| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2018/0148/Э/217/2018/0047 |
| Дугаар | 2018/ШЦТ/173 |
| Огноо | 2018-04-24 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Ц.И |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2018/ШЦТ/173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Б.А
Улсын яллагч Ц.И
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О
Шинжээч Б.Б
Хохирогч Ж.Э
Шүүгдэгч Т.А нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овгийн Т.А-д холбогдох 1825000000126 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
1.Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Т.А
.
2.Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Т.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн хашаанд ***** ОРО улсын дугаартай Субару форестер загварын тээврийн хэрэгслийг жолоодож ухрах үйлдэл хийхдээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж Ж.Э-г мөргөсний улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг, ослын газарт хэмжилт хийсэн бүдүүвч зураг. /х/х-н 2-7-р хуудас/
2.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд. /х/х-н 8-10-р хуудас/
3.Хохирогч Ж.Э-н “2018 оны 03 сарын 11-ний өглөө 09 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад БОЭТ-д ирээд шүдний эмчид номер авчихаад гараад явж байхад араас нэг машин ухраад мөргөсөн. Тухайн үед ухаан алдаад сэргэхэд машины хойд талд хэвтэж байсан. Миний бие бүхэлдээ машин доогуур орчихсон байсан. Би тэнд байсан хүмүүсийг би амьд байна, машиныг битгийн хөдөлгөөрэй гэж хашгирсан. Намайг машин доор хэвтэж байхад машин дотроос хөгжим чанга дуугараад байсан. Тэнд байсан хүмүүс машиныг өргөөд намайг татаж гаргасан. Яг тэр үед охин Б ирчихсэн байсан. Тэгээд би эмнэлэгийн хашаанд байсан нь аз болоод хүлээн авах тасагт яаралтай очиж тусламж авсан юм” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 14-р хуудас/
4.Гэрч П.Б гийн ... “2018 оны 03 сарын 12-ны өдөр өглөө 09 цагийн үед гэрээсээ ээж Энхтуяагийн хамт Бүсийн оношлогоо эмчилгээний төвд ирээд ээж маань шүдний эмчийн дугаар авна гээд дотогшоогоо орсон. Харин би машинд суугаад ээжийг хүлээж байсан юм. Хэсэг хугацааны дараа ээж эмнэлэгээс гараад машин руу ирж байсан ба нэг харахад ээж байхгүй болчихсон. Хүмүүс хашгираад байхаар нь яваад очиход ээж маань машин доогуур орчихсон, нэг машин ухраад ээжийг маань мөргөөд дээгүүр нь гарах гэж байсан. ээжийн нэг хөл нь машины хойд талын дугуйн доогуур орчихсон байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/
5.Гэрч Т.А-н ... “2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр намайг ажил дээрээ байхад миний утас руу ах А залгаад эмнэлэгийн хашаанд ухарч байгаад хүн мөргөчихлөө, хурдан хүрээд ирээч гэхээр нь очиход мөргүүлсэн гэх хүн нь хүлээн авах тасагт хүргэгдсэн, цагдаа нар ирсэн байсан” гэсэн мэдүүлэг” /х/х-н 29-р хуудас/
6.Орхон аймаг дахь Wагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч цагдаагийн хошууч Б.Б-н гаргасан шинжээчийн 2018 оны 03 сарын 14-ний өдрийн 21 дугаартай дүгнэлтийн ... “Жолооч Т.А-ыг жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэхийг лавлахад ВСЕ ангиллын 453508 дугаартай эрхийн үнэмлэх хүчингүй байх бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр хүртэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлөөр 1 жил 4 сарын хугацаагаар эрх хасагдаж хүчингүй болсон байна. ***** ОРО улсын дугаартай Субару форестер маркийн тээврийн хэрэгслийн жолооч Т.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д заасан “жолооч тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхтэй байна” 7.17-д заасан “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт аюулгүй байдлаа ханасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлаа хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтуудыг зөрччөн байх үндэслэлтэй. Явагн зорчигч Ж.Э нь Замын хөдөлөгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Жолооч Т.А нь Замын хөдөлгөөний дүрмийн 7.17 дахь заалтыг зөрчсөнөөс осол гарсан байна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 32-33-р хуудас/
4. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 сарын 19-ний өдрийн 261 дугаартай дүгнэлтийн “Ж.Э-ийн биед эгэмний ясны далд хугарал, баруун өвдөгний үений урд чагтан холбоосын урагдал, баруун өвдөгний үений гадна жийргэвчний урагдал, нүүр, цээж, баруун мөр, 2 гарын бугалга, 2 өгзөг, гуя, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд зулгаралт үүсчээ. Уг гэмтлүүд нь баруун эгэмний далд хугарал, баруун өвдөгний үений урд чагтан холбоосын урагдал, баруун өвдөгний үеийн гадна жийргэвчийн урагдал нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт. /хх-ийн 38-39-р хуудас/
5.Шүүгдэгч Т.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... “2018 оны 03 сарын 12-ны өдөр 09 цаг өнгөрч байхад би БОЭТ-ийн захиргааны байрны харалдаа байх машин зогсоол дээр өөрийн эзэмшлийн ***** ОРО улсын дугаартай Субару форестер маркийн тээрийн хэрэгслээр ухрах үйлдэл хийхдээ ард явж байсан эмэгтэй хүнийг хараагүй мөргөсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.А мэдүүлэхдээ “Ухрах үйлдэл хийхдээ толиндоо харсан. Хохирогч нилээд зайтай байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Э эгчээс уучлалт гуйя. Хохиролд 1 100 000 орчим төгрөг төлсөн. Шүүхээс тогтоосон хохирлыг 1 сарын хугацаанд төлнө. Бусад хохирлыг сайн дураар төлж барагдуулна” гэв.
