Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2018/0662

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 21 өдөр                    Дугаар 183/ШШ2018/0662                         Улаанбаатар хот

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж 69А байрны 54 тоотод оршин суух, 1963 онд төрсөн, 54 настай, эрэгтэй, З овогт Дгийн Э/рд:ИЭ63030776/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 69А байрны 54 тоотод оршин суух, 1964 онд төрсөн, 55 настай, эмэгтэй, Т  овогт Д ын Эн /рд:ХЛ64102128/-т холбогдох,

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 69А байр 54 тоот орон сууцыг гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болохыг тогтоолгох, орон сууцыг хамтран эзэмших, ашиглуулахыг хариуцагчид үүрэг болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Э, хариуцагч Д.Эн , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д овогтой Э1997 онд эхнэр Д.Эн тай гэр бүл болж, 1998 онд гэр бүлээ хууль ёсоор батлуулсан. Түүнээс хойш 20 жил хамт амьдарсан. Бид хоёр 2 хүүхэдтэй, том охин Э.Энх  1989 онд төрсөн. Хуримаа хийсний миний нэрээр овоглосон, одоо Завхан аймагт амьдардаг, 2 хүүхэдтэй. Бага охин Э.Эм 1998 онд төрсөн, одоо БНХАУ-д сурч байна. Би 2016 оны 6 дугаар сард харвалт өгсөн, групп тогтоолгож, 60 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай байдаг. Би 1988-2017 он хүртэл улсад хийт 29 жил ажиллаж байна. Манай эхнэр Д.Эн  2001 оноос 2016 он хүртэл улсад нийт 15 жил ажиллах хугацаанд эхнэр Д.Эн ийн ажиллаж байсан М” ХХК нь эхнэрийн цалингаас тооцохоор 2006 онд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд байрлах 1 өрөө байрыг өгсөн. Тэр үед эхнэрийн сарын цалин 150 000 төгрөг байсан. Энэ байраа 2011 онд 50 сая төгрөгөөр худалдаад одоогийн хаяг дээр байгаа 3 өрөө байрны урьдчилгаанд өгч, Голомт банкны 8 хувийн зээлээр худалдан авсан. Би хамтран зээлдэгчээр гэрээнд гарын үсэг зурсан. Байрны өмчлөл нь эхнэр Д.Эн ийн нэр дээр байдаг. Тэр үед би хамтран өмчлөгчөөр нэрээ бичүүлэх гэсэн боловч гадуур ажил хөөцөлдөхөд олон хүний нэртэй бол их бэрхшээлтэй байдаг тул эхнэр зөвшөөрөөгүй. 2017 оны 01 дүгээр сарын 05-нд би эмчилгээ хийлгэчээд, гэртээ ирсэн чинь түлхүүр байхгүй болохоор нь цоожны голоо солиулаад гэртээ ороод унтаж байтал шөнө 1 цагийн үед эхнэр согтуу орж ирээд намайг хөөсөн, “явахгүй бол би цонхоор үсэрлээ шүү” гэсэн учраас би гарч явсан. Идэр есийн хүйтэнд гадаа хонолтой биш дүүгийндээ шөнө 2 цагийн үед очоод, түүнээс хойш өнөөдрийг хүртэл гэр бүлийн хүчирхийлэл дор, дүүгийндээ толгой хоргодож байна. Би олон жил гэр бүлийнхээ төлөө ажиллаж амьдарч байсан боловч одоо ингээд орох оронгүй болж айлаар хоног төөрүүлж маш их сэтгэлийн дарамттай явж байна. Миний харвалтын өвчин дахиж ч магадгүй. Эхнэр гэр бүлээ цуцлуулах тухай ярьдаг, би салах бодолгүй байна. Би архи уудаг байснаас энэ асуудал яригдаж эхэлсэн, одоо би архи уухгүй байгаа. Иймд намайг  Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, /17041/ Туул гол гудамж, 69А дугаар байрны 54 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2206019740 дугаарт бүртгэгдсэн 74.54 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг гэр бүлийн дундын эд хөрөнгө болохыг тогтоож, уг орон сууцыг хамтран эзэмшин, ашиглуулахыг хариуцагчид үүрэг болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Эн  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Энь Д.Эн  миний биетэй 1997 оноос хойш гэр бүл болж хамтран амьдарсан хугацаандаа бий болгосон эд хөрөнгө, мөнгө төгрөг гэх зүйл огт бий болгож байгаагүй бөгөөд архи ууж бусдад өр зээл тавьж, бүр тодорхойлбол 2013 онд одоо ажиллаж байгаа компаниасаа өөр, өмнө ажиллаж байсан компанийхаа татварын мөнгө болох 34 000 000 төгрөгийн өрөнд орж байсан ба тус компани шүүхэд өгөлгүй “Даяар Монгол” гэх бүлгэмийн хүмүүс авч гэрээр ирж дарамт үзүүлж, тухайн үедээ цалингийн зээл авч, дүүгийнхээ архи битгий авч уугаарай гэж авч өгсөн машиныг нь зарж, утасны дугаарын барьцаат зээл авч өгч дарамтаас гарсан. Д.Эн  би Д.Эод наад өрөө чи өөрөө дар, би чамайг архи л уухгүй бол мөнгө төгрөг өгсөнгүй, амьдралд нэмэр болсонгүй гэж хэлэхгүй гэж тохироод амьдарч байсан. Улаанбаатар хотод 2002 онд манай гэр бүл орж ирсэн ба айлын түрээсийн байранд амьдарч байтал, миний бие 2003 онд “М” ХХК-д барилгын инженерээр ажилд орж үр бүтээлтэй сайн ажилласныг үнэлж, тус компаниас 2006 оны 9 сард Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд баригдсан байрнаас барилгачдын баяраар шагнал болгож өгсөн. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргах үед бэлэглэлийн гэрээ хийвэл татварт мөнгө төлдөг байсан учир /2,500,000 тэр үед нь надад хуримтлуулсан мөнгө байгаагүй/ худалдах, худалдан авах гэрээ хуурамчаар хийсэн. Үнэн чанартаа намайг шагналаар авсан байр гэдгийг гэр бүл, хамаатан садан, “М” ХХК-н хамт олон бүгд гэрчилнэ. Иргэний хуулийн 125, 126 дугаар зүйлд зааснаар гэрлэснээс хойш хугацаанд миний өөрийн хүч хөдөлмөр шингэсэн, хуваарьт хөрөнгө бол энэ байр мөн гэж үзэж байна. Үүнийг нэхэмжпэгч Д.Энь сайн ойлгож байгаа. Ингээд 2011 онд шагналын нэг өрөө байраа 56 000 000 төгрөгөөр зарж М ХХК-ийн Хан-Уул дүүрэгт барьсан байрнаас 3 өрөө болгож авахдаа байрын урьдчилгаа болох 54 540 000 төгрөгийг тус компаний нягтлан бодогчид бэлнээр тушаасан. Тус 3 өрөө байр нь 74,54 м2 талбайтай 1м2-ийг нь 1 сая төгрөгөөр хөнгөлөлттэй үнээр бодож авсан. Үлдэгдэл мөнгө болох 20 000 000 төгрөгийг Голомт банкны орон сууцны зээлд хамрагдаж 10 жилийн хугацаанд төлж барагдуулахаар ипотекийн гэрээ хийж, 2013 онд тус байранд орсон. Ингээд 69А байрны 54 тоот 3 өрөө байранд амьдрах болсон. Энэ үед нөхөр болох Д.Энь архи уусан хэвээр л байсан учир амьдралын баталгаагүй хүний нэрийг оруулахгүй гэсэн бодлоор Д.Эн  миний бие үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг компанийхаа удирдлагатай зөвлөж байгаад нэг хүний өмч гэж үл хөдлөх хөрөнгийн газарт хүсэлт гаргасан. Нэхэмжпэгч Д.