Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2018/0567

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2018/0567

Улаанбаатар хот

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол, 5 дугаар байрны 75 тоотод оршин суух, 1977 онд төрсөн, 41 настай, эрэгтэйг Б овогт О-ийн Н /рд:ХЙ77092970/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 2 дугаар хэсэг, Мөнх Зайсан хотхон 1 гудамж, 40 тоотод оршин суух, 1982 онд төрсөн, 36 настай, эрэгтэй, Ч овогт С-ийн Т /рд:ШЖ82052470/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 82 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2013 оноос эхлэн хариуцагч  С.Т ыг таньдаг болсон. С.Т надаас “20 000 000 төгрөг зээлээч, миний нуруу өвдөөд Солонгос улс руу эмчилгээнд явах болсон” гэж миний найзаар дамжуулан гуйхаар нь би “...мөнгө аваад алга болохгүй гэсэн баталгаа хаана байна” гэхэд “...надад эксковатор байгаа, үүнийг барьцаалья” гэсэн тул 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 20 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Үүнээс хойш хоёр жил өнгөрөхөд С.Т надад хүүний мөнгө, зээлийн үндсэн төлөлтөөс нэг ч төгрөг өгөөгүй. Эхний нэг жилд С.Т надтай утсаар ярьж холбоотой байсан. Дараагийн жилд нь таг болохоор нь би хоёр жилийн дараа С.Тын гэрт нь очиж уулзахад С.Т надад “...барьцааны зүйлийг зараад өрийг чинь төлье” гэсэн, “...барьцааны зүйлийг өөр юмаар сольё, оронд өөр зүйл өг” гэж намайг санал гаргахад надад “...би ангийнхаа хүүхдийн нэр дээр Зайсан толгойд хоёр газар авсан байгаа түүнийгээ өгье” гэсэн. Би түүнийг нь хүлээн зөвшөөрч, 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгоод, барьцааны эксковаторыг чөлөөлөн өгсөн. Ингээд 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хоёулаа өмнөх зээлийн хүү, алдангийг тооцоод 48 000 000 төгрөгний зээлийн гэрээг байгуулсан. Яагаад энэ 48 000 000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан гэхээр 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 20 000 000 төгрөг болон түүний хүү, алдангийг тооцоод үүн дээр нэмж надаас 11 000 000 төгрөг нэмж аваад байгуулсан юм. Үнэндээ бол 12 000 000 төгрөг нэмж зээлье гэсэн боловч би тухайн үед 10 000 000 төгрөгийг дансаар, 1.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн, тухайн үед надад үнэхээр мөнгөний боломж байгаагүй тул 1 000 000 төгрөгийг өгч чадаагүй байсан. Уг нь нийлээд 60 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулах ёстой байсан юм. Ингээд би нийт 59 000 000 төгрөгнөөс нэхэмжлэх ёстой байсан боловч бэлнээр өгсөн 1 000 000 төгрөгөө хасаад, дансаар өгсөн 10 000 000 төгрөгийг нэмээд 58 000 000 төгрөгөөс нэг сарын хүү гэж 480 000 төгрөг гэж тооцоод 2 сарын хүү 960 000 төгрөг, алданги 96 хоногоор тооцоход 23 040 000 төгрөг, үндсэн зээл 48 000 000 төгрөг, нийт 82.000.000 төгрөгийг С.Таас нэхэмжилж байна. Хэрвээ С.Т хуулийн шаардлагад нийцсэн газар шилжүүлэн өгөөд зээлийн гэрээний үүрэг дуусгавар болох байсан. Гэтэл барьцааны газар нь Богд Хан уулын хамгаалалтын захиргаа болон Байгаль орчны яамны харьяалагддаг, ямар нэг барьцаанд тавигддаггүй, хэн нэгний хүсэлтээр эрх нь шилждэггүй газар байсныг би мэдээгүй. Би газар гэдгийг өмчлөх гэдэг утгаар нь ойлгож байснаас биш байгаль орчныг ийм адармаатай, нарийн зохицуулалттай газар гэдгийг ойлгоогүй барьцаанд авсан нь миний алдаа байж. Байгаль орчны яамны харьяа нэг газар нь болохоор доогуураа шугам сүлжээ явагдсан газар байсан, нөгөө газар нь  болохоор орц, гарц хаасан байсан тул Богд хан уулын хамгаалалтын албанаас мэдээлсний дагуу Байгаль орчны яамнаас газар ашиглах эрхийг цуцласан. Үүнийг мэдсэн даруйдаа би С.Т руу утсаар ярьсан боловч С.Т утсаа авахаа больсон тул шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

