Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
Хэргийн индекс | 183/2018/00238/И |
Дугаар | 183/ШШ2018/0727 |
Огноо | 2018-03-26 |
Маргааны төрөл | Патентийн хуулиар бусад, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 183/ШШ2018/0727
2018 оны 03 сарын 26 өдөр | Дугаар 183/ШШ2018/0727 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 61-20 тоотод оршин суух, 1975 онд төрсөн, 43 настай, эрэгтэй, Б овогт Сгийн Э /рд:КЛ75112116/,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 24 дүгээр байр 1-08 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, 52 настай, эрэгтэй, Ө овогт Чын А /рд:ЧК66032079/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Энгельсийн гудамж, өөрийн байрлах З ОНӨААТҮГ /рд:5893704/-т холбогдох,
Лицензийн гэрээний үүрэгт 2 683 800 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Э, Ч.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Г /ШТЭҮД-0020/, С.Га /ШТЭҮД-2005/, хариуцагч З ОНӨААТҮГ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагчийн өмгөөлөгч Н.Бу /ШТЭҮД-1581/, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт тайлбарлахдаа: Нэхэмжлэгч С.Э, Ч.А нар нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн утга нь н.Жаргалсайхан, С.Э, Ч.А нар нь 2006 онд троллейбус JEA-800, тогтмол тоон гүйдлээр хурдыг удирдах JAF & N систем, JAF-01 тогтмол гүйдлийн хувиргуур, хосолмол тэжээлийн үүсгэвэрт троллейбус “Дуобус-МЛ” зэрэг оюуны бүтээлийг бүтээж, 2007 он, 2008 онд дээрх бүтээлүүдээ JAF-01 тогтмол гүйдлийн хувиргуур бүтээлд 3178 дугаар, троллейбус JEA-800 бүтээлд 2927 дугаар, тогтмол тоон гүйдлээр хурдыг удирдах JAF & N систем бүтээлд 3177 дугаар, хосолмол тэжээлийн үүсгэвэрт троллейбус “Дуобус-МЛ” бүтээлд 3181 дугаар, троллейбус JEA-800 бүтээлд 1801 дугаартай патентуудыг тус тус авсан. Улмаар 2008 оны 12 дугаар сарын 25-ны дээрх 2927 дугаартай патенттай троллейбус JEA-800, тогтмол тоон гүйдлээр хурдыг удирдах JAF & N систем, JAF-01 тогтмол гүйдлийн хувиргуур, хосолмол тэжээлийн үүсгэвэрт троллейбус “Дуобус-МЛ” зэрэг шинэ бүтээлийг Цахилгаан тээвэр компанитай патентийн лицензийн гэрээ байгуулсан. Уг лицензийн гэрээний 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “лиценз авагч нь шинэ бүтээлийг ашигласны төлбөрийг лиценз өгөгчид төлөх ба төлбөрийн хэмжээ талууд харилцан тохиролцсон шийдвэрлэснээс хойш 4-5 жилийн дотор бэлнээр төлнө гэж заасан. Тодруулбал 2009-2012 оныг дуустал энэхүү гэрээний 1 дүгээр зүйлд заасан шинэ бүтээлүүдийн жил бүрийн төлбөрийг шинээр троллейбус, дуобус, электробус, монбусуудыг үйлдвэрлэснээр олсон орлого, цахилгааны хэмнэлт зэрэг бусад үр ашгаас тооцож олгоно” гэж заасан. Мөн гэрээний 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “лицензээр ашиглах шинэ бүтээлийн үнэт чанар, төрөл, ашиглах хэлбэр, үйлдвэрлэлийн хэмжээ, тооцоологдож байгаа эдийн засгийн үр ашиг, бодит орлогыг харгалзан лиценз шинээр троллейбус, дуобус, электробус, монбусуудыг үйлдвэрлэснээр олсон орлого болон хэмнэлтээс олсон орлогыг жил тутамд 25%-тай тэнцэх хэмжээний шимтгэлт төлбөрийг лиценз авагч лиценз өгөгчид жил бүр төлөх үүрэгтэй гэж заасан байгаа. Цахилгаан тээвэр ОНӨААТҮГ-ын 2014 оны аудиторын тайланд тусгагдсанаар 2006-2013 онуудад 50 ширхэг, 5.