Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2017/02294

 

С.Ч-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/02868 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: С.Ч-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Т.Ж-ад холбогдох

 

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт төвийн гудамж, 74 тоотод байрлах, газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алтанбагана, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

            Нэхэмжлэгч С.Ч-  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  БЗД, 20-р хороо, Гачуурт төвийн 74 тоот хаягт байрлах газрын  өмчлөгч нь юм. Гэтэл ямар ч зөвшөөрөл, бичиг баримтгүй Т.Ж- гэгч өмнө тэнд  амьдарч байсан гэдгээр шүүхэд хандаж, иргэн миний талд шүүхийн шийдвэр гарсан. Гэтэл газрын минь  чөлөөлж өгөх хүсэлгүй байгаа тул газраа чөлөөлүүлэхээр шаардаж байна гэжээ.

 

Хариуцагч Т.Ж-  шүүхэд гаргасан тайлбартаа: С.Ч- нь тухайн маргаан бүхий газрыг хууль бусаар бичиг баримт бүрдүүлж авсан. Тухайн газар айл байгаагүй байхад миний бие нь анх хашаа барьж авсан. Гэтэл иргэн С.Ч- нь миний барьсан хашааг өөрийнх нь мэтээр  худал хэлж, гэрчилгээ гаргуулсан. Холбогдох нотлох баримтуудыг хавсарган, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд  шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулахаар өгсөн.  Иймд уг маргаантай асуудлыг шийдэж дуустал хэргийг түтгэлзүүлж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар нэхэмжлэгч С.Ч-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт, төвийн гудамж, 74 тоот хаягт байрлах нэгж талбарын 18660312820919 дугаартай, 1-2 нь Х531290.3 Ү660806603, 2-3 нь Х5312925.19 Ү660801.37, 3-4 нь Х5312933.76 Ү660832.28, 4-1 нь Х5312914.37 Ү660838.57 координаттай 700 мкв газрыг хариуцагч Т.Ж-ийн эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 94,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Ичинхорлоо давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч Т.Ж-ад шүүх хуралдааны товыг 2017 оны 9  дүгээр сарын 18-ны өдрийн 8 цаг 30 минутад зарласныг мэдэгдээгүй. Хариуцагчид 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр гэж мэдэгдэж гарын үсэг зуруулсан бөгөөд миний бие өвчтэй байсан учир шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан. Шүүх хариуцагчид 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөр шүүх хуралдааны тов дээр гарын үсэг зуруулчихаад 9 дүгээр сарын 18 болгож зассан байсан. Шүүгчийн туслах нь  миний итгэмжлэл, шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт зэргийг хавтаст хэрэгт хийгээгүй байснаас  шүүх хуралдаан завсарлах үед оруулж өгсөн. Хариуцагчийн зүгээс шүүх хуралдаанд оролцох, нотлох баримт бүрдүүлэх боломж олгоогүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй тул дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, хариуцагчийн эрхийг хязгаарласны улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

            Нэхэмжлэгч С.Ч- нь хариуцагч Т.Ж-ад холбогдуулан Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт төвийн гудамж, 74 тоотод байрлах газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч тухайн газрыг эзэнгүй байхад нь анх хашаа барьсан гэж маргажээ.

 

            Анхан шатны шүүх С.Ч-ийн нэхэмжлэлд 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хэрэг үүсгэхээс нэг өдрийн өмнө буюу 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн хувийг хариуцагч Т.Ж-ад гардуулж, түүнд эрх, үүрэг нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан, 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр шинээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд орж ирсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Ичинхорлоод эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлэг танилцуулж тайлбарлаагүй, хэргийн материал танилцуулаагүй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт хэрэг үүсгэсэн шүүгчийн ажиллагааг хуулиар зохицуулсан байхад шүүгч уг ажиллагааг бүрэн хийгээгүй, анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25 дугаар зүйлд заасан зохигчийн эрхийг хангасан, зохигчдыг бүрэн мэтгэлцүүлсэн гэж дүгнэх боломжгүй болжээ.     

 

            Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, хариуцагч Т.Ж-ад шүүх хуралдааныг 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр гэж гарын үсэг зуруулсан хэдий ч уг баримт нь засвартай, хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангасан эсэх нь эргэлзээтэй байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх хариуцагчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй, өөрийн тайлбар татгалзалтай холбоотойгоор нотлох баримт бүрдүүлэх, хэргийн материалтай танилцах эрхийг нь хязгаарласныг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож мөн шүүхэд буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангав.

 

Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч “Жавхлант”-ын нэрийг “Жавхлан” гэж буруу бичсэн, “Монгол улсын” Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль гэж хуулийн нэрийг буруу бичиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт заасан шийдвэр “хүчинтэй” болох, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасан шийдвэр “хүчин төгөлдөр” болох нь 2 өөр агуулга, үр дагавартай ойлголт байхад тогтоох хэсгийн 4 дэх заалтад “шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болно” гэж хууль зүйн техникийг алдагдуулсан байгааг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/02868 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т.Ж-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД                                                     Д.БАЙГАЛМАА

                                                                      Ш.ОЮУНХАНД