Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/144

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2022           08          23                                      2022/ШЦТ/144

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                       

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа, 

         Улсын яллагч М.Отгонбаатар,                     

         Шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар, С.Шинэбаяр, М.Эрдэнэчимэг, С.Нарангэрэл,

         Шүүгдэгч Ц.Н, Д.Б, М.Э, Ц.А, Э.М нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Н, Д.Б, М.Э, Ц.А, Э.М нарт холбогдох эрүүгийн 2140000220234 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: Ц.Н, Д.Б, М.Э, Ц.А, Э.М

  Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ц.Н, Д.Б, М.Э, Ц.А, Э.М нар бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын дундуур Дорноговь аймгийн Иххэт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Адгийн сүүж гэх нэршилтэй газарт бэлчээрлэж байсан хохирогч Б.Ганбатын эзэмшлийн 36.200.000 төгрөгийн үнэ бүхий 23 тооны адууг Хэнтий аймгийн Галшар сумын 2 дугаар багийн нутагт орших Галшар уулын орчимд хулгайлж аваачин 10 тооны адууг бусдад худалдан борлуулж мал хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Д.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Н өөрийнхөө адууг тууж ирэн 5-6 хоног болсон. Тэгээд ахынх руугаа яваад ирье гэж яваад 2-3 хоноод ирэхдээ зээрд азаргатай 23 тооны адуу тууж ирсэн. Тэр авчирсан адуугаа хараад маллаад яваад байсан. Н жижиг машинтай болмоор байна гэж ярьсан. Малын бичиг авах гээд малын эмч дээр очсон боловч гаднын хүн гээд өгөөгүй. Энэ адуунуудыг өөрийнх нь адуу гэж бодсон. Хоёр мотоциклтой хүн эдгээр адууг сураад явж байсан. Энэ 23 тооны адууг хулгайн адуу гэдгийг адууны эзэн сураад явахад мэдсэн. Би хараагүй гэж хэлсэн. Э, Н бид 3 малын эмч Магваншарав дээр очсон. Эдгээр адууг зарсан мөнгөнөөс би аваагүй. Адууг өөр хүнийх гэж мэдэж байсан. Би энэ хэрэгт буруутай, хохирлоос өөрт оногдох хэсгийг төлнө. Гэм буруугаа ойлгож байгаа. Би хашиж өгсөн, өөр үйлдэл хийгээгүй. Миний буруу хохирлыг төлнө гэсэн мэдүүлэг,

-Шүүгдэгч Ц.Нын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би адуунуудыг туугаад Эийнд очсон. Эдгээр 23 тооны адууг Адгийн сүүж гэх газар байгааг анх харсан. Эийнд адуугаа хараад 10 гаруй хоносон. Энэ 23 тооны адууг өөрийнхөө адуутай хашсан. Тэгээд Эийнд авчраад Б, Э бид 3 энэ адууг яах уу, нийлээд хийчихье гэж ярилцаад хийчихсэн. Би машин авна гэж ярьж байсан. Тэрнээс энэ адуунуудыг борлуулж машин авна гэж хэлээгүй. Би өөрөөсөө 5-6 адуу гаргаж машин авна гэж хэлсэн. Бой хийхэд А, Э, Б, М бүгд оролцсон. Тухайн үед гэрэл зургийг М авсан юм шиг байна лээ. Би зураг авахыг мэдээгүй. Би зураг ав гэж хэлээгүй. Энэ адууг худалдаж борлуулсан мөнгөнөөс аваагүй. Э энэ 23 адуунаас барилцаад өг гэсэн. А, Э, Б бүгд л мөнгө цаасыг нь хувааж авъя гэсэн боловч надад мөнгө өгөөгүй. Э рүү ярьсан чинь Мид мөнгө байгаа гэсэн. М руу ярьсан чинь дансаар хийхгүй гэсэн. Энэ М гэх хүнийг Э дуудсан, би энэ хүнийг танихгүй. Этэй 2005 онд танилцсан. Б бид 2 нэг нэгнийгээ танина. Би азаргаа хийж мөнгөтэй болох гээд, азарганы мөнгө гээд Э надад 1.000.000 төгрөг өгсөн, өөр мөнгө өгөөгүй. Энэ бой хийснээс хойш арваад хоногийн дараа нядалсан адууны эзэн сураад ирсэн. Эдгээр адууг авъя гэдэг саналыг Э гаргасан. Эийн адуунд нийлүүлээд харъя гэдэг саналыг бүгдээрээ л гаргасан. Эзэн нь гарч ирэх нь үү, яах нь уу харъя гэдгийг би хэлсэн. Би хохиролд 500.000 төгрөг төлсөн, дансаар нь хийсэн. Тэр 3.000.000 төгрөгийг шилжүүлж авах дансны дугаараа өгч явуулж амжаагүй байтал баригдсан. Нядлахаасаа өмнө мөнгөө хувааж авъя гэж ярилцсан. Энэ ярианд М оролцоогүй. Билэгээ эдгээр адууг туугаад ир гэсэн. Тууж ирэхээс өмнө хулгайн адуу алж нядалъя гэдгийг ярилцсан. Энэ яриаг Э бид хоёр ярьсан. А сүүлд нь ирсэн. Тэгээд А, Э, Б бид бөөндөө ярилцсан. Мөнгөө хувааж авна гэдгийг А, Э бид нар ярьсан. Ченж бойчин хоёрыг Э бид хоёр ярилцаад Э дуудсан. А нь Мтой ярьсан. Овоон дээр гарч ярихад нь хажууд нь байсан. Би Мтой яриагүй. Мийн мэдүүлгийг хүлээн зөвшөөрнө гэсэн мэдүүлэг,

