Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2017/ШЦТ/142

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дөөр хөтлүүлж
 Улсын яллагч: Н.Ц
Шүүгдэгч: Д.******* нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Дгийн *******т холбогдох эрүүгийн 17 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
    
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Архангай аймгийн ******* суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгуй, Архангай аймгийн ******* сумын 3 дугаар багийн 3-5 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Архангай аймгийн хэсгийн 1 дүгээр шүүхийн 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 40 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Архангай аймгийн хэсгийн 1 дүгээр шүүхийн 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 32 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4, 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 235 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/129 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239 3 |дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 3 жилийн хорих ялаар, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 сарын хугацаагаар баривчлах ялаар, Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1, 153 дугаар зүйлийн 153.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 17 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 6 сар 11 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн, Б овогт Дгийн ******* /РД:А000000/


Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Д.******* нь 2017 оны 08 дугаар сарын 25-ны орой 16 цагийн үед Архангай аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр Төвийн орон сууцны 0000 тоотод оршин суух гэртээ эхнэр Л.******* бусадтай хардаж улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 
    
      Мөрдөн байцаалтын үед:
    Хохирогч Л.******* өгсөн: ... Манай нөхөр болох Д.******* нь намайг байнга зоддог байсан. Намайг 2015 оны 06 дугаар сард зодоод Архангай аймгийн шүүхээр нэг жилийн ял аваад өршөөлийн хуулиар гарч ирсэн шоронд яваагүй. Намайг байнга дарамталж, гүжирдэж, хүнтэй хардаж, цохиж зоддог. 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс хойш 2 удаа аймаар зодсон. Анх 24-ний өдөр 16-17 цагийн үед гэртээ согтуу орж ирээд ******* “чамайг нэг залуутай унтаж байсныг цонхоор харсан” гэж надад хэлсэн. Чи яахаараа тэгдэг юм гээд нүүр, толгойгүй цохиод өшиглөөд, үснээс зулгаагаад өмсөж байсан хувцас ураад, газар унахад гэдэс рүү өшиглөсөн. Тэгээд унтаад өгсөн. Гурав хоногийн дараа миний бие өвдөөд хэвтэж байтал 17 цагийн үед согтуу орж ирээд “чи ахиад өөр залуутай унтсан байна, бүх хувцсаа тайл” гээд намайг үсдээд нүүр толгойгүй өшиглөж, цохиод, газар унагаад чирээд байсан. Би ухаан алдаад унасан. Нэг мэдсэн харанхуй болсон байсан. Тэгээд сэртэл би гэртээ газар шалдан хэвтэж байсан. Ухаан алдаад унасан байхад дээрээс ус цацаад байсан. Миний утсыг эвдээд симийг хугалаад хаясан. Би олон хоног гэртээ босож чадахгүй хэвтсэн. Тэгээд нэг өдөр босоод ******* гэдэг эгч дээрээ ороод утсыг нь гуйж цагдаад мэдэгдсэн. Миний бүх биед хүрсэн цохиж өшиглөсөн, хүрээгүй газар байхгүй. Миний толгой байнга өвдөж, толгой эргэж, бүх бие янгинаж өвдөг, орой болгон халуурна. Миний 2 хөл, цавь дагаад хөхөрч хавдсан. Миний бэлэг эрхтэн лүү өшиглөсөн. Маш их цус гарсан. Эмнэлэгт үзүүлэхэд буглаа үүссэн тул зүсэлт хийлгэ гэсэн. Намайг хардсаны улмаас зодсон. Зодож байхад хажууд хүн байгаагүй. Хүнгүй үед дандаа зодоод дараа нь би зодоогүй гэж гүрийдэг. Яг нүдээрээ зодож байхыг харсан хун байхгүй. Зодуулсан талаараа би -д “Чамаас болж би зодууллаа” гэж хэлсэн. Мөн ******* эгчид хэлсэн өөр мэдэж байгаа хүн байхгүй.  Манай нөхөр өмнө намайг 1 удаа зодоод шийтгүүлж байсан. Түүнээс хойш зодож цохисон зүйл байхгүй. Ямар нэгэн байдлаар дандаа зодоод байх асуудал гаргаж байгаагүй. Хааяа нэг гэр бүл болохоор өөрийн нөхөртэйгөө маргалддаг. Намайг хардсаны улмаас зодсон. Тэрнээс байнга зодож байгаагүй. Өөр ямар нэгэн санаа зорилго байхгүй. Би угаасаа байнга зодуулаад хамт амьдраад чадах хүн ч биш. Байнга зоддог бол би салаад явчихсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 05-09 хуу/


    Гэрч Г.*******гийн өгсөн: ...Яг хэднийг нь санахгүй байна. Манайд нэг өдөр орж ирээд “Нөхөртөө зодууллаа. Гурав хоног гэртээ цоожтой байлаа” гээд орж ирэхдээ “салтаа руу өшиглөсөн чинь ийм болчихлоо” гээд үзүүлсэн. Бэлэг эрхтэнийхээ дээр томбойсон, цавь нь хөх няц болсон байсан. Тэгээд миний утсаар цагдаа дуудсан. Утсыг нь эвдсэн гэсэн. Л.******* нөхөр нь зодож дарамталдаг талаар би мэдэхгүй. Л.Оюундэлгэр надад зодууллаа гэж ярьсан. Тэрнээс яг энд, тэнд цохилоо гэж яриагүй. Салтаа руу өшиглөсөн гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/


