Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 129

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг, улсын яллагч П.Даваасүрэн, шүүгдэгч Б.Буман-Учрал, шүүгдэгч Г.Дүгэрсэд, шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Батбаяр /ҮД:0056/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:

 

 Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянхошууны Солонгос авто машины сэлбэгийн дэлгүүрт борлуулагч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 3в хэсэг улиастай гудамж 634 тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, /РД:УБ93021016/ Еншөөв овогт Батбаярын Буман-Учрал,

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Улаангом хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Грийн сити” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 5 дугаар хэсэг гудамж 1258 тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, /РД:ОЮ91120111/ Хархираа овогт Ганболдын Дүгэрсэд нарт

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 201525022032 дугаар 105/2015/1605/Э индекстэй хэргийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Буман-Учрал Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 1 дүгээр байрны аркны дэргэд 2015 оны 10 дугаар сарын 21-ний орой 22 цагийн үед хохирогч Дашжанчивтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан шүүгдэгч Г.Дүгэрсэдтэй бүлэглэн хохирогч Р.Дашжанчивыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Г.Дүгэрсэд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 1 дүгээр байрны аркны дэргэд 2015 оны 10 дугаар сарын 21-ний орой 22 цагийн үед хохирогч Дашжанчивтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан шүүгдэгч Б.Буман-Учралтай бүлэглэн хохирогч Р.Дашжанчивыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Буман-Учралын: 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Дүгэрсэд, Гантулга, түүний найз охин, манай найз охин бид хэд бааранд сууж ярилцаж байхад хажуу талын ширээнд сууж байсан ах намайг дуудаад ахынхаа ширээнд хүрээд ир, ах нь та нарыг дайлъя, та нар юу идэж уумаар байна гэсэн. Тэгэхээр нь би яах юм бэ ах аа, харин би танд нэг шил архи аваад өгье гэсэн. Тэр үед Гантулга найз охинтойгоо явлаа гээд явсан. Номин, Дүгэрсэд, тэр ах, бид нар сууж байтал Номин харилаа гээд явсан. Тэгээд Дүгэрсэд бид хоёр тэр ахтай хамт үлдсэн. Дүгэрсэд тэр ахын гар утсаар нь яриад  өгье гээд гарсан. Дүгэрсэдийг ирэхгүй удаад байхаар нь араас нь бид хоёр гарахад Дүгэрсэд замын цаана дэлгүүр рүү орж байсан. Гэтэл тэр ах намайг унагаагаад зодсон. Дараа нь байрны ойролцоо хохирогч намайг дахин зодох гэхэд Дүгэрсэд хохирогчийг татаж унагаасан. Тэр байрны жижүүр цагдаа дуудсан. Би хохирогчийг зодоогүй. Хэргийг үнэн зөв шийдэж өгнө үү гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Дүгэрсэдийн: 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Буман-Учрал, Гантулга найз охидуудтайгаа бид нар бааранд сууж байсан. Гэтэл хажуугийн ширээний ах Буман-Учралыг дуудаад архи авч өгье гээд байсан. Бид нар тэр ахтай танилцаад сууж байсан. Тухайн үед миний гар утасны цэнэг дууссан байсан тул би Дашжанчивын утсаар яриад өгье гэсэн. Би утсаар ярингаа дэлгүүр ороод тамхи авчихаад ирэхэд Дашжанчив, Буман-Учрал хоёр сууж байсан газраа байгаагүй. Гэтэл замын цаана Дашжанчив Буман-Учралын дээр гарчихаад зодох гээд байхаар нь би ойрхон байдаг ахыгаа дуудаад ирэхэд тэднийг цагдаа аваад явсан байсан. Тэгээд бид Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс рүү очсон. Буман-Учрал хохирогчийг зодоогүй, миний үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учирсан. Хохирогчид хохирол төлсөн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр, хавтаст хэргээс:

Мөрдөн байцаалтад хохирогч Р.Дашжанчивын: ...2015 оны 10 дугаар сарын 21-ний орой 22 цагийн орчимд би 11 дүгээр хорооллын замын ард талд байрлах “Алтан-Од” гэдэг нэртэй баранд ганцаараа пиво уугаад сууж байтал үл таних 20-25 насны 2 залуу миний сууж байсан ширээн дээр суугаад нэг шил архи аваад уусан. Намхан нуруутай залуу нь утсаар чинь ярьчихаад өгье ах аа гэж хэлээд миний утсыг аваад гарсан. Тэгтэл нөгөө өндөр залуу гарах гэхээр нь би хамт гарсан. Тэгээд гадаа гартал нөгөө намхан залуу байхгүй болохоор нь би нөгөө өндөр залуугаас асуухад мэдэхгүй гэсэн. Тэгэхээр нь би нөгөө өндөр залууг дагуулаад урагшаа 11 дүгээр хорооллын 1 дүгээр байрны аркны тийшээ очсон. Тэгтэл миний араас нөгөө намхан залуу нь ирж намайг боож унагаагаад... зодсон. ...би тухайн үед хоёулаа зодсон гэж бодоод байсан боловч Дүгэрсэд шүүх хурал дээр араас  татаж унагаан зодсон талаараа яриад миний хохирлыг барагдуулсан. Өөр нэмж ярих зүйлгүй, гомдол санал байхгүй... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-11, 228/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Буман-Учралын: ...2015 оны 10 дугаар сарын 21-ний орой...  …тэр ах танай найз хаашаа явчихваа гэж асуухаар нь би өө мэдэхгүй гэтэл тэр ах намайг учир зүггүй байрны урагшаа татаад арк руу чирсэн. ...намайг татаж унагаагаад дээрээс нүүр лүү 2 удаа цохисон. Гэтэл гэнэт Дүгэрээ гарч ирээд тэр ахыг хойноос нь татаад босгосон. Надад хохирол нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-14/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Оюунтуяагийн: ...Тэгэхэд би гэртээ хэвтэж байтал орой 22 цаг 20-30 минутын үед нэг хүн авраарай гээд нилээн орилоод байхаар нь гараад очтол Дашжанчивийг үл таних 2 залуу машины бөгсөн доогуур толгойн хэсгийг нь оруулчихсан өшиглөөд байхаар нь би хөөе та нар хүн аллаа шүү дээ гэхэд өндөр банди нь довжоон дээр сууж үлдээд нөгөөх нь босоод машины цаана зогссон. ... Дашжанчив өндөр залууг өөдөөс нь бариад авсан чинь цаана нь байсан банди нь Дашжанчивийг буцаж хойноос нь татаж ирээд нүдээд байсан... гэж