-Шүүгдэгч М.Эийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2020 оны 11 дүгээр сард Алтанширээ сумаас Н адуутайгаа манайд өвс муу байна, энд оторлоё гэж ирсэн. Тэгээд ахынх руугаа яваад ирэхдээ 23 адуу туугаад ирсэн. Тухайн үед машин авмаар байна гээд байсан. Тэгээд тэр адууг нь янзалж өгсөн. Б нь манайд амьдардаг. Тэгээд тууж ирсэн адууг нь хашсан. Мийг Н дуудсан байх. Малыг бүгдээрээ л нядалж гаргасан. Махыг А, М бид 3 явж зарсан. Гарал үүслийн бичгийг М авсан. Би цуг явсан. Мах зарсан мөнгийг надад өгсөн. Яг хэдэн төгрөг байсныг тоолоогүй. Энэ мөнгөө бойчин, бас зардалдаа өгсөн. 3.000.000 төгрөгийг М аваад, үлдсэнийг нь Нт өгсөн,тоолоогүй. А аймаг руу ажилтай гээд цуг яваад ирсэн. Энэ хэрэгт миний оролцоо, буруутай үйлдэл байгаа. Хохирлыг төлнө. Хулгайн мал гэдгийг тууж ирэхэд нь мэдсэн. М надад буруу гарынх байсан байна, цагдаад хэллээ гэж хэлсэн. М хулгайн адуу гэдгийг мэдээгүй. Би адуу зарсан мөнгөнөөс аваагүй, надад ашиг унаагүй. Би тооцоог хийхээр хамт хот явсан нь үнэн. Аймагт очоод ченжийн өгсөн мөнгийг авсан. Бойчин, хөлсний жолоочид зардлыг нь би өгсөн гэсэн мэдүүлэг,

-Шүүгдэгч Ц.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Манайх Эийн урд байдаг. Н, Э 2 уулан дээр байхаар нь очсон. Н хэдэн адуу зарж, машин авах гээд гэж ярьсан. Н явж 2 азарга адуугаа тууж ирээд нядалсан. Зургийг М авч байсан. Энэ 11 адууг төхөөрч зарахад би аман дээр нь зогсож хашилцаж өгсөн. Н бугуйлдаж бариад нөгөө хүмүүс нь унагаад байсан. Би аймаг орох ажилтай байсан тул хамт явсан. Бойчид гээд байгаа машинтай хүмүүсийг Н дуудсан гэж байсан. Хээлтэй гүү харагдсан. Тэгээд буруу гарынх байна гэж мэдсэн. Энэ үйлдэлд миний буруу байгаа, хохирлыг төлнө. Э надад хулгайн адуу гэдгийг аймаг явахдаа хэлсэн. Би Мтой утсаар ярьсан нь үнэн гэсэн мэдүүлэг,

-Шүүгдэгч Э.Мийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 99583758 дугаараас Э залгасан. Мөнгөний хэрэг байна, 10 адуу ажиллах гэсэн юм гэж хэлсэн. Намайг машинаа асаагаад ир гэсэн. Тэрнээс хойш 2 цагийн дараа А дахин залгаж яасан бэ гэснээ Билэгээ ярья гэж байна гээд Эт утсаа өгсөн. Тэгээд яасан бэ хөгшиндөө тус болооч, хүнс хэрэгтэй байна, хөлсний машин аваад ир гэсэн. Тэгээд зар өгч бойчин олоод 3 бойчин, жолооч гээд тавуул өдрийн 12 цагийн үед гарсан. Э, А хоёрт хоёуланд нь гарч байна гэдгээ хэлсэн. Төөрч явж байгаад орой 17 цагийн үед очиход адуу хашаатай байсан. Э Ныг зааж машин авах гээд байгаа юм, өөрийнхөө адууг зарах гэж байгаа гэж хэлсэн. Ныг би танихгүй. Тэгээд хашаан дээр очоод бичлэг хийж, зураг авсан. Н, А нар бугуйлдаж барилцаж өгсөн. Б барьсан адууг хөтлөөд бойчинд авчирч өгч байсан. Тэгээд би жаахан унтаад босоход болчихлоо гэсэн. Тэгээд явах болоход Э, А нар явсан. Аймагт авчирч борлуулсан. Тэгээд гэртээ байж байтал Э бичиг хэрэгтэй байна гээд арьс толгойг нь ачаад Баянхутаг сум орж гарал үүслийн бичиг аваад  бичгээ ченжэд өгч тооцоогоо хийж мөнгөө Э авч байсан. Тэгээд гараад явж байхад Э 3.000.000 төгрөгийг Н чамд өгчих гэж хэлээд өгсөн. Удалгүй Н залгаж бичиг гайгүй юу гэсэн. Тэгэхээр нь би хулгайн адуу байна гэж ойлгоод мөнгийг чинь данс руу хийхгүй, өөрөө ирж ав цагдаад хэлнэ гэж хэлсэн. Тэгээд 2-3 сар болсон. Тэгтэл цагдаа дуудаад очиход энэ хүмүүс баригдсан хэргээ хүлээхгүй байж байсан. Миний хувьд Эийн гуйлтаар ирсэн. Надад өгсөн байсан 3.000.000 төгрөгийг цагдаад дуудахаар нь очиж өгсөн. Би хулгайн үйлдэлд оролцоогүй. Эийнд ирэхэд гэрийнхээ гадаа адуугаа хашсан байсан болохоор хулгайнх гэж бодоогүй. Гэмт хэргийн замаар олсон 3.000.000 төгрөгийг авсан байснаа хүлээн зөвшөөрнө гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Б.Ганбатын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2020 оны 11 дүгээр сарын дундуур О.Сэмжаан над руу залгаж зээрд азаргатай 23 тооны адууг алдчихлаа эрээд 2-3 хоног яваад олохгүй байна гэж ярихаар нь олтлоо сайн хай гээд бензин тосны мөнгө өгч 20 гаран хоног хайлгаж байгаад манай дүү О.Сэмжаан, Сайхнаа нар 2020 оны 12 дугаар сарын эхээр Хэнтий аймгийн Галшар сумын 2 дугаар баг, Галшар уулын ар талаас 13 тооны адуу олсон байсан. Үлдсэн 10 тооны адууг хулгайд алдсан юм шиг байна дандаа тарганаас  нь шилээд 3 морь, 7 гүү байхгүй байна гэж ярьсан. ...сартай зээрд зүсмийн 13 настай морь /давхар саран тамгатай/, зээрд зүсмийн 9 настай морь /дөлтэй нар саран тамгатай/, хээр зүсмийн 5 настай морь /онгин тамгатай/, загал зүсмийн 10 настай гүү /дөлтэй нар саран тамгатай/, хул зүсмийн 10 настай гүү /дөлтэй нар саран тамгатай/, хээр алаг зүсмийн 10 настай гүү /дөлтэй нар саран тамгатай/, саарал зүсмийн 10 настай гүү /дөлтэй нар саран тамгатай/, зээрд зүсмийн 9 настай гүү /онгин тамгатай/, зээр зүсмийн 8 настай гүү /онгин тамгатай/, цавьдар зүсмийн 8 настай гүү /онгин тамгатай/. ...дээрх адуунуудыг олоогүй алдсан. ... би 27 хоног адуугаа эрж хайсан зардал мөнгө, мөн Өвөрхангай аймгаас 2 удаа ирж хэргийн талаар мэдүүлэг өгсөн зардал 6.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг /1хх 26-28, 30-31, 2хх 22 ху/,

