Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/88

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 07 сарын 19 өдөр                                         Дугаар 2022/ШЦТ/88                                                           Даланзадгад сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,

            Шүүгдэгч Э.Б,

            Нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах П.Цэнднасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Эы Бт холбогдох 2228001770097 дугаартай нэг хавтаст хэргийг 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б овгийн Эы Б нь Хил хамгаалах газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 6/1710 дугаартай тушаалаар хилийн 0166 ангид томилогдож, ахлагч цолтойгоор цэргийн гэрээт алба хааж байгаад 2022 оны ээлжийн амралтаа аваад, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ажилдаа орох байсан боловч 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 70 хоног анги, байгууллагадаа эргэж ирээгүй, цэргийн албанаас оргон зайлсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Ээлжийн амралтаа авч яваад хотод очоод бие өвдөөд эргээд ажилдаа орж чадаагүй. Анх 2019 онд ажилд орсон. 2020 онд дэд ахлагч цол авсан. Ээлжийн амралтыг 2021 оны 03 дугаар сард авсан байх. Ажлын 20 хоног амардаг. Урд нь хүмүүс ингээд ажлаа хаяад гараад байдаг байсан юм. Би ийм юм болно гэж мэдээгүй. Ээлжийн амралтын хуудас гэж бол өгөөгүй. Гарт өгөөгүй. Хоногоо тооцоолоод мэдэх нь мэдэж байсан. Бие өвдөөд байхаар нь ер нь гаръя гэж бодсон байсан юм гэв.

Хууль ёсны төлөөлөгч Д.М  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:  Хилийн цэргийн 0166 дугаар ангийн жолооч албан тушаалтай дэд ахлагч Э.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн хооронд ээлжийн амралтаа биеэр эдлээд дууссан. 2022 оны 02 дугаар сарын 17-ны өглөө ажилдаа орох ёстой байсан боловч ирээгүй. Утсаар холбогдож асуух гэхэд утас нь болоогүй, энэ өдрөөс хойш холбоо барьж чадахгүй байсан. Харин манай анги байгууллагын зүгээс цахим хаяг гар утсаар нь холбогдох гэж үзсэн. Сүүлдээ арга барагдаад ээж, болон дүү нарт хандахад Улаанбаатар хотод яваа удахгүй очиж ажлаа хийнэ гэж хэлдэг. 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс хойш 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл буюу Цагдаад гомдол гаргасан өдөр хүртэл ажлын 70 хоног тасалсан. Одоо болтол тушаал нь гараагүй явж байгаа. Захиргааны журмаар халах гэхээр яагаад ажилдаа ирэхгүй байгаа шалтгаан нөхцөлийг тогтоох, төрийн албаны тухай хууль болон цэргийн нийтлэг дүрмүүдийн сахилгын дүрмийн 3 дугаар бүлгийн 36 дугаар зүйл зааснаар алба хаагчийг сахилгын шийтгэл гаргасан бол хуулийн байгууллагад шалгуулах үндэслэлтэй. 14 хоногийн хугацаанд ангийн байранд ирж уулзах талаар мэдэгдэх хуудас өгсөн. Мэдэгдэх хуудсыг ээжид нь өгсөн. ...Тус алба хаагч Э.Бын ээлжийн амралт, чөлөө 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр дуусч маргааш нь ажилдаа орохоор тус ажилдаг албан газарт томилгоонд оруулсан. Хилийн цэргийн анги байгууллагын алба хаагч нар хилийн албанд үүрэг гүйцэтгэхдээ томилгоонд оруулж, Улсын хил хамгаалалтанд үүрэг гүйцэтгэдэг. Үүрэг гүйцэтгэх алба хаагчийг хоног тутам улсын хил хамгаалалтанд томилдог. Олон хоногоор ажлаа хаяад явсан нь бусад алба хаагч нартаа ажлын ачаалал үүсгэх, албаны ачаалал үүссэнээс бусад алба хаагчийн ажлын ачаалал нэмэгдэж тэр хэрээр манаанд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч, үүрэг гүйцэтгэх чадвар суларч улсын хилийн халдашгүй дархан байдал алдагдана. Мөн Цэргийн алба хаагч өргөсөн тангарагаасаа няцсан үйлдэл болж байгаа. Цэргийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар биеэр хааж байгаа Цэргийн жинхэнэ алба хаагчийг цэргийн тангараг өргүүлж, баталгаа авдаг. Цэргийн тангарагт: Эх орноо батлан хамгаалагч дайчин би өргөсөн тангарагаасаа няцваас төрийн хууль ёсны цээрлэл хүлээнэ гэж заасан байдаг. Энэ үүргээсээ алба хаагч няцсан. Хэвийн албан үүргээ гүйцэтгэж явж байгаад ээлжийн амралтаа авсан. Тэрнээс хойш анги байгууллага дээрээ огт ирээгүй. Ямар учиртай болох талаар асуух гэд утсаа авахгүй байгаа. алба хааж байхдаа дарамт шахалт байхгүй, хэвийн байсан. Шууд захирах дарга нь ангийн захирагч болно. Чөлөө, амралт, зөвшөөрөл ангийн захирагч мэднэ. Чөлөө зөвшөөрөл авах алба хаагч нар надаар дамжиж би ангийн захирагчид уламжилж шийдвэрлэнэ гэжээ. /хавтаст хэрийн 13-14 дэх тал/,