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий троллейбус, дуобус үйлдвэрлэж ашиглалтанд оруулсан ба өөрийн нөөц бололцоогоо ашиглан дотооддоо троллейбус үйлдвэрлэн гаргаснаар дэлхийн зах зээлийн үнийн зөрүү, ашиглалтын үеийн цахилгааны зарцуулалтын хэмнэлт, нийт орлогын нийлбэрээр 21,3 тэрбум төгрөгний өгөөжтэй ажилласан байна гэж үзсэн. Мөн Монгол Улсын Оюуны өмчийн газрын 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 04 тоот батламжаар Оюуны өмчийн газрын үнэлгээний комиссын 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн дээрх 2927 дугаар патенттай троллейбус JEA-800, 3177 дугаар тогтмол тоон гүйдлээр хурдыг удирдах JAF & N систем, 3178 дугаар патенттай JAF-01 тогтмол гүйдлийн хувиргуур, 3181 дугаар патенттай хосолмол тэжээлийн үүсгэвэрт троллейбус “Дуобус-МЛ”, 1801 дугаар патенттай троллейбус JEA-800 загварын шинэ бүтээл, бүтээлийн ашигтай загварын нийт 4 260 000 000 төгрөгөөр үнэлж батламж олгосон. Энэ нь аудитын дүгнэлтэнд дурьдсан 21,3 тэрбум төгрөгийн 20% болно. Патентийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5 дахь хэсэгт шинэ бүтээл бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар зохиогч нь “шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг ашиглаж олсон бусад этгээдийн орлогоос зохих хэмжээний төлбөр авах эрхтэй” гэж заасан. Патент эзэмшигч нар харилцан тохиролцсоны дагуу С.Э, Ч.Ариунбаатар нар нь төлбөрийн 63 хувийг авахаар тохиролцсон тул Монгол Улсын өмчийн газрын үнэлгээний комиссын үнэлгээний дагуу 4 260 000 000 төгрөгний 63% болох 2 683 800 000 төгрөгийг гаргуулахаар ЗОНӨААТҮГ-т өргөдөл гаргасан боловч бидний хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг өгсөн. Иймд ЗОНӨААТҮГ-аас бидэнд дээрх 2 683 800 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Аудитын дүгнэлтэнд авагдсан зүйлээс харахад патент эзэмшигч нарын хариуцагчид ашиглуулж байгаа 50 төрлийн зүйлээс нийтдээ 10 төрлийн троллейбус өөр байдаг боловч бусад нь адилхан байгаа. Бусад 40 төрлийн зүйлийг хариуцагч тал ашиглаж орлого олон, хэмнэлт гаргасан гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус дүүргийн шүүхэд иргэн С.Э, Ч.А нар нь лицензийн төлбөр 2 683 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг эс зөвшөөрч байна. Учир нь гэрээнд заасан ёсоор хийх ёстой байсан 40 троллейбусыг хийгээгүй тул нэхэмжлэгч нарын шаардах зүйл уг үнийн дүнд хүрэхгүй, мөн тооцооллын алдаа гаргасан байна. Талуудын хооронд байгуулсан Патентийн лицензийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт зааснаар 40 ширхэгээс доошгүй шинэ бүтээлийг үйлдвэрлэж нийлүүлсэн тохиолдолд лицензийн шагнал олгох үндсэн үзүүлэлт болно гэж заасан байгаа. Мөн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт зааснаар 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 40 ширхэгээс дээш тооны шинэ бүтээл угсарсан тохиолдолд уг гэрээг патентийн гэрээг бүртгүүлэхээр тохиролцсон. Тэгэхээр энд 40 ширхэг шинэ бүтээл үйлдэрлэсэн байх шаардлага тавигдаж байна. Энэ 40 ширхэг троллейбусыг үйлдвэрлээгүй тохиолдолд патентийн лицензийн шагнал гэдэг зүйл яригдахгүй байхаар урьдчилсан нөхцөлийг гэрээнд тусгасан байна. Яагаад 40 троллейбус хүрэхгүй байна гэхээр хэрэгт аудитын дүгнэлтийн хавсралт дэлхийн зах зээлийн үнэ дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хэмнэлт гэсэн хүснэгт гэж байгаа. Энэ хүснэгтийн 4-10 дугаар хэсэгт UB most буюу Улаанбаатар Москвагийн тролейбусны заводын хамтын ажиллагааны дүнд хамтарч угсарсан троллейбусны 26-30 дугаартай буюу нийтдээ 12 ширхэг троллейбусыг патентийн лицензийн гэрээний дагуу хийгээгүй. Тэгэхээр энэ 12 троллейбусыг хасахаар 38 ширхэг троллейбус шинээр угсарсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дараагийн нэг зүйл бол Патентийн тухайн хуулийн 16 дугаар зүйлийн 16.8 дахь хэсэгт Энэ хуулийн 16.7-д зааснаар зохиогч өөрийн нэр дээр патент, гэрчилгээ авсан тохиолдолд ажил олгогч тухайн бүтээлийг ашиглахдаа патент, гэрчилгээ эзэмшигчид гэрээний үндсэн дээр зохих төлбөр төлнө гэж зааснаар гэрээгээр талуудын төлбөрийн хэмжээ тогтоогдсон байх нь байна. Бидний байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт 20-25%-тай тэнцэх хэмжээний гэж хоорондоо 5%-ийн интервальтай тогтоосон. Яг эцсийн байдлаар 20% юм уу, 25 % юм уу гэдгийг тогтоогоогүй байгаа учраас шагналын хэмжээг эцэслэн тогтоогоогүй юм байна гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Э, Ч.А нар нь хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдуулан лицензийн гэрээний үүрэгт 2 683 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч,”...гэрээнд заасан ёсоор хийх ёстой байсан 40 троллейбусыг хийгээгүй тул нэхэмжлэгч нарын шаардах зүйл уг үнийн дүнд хүрэхгүй, мөн тооцооллын алдаа гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.
Хэргийн баримтаас үзэхэд Монгол Улсын Шадар сайдын 2007 оны 59 дүгээр тушаалаар Ч.А, С.Э, Д.Жаргалсайхан нарт Троллейбус JEA-800 бүтээлд 1801, 2927 тоот шинэ бүтээлийн патентыг 2007 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 10 жилийн хугацаагаар, Монгол Улсын Тэргүүн Шадар сайдын 2008 оны 6 дугаар тушаалаар Ч.А, Д.Жаргалсайхан нарт JAF-01 тогтмол гүйдлийн хувиргуур бүтээлд 3178 тоот шинэ бүтээлийн патент, тогтмол тоон гүйдлээр хурдыг удирдах JAF & N систем бүтээлд 3177 тоот шинэ бүтээлийн патентыг 2008 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 20 жилийн хугацаагаар, 2008 оны 13 дугаар тушаалаар Ч.А, С.Э, Д.Жаргалсайхан нарт хосолмол тэжээлийн үүсгэвэрт тролейбус “Дуобус-МЛ” бүтээлд 3181 тоот шинэ бүтээлийн патентыг 2008 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 20 жилийн хугацаагаар тус тус олгожээ.
Ийнхүү патент эзэмшигч Д.Жаргалсайхан, Ч.А, С.Э нар болон “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГазрын хооронд 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Патентийн лицензийн гэрээ байгуулагдаж, Патентийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д “Лицензийн гэрээг бичгээр үйлдэх бөгөөд оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно” гэж зааснаар Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 02 тоот лицензээр улсын бүртгэлийн 1801 тоот Троллейбус JEA-800 бүтээгдэхүүний загварыг лицензийн гэрээний улсын бүртгэлийн 02 тоотод бүртгэсэн байх тул дээрх хэлцэл хүчин төгөлдөр байх ба талууд энэ талаар маргаагүй.