-Гэрч О.Сэмжааны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Галшар сумын Цагаан овоо гэх газар зээрд азаргатай 23 тооны адуу бүрэн бэлчиж байсан. Тухайн адуу нь Б.Ганбат ахын адуу юм. Түүнээс хойш хайгаад олдохгүй байсан. 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Галшар сумын 2 дугаар баг Галшар гэх уулын хойд талаас уг адуугаа олоход 13 тооны адуу байсан ба 3 морь, 7 гүү хулгайд алдсан байсан гэсэн мэдүүлэг /1хх 74-76 ху/,

-Гэрч Ч.Болдсайханы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас Сэмжаан нь 100 гаран тооны адуу тууж манай нутагт ирсэн. Тэгээд 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Б.Ганбатын эзэмшлийн зээрд азаргатай 23 тооны адуу алдсан. Тухайн адуу Дорноговь аймгийн Алтанширээ, Хэнтий аймгийн Галшар сумын зааг нутагт нутагладаг байсан. Сэмжаан нь өөрөө адуу малдаа явдаг байсан. Тэгээд тухайн адууг Сэмжааны хамт Дорноговь аймгийн Дэлгэрэх сум, Алтанширээ, Айраг, Иххэт сум, Хэнтий аймгийн Галшар сумын нутаг дэвсгэрээр 20 орчим хоног хайж байгаад Галшар сумын 2 дугаар баг Галшар уулын хойд араас нь алдсан 23 ооны адуунынхаа 13 адууг нь олоод буцсан гэсэн мэдүүлэг /1хх 78-79 ху/,

-Гэрч Л.Магванхишигийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2020 оны 11 дүгээр сарын сүүлээр Гамбир хочит Н, Абанбуу хочит Б, Ж.Батнасангийн хамт түүний машинтай манайд ирсэн. Тухайн үед манайд олон хүн цуглаж идшээ бэлтгэн мал ажиллаж байсан. Тэгээд Гамбир хочит Н нь 7-8 тооны адууны бичиг авах гэсэн юм гэхээр нь сумын мал эмнэлгийн тасгийн улсын байцаагч Хэрлэнтунгалагаас Гамбир хочит Ныг отроор суманд ирсэн эсэхийг шалгуулахад Иххэт сумын харьяалалтай хүн юм байна, манай суманд отроор ирээгүй юм байна гэхээр нь малын гарал үүслийн бичиг өгөөгүй. Чи өөрөө Дорноговь аймгийн Иххэт сумаас очиж ав, адуу малныхаа зургийг дарж очдог шүү гэж хэлээд явуулсан гэсэн мэдүүлэг /1хх 39-40 ху/,

-Гэрч Д.Цолмонгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Э.М нь А дансандаа адуу мал ихээр тоолуулдаг. Тэгээд яг очоод харах гэхээр тийм их мал байдаггүй. ...2020 оны 11 сарын сүүлээр яг өдрийг нь бол санахгүй байна. Тэр өдөр үл таних 2 залуутай хамт ирээд 10 гаран тооны адууны бичиг авсан. Хот руу хүний адууны мах явуулах гэсэн юм. Яараад явж байна манай дээр байдаг адуунууд байгаа юм гээд хотын 1 хүний нэр хэлээд авсан. ...малын бичиг авах гэж байгаа адуунуудыг амьдаар болон ажилласны дараа арьс толгойны зургийг харуулж байгаад авсан. Би тухайн харуулсан зургийг мал эмнэлгийн цахим системд оруулж бичиг олгосон гэсэн мэдүүлэг /1хх 81-82 ху/,

-Гэрч Н.Энхтуулын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2020 оны 11 дүгээр сарын 29-ний орой 22-23 цагийн орчимд байхаа унтах гээд хэвтэж байхад Баянхутаг сумын Мягаа орж ирээд мах буулгая гэхээр нь гарч очиход Ган-Эрдэнэ жолоочтой цагаан өнгийн Стана машинтай Мягаа Баяраабат бас үлдэх нэг хүний хамт ирсэн байсан. Авч ирсэн гэх 11 тооны адууг хиллэж үзэхэд нийт 1637 кг болсон. ...махаа хиллэж дуусчихаад малын гарал үүслийн бичигээ авч ирэхээр нь чинь тооцоо хийнэ гээд явуулсан. Тэгээд маргааш нь 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өглөө малын бичгээ авахаар явлаа гээд арьс толгойгоо авч яваад үдээс хойш малын гарал үүслийн 443089 дугаартай бичгээ авч ирсэн гэсэн мэдүүлэг /1хх 59-60 ху/,

-Гэрч Б.Оюунбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Мягаа надаас машин асуухаар нь Ган-Эрдэнэ гэх цагаан Станатай жолоочийг олж өгсөн. Тэгээд тэр шөнөдөө манай дүү Энхтуулд махаа хиллүүлээд буулгаж өгсөн байсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2020 оны 11 сарын 30-ны өдөр ирээд 11 тооны адууны мах авч ирсэн байсан. Тухайн адууны бичгийг Мягаагаас асуухад одоо бичгийг нь авч ирлээ гээд үдээс хойш бичгээ аваад ирэхээр нь тооцоог хийгээд явуулсан. Тухайн 11 тооны адууг нэг кг-ийг нь 4000 төгрөгөөр бодож 6.548.000 төгрөгөөр бодож авсан гэсэн мэдүүлэг /1хх 62-63 ху/,

-Гэрч Г.Ган-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Оюук ченж над руу залгаж Мягаатай хамт Галшар руу адууны мах ачихаар явах уу гэхээр нь зөвшөөрч ирж Оюук ах Мягаа нартай уулзаж тээврийн хөлс 200.000 төгрөг очих бензин 120.000 төгрөгөөр бензинээ дүүргэж явахаар тохиролцсон. ...Галшар сумын Их-Уул баруун талд байрлах Билгээгийн гэрт очиход Билгээ болон түүний 2 охин Баяраабат улаан дээлтэй адууны эзэн малчин гэх намхан хар нөхөр нар байсан. Адуу нь хашааных нь хажууд байсан. Нийт 11 тооны адуу бариад баруун урд жалганд ажилласан. Ажиллаж дуусаад 20 цаг өнгөрч байхад очсон 5 хүн дээр Билгээ, Баяраабат нар хамт аймаг руу гарсан. Аймаг руу гарахдаа Галшар сумаасаа малын бичгээ аваа гэж хэлэхэд Баянхутаг сумын Мягаа нь малын бичиг бэлэн байгаа гээд аймаг руу хөдөлсөн. Аймгийн төвд шөнийн 01 цагийн орчимд орж ирээд адууны махыг Энхтуул ченжийн гадаа очиж хиллүүлж буулгасан. Маргааш нь би ченж Оюукаас тээврийн хөлс 100.000 төгрөг авсан. 2021 оны 05 сарын үеэр Хөхөө гэх залуутай 47-65 УНЕ улсын дугаартай КIA Lotze гэх машинаар зөрүү мөнгө өгөөд сольчихсон. Мөн КIA Lotze маркийн машинаа нэг танихгүй залууд зарчихсан гэсэн мэдүүлэг /1хх 65-66, 2хх 60 ху/,

-Гэрч М.Аззаяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Стана маркийн машинтай Мягаа, жолооч, нөхөр бид хоёр бойчин гэх бүдүүн биетэй Мягаа гэх хүний хамт нийт тавуулаа өдөр гараад бага зэрэг төөрч байгаад нар жаргахын өмнө Галшар уулын баруун талд байх М.Эийн гэрт очиход адуу малаа хашаандаа хашсан. М.Э болон түүний малчин Абанбуу адуугаа зарж байгаа гэх улаан дээлтэй бор залуу Өнөрөө эгчийн нөхөр гэх Баяраабат нар байсан. Тэнд очоод 11 тооны адуу ажиллуулсан ба манай нөхөр 9 адуу ажиллаж би 11 адууны гэдэс арилгасан. Тэгээд тэр оройдоод очсон 5 хүн дээр М.Э, Баяраабат нар сууж аймаг орсон. Орой 23 цагийн орчимд ирсэн. Тэгээд Туул ченжийн гадаа махаа буулгаж байхдаа Баянхутаг сумын Мягаагийн эхнэр нь машинтайгаа ирж нөхөр бид хоёрыг хүргэж өгсөн. М.Э, Мягаа, Өнөрөө эгчийн нөхөр гэх Баяраабат нар ирж надад 360.000 төгрөг бэлнээр өгсөн гэсэн мэдүүлэг /1хх 68-69 ху/,