 

Хариуцагч С.Т шүүхэд гаргасан тайлбартаа: С.Т миний бие 2013 онд О.Наас 20 000 000 төгрөгийг УБ7930 улсын дугаартай Хьюндэй 2900 гинжит эксковатороо барьцаалж зээлсэн болно. Уг зээлийн хүү, алдангийг тооцож нэмээд 2015 онд тулган шахалт үзүүлж, зээлийн гэрээг дахин шинэчилж байгуулсан. 2015 онд зээлийн төлбөрийг бэлэн мөнгөөр бус газар ашиглах 2 ширхэг гэрчилгээг эзэмших эрхийг О.Нын зааж өгсөн Т.Билгүүн гэх иргэнд шилжүүлснээр эксковатороо барьцаанаас суллаж авсан боловч өргүй, төлбөрийг тооцоогүй гэсэн бичиг О.Наас аваагүй алдаан дээр минь дөрөөлж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Дээр дурдсан газар ашиглах гэрчилгээг иргэн Б.Ууганбаатар, С.Мөнхбат гэх 2 найзаасаа дараа төлбөр тооцоог нь барагдуулахаар тохирсон юм. О.Наас зээл авснаараа 2 найздаа ч өртэй, бас О.Нт ч өртэй болж миний бие давхар давхар хохирч байна. Иймд үнэн мөнийг тогтоож өгөхийг хүсье гэжээ.              

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 онд О.Наас С.Т 20 000 000 төгрөг зээлсэн гэдэгт С.Т маргахгүй байгаа. Тухайн үед зээлийн барьцаанд эксковатор тавьсан. С.Т н.Отгонбаатарт 20 000 000 төгрөгийн хүүг өгье гэж байхад н.Отгонбаатар яах юм бэ чи дараа нь бололцоотой болохоороо цувуулаад өгөөрөй гэж байсан. Тухайн үед С.Тын эхнэрийн бие муу байсан, мөн С.Т ч гэсэн хагалгаанд орсон байсан. Гэтэл 2015 оны 7 дугаар сард О.Н С.Ттай уулзаад “...чиний зээлсэн 20 000 000 төгрөг чинь хүү, алдангийн хамт 48 000 000 төгрөг болсон” гэж хэлсэн, үүнтэй С.Т маргаагүй. Дараахан нь эксковатор чөлөөлж авах, 48 000 000 төгрөгийг төлөхөөр санал тавихад С.Т хоёр дүүгийнхээ газрыг зарагдтал хүлээж байх, нэг бол тухайн газрыг барьцаанд авахыг санал болгосон. Гэтэл О.Н “наад хоёр газрыг чинь би худалдаж авья” гээд хоёр газрыг 60 000 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, 48 000 000 төгрөгийг өрийг суутгаад, үлдэгдэл 12 000 000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон боловч 10 000 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн, үлдэгдэл 2 000 000 төгрөгийг өгөөгүй. Ингээд хоёр газрыг Т.Билгүүний нэр дээр шилжүүлж аваад, энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдсан тул эксковаторыг чөлөөлж өгсөн албан бичиг өгсөн нь хэрэгт байгаа. Ийнхүү О.Н С.Т нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон. О.Н нь үүргийн гүйцэтгэл хангагдсан гэсэн бичиг үйлдэнэ санаа зоволтгүй гэж хэлээд тухайн үед 48 000 000 төгрөгний зээлийн гэрээнд С.Таар гарын үсэг зуруулсан. Гэтэл О.Н дахин 48 000 000 төгрөгийг нэхэмжлээд хүү, алданги нэхээд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. С.Тын О.Нт өгсөн хоёр газар бол хуулийн дагуу газар ашиглах эрх бүхий газар байсан. Тухайн хорооны Засаг дарга дур мэдэн захирамж гарган олгодог газар биш. Энэ бол Зайсангийн амны газар. Маш олон дамжлагаар дамжаад, маш олон шалгуур үзүүлэлт, хот төлөвлөлтийг шалгаад газар эзэмшүүлэх эрхийг олгодог онцгой газар. Тийм болохоор зохих журмын дагуу эрхийг нь авсан газар. Яагаад гэхээр өнөөдөр 2018 он тухайн газар шилжүүлсэн он бол 2015 он. Тэгэхээр холбогдох хууль тогтоомж болон Газрын тухай хууулиараа тухайн газрыг эзэмшиж байгаа хүн газрынхаа төлөв байдлын тайлан, нарийвчилсан үнэлгээ, менежементийн төлөвлөгөө тэр болгоныг жил тутам Богд хан уулын хамгаалалтын захиргаанд тайлагнах ёстой. Энэ тайлангийн дагуу Богд хан уулын хамгаалалтын захиргаа газрын гэрчилгээ зохих журмын дагуу байна гэдэг талаарх саналаа Байгаль орчны яаманд санал хүргүүлдэг. Гэтэл О.Н энэ журмыг удаа дараа зөрчсөн учир газар ашиглах эрхийг цуцлуулсан байна гэж үзэж байна. Тиймээс хүчин төгөлдөр бус зээлийн гэрээний  дагуу нэхэмжилж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Н нь хариуцагч С.Тд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 82 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргаж байна.  