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоолоор “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГазрыг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үүсгэн байгуулж, “Автобус-1”, “Автобус-3” ОНӨААТҮГазар, “Цахилгаан тээвэр” НӨҮГазруудыг татан буулгаж, тэдгээрийн үйл ажиллагаа, хөрөнгийн эх үүсвэрийг шинээр байгуулагдсан Нийслэлийн “Зорчигч тээвэр нэгтгэл” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт нийлүүлж, улсын бүртгэлд 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр бүртгүүлснээр “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГазрын эрх залгамжлан авсан этгээд нь Нийслэлийн “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГазар байх тул хариуцагчаар тодорхойлсон нь зөв байна.
Талуудын хооронд байгуулагдсан Патентийн лицензийн гэрээний 6.1-д “Лиценз авагч нь шинэ бүтээлүүдийг ашигласны төлбөрийг лиценз өгөгчид төлнө”, 6.3-т “Лицензийн төлбөрийн хэмжээг гэрээний талууд харилцан тохиролцож шийдвэрлэснээс хойш 4-5 жилийн дотор төлбөрийг бэлнээр төлж эхэлнэ. Тодруулбал 2009-2012 оныг дуустал энэхүү гэрээний 1.1-д заасан бүтээгдэхүүний загварын жил бүрийн төлбөрийг шинээр троллейбус үйлдвэрлэснээр олсон орлого, цахилгааны хэмнэлт зэрэг бусад үр ашгаас тооцож олгоно”, 6.4-т “Лицензээр ашиглах гэж байгаа бүтээгдэхүүний загварын үнэт чанар, төрөл, ашиглах хэлбэр, үйлдвэрлэлийн хэмжээ, тооцоологдож байгаа эдийн засгийн үр ашиг, бодит орлогыг харгалзан лиценз авагчийн шинээр троллейбус үйлдвэрлэснээр олсон орлого, цахилгааны хэмнэлтээс жил тутамд олсон орлого болон хэмнэлтээс 20-25 хувьтай тэнцэх хэмжээний шимтгэлт төлбөрийг лиценз авагч нь лиценз өгөгчид жил бүр төлөхөөр тохиролцов” гэж тус тус заасан байх бөгөөд Патентийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Сонирхогч этгээд патент олгосон шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, гэрчилгээ бүхий ашигтай загварыг ашиглах тохиолдолд патент, гэрчилгээ эзэмшигчтэй лицензийн гэрээ байгуулна”, 19.2-т “Лицензийн гэрээгээр патент, гэрчилгээ эзэмшигч нь хамгаалагдсан бүтээлийг ашиглах зөвшөөрлийг бүтээл ашиглагчид олгох, бүтээл ашиглагч гэрээгээр тогтоосон төлбөр төлөх болон гэрээгээр тодорхойлсон бусад үүрэг хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгч нар гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “...Талуудын хооронд байгуулсан Патентийн лицензийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт зааснаар 40 ширхэгээс доошгүй шинэ бүтээлийг үйлдвэрлэж нийлүүлсэн тохиолдолд лицензийн шагнал олгох үндсэн үзүүлэлт болно гэж заасан. Мөн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт зааснаар 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 40 ширхэгээс дээш тооны шинэ бүтээл угсарсан тохиолдолд уг гэрээг патентийн гэрээг бүртгүүлэхээр тохиролцсон. Тэгэхээр энд 40 ширхэг шинэ бүтээл үйлдэрлэсэн байх шаардлага тавигдаж байна. Энэ 40 ширхэг троллейбусыг үйлдвэрлээгүй тохиолдолд патентийн лицензийн шагнал гэдэг зүйл яригдахгүй байхаар урьдчилсан нөхцөлийг гэрээнд тусгасан байна. Гэтэл аудитын