-Гэрч Д.Гүрбуджавын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Мягаа над руу залгаж Галшар сум руу явж мал ажиллах уу гэхээр нь зөвшөөрөөд эхнэр Аззаяагийн хамт Мягаа, цагаан өнгийн Стана маркийн машины жолооч тэгээд өөр бүдүүн Мягаа гэх бойчины хамт 2020 оны 11 сарын 29-ний өдөр 12 цагийн орчимд гарсан. ...Галшар сумын Их уулын баруун талд байх М.Эийн гэрт нар шингэж байхад очсон. Тухайн айлд очиход М.Э түүний малчин гэх намхан бор залуу Баяраабат гэх нэг залуу байсан өөр улаан дээлтэй туранхай нөхөр байсан. Улаан дээлтэй туранхай хүний адуу гэж ярьж байсан. Одоо миний санаж байгаагаар 1 азарга, 2 морь, бусад нь гүү, байдаснууд байх шиг байсан. ...аймгийн төв рүү очсон 5 хүн дээр М.Э, Баяраабат нар хамт буцсан. Аймгийн төвд 23 цагийн орчимд нэлээн орой болсон байхад орж ирээд Туул гэх ченжид хиллүүлж өгсөн. Тэгээд маргааш нь мөнгөө дансаар юм уу бэлнээр өгсөн байх манай эхнэр мэдэж байгаа гэсэн мэдүүлэг /1хх 71-72 ху/,

-Хохирлын үнэлгээ /1хх 250, 2хх 1-6 ху/,

-Тээврийн хэрэгслийн үнэлгээ, гэрэл зураг /1хх 95-97, 2хх 49-51 ху/,

-Гэрэл зургийн үзүүлэлт /1хх 105-111 ху/,

-Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, гэрэл зураг /хх 56-58 ху/,

-Ц.Н, Д.Б, М.Э, Ц.А, Э.М нарыг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх 139-141, 148-150, 151-153, 159-161, 162-164, 170-172, 173-175, 180-182, 2хх 63-65, 70-71, 74-75, 79, 81-82, 86, 88-89, 93, 95-96, 100, 110-111, 115-116, 120-123, 127-128, 129-130, 134-137, 141-143 ху/

