Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2018/0817

 

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2018/0817

Улаанбаатар хот

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө, 6-34 тоотод оршин байрлах, “Х ” ХХК /рд:5708516/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 58 дугаар байрны 89 тоотод байрлах, “Ш” ХХК/рд:2102684/-д холбогдох,

          Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 39 566 165 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.А, түүний өмгөөлөгч Э.Г /ШТЭҮД-0020/, хариуцагчийн төлөөлөгч Л.А, шинжээч Л.О, нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгч “Х ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээд болох Ц.А шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт тайлбарлахдаа: Би “Ш” ХХК-д 2011 оноос ажиллаж, 10 дугаар хорооллын 108 айлын орон сууц, Нисэхийн 88 айлын орон сууцыг барихад хамт ажилласан ба надтай хамт ажилладаг байсан өрлөгийн бригад энэ бүхнийг хамт хийлцсэн. Гэтэл Л.А захирал миний өрлөгийн бригад өрлөг хир өрдөгийг мэдэх тул намайг өрлөгийн компани байгуулаач гэхээр би Х  ХХК-ийг байгуулсан. Ингээд Хан-Уул дүүргийн 12 хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй орон сууцны барилга дээр “Ш” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж, гадна, дотно өрлөг, дээврийн ажил, улмаар шавар дотоод заслын тодорхой ажлыг гүйцэтгэхээр 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 0701 тоот гэрээг байгуулсан. Гэрээнд заасан ажил 2013 оны 7 дугаар сард гадна өрлөгөөр эхэлсэн бөгөөд дотор өрлөг, дээврийн ажлын гүйцэтгэлийн тооцоо дуусч, шавар болон дотор заслын ажлын гүйцэтгэл бүгд 124 943 665 төгрөг болсон. Улмаар “Ш” ХХК дээрх мөнгөнөөс 85 377 500 төгрөгийг төлөөгүй бөгөөд уг барилгыг улсын комисс 2015 онд хүлээн авснаар “Х ” ХХК уг ажлыг бүрэн гүйцэт дуусгасан нь харагдана. Би нийт 214 000 000 төгрөгний ажил хийсэн. “Ш” ХХК-д ажиллаж байхдаа өрлөгийн ажлын үед мөнгөө авч байсан боловч заслын ажлын төлбөрийг 2 000 000 төгрөг болон 3 000 000 төгрөгөөр цувуулан авч байсан. Учир нь мөнгө байхгүй байна гэсэн шалтгаанаар санхүүжилтийг олгохгүй байсан. “Ш” ХХК нь барьсан байраа худалдаад түүнээс урьдчилгаа хэлбэрээр надад өгдөг байсан. Талуудын маргаад байгаа гол шалтгаан бол байгуулсан гэрээндээ хариуцагчийн хэлснээр ажлын гүйцэтгэлийн хөлсийг урьдчилан тохироогүй хийсэн ажлын м.кв талбайгаар ажлын хөлсийг тооцоолохоор тохирсонд байгаа юм. Хариуцагчийн тайлбарлаад байгаа 171 070 817 төгрөг бол шинжээчийн дүгнэлтээр гарсан тоо. Харин хэрэгт байх хариуцагчийн тайлбараас харахад 160 000 000 төгрөгийг баримтаар хүлээлгэн өгсөн. Тэгэхээр 214 000 000 төгрөгнөөс хариуцагчийн төлсөн 160 000 000 төгрөгийг хасахаар 40 000 000 орчим төгрөг үлдэнэ. Ингээд яг нарийн тооцоо гаргахлаар 39 566 165 төгрөг болж байгаа юм. Шинжээчээр бид нэхэмжлэгчийн нийт хийсэн ажлыг гаргуулахаар хүсэлт гаргасан боловч шинжээч энэ асуултын хариултыг гаргасан уу гэдгийг шинжээчийн тайлбараас харах нь зүйтэй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар нилээн зүйл тодорхой боллоо. Талуудын хооронд гэрээ байгуулсан. Энэ гэрээнд хийх ажлын хэмжээг тодорхой заагаагүй тул маргаан гарч шинжээч томилсон. Гэтэл шинжээч шүүгчийн захирамжид дурьдсан асуултанд хариулаагүй байна гэж үзэж байна. Зүй нь бол Барилгын тухай хуульд заасан стандарт нормд заасан үнийн дүнгээр тооцон шинжээчийн дүгнэлтийг гаргах байсан. Гэтэл шинжээч өөрт ногдоогүй асуултанд хариулж, талуудын гаргасан зүйлээр дүгнэлтээ гаргаж маргаантай байгаа дүн, маргаангүй байгаа дүнг гаргаж ирсэн байна. “Х ” ХХК нь нийт 214 000 000 төгрөгний ажил хийсэн тул үлдэх 39 566 165 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