Хохирогч Ж.Э мэдүүлэхдээ “Би амьд үлдсэндээ баярлаж байна. Энэ хүүхэд бид хоёр азтай юм гэж бодож байгаа. Миний хүүхэд шиг залуу хүн учир би сайн хандаж болох байсан. Гэтэл энэ залуу надаас уучлалт гуйж, миний бие, эрүүл мэндийн талаар анхаарал тавиагүй. Охин маань эмэгтэй дүүтэй нь нэг удаа утсаар ярьсныг мөнгө нэхсэн гэж шүүх хуралдаан дээр ярьж байна лээ. Одоо миний биеийн байдал их хэцүү байна. Өвдөлтөөс болж байнга өвчин намдаах эм ууж байгаагаас ходоод дотор муудаж байна. Эгэм хугарч нэг гар сойлттой учир хувцас өмсөж тайлах, сууж босохоос эхлээд өөрийгөө асраад явж чадахгүй байна. Иймд Ариунболдод гомдолтой. Нэг жилийн дараа хадаасаа авахуулах шаардлагатай гэсэн. Энэ хугацаанд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй. Цаашид хийлгэх эмчилгээний зардал, ажилгүй байх хугацааны цалин орлого нэхэмжилж байгаа. Нэхэмжлэлээ гаргаж өгсөн” гэв.
Шинжээч Б.Б мэдүүлэхдээ “Т.А нь ухрах үйлдэл хийхдээ аюулгүй байдлыг бүрэн хангах үүрэгтэй. Зогсоол гаражаас гарахдаа ч аюулгүй байдлыг хангах ёстой. Өмгөөлөгчийн үзүүлсэн зурагт байгаа зүйлийг явган хүний гарц гэж үзэхгүй. Явган хүний гарц нь босоо болон хэвтээ тэмдэглэлтэй байдаг. Явган зорчигч буруутай гэж үзэхгүй байгаа” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Ял шийтгэл оногдуулах үндэстэй. Шүүгдэгчийн өмгөөлөгч хохирогчийг явган хүний гарцаар гараагүй буруутай гэж мэтгэлцэж байгаа. Гэтэл осол болсон газарт явган хүний гарц байхгүй. Тэр замаар явж машин дээрээ очино. Машин хохирогчийн урдаас ирээгүй, хойноос нь ирж мөргөсөн. Урдаас нь ирсэн бол хохирогч зайлж болох юм. Гэтэл хохирогч машин ухарч байгааг хараагүй. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн яриад байгаа зүйл үндэслэлгүй” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О дүгнэлтдээ “Явган зорчигч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж гарцаар гараагүй нь осолд нөлөөлсөн байж болох үндэслэл байгаа юм. Би хэрэг учрал болсон газрын гэрэл зургийг шүүхэд өгсөн. Тэр зурагт явган хүний гарц гэж үзэж болохоор гарцын зураг байгаа. Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирлоос зарим хэсгийг төлж барагдуулсан. Цаашид хохирогчид учирсан хохирлыг төлөхөө илэрхийлж байх тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэв.
Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд, шинжээчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Т.А нь 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн хашаанд ***** ОРО улсын дугаартай “Субару форестер” загварын тээврийн хэрэгслийг жолоодож ухрах үйлдэл хийхдээ явган зорчигч Ж.Э-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Т.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож, ухрах үйлдэл хийхдээ Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж аюулгүй байдлыг хангаагүйгээс осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчийн мэдүүлэг зэргээр нотлогдсон, Т.Ариунболдын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэстэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О дүгнэлтдээ “хохирогч явган хүний гарцаар гараагүй буруутай” гэж мэтгэлцэж байх боловч хавтаст хэрэгт цугларсан баримтуудаар явган зорчигч буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Ямар ч тохиолдолд ухрах үйлдэл хийж байгаа жолооч аюулгүй байдлыг бүрэн хангах үүрэгтэй тухай шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг үндэстэй. Хэрэг учрал гарсан газар нь Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн хашаанд байрлах авто зам, зогсоол байх бөгөөд ямарваа нэг тэмдэг, тэмдэглэгээ явган хүний гарцын талаар баримт хэрэгт авагдаагүй, явган зорчигч давуу эрхтэй зорчих зам талбай гэж үзэж болохоор байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхэд ирүүлсэн гэрэл зурагт авагдсан зам мэт зүйл нь авто замын хажуугийн ногоон байгууламжийн явган хүний замын зураг байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлгүй гэж үзлээ.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, бусад хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж үзэв.
Хохирогч Ж.Э-н биед учирсан гэмтэл нь бүрэн эдгэрээгүй, цаашид эмчилгээ, сувилгаа хийлгэх шаардлагатай нотлогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилаагүй гэж үзэж шүүгдэгчид гэмт хэргийн хор уршигийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй.
Хохирогч Ж.Э нь гэм хорын хохиролд эмчилгээний зардал 2 485 100 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 1 жилээр тооцож 14 400 000 төгрөг, 7 200 000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардал 2 000 000 төгрөг, нийт 26 085 100 төгрөгийг нэхэмжилсэн байна. Шүүх хавтаст хэрэгт авагдсан гэм хорын хохирлын баримтуудыг шинжлэн судлаад хохирогчоос эмчилгээ оношлогоо хийлгэсэн зардлын нийт 931750 төгрөгийн баримт, “Шим технологи” ХХК-нд хөдөлмөр хамгааллын инженерээр ажилладаг сарын цалин 1 200 000 төгрөг болохыг нотолсон баримт, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллагад ажилладаг сарын урамшуулал 600 000 төгрөг авдаг болохыг нотолсон баримт, цаашид эмчилгээ оношлогоо хийлгэх зардлын 1 504 000 төгрөгийн баримтуудыг тус тус ирүүлснийг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзлээ. Шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд нийт 1 177 250 төгрөг шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан бөгөөд цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.
Хохирогч нь осол гарсан 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс ажил эрхлэх боломжгүй эмчилгээ, оношлогоо хийлгэсэн байх тул “Шим технологи” ХХК-ны хөдөлмөр хамгааллын инженерийн 1 сарын цалин 1 200 000 төгрөг, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллагын 1 сарын урамшуулал 600 000 төгрөг, цаашид эмчилгээ оношлогоо хийлгэх зардлын 1 504 000 төгрөг, нийт 3 304 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэж, одоог хүртэл эмчилгээ хийлгэсэн зардлыг шүүгдэгч төлсөн гэж үзлээ.
Хохирогч нь цаашид ажил эрхлэх боломжгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай учир сарын цалин орлогоо 1 жилийн хугацаагаар тооцож нэхэмжилж байх боловч хохирогчийн эрүүл мэндийн байдал, эдгэрэлт, эмчилгээний хугацааг тогтоох боломжгүй, энэ талаар баримт хангалтгүй байх тул хэлэлцэлгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Т.А нь шүүхээс тогтоосон хохирлыг 1 сарын хугацаанд төлнө гэж мэдүүлж байх тул хохирогчид олгуулахаар шийдвэрлэсэн 3 304 000 төгрөгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, гүйцэтгэх хуудас бичигдсэн өдрөөс хойш 1 сарын дотор төлүүлэхээр хугацаа тогтоов.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлснийг шүүх хүлээн авч хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, гэм хорыг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэсэн тул шүүхээс тогтоосон хугацаанд хохирлыг нөхөн төлөх, хохирогч цаашид ажилгүй байсан хугацааны цалин орлогоо нэхэмжилсэн тохиолдолд төлж барагдуулах талаар арга хэмжээ авахыг Т.А-д үүрэг болгож, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овгийн Т А-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа тээврийн хэрэгсэл жолоодож Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.
3.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Т.А-ос 3 304 000 /гурван сая гурван зуун дөрвөн мянга/ төгрөг гаргуулж хохирогч Ж Э-д олгож, шүүхээс тогтоосон хохирлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын дотор төлүүлэхээр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн зүйлийн 4.5, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсвэл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Т.А-д анхааруулсугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Ж.Э нь цаашид ажилгүй байх хугацааны цалин орлогоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохын тус тус дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС