Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/86

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр                                  Дугаар 2022/ШЦТ/86                           Даланзадгад сум

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

            Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,

            Шүүгдэгч С.Э,

            Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т овгийн С Эт холбогдох 2228000000093 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч  Т.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Сэврэй сумын төвд 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 16 цагийн орчим иргэн Д.Бийг адуу хулгайлсан гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газар нь гуталтай хөлөөрөө өшиглөж, улмаар баруун нүдний алимны нэвтэрсэн гэмтэл, дээд болон доод  зовхины цус хуралт үүсгэж, тус гэмтлээс шалтгаалан зүүн нүдний хараа VOS-0.5-v, VOS-0.001 болж буурсан нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.34.6 ерөнхий хөдөлмөрийн чадварыг 20 хувь алдагдуулж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч С.Э яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Өөр мэдүүлэх зүйл байхгүй гэв.

Хохирогч Д.Б хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мгийн хамтаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 02-р сарын 06-ны өдөр би гэртээ байхдаа 1 шил 0.5 граммын Хараа нэртэй архи уучхаад хамаатны өндөр настай эгч Жанчив гэх эгчийнх рүүгээ 16 цагийн үед явж байхдаа ганзгандаа байсан 1 шил 0.5 граммын Хараа нэртэй архи ганцаараа уучхаад Жанчив эгчтэй очиж золгосон. Намайг очиход Гэрэлмаа гэж эмэгтэй байсан би Гэрэлмаа болон Жанчив эгчтэй золгочихоод тэднийх цагаан сар болж байсан учир гал дээр бууз жигнэх гэж байхаар нь би дараа идье гэж хэлээд гарах гэж байхад гаднаас мотоцикль дуугараад хүн ирж байхаар нь би цагаан сараар яаж зөрөөд гарах билээ гэж бодоод хүн орж ирэхийг хүлээгээд сууж байхад гаднаас Э, Мөнх-эрдэнэ, бүтэн нэрийг нь мэдэхгүй байна Табаа гэдэг 3 залуу орж ирсэн. Би тэр 3 залууг эрүүл согтуу байсныг мэдэхгүй байна. гэрт орж ирээд би тэр 3-н залуутай золгосон. Жанчив эгчийн гэрт цай уугаад идээ будаа идээд сууж байснаа гэнэт Э над руу агсраад та манай адууг туулгана гэсэн гэсэн манай адуунаас алга болсон байвал таньтай тооцоо хийнэ гэхээр нь би ийм үеэр битгий дэмий донгос гэсэн чинь дэмий донгосох юм байхгүй та манай адуунаас хулгай хийж байсан одоо бас хулгай хийх гэж байна уу гэж хэлсэн. чи яагаад над руу дандаа ингэж дайраад байгаа юм би ямар адууг чинь тууж явна гэсэн үү гэж хэлсэн чинь Э гэрийн баруун талд миний баруун гар талд сууж байснаа гэнэт босч ирээд гуталтай хөлөөрөө миний нүүр рүү нэг удаа өшиглөсөн би нүүрээ дараад газар суухад гэрийн хүмүүс гар гэж хэлсэн тэгээд би гэрээс гарснаа санаж байна гадаа байхад хүмүүс яанаа нүднээс нь цус гараад байна гэж хэлж байсан санагдаж байна. би архи уусан байсан болохоор гадаа гараад тасарчихсан юу болсныг санахгүй байна тэгээд намайг хэн гэрт хүргэж өгснийг мэдэхгүй байна гэрт хүргэж өгсөн байсан. намайг гэрт ирэхэд манай гэрийнхэн эзгүй байсан гэсэн. маргааш буюу 2022 оны 02-р сарын 07-ны өглөө 05 цагийн үед боссон чинь миний баруун талын нүд хавдчихсан байхаар нь би Э өшиглөөд нүд хавдсан байна гэж бодсон чинь сүүлдээ миний нүд юм харж болохгүй байсан. өвдөөд 2-3 хоног болохоор нь сумын эмчийг дуудаж үзүүлсэн чинь миний баруун талын нүдийг хагарсан юм шиг байна гээд сумын эмнэлэг рүү авч явсан. Маргааш нь аймгийн эмнэлэг рүү намайг авчраад Э эмчид үзүүлсэн чинь хагараад нүд нь гоожсон байна гэж хэлээд оёдол хийж өгсөн. 2022 оны 02-р сарын 20-ны өдөр зүүн нүд нь юм харахаа байхаар нь Эт нүд харахаа байсан гэж хэлээд Эийн хамт Улаанбаатар хот руу очиж эмчид үзүүлэхэд баруун талын нүдээ авхуулахгүй бол зүүн талын нүдэнд нөлөөлнө гэж хэлээд би баруун талын нүдээ авхуулсан. Эмчилгээний зардлыг Э төлсөн 700.000 төгрөг болсон. бас эм тарианы мөнгө болох 300.000 төгрөг өгсөн. Наашаа цаашаа явсан замын зардлыг би өөрөө гаргасан. Э намайг хагалгаа хийлгэж байхад буцаад явсан байсан би хотод ганцаараа нүд харахгүй нэг хэсэг байж байгаад аймагт гэртээ ирсэн. түүнээс хойш Э надтай ямар нэгэн холбоо аваагүй миний зүүн нүд одоо харахаа байсан би Эийг надад туслаад миний зүүн нүдийг хардаг болгож өгөх байх гэж хараад хүлээгээд байсан чинь над руу нэг ч холбогдоогүй болохоор нь цагдаад өргөдөл өгсөн ... Би баруун нүдээ өшиглүүлснээс болж авхуулсан одоо миний зүүн нүд харахаа байсан. эмч хэлэхдээ зүүн нүд баруун нүднээс болоод харахаа байсан гэж хэлсэн бас баруун чих муу сонсдог болсон ...миний хохирол бүрэн барагдсан гэжээ. /хавтаст хэргийн 11-12, 14 дэх тал/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 270 дугаартай дүгнэлтэд: Д.Бийн биед баруун нүдний алимны нэвтэрсэн гэмтэл, дээд болон доод зовхины цус хуралт гэмтэл үүсчээ. Д.Б нь уг гэмтлээс өмнө торлогийн хууралт өвчний улмаас баруун нүд хараагүй болж хөдөлмөрийн чадвараа 50% алдсан байсан гэдэг нь эмнэлгийн бичиг баримт, Өмнөговь аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээс тогтоогдож байна. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.  Баруун нүдний гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.34.11 ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун нүдний гэмтлээс шалтгаалан зүүн нүдний хараа \/0S=0.5-с       \/0S=0.01 болж буурсан нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.34.6 ерөнхий хөдөлмөрийн чадварыг 20% алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэжээ. /хавтаст хэргийн 20-21 дэх тал/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/