Э мэдэж байгаа. Учир нь дээр дурдсан 34 сая төгрөгийн өртэй байсан. Энэ үеэс эхэлж голомт банкинд зээлийн хүүг Д.Эн  миний бие тус банканд картаар болон цалингаас шууд татан авах мөн зарим үед бэлнээр өгч байсан. 2014 оны дугаар 3 сард нэхэмжлэгч Д.Энь одоо ажиллаж байгаа компани нь тендерийн барилга авсан дансанд нь мөнгө байршуулах ёстой захирал, менежер, нягтлан бодогч бид гурав мөнгө олох ёстой байрныхаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг банкинд тавьж мөнгө олохоор тохиролцон манай байрны банкны зээлийн үлдэгдэл болох 14 600 000 төгрөг тушаагаад зээлээс нь чөлөөлөөд дахин өөр банкинд тавьж ашиглана гэсэн санал тавьсан. Д.Эн  миний бие тухайн үедээ хөрөнгөөрөө тоглохгүй гэж дургүйцсэн саналаа хэлсэн боловч Д.Энь тэгвэл би ажлаасаа гарна, архи ууна гэсэн учир Д.Эн  миний бие итгэмжпэх гарган өгч одоо банк бус санхүүгийн нэг байгууллагад 10 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд байгаа болно. Иймд гэр бүлийн хамтын өмч бий болгох үүргээ огт биелүүлж байгаагүй Д.Энь өөрийн тавьсан 34 сая төгрөгийн өрөө нэгээс нөгөөд шилжүүлж одоо хүртэл дуусаагүй байж миний хуваарьт хөрөнгөөс хувь тогтоолгож дундын өмч болгох хүсэлтийг шударга бус явдал гэж үзэж байна. Д.Э ын төрсөн дүүгийндээ амьдарч хэцүү байгаа асуудлыг би бий болгоогүй, өөрийн архидан согтуурч байсантай холбоотой гэж үзэж байгаа. Миний зүгээс хүн чанарын хувьд 3 өрөө байраа зараад 1 өрөө байр авч өгөөд Д.Эын үр хүүхэд болох Э.Эмын нэр дээр үл хөдлөх хөрөнгийг гаргаж өгөх санал тавьсан боловч зөвшөөрөөгүй. Гэр бүлийн хамтын өмчлөл бий болгоход хувь нэмэр оруулаагүй атлаа хөрөнгө булаацалдах нь Д.Эын санаа биш байх гэж би ойлгож байна гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Энь хариуцагч Д.Эн т холбогдуулан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 69А байр 54 тоот орон сууцыг гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болохыг тогтоож, уг орон сууцыг хамтран эзэмших, ашиглуулахыг хариуцагчид үүрэг болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Д.Э, Д.Эн  нар нь 1997 онд гэр бүл болж, гэрлэлтээ 1998 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлэн, хамт амьдрах хугацаанд тэдний дундаас 1998 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр охин Э.Эм төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа болон хүүхдийн төрсний 12 тоот гэрчилгээ зэргээр нотлогдож байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “М” ХХК болон Д.Эн  нарын хооронд 2006 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр “Орон сууц захиалах, гүйцэтгэх гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж буй 20 айлын орон сууцны 1 давхрын 42.02 м2 талбай бүхий 1 өрөө орон сууцыг 1 м.кв-ын үнийг 500 ам.доллараар захиалагчид гүйцэтгэхээр, нийт үнэ 21.010 ам доллар болох талаар талууд тохиролцсон байна.   

