Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1067

 

 

 

 

 

 

 

 

      2022          08           30                                   2022/ШЦТ/1067

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга: Г.Хулан,

улсын яллагч: Э.Чанцалням,

шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2208000000000 тоот хэргийг 2022.08.23-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Увс аймгийн Улаангом суманд 1976 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, химийн технологич мэргэжилтэй, “Х” ХХК-д туслах ажилтай, ам бүл-2, хүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Хайрханы 00-00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**000000/ Жангас овогт Днгийн О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Хайрхан 00-00 тоотод байрлах гэртээ төрсөн эгч Д.Дтай маргалдсан ба нуруу руу нь халуун цай асган түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/,

- Хохирогч Д.Дын: “...манай дүү “ёдор авгай минь наад хоёр хүүхдээ аваад зайл” гэж хөөсөн. Тэгэхээр нь би ууж байсан цайны шавхруунаас ам руу нь цацсан чинь миний дээрээс 3 литрийн халуун савтай цай ар нуруу руу асгахаар нь би “түлж аллаа ш дээ” гээд гэрээс гараад явсан” гэх мэдүүлэг /хх-7-9/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022.07.18-ны өдрийн 9867 дугаартай “Д.Дын биед цээж, хүзүү, зүүн мөр, зүүн даланд 1-2-р зэргийн түлэгдэлт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь өндөр хэмийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-17-18/,

- Яллагдагч *******ын “манай ээжийн 80 насны ой удахгүй болох байсан ба ойн баярт зориулсан мөнгө хураах болсон. Уг асуудлаас болоод бага зэрэг маргалдсан ба манай эгч Д.Д над руу аягатай цай цацахаар нь би бухимдсандаа гэрт байсан халуун савтай цайг Д.Д эгч рүү цацсан ба манай эгчийн нуруу мөр хэсэг нь түлэгдсэн. Өөр маргаан болоогүй. Би эгчээсээ уучлалт гуйгаад бид хоёр хоорондоо хэвийн сайхан харилцаатай байгаа” гэх мэдүүлэг /хх-26/ зэрэг баримтууд хамаарч байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 9 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо Хайрхан 13-34 тоотод амьдрах эцэг, эхийнхээ гэрт төрсөн эгч Д.Дтай маргалдсан ба Д.Д нь ууж байсан аягатай цайгаа ******* руу цацсан, ******* нь түүний нуруу руу нь халуун савтай цай цацаж асгасны улмаас Д.Дын биед “цээж, хүзүү, зүүн мөр, зүүн даланд 1-2-р зэргийн түлэгдэлт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-2/, хохирогч Д.Дын мэдүүлэг /хх-7-9/, хүний биед хийсэн шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022.07.18-ны өдрийн 9867 дугаартай “цээж, хүзүү, зүүн мөр, зүүн даланд 1-2-р зэргийн түлэгдэлт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь өндөр хэмийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-17-18/, шүүгдэгч *******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч ******* нь хувийн харилцаанаас үүдэлтэй маргааны явцад төрсөн эгч Д.Д руу халуун савтай цай цацаж асган түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь танхайн сэдэлттэй, шууд санаатай үйлдэл байх тул *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Д.Д нь хохирол төлбөртэй холбоотой баримт гаргаж өгөөгүй, иргэний нэхэмжлэл гаргаагүй ба “*******тай эвлэрсэн, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх /хх-42/ хүсэлтийг шүүхэд гаргасан байна. Иймд шүүх иргэний нэхэмжлэлийн асуудлыг энэ шүүх хуралдаанаар хэлэлцээгүй болно. Хохирогч нь цаашид шаардлагатай гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь хохирогч Д.Дтай эвлэрсэн гэх ба гэмт хэрэг үйлдэхэд хохирогч Д.Дын зүй бус харилцаа нөлөөлсөн /ууж байсан цайгаа түрүүлж цацсан г.м/ нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Харин гэмт хэрэг үйлдэхдээ халуун савтай цайг зэвсгийн чанартайгаар хэрэглэж цацаж, асгасны улмаас хохирогч Д.Дын биед бие махбодын шаналал зовуурь бүхий өндөр хэмийн үйлчлэлээр үүссэн, 1-2-р зэргийн түлэгдэлт гэмтэл учруулсныг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдэж буй нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байгаа болно. /хх-29/

Дээрх нөхцөл байдал болон ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн санал хүсэлт, шүүгдэгч *******ын хувийн байдал зэргийг харгалзан прокурортой тохиролцсон ял оногдуулах саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэж, торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Жангас овогт Дгийн Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Жангас овогт Дгийн От 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан *******т оногдуулсан 550000 төгрөгөөр торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч Д.Д нь гомдол саналгүй гэсэн, иргэний нэхэмжлэл гаргаагүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч Д.Д нь эмчилгээ, шинжилгээтэй холбогдон гарсан зардлын нотлох баримтаа бүрдүүлж өөрийн болон *******ын оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг болохыг заасугай.

6. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг *******т мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