Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/145

 

 

 

 

   

                                

      2022         08           26                                        2022/ШЦТ/145

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

         улсын яллагч М.Отгонбаатар,

         хохирогч Н.Баярмагнай /цахимаар/,

         шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Цд холбогдох эрүүгийн 2219001090177 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: Б.Ц

         Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.Ц нь 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, Харуул овоо гудамжны задгай тоотод хохирогч Н.Баярмагнайн баруун гарын сарвуу хэсэгт 1 удаа хутгалж, баруун сарвууны шөрмөсний тасралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Шүүгдэгч Б.Цийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр найзындаа очиж архи уусан. Тэгээд Баярмагнайнд очоод наргиад ахдаа ирж золгосонгүй гэтэл намайг ирж цохисон. Тэгээд намайг гарах гэхэд яс үндсээр доромжилсон. Би гэрээсээ хутга авч ирээд Баярмагнайн гарыг хутгаар гэмтээсэн. Айсандаа хутга авч очсон. Хутгаа гарч явах замдаа шидчихсэн. Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө, нэхэмжилж байгаа 3.000.000 төгрөгийг төлнө. Хэргийн хувьд маргахгүй гэсэн мэдүүлэг,

           -Хохирогч Н.Баярмагнайгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Манайх Цийн газар дээр буусан байсан юм. Тэгээд надаас хааяа архи, пивоны мөнгө нэхэхээр нь өгөөд л гаргадаг. Тэр өдөр мөн л мөнгө шаналгахаар орж ирсэн. Тэгээд бид хоёр маргалдсан. Ц гарч яваад хутга авчирч гар руу хутгалсан. Одоо шөрмөс нь тасарсан. Гар бүтэн атгагдахгүй болсон. Би уг нь мөнгө цаас нэхсэн. Тэгтэл чамд юу өгдөг юм, шоронд чинь оръё гээд агсраад байсан. Хот орж хагалгаанд орсон, эм тариа хэрэглэсэн. Тухайн үед хэдэн баримт байснаа мөрдөгчид өгсөн. Өөр бусад баримтыг авч чадаагүй байгаа. Одоо гар бүрэн атгагдахаа больсон. Би хохиролд 3.000.000 төгрөг нэхэмжилнэ. Хохирол барагдуулчихвал гомдол санал алга гэсэн мэдүүлэг,

           -Яллагдагч Б.Цийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Тухайн өдөр би нэлээн их хэмжээний согтуурсан байдалтай Баярмагнайн гэрт орсон. Би гэрт нь ороод юм яриад байж байтал Баярмагнай намайг алгадаад байсан. Тэгээд би чи яагаад байгаа юм гэж бид 2 муудалцсан. Баярмагнай намайг яс үндсээр минь доромжилж алгадаад өшиглөөд байхаар нь миний уур хүрээд Баярмагнайн гэрээс гараад өөрийн гэртээ очиж хутга аваад Баярмагнайн гэрт очиж Баярмагнайг хутгалах гэтэл гараараа хамгаалаад баруун гарын сарвуу хэсгийг зүссэн гэсэн мэдүүлэг /хх 17-18, 54-55 ху/,

          -Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 02/0206 дугаартай дүгнэлтэнд: 

          1.Н.Баярмагнайн биед баруун сарвууны шөрмөсний тасралт гэмтэл тогтоогдлоо.

          2.Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

          3.Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

          4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэсэн дүгнэлт х 26 ху/,

          -Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 19-24 ху/,

          -Хохирогч Н.Баярмагнайн өвчний түүх /хх 38-46 ху/,

          -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 28 ху/,

          -Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 48-50, 54-55 ху/ зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           Шүүгдэгч Б.Ц нь 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, Харуул овоо гудамжны задгай тоотод хохирогч Н.Баярмагнайгийн баруун гарын сарвуу хэсэгт 1 удаа хутгалж, баруун сарвууны шөрмөсний тасралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Б.Цийн “...Би гэрээсээ хутга авч ирээд Баярмагнайн гарыг хутгаар гэмтээсэн. Айсандаа хутга авч очсон. Хохирол 3.000.000 төгрөгийг төлнө. Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө” гэсэн мэдүүлэг, хохирогч Н.Баярмагнайгийн “...Тэр өдөр мөн л мөнгө шаналгахаар орж ирсэн. Тэгээд бид хоёр маргалдсан. Ц гарч яваад хутга авчирч гар руу хутгалсан. Одоо шөрмөс нь тасарсан. Гар бүтэн атгагдахгүй болсон” гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед баруун сарвууны шөрмөсний тасралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн 02/0206 дугаартай дүгнэлт, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Н.Баярмагнайн өвчний түүх болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

          Шүүгдэгч Б.Цийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

          Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

          Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Баярмагнайн баруун сарвууны шөрмөсний тасралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан бөгөөд хохирогч нь гэм хорын хохиролд 3.000.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Б.Ц төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул  нэхэмжлэлийг хангаж 3.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй.

         Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон хохирол төлөхөө илэрхийлж байгаа байдал, прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Б.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цд 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. 

         4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цээс гэм хорын хохирол 3.000.000 /гурван сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 5-р баг Харуул овоод оршин суух Н.Баярмагнай /ОТ75060472/-д олгосугай.

         6.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА