Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2021/0190

 

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2021/0190

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.М

Хариуцагч: ХБХГ

Хариуцагч: НМХГ, .

Хариуцагч: ХСОАБХЗГ

Гуравдагч этгээд: М.З

Гуравдагч этгээд: Ц.О

Нэхэмжлэлийн шаардлага: НХТЕТГ холбогдуулан “НХТЕТГ-ын26/2017 дугаартай “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ”-г цуцлахгүй байгаа хууль бус эс үйлдэл нь хууль бус байсан болохыг тогтоолгох”,

ХСОАБХЗГ “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2018/124 дүгээр дүгнэлт хууль бус байсан болохыг тогтоолгох”

НМХГт холбогдуулан “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Баянгол дүүргийн 16 дугаар хороо, ************ хаягт байрлах 25 айлын хүчин чадал бүхий агуулах, орон сууцны зориулалттай 5 давхар барилгыг буулгахгүй байгаа хууль бус эс үйлдэхүйг хууль бус байсан болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, гуравдагч этгээд М.З, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие гэр бүлийн эзэмшлийн Баянгол дүүргийн **-р хороо, ***** тоот хашаанд байрлах /Гандан-16040 хаяг/ үйлчилгээний болон өөрийн амьдардаг орон сууцны хажууд байрлах газарт иргэн М.З нь хууль зөрчиж агуулах 25 айлын хүчин чадалтай, 5 давхар орон сууцыг Барилгын тухай хууль болон барилгын стандарт, норм дүрмийг зөрчин барилга барьснаас болж дараах ноцтой хүндрэл бий болж байна.

Үүнд: 1. Манай барилга 2006 онд баригдаж зохих хууль тогтоомжийн дагуу зөвшөөрөл авч зөвхөн зуны улирал /4-9 сар/-д гадаадын жуулчин хүлээн авч өвөлд. нь үйл ажиллагааг зогсдог /Гейст хаус/ 4 давхар 16 өрөө бүхий зочид буудал бөгөөд тус барилга баригдсанаар манай барилгын хийц бүтээцэд нөлөөлж байна. Учир нь хоёр барилга хоорондын зай 1.5 метр тул тус барилгын бүтээцээс болж зоорийн давхрын өрөө рүү гаднаас ус орж ирэх болж зочид, жуулчдад өглөөний цай өгдөг хэсэг өнгө үзэмжгүй, борооны улиралд байнгын ус нэвтрэх болсон.

2. Манай барилгын 16 цонхноос 8 цонх нь бүрэн хаагдаж байгалийн нарны тусгал болон үзэгдэх орчин хязгаарлан “А” блок нь баригдсан учир жуулчид төлбөрөө төлсөн тул цонх нь хаагдсан өрөөнд орохыг хүсдэггүй зэргээс 16 өрөөний 8 өрөө нь ашиглагдах боломжгүй нөхцөл байдал үүссэн

3. Мөн Золбаярын эзэмшлийн 3, Мөн М.Зын эзэмшлийн гэх дээрх барилгын “Б” блокын суур цутгагдсан бөгөөд энэ барилга баригдаж дуусвал манай барилгын зүүн талд 1 давхрын галын өрөө, 2 давхрын унтлагын өрөөтэй 40-50 см зайд байрлаж байгаа нь манай байрны үнэ цэнэ буурах.

4, Манай хувийн гэр бүлийн орон сууц 2 давхар боловч дээрх барь байгаа нь өөрийн орон сууцаа ирээдүйд өндөр, томруулах ямар ч боломжгүй болох,

Дээрх үйлдлийг таслан зогсоох талаар холбогдох байгууллагуудад хандсан боловч арга хэмжээ авалгүй “А” блокыг барьж дууссан, одоо “Б” блокыг дуусгах гэж байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн барилгын төлөв байдлын тухай 02-03/2329 дүгээр албан бичгээр хариуцагчийн өмчлөлийн байрыг Барилгын тухай хууль болон Барилгын норм дүрмийг зөрчсөн гэж үзсэн.