Гэрч Д.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Хилийн цэргийн 0166-р ангийн алба хаагч дэд ахлагч Э.Б нь 2022 оны ээлжийн амралтаа биеэр эдлэхээр 2022.01.24-ний өдрөөс эхлэн ээлжийн амралтаа авсан. Ээлжийн амралтаа хуулийн дагуу ангийн захирагчдаа танилцуулан, албан ёсоор ээлжийн амралт олгох хуудсыг бөглөж ээлжийн амралтаа авсан. Ээлжийн амралтыг 2022.01.24-ний өдөр ажлаас нь чөлөөлөн ээлжийг амралтыг олгосон. Уг амралтаа алба хаагч нь Улаанбаатар хот болон Гурвантэс суманд өнгөрөөж байгаа байгууллагад 3-н жил ажиллаж байна. Амралтын хоног нь хөдөлмөрийн хуулийн дагуу 15 хоног амарна, нэмэлт хоног байхгүй, бүх нийтийн амралтын өдөр ороод нийт 23 хоног амрах ёстой байсан. Ажилдаа 2022.02.16-ны өдөр ээлжийн амралт дуусаад 2022.02.17-ны өглөө ажлын өдөр байсан тул ажилдаа ирэх ёстой байсан. Ажилдаа ирэхгүй байхаар нь би өөрөө ажилд орох өдөр нь залгасан чинь банкан дээр ажилтай байна үдээс хойш ажилдаа очно гэж хэлсэн. Тэрнээс хойш ирэхгүй болохоор нь утас руу нь манай алба хаагч болон би өөрөө залгаж байсан. Би 02 дугаар сарын хэдэнд гэдгээ санахгүй байна, 2 удаа утсаар нь залгахад согтуу байсан, би дуу хоолойг нь мэднэ, Б өөрөө утсаа авч байсан боловч Б гэж хүн бишээ гэж утсаа аваад салгаж байсан. 2022.02.17-ны өдрөөс хойш одоог хүртэл холбоо байхгүй хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа, ээжтэй нь холбоо барихаар ээжийнхээ утсыг авдаг. Ээждээ болохоор очно гэж хэлдэг. Бид нарын утсыг авахгүй байгаа. Э.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хил хамгаалах ерөнхий газрын даргын Б/1710 дугаартай тушаалаар Хилийн цэргийн дэд ахлагч цол олгогдож, Хилийн цэргийн 0166 дугаар ангид жолоочийн албан тушаалд томилсон. Б/1710 дугаартай ХХЕГ даргын тушаалыг хуулбарлаж авсан /.... Хил хамгаалах ерөнхий газрын даргын тушаалаар томилогдсон алба хаагчийг 0166 дугаар ангийн захирагч 2020.12.04-ний тушаал гаргаж, Б/157 дугаартай тушаалаар цалинжуулж эхэлсэн. ... Ээлжийн амралтыг 2022.01.24-ний өдөр олгохдоо хуулийн дагуу ээлжийн амралтын хуудсыг олгосон. Ингэснээр алба хаагч ээлжийн амралтаа эдлэх эрх үүсч байгаа. Ажилдаа 2022.02.16-ны өдөр амралт нь дуусч 2022.02.17-ны өдөр ажилдаа орох ёстой байсан. ... Цэргийн алба хаагч нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан Цэргийн нийтлэг дүрэмд зааснаар Цэргийн сахилгын дүрмийн 3 дугаар бүлгийн 36 дугаар зүйлд заасны дагуу.... "Цэргийн жинхэнэ албаны болон цэргийн гэрээт албаны офицер, ахлагч дур мэдэн ангийн байрлалыг орхин явсан, эсхүл амралт, чөлөөгөөр яваад эргэж ирээгүй нь ажлын дараалсан 3 хоногоос хэтэрсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэгт шалгуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ” гэсэн заалтыг удирдлага болгон хандаж байна. Амралт чөлөөг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд хууль сахиулах байгууллагад шалгуулахаар хандах үүрэгтэй гэжээ. /хавтаст хэргийн 19-20 дахь тал/

Гэрч Б.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Чөлөө олгох асуудлын ангийн захирагч мэднэ. Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар баталсан, Цэргийн нийтлэг дүрэм нь 4 бүлэгтэй. 4 дүгээр бүлэг нь Цэргийн алба хаагчийн цэргийн сахилгын талаар заасан байдаг. Энэ дүрмийн зорилго нь: Цэргийн сахилгын агуулга, түүнийг сахин биелүүлэхэд цэргийн алба хаагчийн хүлээх үүрэг, сайшаал ба шийтгэлийн төрөл, тэдгээрийг хэрэглэх захирагч /дарга/-ийн эрхийг тодорхойлж, сайшаал, шийтгэл оногдуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Дүрмийн үйлчлэх хүрээнд цэргийн жинхэнэ албаны болон цэргийн гэрээт албаны офицер, ахлагч, түрүүч, байлдагч, цэргийн сургуулийн сонсогч, “Оюутан-цэрэг”, “Цэргийн албыг дүйцүүлэн хааж буй иргэн", мөн давтан сургалт, цэргийн дайчилгаатай сургуульд оролцож байгаа нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн хамаарна. Мөн энэ дүрмийн 4 дүгээр бүлгийн 36 дугаар зүйлд зааснаар “Цэргийн жинхэнэ албаны болон цэргийн гэрээт албаны офицер, ахлагч дур мэдэн ангийн байрлалыг орхин явсан, эсхүл амралт, чөлөөгөөр яваад эргэж ирээгүй нь ажлын дараалсан 3 хоногоос хэтэрсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэгт шалгуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ. Цэргийн алба хаагчийн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүлж, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр албан тушаалаас нь түдгэлзүүлнэ гэж заасан байдаг гэжээ. /хавтаст хэргийн 24 дэх тал/