 

Хариуцагч Д.Эн  шүүхийн хэлэлцүүлэгт “...Маргааны зүйл болсон байрыг бид дундаасаа хөрөнгө гаргаж худалдаж аваагүй, “Мон Хаус” ХХК-д инженерээр ажиллаж байхад миний ажлыг үнэлж надад байгууллагаас 1 өрөө байр өгсөн. Энэ байр бол миний шагналд авсан байр бөгөөд миний хуваарьт өмчид хамаарна. Би өөрийн шагналд авсан байрыг худалдаад одоо амьдарч байгаа 3 өрөө байрныхаа урьдчилгаа төлбөрийг төлж, байрны үлдэгдэл төлбөрийг банкнаас зээл авч төлсөн ба банкнаас авсан зээлийг өөрийн цалингаар төлж барагдуулсан. Д.Эоос ямарч мөнгө аваагүй” гэж” гэж маргасан. 

 

Нэхэмжлэгч Д.Э“...Д.Эн  бид хоёр байр түрээслээд гэр хороололд амьдарч байхад 1 өрөө байр албан байгууллагаасаа шагналд авсан нь үнэн боловч энэ байраа бусдад худалдаад одоогийн 3 өрөө байрыг худалдан авсан. Байрны зөрүүний 20 000 000 төгрөгийг Голомт банкнаас зээлж авсан. Энэ мөнгөнөөс би төлөлцөөгүй. Учир нь Д.Эн  өөрийн цалингаас шууд суутгуулахаар зээлийн гэрээ байгуулсан байсан. Би өөрийн цалингаас гэр орондоо хэрэгцээт зүйлийг авдаг байсан ба сард 500.000 орчим төгрөгний цалинтай” гэж тайлбарласан.

 

Зохигчдын дээрх тайлбараас Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд байрлах 20 айлын орон сууцны 1 давхрын 42.02 м2 талбай бүхий 1 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.5-д “хувийн авьяас, чадвар, ололт амжилтыг сайшаан шагнасны орлого”-ыг гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгөд хамааруулна гэж заасны дагуу хариуцагч Д.Эн ийн хуваарьт өмч мөн гэж шүүх дүгнэв.

 

Улмаар 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, /17041/ Туул гол гудамж, 69А дугаар байрны 54 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2206019740 дугаарт бүртгэгдсэн 74.54 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 1 м.кв-ын үнийг 1 000 000 төгрөгөөр тооцон нийт 74 540 000 төгрөгөөр худалдан авахаар Монхауз ХХК-тай тохиролцож, “Орон сууц захиалах, гүйцэтгэх гэрээ” байгуулсан байх бөгөөд дээрх Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд байрлах 20 айлын орон сууцны 1 давхрын 42.02 м2 талбай бүхий 1 өрөө орон сууцыг 56 000 000 төгрөгөөр зарж, урьдчилгаа 54 540 000 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.5-д гэр бүлийн гишүүн өөрийн хуваарьт хөрөнгөөс дундаа хамтран өмчлөхөд зориулж шилжүүлсэн хөрөнгө нь гэр бүлийн хамтран өмчлөх өмчид хамаарахаар заажээ. Дээрх хуулийн заалтаас үзэхэд хариуцагч Д.Эн  нь өөрийн хуваарьт хөрөнгө болох 1 өрөө орон сууцаа худалдан борлуулж, маргаж буй 3 өрөө орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлснөөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, /17041/ Туул гол гудамж, 69А дугаар байрны 54 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2206019740 дугаарт бүртгэгдсэн 74.54 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч болсон байх тул нэхэмжлэгч Д.Эыг уг орон сууцыг эзэмших, ашиглахад нь саад учруулахгүй байхыг хариуцагч Д.Эн т даалгах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.5, 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо,  Үйлдвэр, /17041/ Туул гол гудамж, 69А дугаар байрны 54 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2206019740 дугаарт бүртгэгдсэн 74.54 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц нь Д.Эболон түүний гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч мөн болохыг тогтоож, уг орон сууцыг эзэмших, ашиглахад нь саад учруулахгүй байхыг хариуцагч Д.Эн т даалгасугай.  

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Эод олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.МӨНГӨНТУУЛ