          

             Хариуцагч “Ш” ХХК шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээд болох Л.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ц.А нь манай “Ш” ХХК-д инженерээр ажиллаж байгаад манай компанийн Хан-Уул дүүргийн 12 давхар орон сууцны барилгын ажилд туслан гүйцэтгэгчээр оролцоё гэхээр нь би хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэж бодоод зөвшөөрсөн тул “Х ” ХХК-ийг байгуулан хамтран ажилласан. “Х ” ХХК нь 171 000 000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Ер нь бол Ц.А манай компанийн нийт ажлын гүйцэтгэл, түүний чанарыг хариуцдаг тул өөрийн компанийн хийсэн ажлыг нэмж тооцоог гаргасныг би хүлээн зөвшөөрөөгүй. “Ш” ХХК нь “Х ” ХХК-д 39 566 165 төгрөг өгөх үндэслэл байхгүй, 171 070 817 төгрөгийг өгсөн нь баримтаар нотлогдоно. Шинжээчийн дүгнэлтээр “Х ” ХХК нь 171 675 761 төгрөгний ажил хийсэн байна гэсэн тул “Х ” ХХК-д төлөх төлбөр “Ш” ХХК-д байхгүй. Бидний байгуулсан 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн барилгын тусгай мэргэжлийн ажил гүйцэтгэх захиалагч гүйцэтгэгчийн хооронд байгуулах гэрээнд нийт ажлын үнийг заагаагүй 1 м.кв талбайд хийсэн ажлын үнэлгээ нь байгаа. Өөрөөр хэлбэл тодорхой үнэ тогтоогоогүй бөгөөд хийсэн ажлаа м.кв-аар тооцон төлбөрийг олгох ёстой байсан. Манай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 160 000 000 төгрөг гэж бичсэн байсан. Манай байгууллагын нягтлан солигдсон, санхүүд шалгалт ирсэн үе байсан учир санхүүгийн баримт дутуу гарч ирээд ийнхүү бичсэн юм. Харин сая шинжээч дүгнэлтээ гаргах үед би бүх баримтаа гаргаж өгсөн. Түүний дагуу би “Х ” ХХК-д 171 070 817 төгрөгийг өгсөн байсан. Ц.А 214 000 000 төгрөгийн ажил хийсэн гэж ярьж байгаа болохоос биш бодит байдал дээр ийм ажил хийнэ гэж талууд гэрээндээ батлаагүй, хүлээж аваагүй. Энэ бол Ц.А өөрөө л гаргаж ирсэн тооцоо. Яагаад гэхээр Ц.А өөрөө ажлын тооцоо, чанарыг тооцоолон гаргадаг байсан тул өөрийн эрх мэдлээ ашиглан гаргасан тоцоолол. Тиймээс “Х ” ХХК-ийн хийсэн ажилд маргасан тул нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч томилуулан “Х ” ХХК-ийн хийсэн ажлыг шинжээч дүгнэлтээрээ баталж, 171 070 817 төгрөгийг норм нормативын дагуу бодож гаргасан. Шинжээч Төсвийн тухай хуулийн дагуу бодсон. Хоёр тал урт удаан хугацаанд олон удаа шинжээчийн өрөөнд цугларч маргаж мэтгэлцэн байж байгаад гарын үсгээ зурж эцсийн байдлаар ажлын тоо хэмжээг тохирсон байгаа. Үүний дагуу шинжээч нийт гүйцэтгэсэн ажлын хэмжээг хуулийн дагуу гаргасан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би “Х ” ХХК-д нийт 171 070 817 төгрөгийг өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