Баянгол дүүргийн ********* ** хаягт байрлах 25 айлын хүчин чадал бүхий агуулах, орой сууцны зориулалттай 5 давхар барилга нь Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг “барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газар үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх, ашиг сонирхол”-, 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх хэсэг “зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх”-т, Монгол Улсын Дэд бүтэц, хөгжлийн сайдын 2004 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм батлах тухай 130 дугаар тушаалын 1-р хавсралтын 2 дугаар зүйлийн 2.11 дэх хэсэг “орон сууц хоорондын, орон сууц олон нийтийн барилга байгууламж хоорондын болон орон сууц үйлдвэрийн барилга байгууламж хоорондын нарны тусгалд хамааралтай зайг энэхүү нормын 9.19 дүгээр зүйлд заасны дагуу, харин барилга хоорондын нарны гэрэлтүүлгийн үргэлжлэх хугацааг холбогдох норм дүрмийн дагуу, галын аюулаас хамгаалах шаардлагыг БНбД 21.01.02 болон 4 дүгээр хавсралтад зааснаар тус тус төлөвлөнө. 2-3 давхар сууцны барилгын тууш талуудын хоорондох зай 15м-ээс багагүй, 4 давхар бол 20м-ээс багагүй, харин ийм барилгын тууш болон хөндлөн талуудад байрлалтай сууцны өрөөний цонхнуудын хоорондох зай 10 м-ээс багагүй байх ёстой”-т заасныг тус тус зөрчсөн Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч ХБХГ-с шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Иргэн Ц.Онь ************* дугаартай өмчлөлийн газар дээрээ барилга барих тухай хүсэлт өгснийг судлан 19 х 12 м хэмжээтэй төмөр бетон каркас бүтээцтэй 4 давхар барилгыг эдэлбэр газрын зүүн болон баруун харсан хэсэгт хажуу айлуудын хашаа руу цонхгүй байхаар төлөвлөх, орчны газар эзэмшигч болон тухайн орчны айл өрхтэй зөвшилцөн санал хүсэлтийг тусгах, Гандан хорооллын төслийн нэгжийн үйл ажиллагаатай уялдуулах зэрэг Хот төлөвлөлтийн онцгой нөхцөлийг зааж 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 498 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгосон.

Батлагдсан ажлын зураг төсөл, техникийн нөхцөл, холбогдох баримт бичгийн бүрдлийг үндэслэн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 26/2017 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийг олгосон байна. Иргэн Ж.М буюу Ч.Т******ын барилга нь хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн байгууллагын холбогдох зөвшөөрлийг авалгүйгээр 2005-2006 онд баригдсан байсан ба Хот байгуулалтын мэдээллийн менежментийн системд бүртгүүлээгүй тул иргэн Ц.О-ынбарилгын төлөвлөлтийг батлан зөвшөөрөл олгоход иргэн Ж.Мгийн барилгаас норм дүрмийг хангуулах боломжгүй байсан.

Иргэн Ц.О-ын эзэмшил газрын хэмжээ нь 1124 м2 бөгөөд тухайн таарын 220 м2 газарт барилга төлөвлөсөн нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д "Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна.” гэж заасныг хангаж байгаа болно.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасан үндэслэлээ хуульд заасны дагуу тайлбарлах, хууль ёсны ямар эрх ашиг хэрхэн яаж зөрчигдсөнийг нотолж чадахгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ. 

Хариуцагч НМХГ шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...“Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйл “аймаг нийслэлийн Засаг даргын бүрэн эрх”, 35 дугаар зүйлийн 35.1.7-д “Барилга байгууламжийн баримт бичгийн шаардлагад нийцээгүй барилга байгууламжийг улсын хяналт хэрэгжүүлэгч байгууллагын ерөнхий байцаагчийн дүгнэлт болон шүүхийн шийдвэрийг үндэслэн албадан буулгах арга хэмжээг авч, холбогдох зардлыг буруутай этгээдээр төлүүлэх”, гэж заасан нь Мэргэжлийн хяналтын байгууллага барилгыг албадан буулгах эрх хэмжээ, үүрэг хуулиар олгогдоогүй тул хамтран хариуцагчаар татагдах үндэслэлгүй байна...” гэжээ.

Хариуцагч Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “...Иргэн Ц.О Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Гандангийн Орхон гудамжны 1-49, 1-50, 1-50а дугаар өмчлөлийн газар дээр барилга барих хүсэлтийг судлан тэнхлэгээрээ 19.0 х 12.0 м хэмжээтэй, зоорьтой, 4 давхар 2 блок, цутгамал төмөр бетон арагт бүтээцтэй барилгыг орчны газар эзэмшигч болон зэргэлдээ айл өрхүүдтэй зөвшилцөн санал хүсэлтийг тусгах, Гандан хорооллын төслийн нэгжийн үйл ажиллагаатай уялдуулах зэрэг хот төлөвлөлтийн онцгой нөхцөлтэй 2014 оны 498 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон байна.

Үүний дагуу тус газарт үйлчилгээтэй 20 айлын орон сууцны барилгын зураг төслийг “М******” ХХК боловсруулсан ба Барилгын хөгжлийн төвд магадлал хийж, дүгнэлтээр баталгаажсан байна. Баримт бичиг, зураг төсөл, холбогдох бусад материалыг хянаж 2017 оны 26/2017 дугаар Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгожээ.

Иргэн Ц.О-ынбарилгын төлөвлөлт батлах, зөвшөөрөл олгох үед иргэн Ж.М-гийн барилгаас норм дүрмийн зай хэмжээ хангуулах боломжгүй байсан ба иргэн Ж.М, Ч.Т******ын барилгЫг "2005-2006 онд барихдаа хот байгуулалтын асуудал эрхэлсэн эрх бүхий байгууллагын барилга барих зөвшөөрөлгүй төдийгүй хот байгуулалтын мэдээллийн менежментийн системд бүртгэгдээгүй байна. Энэ талаар НХТЕТГ-ын2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 05/3102 дугаар албан бичиг, 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 1/175 дугаар шинжээчийн дүгнэлтэд тус тус дурдсан байна. Засгийн газрын 2017 оны 69 дүгээр тогтоолоор батлагдсан Барилга байгууламж ашиглалт оруулах дүрмийн дагуу тус үйлчилгээтэй орон сууцны барилгын ашиглалтад оруулах комиссыг захиалагчаас ирүүлсэн хүсэлтээр 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ажиллаж, 2018/124 дугаар комиссын дүгнэлтээр ашиглалтад оруулсан байна.

Д.Ж би Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын даргын Б/69 дугаар тушаалаар Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн даргын албан тушаалд 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр томилогдсон ба мөн газрын даргын 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Б/118 тушаал, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр А/1000 дугаар захирамж, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын даргын 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Б/48 дугаар тушаалаар шинэчлэн батлагдсан бүтэц, зохион байгуулалтын дагуу албан тушаалын чиг үүрэг гүйцэтгэж байна...” гэжээ.

Гуравдагч этгээдийн М.З шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “...Иргэн Ж.М нь Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газар болон Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрыг хариуцагчаар татан гомдол гаргасан байна. Энэхүү гаргасан гомдол нь иргэн М.З миний болон иргэн Ц.Оюунбат, мөн М.З надтай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан 22 иргэний  эрх ашгийг шууд хөндөж байгаа тул гуравдагч этгээдээр оролцож байна.

 Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын 26/2017 барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нь батлагдсан ажлын зураг төсөл, болон УСУГ, УБЦТС ХК, УБДС ХК, МХС-ХК зэрэг холбогдох бүх техникийн олгогдсон нь хуулийн дагуу болно. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс нь холбогдох бүх дүрэм, журмын дагуу ажиллаж дүгнэлт гаргасан нь хуулийн дагуу байна. Баянгол дүүргийн 16-р хороо, ****************** тоот хаягт байрлах 25 айлын 2 блок барилга нь хуулийн дагуу бүх зөвшөөрөл авч баригдан ашиглалтад орсон бөгөөд эхний нэг барилга нь улсын комисс ажиллаж 26 хүний үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь гарсан.  Мөн 2-р барилга нь 22 хүн орон сууц захиалан бариулах гэрээ байгуулан бариулсан бөгөөд иргэн Ж.М-гийн шунахайн сэдэлтэй, өөрийн хууль бус үйлдлийг хаацайлах гэсэн үйлдлээс болж улсын комисс ажиллах боломжгүй хүлээгдээд байна. Үүнээс болж орон сууц-захиалан бариулах гэрээ байгуулсан 22 иргэн тодорхойгүй хугацаагаар хохироод байна. Иймд иргэн Ж.М-гийн Барилгын тухай болон Хот байгуулалтын тухай зэрэг бүх хуулийг зөрчин эдэлбэр газраасаа хэтрэн огт зураг төсөлгүй, газар хөдлөлийн 7-8 баллын идэвхтэй бүсэд баригдсан хэрэн газар хөдлөлтийн эсрэг арга хэмжээ огт тооцоолоогүй, Монгол Улсын бүх хууль, дүрмийг гишгэсэн барилгыг албадан буулгахыг даалгаж өгнө үү. Мөн уг барилгыг жуулчид хүлээн авах зэргээр ашиглаж байгаа нь Монгол Улсын нэр хүндэд ноцтой аюултай болно. Учир нь барилгын тухай хуулиар барилгад үндсэн 5 шаардлага тавигдах ба уг шаардлагыг огт хангаагүй болно.