Эмчилгээ хийлгэсэн хохирлын баримт /хавтаст хэргийн 32-35, 43-44 дахь тал/

Иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хавтаст хэргийн 39 дэх тал/

Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хавтаст хэргийн 40 дэх тал/

Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 41 дэх тал/

Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 42 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 48 дахь тал/

Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 52-55 дахь тал/

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорт гаргасан “С.Э би хохирол мөнгөө бүрэн барагдуулсан учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 56 дахь тал/

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорт гаргасан “Б миний хохирлыг С.Э бүрэн барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөн үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 57 дахь тал/

 Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 37 дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 58 дахь тал/

Прокурорын санал /хавтаст хэргийн 59 дэх тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч С.Эт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч С.Эийн гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Эт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүгдэгч С.Эийн нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

  Шүүгдэгч С.Э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт /хавтаст хэргийн 56 дахь тал/ гаргаж 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 37 дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 58 дахь тал/-оор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндсэн 5 нөхцөл байдлыг хянаж шүүгдэгч С.Эт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

  Шүүгдэгч С.Э согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Сэврэй сумын төвд 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 16 цагийн орчим иргэн Д.Бийг адуу хулгайлсан гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газар нь гуталтай хөлөөрөө өшиглөж, улмаар баруун нүдний алимны нэвтэрсэн гэмтэл, дээд болон доод  зовхины цус хуралт үүсгэж, тус гэмтлээс шалтгаалан зүүн нүдний хараа VOS-0.5-v, VOS-0.001 болж буурсан нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.34.6 ерөнхий хөдөлмөрийн чадварыг 20 хувь алдагдуулж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12, 14 дэх тал/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 270 дугаартай дүгнэлтэд: Д.Бийн биед баруун нүдний алимны нэвтэрсэн гэмтэл, дээд болон доод зовхины цус хуралт гэмтэл үүсчээ. Д.Б уг гэмтлээс өмнө торлогийн хууралт өвчний улмаас баруун нүд хараагүй болж хөдөлмөрийн чадвараа 50% алдсан байсан гэдэг нь эмнэлгийн бичиг баримт, Өмнөговь аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээс тогтоогдож байна. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.  Баруун нүдний гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.34.11 ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун нүдний гэмтлээс шалтгаалан зүүн нүдний хараа \/0S=0.5-с \/0S=0.01 болж буурсан нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.34.6 ерөнхий хөдөлмөрийн чадварыг 20% алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэжээ. /хавтаст хэргийн 20-21 дэх тал/, шүүгдэгч С.Эийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Э нь гэмт хэрэг үйлдэгдэх үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болох  нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэж үзнэ.

   Шүүгдэгч С.Эийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Өмнөговь аймгийн Прокурорын газарт гаргасан “С.Э би хохирол мөнгөө бүрэн барагдуулсан учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 56 дахь тал/-ээр шүүгдэгч С.Эийг  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзлээ. 

Шүүгдэгч С.Э нь Прокуророос санал болгосон 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялын саналтай танилцан гарын үсэг зурж санал хүсэлт гаргаагүй байх тул сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б 784.004 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн ба шүүгдэгч С.Э  хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Бөд 4.800.000 төгрөг төлсөн болох нь депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 42 дахь тал/, “миний хохирлыг С.Э бүрэн барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөн үү” гэх хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Бийн хүсэлт /хавтаст хэргийн 57 дахь тал/, шүүгдэгч, хохирогч нарын тайлбар мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч С.Эийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ. 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол, прокурорын саналтай шүүгдэгч С.Э танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч С.Э хохирогч Д.Бийн бие эрх чөлөөнд халдаж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Шүүгдэгч С.Эийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Харин шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч С.Эийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Улсын яллагч шүүгдэгч С.Эт 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялын санал, дүгнэлт гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол хор уршгийн  хэр хэмжээ, прокурорын ялын саналын хүрээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч С.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3 зүйлд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод  тус тус нийцнэ гэж дүгнэн шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Э 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч С.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч С.Эт торгох ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн тул  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.

Шүүх хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Бийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн үлдэц, хожуу илрэх эмгэг, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай нөхцөл байдлуудыг харгалзан цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Э нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овгийн С Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эт 1000  /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

         3. Шүүгдэгч  С.Э шүүхээс оногдуулсан 1000  /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын дотор төлж барагдуулахаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч С.Э хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Бөд 4.800.000 /дөрвөн сая найман зуун мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Шүүгдэгч С.Э цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.    

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Эт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

         9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

         10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч С.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