           

Шинжээч Л.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хоёр тал хийсэн ажлаа зөвшөөрсөн. Гэрээнд зүлгүүрийн ажил гэж байсан боловч нэхэмжлэгчийн өөрийнх гаргаж өгсөн хийгдсэн ажилд зүлгүүрийн ажил байгаагүй тул дүгнэлтэд орхигдсон. Тэгэхээр энд юу дутуу байна гэхээр гэрээнд замаск 1 м.кв 3500 төгрөг, эмуьлс 3500 төгрөг, зүлгүүр 500 төгрөг гэж байсан боловч нэхэмжлэгч өөрөө зүлгүүрийн ажлын дүнг гаргуулья гээгүй. Зүлгүүрийн 4 000 000 гаран төгрөгний ажлыг орхигдуулсан байх магадлалтай. Энэ хэмжээний ажил бол хийгдсэн гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

           Нэхэмжлэгч “Х ” ХХК нь хариуцагч “Ш” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 39 566 165 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, “...нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч томилсон. 171 070 817 төгрөгийг шинээч норм нормативын дагуу бодож гаргасан. Би “Х ” ХХК-д нийт 171 070 817 төгрөгийг өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр “Барилгын тусгай мэргэжлийн ажил гүйцэтгэх захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулах гэрээ” гэж нэрлэсэн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр талууд ханын шавардлага, багана дам нуруу, хаалга цонхны амалгааны шавардлага, ариун цэврийн өрөөний хар шаварыг 1 м2-г тус бүрийг 7000 төгрөг, тааз, дам нуруу, баганын хар цагаан замаскыг 1 м2-ыг 3800 төгрөг, тааз, дам нуруу, хоёр үе эмульсыг 1 м2-ыг 3500 төгрөг, хана, хаалга, цонхны амалгаанд хоёр үе цагаан замаска 1 м2-ыг 3000 төгрөг, хананд обой наах 1м2-ыг 3500 төгрөг, хаалга цонхны амалгаанд тосон будаг будах 1 м2-ыг 3500 төгрөг, зүлгүүр 1 м2-г 500 төгрөг, плита 1 м2-г 12 000 төгрөг, чулуу 1 м2-ыг 20 000 төгрөг, гадна тоосгон өрлөг 1 м2-ыг 10 000 төгрөг, хөнгөн блокон өрлөг 1 м2-г 30 000 төгрөг, дээврийн ажил 1 м2-ыг 25 000 төгрөгөөр тус тус хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцжээ.

Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна. 

 

Зохигчид уг гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй, зөвхөн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээнд маргасан тул шүүх энэхүү гэрээг талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн хүрээнд гэрээний чөлөөт байдалд нийцүүлэн, агуулгыг өөрсдөө тодорхойлон, хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэлээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч томилсон бөгөөд “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь “Х ” ХХК нь нийт 16 төрлийн ажил хийсэн болохыг дүгнэж, хийгдсэн ажлын тоо хэмжээг захиалагч, гүйцэтгэгч талуудыг байлцуулан тэдгээрийн зөвшөөрснөөр, барилгын зургийг үндэслэн ажил нэг бүрийн хэмжээг дараах байдлаар,

Гадна ханын өрлөг блок 474.31 м3, тоосго 523.76 м3, тоосго 33.80 м3, Дотор ханын өрлөг блок 349.84 м3, тоосго 2028.83 м2, Дотор шавардлагын ажил 2172.86 м2, Дээврийн ажил 600.00 м2, Паркетан шалны ажил 1746.67 м2, Чулуун хавтан 363.27 м2, Чулуун плитаны ажил 401.00 м2, Плитаны ажил хана, шал 1071.91, Гипсэн хана, таазны дүн 413.59, гипсэн хаалт 396.53 м2, Коллекторын хаалт 40.00 м2, Обой 4080.48 м2, Цонхны тавцан Ш-158, Замаска хана-5292.94 м2, тааз 1770.20 м2, Замаска дүн 7063.14, Эмульс дүн 4327.90 м2, Цементэн тэгшилгээ-64.26 м2 гэж дүгнэж,

Гүйцэтгэсэн ажлын хэмжээг дээр тооцоолсон ажлын дагуу ажлын хөлсийг 171 675 761 төгрөг байхаар тооцоолжээ.  