Иймд Ж.М-гийн нэхэмжлэлийг бүхэлд хүчингүй болгон өгч өөрийнх нь хууль бус үйлдлүүдэд зохих хариуцлагын арга хэмжээ авч өгнө үү...“ гэжээ.

Гуравдагч этгээд Ц.О шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “...НХТЕТ Газрын 26/2017 Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нь батлагдсан ажлын зураг төсөл, бүх техникийн нөхцөлүүд, бусад бичиг баримтыг үндэслэн холбогдох хууль дүрмийн дагуу олгогдсон тул тус зөвшөөрлийг цуцлахгүй байгаа нь хууль бус гэх үндэсгүй байна.

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс нь батлагдсан журмын дагуу ажиллах дүгнэлт гаргасан нь хууль ёсны байна. Баянгол дүүрэг 16-р хороо, ****************** хаягт байрлах 25 айлын хүчин чадал бүхий 2 блок барилга нь бүхий л хууль, журмын дагуу баригдаж дууссан бөгөөд улсын комисс ажиллаж хүлээн авч ашиглалтад оруулсан. Одоо тус орон сууцнууд нь бусад хүмүүсийн өмчлөлд шилжсэн бөгөөд олон айл өрх амьдарч байна. Тус барилгыг буулгах нь нийтийн эрх ашгийг хохироох тул буулгах боломжгүй. Тэгээд ч нэхэмжлэгч этгээд нь өөрөө улсад мөрдөгдөж буй хууль дүрмийг үл тоон ямар ч зөвшөөрөлгүйгээр барилга ба барилгаа барихдаа манай эзэмшил газарт оруулан барьсан нь нотлогдсон бөгөөд миний хууль ёсны эрх ашгийг хохироож байгаа юм. Харин ч иргэн Ж.М-гийн барилгыг албадан буулгах ёстой юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа бөгөөд нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.М болон түүний өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа удаа дараа өөрчилж тодруулсны эцэст шүүх хуралдаанд “НХТЕТГ холбогдуулан “НХТЕТГ-ын26/2017 дугаартай “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ”-г цуцлахгүй байгаа хууль бус эс үйлдэл нь хууль бус байсан болохыг тогтоолгох”, НМХГт холбогдуулан “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Баянгол дүүргийн 16 дугаар хороо, ************ хаягт байрлах 25 айлын хүчин чадал бүхий агуулах, орон сууцны зориулалттай 5 давхар барилгыг буулгахгүй байгаа хууль бус эс үйлдэхүйг хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, ХСОАБХЗГ “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2018/124 дүгээр дүгнэлт хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцохоо илэрхийлсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “...шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана...” тул шүүхээс нэхэмжлэгчийг “нэхэмжлэлийн шаардлагаа татгалзах тухай” хүсэл зоригоо илэрхийлсэн хүсэлтийг хүлээн авч, түүнээс гарах үр дагавартай танилцуулан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болголоо.

Улмаар мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар явагдана” заасныг баримтлан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2018/124 дүгээр дүгнэлт хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлагын хүрээнд хэлэлцэж, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг дүгнэж дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Маргааны үйл баримтаас Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын[1] 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2018/124 дүгээр дүгнэлтээр Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан дунд төлөвшилтэй ангиллын зоорьтой 5 давхарт 25 айлын хүчин чадал бүхий агуулах, орон сууцны зориулалттай барилга, байгууламжийг “барилгын ажил зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн хийгдэж, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан гэж үзээд ашиглалтад оруулах нь зүйтэй гэж дүгнэжээ[2].