мэдүүлсэн мэдүүлэг  /1хх-15/,

 

Мөрдөн байцаалтад гэрч О.Чадраабалын: ...Би 2015 оны 10 дугаар сарын 21-ний 20 цагаас 22-ны өглөөний 08 цаг хүртэл үүрэг гүйцэтгэсэн. Тэгтэл Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 1 дүгээр байрны урд хулгай хийсэн хүн барилаа гэх дуудлагаар очиход Дашжанчив, Буман-Учрал 2 зогсож байсан. Тэр 2-ын хувцас хунар нь цус болчихсон шороотойгоо хутгалдчихсан зогсож байсан. ...миний харснаар Буман-Учралын хамрын хэсэгт шалбарчихсан, шалбарсан хэсгээс нь цус гараад тогтчихсон байх шиг байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-17/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн №15214 тоот:

  1. Дашжанчивын биед тархи доргилт, зулайн зөөлөн эдийн няцрал, зулгаралт, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод үүдэн 2 шүдний сулрал, хүзүүнд цус хуралт, хоёр тохой, өвдөг, зүүн шуу, бугуй, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Ганзориг гэсэн дүгнэлт /1хх-28/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн №15249 тоот:

  1. Б.Буман-Учралын биед тархи доргилт, дух, хамарт зулгаралт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч С.Чулуунсүх гэсэн дүгнэлт /1хх-30/,

 

шүүгдэгч Б.Буман-Учралын хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-52/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-53/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /1хх-174-175/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /1хх-173/, гэрч Х.Мөнхжаргалын мэдүүлэг /1хх-26/,

шүүгдэгч Г.Дүгэрсэдийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-62/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-63/, охин Д.Энэрэлийн төрсний гэрчилгээний хуулбар /1хх-65/, гэрч Э.Энхзоригийн мэдүүлэг /1хх-21/ зэрэг цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Дүгэрсэдийн: …хохирогч Р.Дашжанчивыг шүүгдэгч Б.Буман-Учрал зодоогүй, миний үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учирсан гэж мэдүүлсэн мэдүүлэг талуудын хүсэлтээр хавтаст хэргээс шинжилсэн хохирогч Р.Дашжанчивын …миний араас нөгөө намхан залуу ирж намайг боож унагаагаад …зодсон. …би тухайн үед хоёулаа зодсон гэж бодоод байсан боловч …Дүгэрсэд шүүх хурал дээр араас татаж унагаан зодсон талаараа яриад миний хохирлыг барагдуулсан гэж мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт нэмэлт нотлох баримт цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч Б.Буман-Учрал шүүгдэгч Г.Дүгэрсэдтэй бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь эргэлзээтэй нотлогдож тогтоогдохгүй байна. Иймд шүүгдэгч Б.Буман-Учралд холбогдох бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2-д зааснаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-д зааснаар шүүгдэгч Г.Дүгэрсэдэд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар ял сонсгон яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчилж зүйлчлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Г.Дүгэрсэд 2015 оны 10 сарын 21-ний өдөр хохирогч Р.Дашжанчивын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 15214 тоот актын дүгнэлт, хохирогч Р.Дашжанчивын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдов.

 

Шүүгдэгч Г.Дүгэрсэдийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сарын хугацаа өнгөрсөн байх тул шүүгдэгч Г.Дүгэрсэдэд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Буман-Учрал, Г.Дүгэрсэд нар ял шийтгэгдэж байгаагүй нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /1хх-53, 63/ нотлогдож байна.

 

Шүүгдэгч Г.Дүгэрсэд гэм хорын хохиролд 360.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Р.Дашжанчив гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

 

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 248.1.2, 283, 284, 286, 295, 296, 297, 298  дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар прокуророос Батбаярын Буман-Учралд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т зааснаар Ганболдын Дүгэрсэдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар ял сонсгож яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон зүйлчилсүгэй.
  3. Ганболдын Дүгэрсэдийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  4. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар Г.Дүгэрсэдэд холбогдох эрүүгийн 201525022032 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар Ганболдын Дүгэрсэдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
  6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.Буман-Учрал, Г.Дүгэрсэд нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Б.Буман-Учрал, Г.Дүгэрсэд нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
  8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ү.ТҮМЭНЖАРГАЛ