-Хохирол төлсөн баримт /1хх 95, 2хх 67 ху/

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх 195-199 ху/,

-Шийтгэх тогтоолын хуулбар /1хх 201-203 ху/ зэрэг болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүгдэгч Ц.Н, Д.Б, М.Э, Ц.А нар нь бүлэглэн Дорноговь аймгийн Иххэт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Адгийн сүүж гэх газарт бэлчээрлэж байсан хохирогч Б.Ганбатын эзэмшлийн 36.200.000 төгрөгийн үнэ бүхий 23 тооны адууг хулгайлсан, шүүгдэгч Ц.Н нь бүлэглэн мал хулгайлах үйлдэлдээ машин механизм ашигласан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Д.Бгийн “Н ...ахынх руугаа яваад ирье гэж яваад 2-3 хоноод ирэхдээ зээрд азаргатай 23 тооны адуу тууж ирсэн. Н жижиг машинтай болмоор байна гэж ярьсан. ...Хоёр мотоциклтой хүн эдгээр адууг сураад явж байсан. Энэ 23 тооны адууг хулгайн адуу гэдгийг адууны эзэн сураад явахад мэдсэн. Би хараагүй гэж хэлсэн. ...Эдгээр адууг зарсан мөнгөнөөс би аваагүй. Адууг өөр хүнийх гэж мэдэж байсан. Би энэ хэрэгт буруутай. Гэм буруугаа ойлгож байгаа” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Ц.Нын “Би адуунуудыг туугаад Эийнд очсон. Эдгээр 23 тооны адууг Адгийн сүүж гэх газар байгааг анх харсан. ...Эийнд авчраад Б, Э бид 3 энэ адууг яах уу, нийлээд хийчихье гэж ярилцаад хийчихсэн. Би машин авна гэж ярьж байсан. ...А, Э, Б бүгд л мөнгө цаасыг нь хувааж авъя гэсэн боловч надад мөнгө өгөөгүй. ...Энэ бой хийснээс хойш арваад хоногийн дараа нядалсан адууны эзэн сураад ирсэн. Эдгээр адууг авъя гэдэг саналыг Э гаргасан. Эийн адуунд нийлүүлээд харъя гэдэг саналыг бүгдээрээ л гаргасан. Эзэн нь гарч ирэх нь үү, яах нь уу харъя гэдгийг би хэлсэн. ...Нядлахаасаа өмнө мөнгөө хувааж авъя гэж ярилцсан. Тууж ирэхээс өмнө хулгайн адуу алж нядалъя гэдгийг ярилцсан” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч М.Эийн “...Н ...ахынх руугаа яваад ирэхдээ 23 адуу туугаад ирсэн. Тухайн үед машин авмаар байна гээд байсан. Тэгээд тэр адууг нь янзалж өгсөн. ...Энэ хэрэгт миний оролцоо, буруутай үйлдэл байгаа. ...Хулгайн мал гэдгийг тууж ирэхэд нь мэдсэн” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Ц.Агийн “...Н, Э 2 уулан дээр байхаар нь очсон. Н хэдэн адуу зарж, машин авах гээд гэж ярьсан Н явж 2 азарга адуугаа тууж ирээд нядалсан. ...Энэ 11 адууг төхөөрч зарахад би аман дээр нь зогсож хашилцаж өгсөн. Н бугуйлдаж бариад нөгөө хүмүүс нь унагаад байсан. Би аймаг орох ажилтай байсан тул хамт явсан. Хээлтэй гүү харагдсан. Тэгээд буруу гарынх байна гэж мэдсэн. Энэ үйлдэлд миний буруу байгаа” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Э.Мийн “...3 бойчин, жолооч гээд тавуул өдрийн 12 цагийн үед гарсан. Э, А хоёрт хоёуланд нь гарч байна гэдгээ хэлсэн. Төөрч явж байгаад орой 17 цагийн үед очиход адуу хашаатай байсан. Э Ныг зааж машин авах гээд байгаа юм, өөрийнхөө адууг зарах гэж байгаа гэж хэлсэн. ...Аймагт авчирч борлуулсан. Тэгээд гэртээ байж байтал Э бичиг хэрэгтэй байна гээд арьс толгойг нь ачаад Баянхутаг сум орж гарал үүслийн бичиг аваад  бичгээ ченжэд өгч тооцоогоо хийж мөнгөө Э авч байсан. Тэгээд гараад явж байхад Э 3.000.000 төгрөгийг Н чамд өгчих гэж хэлээд өгсөн. Удалгүй Н залгаж бичиг гайгүй юу гэсэн. Тэгэхээр нь би хулгайн адуу байна гэж ойлгоод мөнгийг чинь данс руу хийхгүй, өөрөө ирж ав цагдаад хэлнэ гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Ганбатын “...О.Сэмжаан, Сайхнаа нар 2020 оны 12 дугаар сарын эхээр Хэнтий аймгийн Галшар сумын 2 дугаар баг, Галшар уулын ар талаас 13 тооны адуу олсон байсан. Үлдсэн 10 тооны адууг хулгайд алдсан юм шиг байна дандаа тарганаас  нь шилээд 3 морь, 7 гүү байхгүй байна гэж ярьсан. ...сартай зээрд зүсмийн 13 настай морь /давхар саран тамгатай/, зээрд зүсмийн 9 настай морь /дөлтэй нар саран тамгатай/, хээр зүсмийн 5 настай морь /онгин тамгатай/, загал зүсмийн 10 настай гүү /дөлтэй нар саран тамгатай/, хул зүсмийн 10 настай гүү /дөлтэй нар саран тамгатай/, хээр алаг зүсмийн 10 настай гүү /дөлтэй нар саран тамгатай/, саарал зүсмийн 10 настай гүү /дөлтэй нар саран тамгатай/, зээрд зүсмийн 9 настай гүү /онгин тамгатай/, зээр зүсмийн 8 настай гүү /онгин тамгатай/, цавьдар зүсмийн 8 настай гүү /онгин тамгатай/... дээрх адуунуудыг олоогүй алдсан” гэсэн мэдүүлэг, гэрч О.Сэмжааны “...2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Галшар сумын 2 дугаар баг Галшар гэх уулын хойд талаас уг адуугаа олоход 13 тооны адуу байсан ба 3 морь, 7 гүү хулгайд алдсан” гэсэн,  гэрч Ч.Болдсайханы “...Сэмжаан нь 100 гаран тооны адуу тууж манай нутагт ирсэн. Тэгээд 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Б.Ганбатын эзэмшлийн зээрд азаргатай 23 тооны адуу алдсан. ...тухайн адууг Сэмжааны хамт Дорноговь аймгийн Дэлгэрэх сум, Алтанширээ, Айраг, Иххэт сум, Хэнтий аймгийн Галшар сумын нутаг дэвсгэрээр 20 орчим хоног хайж байгаад Галшар сумын 2 дугаар баг Галшар уулын хойд араас нь алдсан 23 ооны адуунынхаа 13 адууг нь олсон“ гэсэн, гэрч Л.Магванхишигийн “...Н, Б, Ж.Батнасангийн хамт түүний машинтай манайд ирсэн. Тухайн үед манайд олон хүн цуглаж идшээ бэлтгэн мал ажиллаж байсан. Тэгээд Гамбир хочит Н нь 7-8 тооны адууны бичиг авах гэсэн юм гэхээр нь сумын мал эмнэлгийн тасгийн улсын байцаагч Хэрлэнтунгалагаас Гамбир хочит Ныг отроор суманд ирсэн эсэхийг шалгуулахад Иххэт сумын харьяалалтай хүн юм байна, манай суманд отроор ирээгүй юм байна гэхээр нь малын гарал үүслийн бичиг өгөөгүй”  гэсэн,  гэрч Н.Энхтуулын “...Ган-Эрдэнэ жолоочтой цагаан өнгийн Стана машинтай Мягаа Баяраабат бас үлдэх нэг хүний хамт ирсэн байсан. Авч ирсэн гэх 11 тооны адууг хиллэж үзэхэд нийт 1637 кг болсон. ...махаа хиллэж дуусчихаад малын гарал үүслийн бичигээ авч ирэхээр нь чинь тооцоо хийнэ гээд явуулсан. Тэгээд маргааш нь 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өглөө малын бичгээ авахаар явлаа гээд арьс толгойгоо авч яваад үдээс хойш малын гарал үүслийн 443089 дугаартай бичгээ авч ирсэн” гэсэн, гэрч Г.Ган-Эрдэнийн “...Галшар сумын Их-Уул баруун талд байрлах Билгээгийн гэрт очиход Билгээ болон түүний 2 охин Баяраабат улаан дээлтэй адууны эзэн малчин гэх намхан хар нөхөр нар байсан. Адуу нь хашааных нь хажууд байсан. Нийт 11 тооны адуу бариад баруун урд жалганд ажилласан” гэсэн,  гэрч М.Аззаяагийн “...Галшар уулын баруун талд байх М.Эийн гэрт очиход адуу малаа хашаандаа хашсан. М.Э болон түүний малчин Абанбуу адуугаа зарж байгаа гэх улаан дээлтэй бор залуу Өнөрөө эгчийн нөхөр гэх Баяраабат нар байсан. Тэнд очоод 11 тооны адуу ажиллуулсан ба манай нөхөр 9 адуу ажиллаж би 11 адууны гэдэс арилгасан” гэсэн, гэрч Д.Гүрбуджавын “...  Мягаа над руу залгаж Галшар сум руу явж мал ажиллах уу гэхээр нь зөвшөөрөөд эхнэр Аззаяагийн хамт Мягаа, цагаан өнгийн Стана маркийн машины жолооч тэгээд өөр бүдүүн Мягаа гэх бойчины хамт 2020 оны 11 сарын 29-ний өдөр 12 цагийн орчимд гарсан. ...миний санаж байгаагаар 1 азарга, 2 морь, бусад нь гүү, байдаснууд байх шиг байсан” гэсэн мэдүүлгүүд, хохирлын үнэлгээ, тээврийн хэрэгслийн үнэлгээ, гэрэл зураг, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, гэрэл зураг, хохирол төлсөн баримт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуульд "олон тооны мал" гэдэгт найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг дөрвөн богоор тооцно гэж заасан. 