Уг дүгнэлтийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “... Барилга баригдаад ашиглалтад орчихсон байгаа. Гэвч маргаан бүхий барилгын улмаас нэхэмжлэгчийн эрх ашиг тодорхой хэмжээгээр хөндөгдөж байгаа. Уг барилга стандарт нормын дагуу баригдаж байгаа эсэх талаар санал гомдлыг төрийн байгууллагуудад удаа дараа гаргаж байсан. Хот байгуулалт хөгжлийн газрын 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 40/37 тоот албан бичигт “....барилгууд норм стандартыг зөрчсөн байна” гэж дурдсан байхад барилгын ажлын зөвшөөрлийг хууль зөрчиж олгосон, барилгын зай хэмжээ алдсан, галын аюулгүй байдлыг шийдээгүй,  барилга хооронд 15 метрээс багагүй зайтай байна гэсэн стандартыг зөрчсөн...”,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Улсын комисс хүлээж авах үйл ажиллагаа нь Засгийн газраас баталсан тогтоолоор батлагдсан дүрмийн дагуу явагддаг. Өөрөөр хэлбэл газар дээр ажилласан гишүүд мэргэжлийн чиглэл бүрээр саналаа өгч, үүрэг даалгавар өгдөг. Тухайн үүрэг даалгаврыг захиалагч, гүйцэтгэгч хангасны дараа нийт гишүүд гарын үсэг зурж баталгаажаад явсан...”, харин гуравдагч этгээдийн зүгээс “...барилга нь стандартын дагуу баригдаж улсын комисс хүлээж авсан. Маргаан бүхий захиргааны актын үйлчлэл дуусгавар болсон. Өөрөөр хэлбэл 25 айл байрандаа орчихсон байгаа. Тэгэхээр иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгаа тул актыг шууд хүчингүй болгох боломжгүй. Мөн хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн субьектив эрх сэргэхгүй...” гэж тайлбарлан маргасан болно.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгчийн зүгээс Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан дунд төлөвшилтэй ангиллын зоорьтой 5 давхарт 25 айлын хүчин чадал бүхий агуулах, орон сууцны зориулалттай барилга баригдахаас өмнө буюу 2015 оноос эхлэн холбогдох төрийн захиргааны эрх бүхий байгууллагад өөрийн зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар удаа дараа зогсолтгүйгээр хандаж байжээ.

Энэ талаар Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 01/1597 дугаар албан бичгээр[3] “...барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авалгүй газар дээрээ нүх ухаж газар шорооны ажил хийсэн...”, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 02-07-92/855 дугаар дүгнэлтээр[4] ”...1-37 тоот[5] хашаанд байрлах үйлчилгээ, зочид буудлын барилгын дагуугийн чиглэлд бетон хаяавч гэмтсэн...,зэргэлдээ барилгуудын ашиглалтын аюулгүй байдлыг хангаагүй..., гэж дүгнэн улсын ахлах байцаагчийн 02-06-036/1162 тоот албан шаардлага хүргүүлж, захиргааны зөрчлийн улмаас 2,400,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан[6].

Улмаар дээрх барилгын төлөв байдлын талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 02-03/2339 албан бичгээр[7] “... иргэн Ч.Т******ын / Ж.М / 4 давхар үйлчилгээний барилгаас 1.60м байгаа нь “Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм” БНбД 30-01-04-ийн 2.11-д заасан /2-3 давхар сууцны барилгын тууш талуудын хоорондох зай 15мм-ээс багагүй, 4 давхар бол 20 мм-ээс багагүй, харин барилгын тууш болон хөндлөн талуудад байрлалтай сууцны өрөөний цонхнуудын хоорондох зай 10м-ээс багагүй байх ёстой...” заалтыг зөрчсөн гэж Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 26/2017 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг цуцалж, норм дүрмийн хэрэгжилтийг хангаж ажиллах шаардлагыг хүргүүлж байжээ[8].