    Гэрч Н. өгсөн: ...Яг хэдийд гэдгийг нь мэдэхгүй байна. Өглөө 9 цаг өнгөрч байхад нөхөртэйгөө хоёулаа орж ирсэн. Тэгээд Л.Оюундэлгэр энэ намайг зодлоо гэж хэлсэн. Нөхөр нь би зодоогүй гээд байсан. Нөхрөө гарсны дараа өмдөө тайлаад бэлэг эрхтнээ үзүүлсэн. Бэлэг эрхтэний дээр нь хөхөрсөн байсан. Тэгээд манайд байж байгаад явсан. Би Д.*******ыг эхнэрээ зодож байхыг харж байгаагүй.  Л.Оюундэлгэр энд, тэндээ цохиуллаа гэж хэлээгүй. Энийг цохиод ийм болгочихлоо гээд үзүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/


Гэрч Б. өгсөн: ...Би нүдээр харсан юм байхгүй 2017 оны 08 дугаар сарын 26-нд би хотоос ирээд 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Л.Оюундэлгэр эгчийнд орсон ороход хөдөлж чадахгүй байна гээд орондоо хэвтэж байсан. Юу болсон юм гээд асуутал “Д.******* ах чинь зодлоо” гэж хэлсэн. Хоёр талын эрүү нь хавдаад хөхөрсөн, баруун гар нь дал хэсэгтээ хөхөрсөн, бэлэг эрхтэн нь хавдаад, тойроод хөх няц болсон байсан. Намайг хүнтэй хардаад ийм болтол зодлоо гэж хэлсэн. Энэ тэндээ тийм юмаар цохиулсан гэж хэлээгүй. Надад зүгээр зодлоо гэж харуулсан. Д.******* ах эхнэр Оюундэргэрийг зодож байхыг нь хараагүй. Намайг гэрт нь ороход хөөж туугаад эхнэр лүүгээ зандраад дайраад байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/


    Д.*******ын яллагдагчаар мэдүүлсэн: ...2017 оны 08 дугаар сарын 25-ны орой би өвс хадаж байгаад орой ирсэн. Цагийг нь нарийн сайн санахгүй байна. Тэгээд би гэртээ ортол манай эхнэр орон дээрээ шал согтуу хэвтэж байсан. Тэгэхээр нь би “махаа идээд ажил төрөл хийгээд байхад чи ингээд өр тавьж архи уугаад байх хэрэг байна уу” гээд уурандаа зодоод чамайг би өөр хүнтэй унтдаг, хэвтдэг болсныг чинь мэднэ шүү. Өмнө нь чи намайг шоронд байж байхад өөр нэг залуутай байж байсан шүү гээд би зодсон юм. Хэвлий хэсэг рүү нь өшиглөөд нэг удаа алгадсан. Үснээс нь бол чи чирээгүй. Манай эхнэр орон дээрээ шалдан хэвтэж байсан юм. Тэгээд л би зодчихоод гараад явсан. Би Л.Оюундэлгэрт учирсан гэмтлүүдийг үүсгэсэн. Намайг Л.******* зодож байхад хажууд ямар ч хүн байгаагүй. Утсыг нь эвдлээгүй. Утсаа зараад архи уучихсан байсан. Явдалтай архичин эхнэртэй байх үнэхээр хэцүү байдаг юм. Өмнө нь намайг бараг гүжирдэж байгаад шоронд явуулсан. Би ухаан алдтал зодоогүй. Намайг гараад явахад “чамайг шоронд чинь хатаана” гээд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 24-27 хуу/


    Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны 390 дугаар дүгнэлт:
1.    Л.******* биед, тархи доргилт, доод эрүүний баруун ба зүүн тал;
духны зүүн тал, ууцны голд зөөлөн эдэд няцралт, цус хуралт, 2 гарын шуугаар цус хуралт, ууцны голд зулгаралт, зүүн хөлийн өвдөгөнд цус хуралт, зулгаралт гэмтэл учирчээ.
2.   Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүснэ.
3. “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-4-1-д зааснаар, биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна.
4.   Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 18 хуу/


    Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 32 хуу/
    Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31 хуу/ зэрэг болно.


Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон  хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.*******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.


    Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.******* нь 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 16 цагийн үед Архангай аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр Төвийн орон сууцны 1-05 тоотод оршин суух гэртээ эхнэр Л.******* бусадтай хардаж  цохих, өшиглөх зэргээр зодсон  нөхцөл байдал тогтоогдлоо.


    Шүүгдэгч Д.******* нь хохирогчийг зодсон үйлдэл болон гэм буруугийн хувьд маргаагүй бөгөөд түүний үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Л.Оюундэлгэр, гэрч Г.*******, Н. нарын мэдүүлэг, шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 390 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар батлагдаж байна гэж үзлээ.


    Шүүгдэгч Д.******* нь хохирогч Л.******* зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.


    Аймгийн прокурорын газраас Д.*******ын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх бөгөөд прокурор Д.*******т 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргаж түүнд танилцуулан гарын үсэг зуруулан ирүүлжээ.


    Иймд шүүгдэгч Д.*******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ. 


Хохирогч Л.Оюундэлгэр нь шүүгдэгч Д.*******аас гомдол болон нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.


    Шүүгдэгч Д.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон                                              

                                                             ТОГТООХ нь:


1. Шүүгдэгч Б овогт Дгийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг гурван зуун тавин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Д.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.  Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч Д.*******т Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлд заасны дагуу хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

6. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ОДХҮҮ