Гэрч Ц.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Э.Б-д чөлөө олгох асуудлын ангийн захирагч мэднэ. Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар баталсан, Цэргийн нийтлэг дүрэм нь 4 бүлэгтэй. 4 дүгээр бүлэг нь Цэргийн алба хаагчийн цэргийн сахилгын талаар заасан байдаг. Энэ дүрмийн зорилго нь: Цэргийн сахилгын агуулга, түүнийг сахин биелүүлэхэд цэргийн алба хаагчийн хүлээх үүрэг, сайшаал ба шийтгэлийн төрөл, тэдгээрийг хэрэглэх захирагч /дарга/-ийн эрхийг тодорхойлж, сайшаал, шийтгэл оногдуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Дүрмийн үйлчлэх хүрээнд цэргийн жинхэнэ албаны болон цэргийн гэрээт албаны офицер, ахлагч, түрүүч, байлдагч, цэргийн сургуулийн сонсогч, “Оюутан-цэрэг”, “Цэргийн албыг дүйцүүлэн хааж буй иргэн”, мөн давтан сургалт, цэргийн дайчилгаатай сургуульд оролцож байгаа нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн хамаарна. Мөн энэ дүрмийн 4 дүгээр бүлгийн 36 дугаар зүйлд зааснаар “Цэргийн жинхэнэ албаны болон цэргийн гэрээт албаны офицер, ахлагч дур мэдэн ангийн байрлалыг орхин явсан, эсхүл амралт, чөлөөгөөр яваад эргэж ирээгүй нь ажлын дараалсан 3 хоногоос хэтэрсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэгт шалгуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ. Цэргийн алба хаагчийн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүлж, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр албан тушаалаас нь түдгэлзүүлнэ гэж заасан байдаг. Хилийн цэргийн алба хаагч нар бол чөлөөний хугацаа дууссан бол эрүүгийн хариуцлага хүлээнэ гэдгийг мэдэж байгаа. ... Цэргийн алба хаагч нь цэргийн дүрмээр бол хоорондоо харьцахдаа нэгнийгээ та гэж харьцана. Цэргийн алба хаагч хоорондоо харилцааны зөрчил гаргахгүй байхыг цэргийн нийтлэг дүрмээр хориглосон байдаг. Иймээс Цэргийн алба нар хоорондоо зүй бус харилцааны асуудал байхгүй гэжээ. /хавтаст хэргийн 26 дахь тал/

Гэрч Г.И мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би хилийн цэргийн 0166 дугаар ангид гэрээт хилчин хариуцсан офицер байгаа юм. Би 0166 дугаар ангийн алба хаагчдын сургалт бэлтгэлийг хариуцаж ажилдаг. Жишээ нь цэргийн дүрмийн сургалт, заавар зөвлөгөө, бие бүрэлдэхүүнийг бэлтгэлжилтийг хангах үүрэгтэй. ... Манай анги байгууллагад харилцааны зөрчил байхгүй. Яагаад цэргийн алба хаагч нь цэргийн дүрэмд зааснаар цэргийн алба хаагч нар нэгнийгээ та гэж хүндэтгэж харьцдаг. Дарамт шахалт байхгүй гэжээ. /хавтаст хэргийн 28 дахь тал/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дахь тал/

Хилийн 0166 дугаар ангийн захирагчийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний дөрийн Б/157 дугаартай тушаал /хавтаст хэргийн 37 дахь тал/

Хил хамгаалах ерөнхий газрын 2020 оны 11 дүгээр  сарын 17-ны өдрийн б/1710 дугаартай тушаал /хавтаст хэргийн 38 дахь тал/

Ээлжийн амралт олгох хуудас /хавтаст хэргийн 39 дэх тал/

Хилийн цэргийн 0166 дугаар анги Ө.Бын нийгмийн даатгалын шимтгэлийн баримт /хавтаст хэргийн 40-43 дахь тал/

Хилийн цэргийн 0166 дугаар анги 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 01/61 дугаартай мэдэгдэх хуудас /хавтаст хэргийн 43 дахь тал/

Үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 50 дахь тал/

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 51 дэх тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 52 дахь тал/

Чадамжийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 53 дахь тал/

Дотоод хэргийн их сургуулийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 54 дэх тал/

Улс төр менежментийн академийн захирлын 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 53 дугаартай тушаалын хуулбар /хавтаст хэргийн 55 дахь тал/

Өргөмжлөл /хавтаст хэргийн 57 дахь тал/

Цэргийн үүрэгтний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 58 дахь тал/

Суурь боловсролын гэрчилгээний хуулбар, хилчний алдар тэмдгийн үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 59 дэх тал/

Анкетын хуулбар /хавтаст хэргийн 60-61 дэх тал/

Буцах тасалбар /хавтаст хэргийн 62 дахь тал/

Эрэн сурвалжлагдсан бүртгэл /хавтаст хэргийн 63-65 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 69 дэх тал/

Банк түүний харилцагчийн талаарх мэдээлэл /хавтаст хэргийн 70-74 дэх тал/ зэрэг болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж, шүүгдэгч Э.Бт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 Шүүгдэгч Э.Бт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Бын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

 Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар баталсан, Цэргийн нийтлэг дүрмийн 4 дүгээр бүлгийн 36 дугаар зүйлд “Цэргийн жинхэнэ албаны болон цэргийн гэрээт албаны офицер, ахлагч дур мэдэн ангийн байрлалыг орхин явсан, эсхүл амралт, чөлөөгөөр яваад эргэж ирээгүй нь ажлын дараалсан 3 хоногоос хэтэрсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэгт шалгуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ” гэж,

Цэргийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3.2-т “ахлагч нь "дэд ахлагч", "ахлагч", "ахлах ахлагч", "сургагч ахлагч", "тэргүүн ахлагч" цолтой байх”-аар хуульчилжээ.

Шүүгдэгч Э.Б нь Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 6/1710 дугаартай тушаалаар хилийн 0166 ангид томилогдож, дэд ахлагч цолтойгоор цэргийн гэрээт алба хааж байгаад 2022 оны ээлжийн амралтаа аваад, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ажилдаа орох байсан боловч 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 70 хоног анги, байгууллагадаа эргэж ирээгүй, цэргийн албанаас оргон зайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хууль ёсны төлөөлөгч тус ангийн захиргааны удирдлага хүний нөөцийн тасгийн дарга  Д.Мөнхтулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэрийн 13-14, 19-20 дэх тал/, гэрч Б.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/, гэрч Ц.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/, гэрч Г.И мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дахь тал/, хилийн 0166 дугаар ангийн захирагчийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний дөрийн Б/157 дугаартай тушаал /хавтаст хэргийн 37 дахь тал/, хил хамгаалах ерөнхий газрын 2020 оны 11 дүгээр  сарын 17-ны өдрийн б/1710 дугаартай тушаал /хавтаст хэргийн 38 дахь тал/, ээлжийн амралтын “2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр эхэлж, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр дуусч ажилдаа орох..” гэх олгох хуудас /хавтаст хэргийн 39 дэх тал/, хилийн цэргийн 0166 дугаар анги Ө.Бын нийгмийн даатгалын шимтгэлийн баримт /хавтаст хэргийн 40-43 дахь тал/, Хилийн цэргийн 0166 дугаар анги 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 01/61 дугаартай мэдэгдэх хуудас /хавтаст хэргийн 43 дахь тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч Э.Б нь ээлжийн амралтын хугацаа 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр дуусч ажилдаа орохоо мэдсэн атлаа ангидаа ирээгүй үйлдлийг санаатай үйлдэл гэж үзэх үндэслэлтэй. 

Хууль ёсны төлөөлөгч Д.М шүүгдэгч Э.Баас хохирол төлбөр нэхэмжлээгүй тул бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Бын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзлээ.

Харин шүүгдэгч Э.Бын үйлдэлд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Улсын яллагчийн зүгээс Гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир ял шийтэл оногдуулах үндэслэлтэй. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т  заасан хөнгөрүүлж үзэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Э.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай гэв.

Шүүгдэгч Э.Б: Ар гэрийн шалтгаанаас болоод л ийм байдалд орчихлоо. Өөр хэлэх зүйл байхгүй байна гэх тайлбарыг гаргасан.

 Шүүх шүүгдэгч Э.Быг  дэд ахлагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн ангидаа амралтын чөлөө дууссаны дараа эргэж ирээгүй цэргийн албанаас оргон зайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын харгалзан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоохоор хуульд заасан тул шүүгдэгч Э.Б-т оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн  бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Б бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй. 

Шүүгдэгч Э.Б нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Эы Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар дэд ахлагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн ангидаа амралтын чөлөө дууссаны дараа эргэж ирээгүй оргон зайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Бт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Э.Бт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн  бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

6. Шүүгдэгч Э.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. .

8. Хууль ёсны төлөөлөгч Д.М  шүүгдэгч Э.Баас хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд  зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нэхэмжлэлтэй холбогдох хэсэгтээ 14  хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Э.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлэхийг тус тус мэдэгдсүгэй.

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Э.ОЮУН-ЭРДЭНЭ