Гэвч дээрх зөрчлүүд нь маргаан бүхий барилгын ажлын гүйцэтгэл дуусах хугацаанд бүрэн шийдвэрлэгдэхгүй байсан болох нь Барилга хот байгуулалтын яамны харьяа Барилгын хөгжлийн төвийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн дүгнэлт”-ийн[9] “...2.1.нэхэмжлэгч Ж.М-гийн үйлчилгээний барилгаас иргэн М.З, Ц.О нарын А блок барилга 1,2-1.5 метрийн зайтай баригдсан байна. 2.2. Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт БНбД 31-01-10-ийн заавал мөрдөх 4-р хавсралтын 12-р хүснэгтэд  ...5 давхар бол 21 метр, Барилгын тууш тал, хөндлөн талын хооронд болон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд 5 давхар бол 12 метр гэж тус тус заалтыг зөрчсөн..., 2.4. Галын аюулаас хамгаалах шаардлага: Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30-01-04-ийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралт 1 дэх заалтад байгаа “Орон сууц, олон нийтийн барилга болон үйлдвэр, үйлдвэрийн туслах барилга байгууламжийн хоорондох гал тусгаарлах хамгаалалтын зайг барилгын гал тэсвэршилтийн 1, 2 дугаар зэргийн барилгад 6м байна” гэж заасан заалтыг зөрчсөн...,мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн “шинжээчийн дүгнэлт”-ийн “ 4.“...Баянгол дүүргийн16 дугаар хороо, Орхоны 1-49, 1-50, 1-50а тоот хаягт баригдаж буй А,Б блок барилгаас нэхэмжлэгч Ж.М-гийн эзэмшлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, ********** тоот хашаанд байрлах үйлчилгээ болон хувийн орон сууцны зориулалттай барилга хүртэл цонхтой 1-2 метр зайтай байгаа нь галын норм хангахгүй байна...”, болон 1 хавсралтад авагдсан “ажлын хэсгийн хэмжилтийн зураг”[10], шүүхээс маргаан бүхий газар дээр хийсэн үзлэг [11] зэргээр тогтоогдсон болно.

Түүнчлэн хэрэгт авагдсан Баянгол дүүргийн16 дугаар хороо иргэн М.З, Ц.О нарын орон сууцны барилгын байнгын ашиглалтад оруулах комиссын хурлын 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн тэмдэглэлд[12] “... Л.Т****: БНбД 30-01-04 барилга хоорондын гал тусгаарлах хамгаалалтын зай хэмжээг зөрчсөн. Зоорийн давхарт Онцгой байдлын ерөнхий газрын 2016-08-15-ны 171/0-98 тоот дүгнэлтийн дагуу гал унтраах автомат спринклер систем төлөвлөх, галын дотуур усны крантыг стандартын дагуу холбох мотгон солих. Мөн шугамын цайрдсан ган хоолойгоор солих, архитектур даалгавар шинэчлэн авах...” үүрэг даалгаврыг өгсөн боловч хожим 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн “...давтан комиссын хурлын тэмдэглэлд байх комиссын 13 гишүүнээс зөвхөн Нийслэлийн онцгой байдлын газрын Барилгын, зураг төсөл хариуцсан байцаагч Л.Т**** “үүрэг даалгаврын биелэлт”  хүснэгтийг ганцаараа бөглөлгүйгээр гарын үсэг зурсан[13]

Шүүх энэ талаар түүнээс тодруулах шаардлагагүй гэж үзсэн.

Учир нь уг үйл баримтад дурдсан БНбД 30-01-04 барилга хоорондын гал тусгаарлах хамгаалалтын зай хэмжээг зөрчсөн зөрчил нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдсон юм.

Шүүхээс энэ мэт нүдэнд ил байгаа алдаа зөрчлийг цаашид захиргааны байгууллагаас дахин гаргахаас урьдчилан сэргийлэх, иргэн, хуулийн этгээд аливаа барилга байгууламжийг хууль, дүрэмд нийцүүлэн барьж, ашиглалтад оруулах байр сууринаас хандаж, уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлж байгаа зэргийг харгалзан үзээд Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2018/124 дүгээр дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Тодруулбал, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2018/124 дүгээр дүгнэлтээр маргаан бүхий барилгыг ашиглалтад оруулсан нь Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2. галын аюулгүй байдлыг хангах: барилга байгууламжийн ашиглалтын явцад галын аюулаас урьдчилан сэргийлэх, галын аюулаас хамгаалах, хор хөнөөлийг хязгаарлах нөхцөлийг зураг төсөлд тусгах; 11.1.3-д “хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангах: барилга байгууламж хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр төлөвлөгдөн баригдаж, хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө ...аюул учруулахгүй байх; барилгын үйл ажиллагааны үндсэн шаардлага буюу барилгын үйл ажиллагаанд баримтлах зарчимд нийцээгүй байна.