дүгнэлтийн хавсралт дэлхийн зах зээлийн үнэ дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хэмнэлт гэсэн хүснэгтэд байгаа UB most буюу Улаанбаатар Москвагийн тролейбусны заводын хамтын ажиллагааны дүнд хамтарч угсарсан троллейбусны 26-30 дугаартай буюу нийтдээ 12 ширхэг троллейбусыг патентийн лицензийн гэрээний дагуу хийгээгүй юм. Тэгэхээр энэ 12 троллейбусыг хасахаар 38 ширхэг троллейбус шинээр угсарсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 183/ШЗ2018/01500 дугаар “Хүсэлт шийдвэрлэж, нотлох баримт гаргуулах тухай шүүгчийн захирамж гаргаж, Оюуны өмч, улсын бүртгэлийн газраас дээрх Патентын лицензийн гэрээг гаргуулахаар шийдвэрлэсэн. Тус газраас 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 9/1544 дүгээр албан бичгээр ирүүлсэн Патентийн лицензийн гэрээний 6.5-д “Энэ зүйлийн 4 дүгээрт дурдсан бүтээгдэхүүний загварыг 2009-2012 онд бүгд 20-иос доошгүйг үйлдвэрлэж нийлүүлсэн тохиолдолд эсвэл 2009-2013 оныг дуустал үйлдвэрлэсэн тоог лицензийн шагнал олгох үндсэн үзүүлэлт болгохоор лиценз авагч нь лиценз өгөгчидтэй тохиролцов”, 8.2-т “Гэрээ нь гэрээний талууд гарын үсэг зурж, троллейбус 2009 оны 01 дүгээр сарын 01-нээс хойш 20-иос дээш тоогоор угсран үйлдвэрлэлд шилжүүлэх хүртэл патентийн газарт уг гэрээг бүртгүүлэхгүй байхаар гэрээг байгуулав” гэж заасан байх бөгөөд хариуцагч тал шүүх хуралдааны нотлох баримт шинжлэн судлах шатанд гэрээний дээрх заалттай танилцсанаар, өөрийн татгалзлаа дэмжээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Хавтаст хэрэгт “Дөлгөөн хайрхан уул аудит” ХХК-ийн хараат бус аудиторын дүгнэлтийг нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн байх бөгөөд дүгнэлтэд:
-Тус байгууллага нь өөртөө троллейбус үйлдвэрлэхээс өмнө шугамандаа 36 троллейбус ашиглаж, уг троллейбусыг ОХУлсаас оруулж ирсэн, үнэ өндөр, зардал ихтэй, цаашид худалдан авах боломж муу зэрэг шалтгааны улмаас өөрийн нөөц бололцоогоо ашиглан 2006 оноос эхлэн JEA-800 загварын троллейбус, электробус үйлдвэрлэж ашиглаж эхэлсэн, нийт үйлдвэрлэсэн 50 ширхэг JEA-800 загварын дуобус, монбусны өртөг нь ОХУ-ын Башкирт үйлдвэрлэсэн троллейбусны үнээс 12.9 тэрбум төгрөгөөр, Чех улсын IVECO компанийн троллейбусны үнээс 1.8 тэрбум төгрөгөөр хямд үйлдвэрлэгдсэн,
-“Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГазарт ашиглагдаж байсан ЗХУ-ын Зиу-682 маркийн троллейбус болон шинээр үйлдвэрлэсэн JEA-800 загварын дуобус, монбусны цахилгаан зарцуулалт болон шугам цагийн тооцоог сүүлийн 5 жилээр авч үзэхэд цахилгаан зарцуулалт буурсан,
-“Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГазар нь 2006-2013 онуудад 50 ширхэг 5.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий троллейбус, дуобус үйлдвэрлэж ашиглалтад оруулснаар зах зээлийн үнэ, цахилгааны зарцуулалт, нийт орлогын хэлбэрээр 21.3 тэрбум төгрөгийн өгөөжтэй ажилласан,
-“Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГазарт үйлдвэрлээд өөртөө ашиглаж байгаа шинэ троллейбусууд 2009-2013 оны байдлаар 5 095.6 сая км явж, 8 тэр бум төгрөгийн орлого олсон талаар тусгасан.
