлт гаргахдаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт шинжилгээний төв, итгэмжлэгдсэн бусад байгууллагатай хамтарч ажиллана” гэсэн заалтыг хүчингүй болгожээ. Өөрөөр хэлбэл дээрх шүүхийн шийдвэрээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвд тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд  нөхцөлд  хамаарах  ажил  мэргэжилтэй холбоотой ажлын байрны хөдөлмөрийн

 нөхцөлийн үнэлгээ хийх, дүгнэлт гаргах эрхийг тусгайлан олгосон нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн агуулга, зорилгоос давсан , хууль бус заалт гэж үзэж, хүчингүй болгосноор тухайн журмын энэхүү заалт эрх зүйн үндэслэлгүй болжээ.

Иймд хариуцагч нарын  “ ... Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв нь тэтгэврийн нөхцөл тодорхойлох эрх бүхий этгээд биш...” гэсэн тайлбар үндэслэлтэй байна.

Нэгэнт маргаан бүхий захиргааны акт нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн Д аймгийн Чойбалсан хотын Дулааны цахилгаан станцын Түлш дамжуулах цехэд конвейерын машинчаар   ажиллаж байсан 7 жил 6 сар 29 хоногийг  НС-ын 2004 оны 7..  дугаар тушаалаар батлагдсан  “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох,  газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ын “Хөдөлмөрийн хортой нөхцөл”-ийн заалтад хамруулан шийдвэр гаргахыг захиргааны байгууллагад даалгах хууль зүйн боломжгүй юм. 

 Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзэхэд хариуцагч захиргааны байгууллага нь холбогдох хуулийн заалтыг зөрчөөгүй, маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ

Хоёр: НДЕГ-ын дэргэдэх ГШЗ ийн 2019 оны 1.. дугаар албан бичгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Маргаан бүхий НДЕГ-ын дэргэдэх ГШЗ ийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “ Хариу хүргүүлэх тухай” 1.. дугаар албан бичигт[6]  “...таны тус газарт ирүүлсэн өргөдлийг  ... хэлэлцээд  ... СБД-ийн ГШЗ2019 оны 6 дугаар сарын 14-ний 03 дугаар тогтоолд таны Д аймгийн Чойбалсан хотын Дулааны цахилгаан станцын түлш дамжуулах цехэд конвейерын машинчаар ажиллаж байсан хугацааг НС-ын 2004 оны 7..  дугаар тушаалаар батлагдсан  “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох, газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ын “Дөрөв”-ийн 1-д хамаарч байх тул хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан жил нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3-д заасан ... болзлыг хангаагүй учраас өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй  гэж үзжээ. Иймд дээрх шийдвэр үндэслэлтэй байх тул ...СБД-ийн ГШЗ2019 оны 6 дугаар сарын 14-ний 03 дугаар тогтоолыг хэвээр үлдээж байна” гэсэн агуулгатай байна.

Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэхийг хянуулахаар гомдол гаргах эрхтэй”, 93 дугаар зүйлийн  93.1-д “ Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана” гэж , Засгийн газрын 1994 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 171 дүгээр тогтоолоор баталсан “Ажил олгогч, даатгуулагч болон нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан зөрүүг хянан шийдвэрлэх гомдлын шаардлагын зөвлөлийн дүрэм”-ийн “Нэг”-ийн 4-д “Зөвлөл нь тогтоол, тэмдэглэл гаргах бөгөөд түүнийг даатгалын харилцаанд оролцогч талууд хэрэгжүүлэх үүрэгтэй” гэж заажээ. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн үр дагавар бий болгосон, амаар, бичгээр гаргасан, захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгохоор заажээ.

Дээрх маргаан бүхий албан бичиг нь нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийг  Захиргааны ерөнхий хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмаар хянаад хариу хүргүүлсэн, нийтийн эрх зүйн хүрээнд үүсээгүй /дотогш чиглэсэн/, өөрөө эрх зүйн үр дагавар учруулаагүй, захирамжилсан шинжгүй байх тул захиргааны актын шинжийг агуулаагүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь маргаан бүхий асуудлаар бие даасан захирамжилсан шийдвэр гаргаагүй, нэхэмжлэгчийн гаргасан  өргөдөл, гомдлыг хянаад хариу хүргүүлсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт зааснаар энэ нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны хэргийн шүүхийн харьяаллын  бус гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгчийн энэхүү шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Нийгмийн   даатгалын   тухай   хуулийн   21   дүгээр   зүйлийн   2,  Нийгмийн

даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 2, 3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Ц ын СБД-ийн ГШЗ-д холбогдуулан гаргасан “СБД-ийн ГШЗ2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 03.. дугаар тогтоолын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, НС-ын 2004 оны 7..  дугаар тушаалаар батлагдсан  “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох, газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ын “Хөдөлмөрийн хортой нөхцөл”-ийн заалтад хамруулан шийдвэр гаргахыг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд даалгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус  баримтлан нэхэмжлэгч Д.Ц ын НДЕГ-ын ГШЗ д холбогдуулан гаргасан  “НДЕГ-ын ГШЗ 2019 оны 1.. дугаар албан бичгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 47  дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан Д.Ц аас нэхэмжлэл   гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            4. Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 108  дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ц.БАТСҮРЭН 

 

[1] Хэргийн27-28 дугаар хуудсанд

[2] Хэргийн 6,20 дугаар хуудсанд

[3] Хавтаст хэргийн 87-88 дугаар хуудсанд

[4] Хавтаст хэргийн 140 дүгээр хуудсанд

[5] Хавтаст хэргийн 158 дугаар хуудсанд

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 6 дугаар хуудсанд