Хэдийгээр маргаан бүхий захиргааны акт нэгэнт хэрэгжсэн, эрх бүхий бүртгэлийн байгууллагаас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгогдсон хэдий ч тухайн барилгад оршин суугч иргэдийн амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчныг техникийн болон галын аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах нөхцөлийг хангах талаар мэргэжлийн байгууллагаас арга хэмжээ авах нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасан “гурваас доошгүй жил" хугацаа[14] хараахан дуусаагүй тул Барилгын асуудал эрхэлсэн төрийн болон нутгийн захиргааны байгууллага нь барилгын үйл ажиллагаанд холбогдох норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих замаар хувийн, нийтийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах үүргийг хүлээх ёстой.

Нөгөөтээгүүр нэхэмжлэгчийн эзэмшлийн барилга байгууламжийн зураг, төсөл архивд авагдаагүй хэдий ч гуравдагч этгээдийн зүгээс түүнээс хожим төлөвлөгдөн баригдах гэж буй барилгын зураг төслийг бодит байдалд нь нийцүүлэн гаргуулах, улмаар Барилгын тухай хууль болон Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэмд нийцүүлэн барилгын үйл ажиллагааг явуулах байжээ.

Иймд дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнээд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Эцэст нь нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн “шинжээчийн дүгнэлт”-тай холбоотой зардлыг[15] Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.4-д заасны дагуу гүйцэтгэлийн баримтад заасан хэмжээгээр хариуцагчаас гаргуулан Барилгын хөгжлийн төвд олгох.

Энэхүү шүүхийн шийдвэр Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандан /16040/, Амарсанаагийн гудамж, 46А дугаар байрны орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах үр дагавар үүсгэхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.3, 106.3.12, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2, 66.3 дахь хэсэгт заасныг баримтлан "НХТЕТГ холбогдох “НХТЕТГ-ын 26/2017 дугаартай “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ”-г цуцлахгүй байгаа хууль бус эс үйлдэл нь хууль бус байсан болохыг тогтоолгох”, НМХГ-т холбогдох “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Баянгол дүүргийн 16 дугаар хороо, ************ хаягт байрлах 25 айлын хүчин чадал бүхий агуулах, орон сууцны зориулалттай 5 давхар барилгыг буулгахгүй байгаа хууль бус эс үйлдэхүйг хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-д заасныг баримтлан ХСОАБХЗГ-ын “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс”-ын 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2018/124 дүгээр дүгнэлт хууль бус байсан болохыг тогтоосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХСОАБХЗГ-аас 35100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.4, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар Барилгын хөгжлийн төвийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн “шинжээчийн дүгнэлт”-тай холбоотой 380,000 төгрөгийн зардлыг хариуцагч ХСОАБХЗГ-аасгаргуулан Барилгын хөгжлийн төвд олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.БАТБААТАР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Монгол Улсын Засгийн газрын 69, 172 дугаар тогтоол, шийдвэрээр байгуулагдсан.

[2] 1 Хавтас хэргийн 87-89 хуудас

[3] 1 Хавтас хэргийн 10 хуудас

[4] 1 хавтас хэргийн 11-13 хуудас

[5] Нэхэмжлэгч Ж.Мөнхтуяагийн барилга

[6] 1 Хавтас хэргийн 18 хуудас

[7] 1 Хавтас хэргийн 20 хуудас

[8] 1 Хавтас хэргийн 21 хуудас

[9] 1 Хавтас хэргийн 162-163 хуудас

[10] 1 Хавтас хэргийн 219-223 хуудас

[11] 1 Хавтас хэргийн 240-246 хуудас

[12] 1 Хавтас хэргийн 63-67 хуудас

[13] 2 Хавтас хэргийн 68 хуудас

[14] “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс”-ын 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2018/124 дүгээр дүгнэлт гарсан үеэс тооцсон болно.

[15] 1 Хавтас хэргийн 167 хуудас