Түүнчлэн Оюуны өмчийн газрын 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 3/76 тоот албан бичгээр “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГазарт хүргүүлсэн “Оюуны өмчийн үнэлгээ баталгаажуулсан дүгнэлт-ээр: 2927 тоот патент бүхий “Троллейбус JEA-800”, 3177 тоот патент бүхий “Тогтмол тоон гүйдлээр хурдыг удирдах JAF & N систем”, 3178 тоот патент бүхий “Хосолмол тэжээлийн үүсгэвэрт тролейбус Дуобус-МЛ” шинэ бүтээлүүд, 1801 тоот патент бүхий “Троллейбус JEA-800” бүтээгдэхүүний загварын үнэлгээг аудитын тооцоо, гаргасан хэмнэлт зэргийг харгалзан үзсэнээр 4 260 000 000 /дөрвөн тэрбум хоёр зуун жаран сая/ төгрөгөөр үнэлэгдэх боломжтой болохыг тогтоож баталгаажуулжээ.
Дээрх аудитын дүгнэлт болон Оюуны өмчийн газрын дүгнэлтийг няцаасан баримтыг хариуцагч тал хавтас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүй, нэхэмжлэгчийн “...гэрээний 6.4-т зааснаар жил тутамд олсон орлого болон хэмнэлтээс 20-25 хувьтай тэнцэх хэмжээний шимтгэлт төлбөрийг авахаар тохиролцсон боловч бид аудитын 21 300 000 000 төгрөгийн өгөөжтэй ажилласан гэх дүнгийн 20 хувиар буюу гэрээгээр тохиролцсон доод хэмжээгээр тооцож нэхэмжилж байгаа” гэх тайлбарыг мөн хариуцагч үгүйсгээгүй байна.
Иймд нэхэмжлэгч нарт Патентын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5-д “шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг ашиглаж олсон бусад этгээдийн орлогоос зохих хэмжээний төлбөр авах” гэж зааснаар олгох төлбөрийг гаргуулахдаа патент эзэмшигч Д.Жаргалсайхан, С.Э, Ч.А нарын нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “Төлбөр хуваах гэрээ”-гээр 2927 дугаар патенттай Троллейбус JEA-800, 3177 дугаар патенттай тогтмол тоон гүйдлээр хурдыг удирдах JAF & N систем, 3178 дугаар патенттай JAF-01 тогтмол гүйдлийн хувиргуур, 3181 дүгээр патенттай хосолмол тэжээлийн үүсгэвэрт тролейбус “Дуобус-МЛ”, 1801 дугаар патенттай Троллейбус JEA-800 шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварт ноогдох төлбөрийг ЗОНӨААТҮГазраас гаргуулсны 37 хувьд ногдох төлбөрийг Д.Жаргалсайхан, 33 хувьд ногдох төлбөрийг С.Э, 30 хувьд ногдох төлбөрийг Ч.А авахаар тохиролцсоны дагуу хариуцагч Зорчигт тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазраас 4 260 000 000 төгрөгийн 33 хувь болох 1 405 800 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Эид, 30 хувь болох 1 278 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Аад тус тус олгохоор шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.2-т зааснаар патент, зохиогчийн эрхтэй холбогдсон нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан хариуцагчаас 13 576 950 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Патентийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЗОНӨААТҮГазраас 1 405 800 000 /нэг тэрбум дөрвөн зуун таван сая найман зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Эид, 1 278 000 000 /нэг тэрбум хоёр зуун далан найман сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Аад тус тус олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 13 576 950 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