              Шүүгдэгч Ц.Н, Д.Б, М.Э, Ц.А нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, бусдын олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Харин шүүгдэгч Э.Мийг бусдын олон тооны малыг бүлэглэн  хулгайлсан гэж үзэж Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчлэх үндэслэлтэй гэж үзсэн.

 Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Ц.Нын “...Энэ 23 тооны адууг өөрийнхөө адуутай хашсан. Тэгээд Эийнд авчраад Б, Э бид 3 энэ адууг яах уу, нийлээд хийчихье гэж ярилцаад хийчихсэн. ...3.000.000 төгрөгийг шилжүүлж авах дансны дугаараа өгч явуулж амжаагүй байтал баригдсан. Нядлахаасаа өмнө мөнгөө хувааж авъя гэж ярилцсан. Энэ ярианд М оролцоогүй. ...Мийн мэдүүлгийг хүлээн зөвшөөрнө” гэсэн, шүүгдэгч М.Эийн “...ахынх руугаа яваад ирэхдээ 23 адуу туугаад ирсэн. Тухайн үед машин авмаар байна гээд байсан. Тэгээд тэр адууг нь янзалж өгсөн. ...Хулгайн мал гэдгийг тууж ирэхэд нь мэдсэн. М надад буруу гарынх байсан байна, цагдаад хэллээ гэж хэлсэн. М хулгайн адуу гэдгийг мэдээгүй” гэсэн, шүүгдэгч Ц.Агийн “...Н хэдэн адуу зарж, машин авах гээд гэж ярьсан. ...Н явж 2 азарга адуугаа тууж ирээд нядалсан. Зургийг М авч байсан. Энэ 11 адууг төхөөрч зарахад би аман дээр нь зогсож хашилцаж өгсөн. Н бугуйлдаж бариад нөгөө хүмүүс нь унагаад байсан. ...Хээлтэй гүү харагдсан. Тэгээд буруу гарынх байна гэж мэдсэн. Би Мтой утсаар ярьсан нь үнэн” гэсэн, шүүгдэгч Э.Мийн “...2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 99583758 дугаараас Э залгасан. Мөнгөний хэрэг байна, 10 адуу ажиллах гэсэн юм гэж хэлсэн. Намайг машинаа асаагаад ир гэсэн. Тэрнээс хойш 2 цагийн дараа А дахин залгаж яасан бэ гэснээ Билэгээ ярья гэж байна гээд Эт утсаа өгсөн. Тэгээд яасан бэ хөгшиндөө тус болооч, хүнс хэрэгтэй байна, хөлсний машин аваад ир гэсэн. Тэгээд зар өгч бойчин олоод 3 бойчин, жолооч гээд тавуул өдрийн 12 цагийн үед гарсан. ...орой 17 цагийн үед очиход адуу хашаатай байсан. Э Ныг зааж машин авах гээд байгаа юм, өөрийнхөө адууг зарах гэж байгаа гэж хэлсэн” гэсэн мэдүүлгүүдээр шүүгдэгч Э.Мийг олон тооны малыг хулгайлахад оролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин шүүгдэгч Ц.Нын “...Тэр 3.000.000 төгрөгийг шилжүүлж авах дансны дугаараа өгч явуулж амжаагүй байтал баригдсан" гэсэн, шүүгдэгч М.Эийн “...Мах зарсан мөнгийг надад өгсөн. Яг хэдэн төгрөг байсныг тоолоогүй. Энэ мөнгөө бойчин, бас зардалдаа өгсөн. 3.000.000 төгрөгийг М аваад, үлдсэнийг нь Нт өгсөн” гэсэн, шүүгдэгч Э.Мийн “...Э 3.000.000 төгрөгийг Н чамд өгчих гэж хэлээд өгсөн. Удалгүй Н залгаж бичиг гайгүй юу гэсэн. Тэгэхээр нь би хулгайн адуу байна гэж ойлгоод мөнгийг чинь данс руу хийхгүй, өөрөө ирж ав цагдаад хэлнэ гэж хэлсэн. Тэгээд 2-3 сар болсон. ...Надад өгсөн байсан 3.000.000 төгрөгийг цагдаад дуудахаар нь очиж өгсөн. ...3.000.000 төгрөгийг авсан байснаа хүлээн зөвшөөрнө” гэсэн мэдүүлгүүдээр Э.Мийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авсан болох нь тогтоогдож байна гэж дүгнэв.