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хавтаст хэрэгт О.Н нь С.Тд 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 48 000 000 төгрөгийг 2 сар 3 хоногийн хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлүүлэхээр харилцан тохиролцсон зээлийн гэрээ бичгийн хэлбэрээр авагджээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр өмнөх зээлийн хүү, алдангийг тооцоод 48 000 000 төгрөгний зээлийн гэрээг байгуулсан. Яагаад энэ 48 000 000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан гэхээр 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 20 000 000 төгрөг болон түүний хүү, алдангийг тооцоод үүн дээр нэмж надаас 11 000 000 төгрөг нэмж аваад байгуулсан юм. Үнэндээ бол 12 000 000 төгрөг нэмж зээлье гэсэн боловч би тухайн үед 10 000 000 төгрөгийг дансаар, 1.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн, тухайн үед надад үнэхээр мөнгөний боломж байгаагүй тул 1 000 000 төгрөгийг өгч чадаагүй байсан. Уг нь нийлээд 60 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулах ёстой байсан” гэж тайлбарласан.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 48 000 000 төгрөг зээлдүүлсэн гэх зээлийн гэрээг талууд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу харилцан тохиролцож, бичгээр байгуулсан, хариуцагч С.Т гэрээнд гарын үсэг зурсан эсэхэд маргаагүй боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “...О.Н С.Ттай уулзаад чиний зээлсэн 20 000 000 төгрөг чинь хүү, алдангийн хамт 48 000 000 төгрөг болсон гэж тайлбарлан зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан” гэх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй, өөрөөр хэлбэл тэрээр тайлбараараа 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдөр С.Тд олгосон 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээний хүү, алдангийг тооцож 48 000 000 төгрөгийн гэрээг шинэчлэн байгуулсан болохоо хүлээн зөвшөөрсөн.            

 

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох эд зүйл шилжүүлэх үүрэг хүлээдэг бөгөөд талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээгээр нэхэмжлэгч О.Н нь хариуцагчийн өмчлөлд мөнгө болон төрлийн шинжээр тодорхойлогдох эд зүйл шилжүүлээгүй байна.  

 

            Түүнчлэн нэхэмжлэгч О.Н нь “...С.Тд 10 000 000 нэмж зээлдүүлсэн, мөнгийг дансаар шилжүүлсэн” гэж тайлбарлан нэхэмжилж, 2015 оны 12 дугаар сарын 24-ний Хаан банкны “Валют арилжааны баримт”-ыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн боловч хариуцагчийн “...С.Т хоёр дүүгийнхээ газрыг зарагдтал хүлээж байх, нэг бол тухайн газрыг барьцаанд авахыг санал болгоход О.Н “наад хоёр газрыг чинь би худалдаж авья” гээд хоёр газрыг 60 000 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, 48 000 000 төгрөгийг өрийг суутгаад, үлдэгдэл 12 000 000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон боловч 10 000 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн, үлдэгдэл 2 000 000 төгрөгийг өгөөгүй” гэх тайлбар бодит үнэнд нийцэж байна.   

 

Ийнхүү Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж зааснаар нэхэмжлэгч О.Н нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч С.Тд 48 000 000 төгрөгийг зээлдүүлснээ өөрөө нотлох, түүнийг нотолсон баримтаа шүүхэд өөрөө цуглуулж өгөх үүргээ биелүүлээгүй, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй байх тул, мөн 10 000 000 төгрөгийг зээлдүүлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 567 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Нын хариуцагч С.Тд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 82 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 567 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