Шүүгдэгч Ц.Н, Д.Б, М.Э, Ц.А, Э.М нарын гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Б, М.Э, Ц.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан бусдын олон тооны малыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ц.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авч мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т  “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 1 жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг 1 жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жил өнгөрсөн” тохиолдолд яллагдагчаар татаж болохгүй гэж хуульчилсан.

Шүүгдэгч Э.Мийн үйлдэл нь дээрхи хуулийн заалтад хамаарч байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Э.Мид холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

 Хохирлын хувьд энэ хэргийн улмаас хохирогч Б.Ганбатад 23 тооны адуу буюу үнэлгээний дагуу 36.200.000 төгрөгийн хохирол учирснаас 13 тооны адууг биет байдлаар буцаан олж авсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Э.Моос хураан авсан 3.000.000 төгрөгийг хохирогчид олгосон байна.

Үлдэх 10 тооны адууны үнэ 24.400.000 төгрөгнөөс дээрхи 3.000.000 төгрөгийг хасч тооцон үлдэх 21.400.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Н, Д.Б, М.Э, Ц.А нараас тэнцүү хуваан /21.400.000:4=5.350.000/ гаргуулах үндэслэлтэй.

Шүүхийн шатанд хохиролд шүүгдэгч Ц.Н 500.000 төгрөгийг, шүүгдэгч М.Э 3.000.000 төгрөгийг, шүүгдэгч Д.Б 2.800.000 төгрөгийг, шүүгдэгч Ц.А 2.000.000 төгрөгийг хохирогчийн Хаан банкны 5540183117 данс руу тус тус шилжүүлсэн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтуудаар нотлогдож байх тул тэдэнд ноогдох төлбөрөөс хасч тооцов.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Наас 4.850.000 төгрөгийг, шүүгдэгч Д.Бгөөс 2.550.000 төгрөгийг, шүүдэгч М.Эээс 2.350.000 төгрөгийг, шүүгдэгч Ц.Агээс 3.350.000 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Б.Ганбатад олгож, мал эрж хайсны зардал 6.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаархи ннотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээлээ.

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын оролцоо, тэдний хувийн байдал, хохирлын зарим хэсгийг төлж барагдуулсан болон гэм буруугийн талаар маргаагүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Ц.Нт 5 жил, 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч М.Эт 4 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Б, Ц.А нарт тус бүр 3  жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

              Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 сарын 02-ны өдөр Тулгар төр байгууллагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг батлаж, 2021 он 07 сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилжээ.

              2021 он Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “2021 оны 6 сарын 24-ний өдрийн 24:00 цагаас өмнө 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэж,  7 дугаар зүйлийн 7.2-д “2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ...Мал хулгайлах  /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс 5 жил, түүнээс бага хугацаагаар хохих ял оногдуулсан ...бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасан. 

Иймд шүүгдэгч М.Э, Д.Б, Ц.А нарт оногдуулсан ял шийтгэл нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан үндэслэлд хамаарч байх тул тэдэнд оногдуулсан хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд шүүгдэгч Д.Б, М.Э нарыг Хэнтий аймгийн Галшар сумын нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Ц.Аг Хэнтий аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг тус тус хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, уг ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, энэ хугацаанд хяналт тавихыг Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

 Шүүгдэгч Ц.Нт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, шүүгдэгч М.Э, Д.Б, Ц.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Мид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ хэрэгт тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч Ц.Нын эзэмшлийн Хаожи маркийн, 250.000 төгрөгийг үнэ бүхий мотоциклийг хураан авч улсын орлого болгож, эд мөрийн баримтаар хураагдсан бичвэр бүхий цаасыг хэрэгт үлдээж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Дорноговь аймгийн Прокуророос шүүгдэгч Э.Мид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2.Шүүгдэгч Д.Б, М.Э, Ц.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан бусдын олон тооны малыг бүлэглэн, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ц.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авч мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Э.Мид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Ц.Ныг 5 /тав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч М.Эийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар,  шүүгдэгч Д.Б, Ц.А нарыг тус бүрийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч М.Эт оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Д.Б, Ц.А нарт оногдуулсан тус бүрийн 3 /гурав/  жилийн хугацаагаар хорих ялыг тус бүр  3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нт оногдуулсан тус бүрийн 5 /тав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд тус тус зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх хугацаанд шүүгдэгч Д.Б, М.Э нарыг Хэнтий аймгийн Галшар сумын нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Ц.Аг Хэнтий аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг тус тус хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, уг ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, энэ хугацаанд хяналт тавихыг Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б, Ц.А, М.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Э.Мид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

9.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Наас 4.850.000 төгрөгийг, шүүгдэгч Д.Бгөөс 2.550.000 төгрөгийг, шүүдэгч М.Эээс 2.350.000 төгрөгийг, шүүгдэгч Ц.Агээс 3.350.000 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Өвөрхангай аймгийн Арвайхээр сум 6-р баг Ягаан толгойн 22-11 тоот Б.Ганбатад /ЙУ79061814/ олгож, мал эрж хайсны зардал 6.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

10.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч Ц.Нын эзэмшлийн Хаожи маркийн, 250.000 төгрөгний үнэ бүхий мотоциклийг хураан авч улсын орлого болгосугай.

         11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичвэр бүхий цаасыг хэрэгт үлдээсүгэй.

12. Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Б.Ганбат нь мал эрж хайсны зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

13.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ж.БАЙГАЛМАА