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “...Гэрээнд хийх ажлын хэмжээг тодорхой заагаагүй учир маргаж, шинжээч томилсон боловч шинжээч шүүгчийн захирамжид дурьдсан асуултанд хариулаагүй. Түүнчлэн шинжээч өөрт ногдоогүй асуултанд хариулж, талуудын гаргасан зүйлээр дүгнэлтээ гаргаж маргаантай байгаа дүн, маргаангүй байгаа дүнг гаргаж ирсэн нь үндэслэлгүй. Иймд “Х ” ХХК нь нийт 214 000 000 төгрөгний ажил хийсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 160 000 000 төгрөгийг төлсөн гэж тайлбартаа бичсэн тул үлдэх 39 566 165 төгрөгийг нэхэмжилж байна” гэж мэтгэлцсэн.

  

           Хариуцагчийн төлөөлөгч “...манай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 160 000 000 төгрөг гэж бичсэн байсан. Манай байгууллагын нягтлан солигдсон, санхүүд шалгалт ирсэн үе байсан учир санхүүгийн баримт дутуу гарч ирээд ийнхүү бичсэн юм. Харин сая шинжээч дүгнэлтээ гаргах үед би бүх баримтаа гаргаж өгсөн. Түүний дагуу би “Х ” ХХК-д 171 070 817 төгрөгийг өгсөн байсан. Ц.А 214 000 000 төгрөгийн ажил хийсэн гэж ярьж байгаа болохоос биш бодит байдал дээр ийм ажил хийнэ гэж талууд гэрээндээ батлаагүй, хүлээж аваагүй. Энэ бол Ц.А өөрөө л гаргаж ирсэн тооцоо” гэж маргасан.

Шинжээч шүүгчийн захирамжийн дагуу хийж гүйцэтгэсэн ажлын нийт хэмжээг шүүхэд гаргаж ирүүлсэн бөгөөд харин шүүгчийн захирамжаар тавигдсан асуултаас өөр бусад асуудлаар дүгнэлт гаргасан нь хууль зөрчөөгүй, өөрөөр хэлбэл шүүгч захирамжийн 4 дэх заалтад шинжээч нь ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдлыг олж тогтоовол энэ талаар шүүхээс асуулт тавигдаагүй ч дүгнэлтээ тусгах үүрэгтэй талаар дурдсан тул шүүх уг шинжээчийн дүгнэлтийг шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн, эргэлзээгүй үнэн зөв баримт гэж үнэлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээдэг. Гэтэл нэхэмжлэгч нь 214 000 000 төгрөгийн ажил хийсэн болох нь хэргийн баримтаар нотлогдохгүй байх бөгөөд харин хариуцагч “Ш” ХХК нь нэхэмжлэгчид нийт 171 070 817 төгрөгийг шилжүүлсэн болох нь шинжээчийн дүгнэлтэд хавсрагдсан материалын 26-60 дугаар талд авагдсан байхаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар хэргийн нотлох баримтад зохигчийн тайлбар багтах тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “...эхний шавар, засал, өрлөгийн ажлын төлбөр 171 070 817 төгрөгийг хүлээж авсан” гэх тайлбараар тогтоогдож байна.  

 

         Ийнхүү талууд нэгэнт гэрээгээр хийх ажлын үнийг тохиролцсон, шинжээчийн дүгнэлтэд нэхэмжлэгчийн хийгдсэн нийт ажлын хэмжээ талуудын зөвшөөрснөөр тусгагдсан, дээрх хэмжээгээр үнийг тооцож, мөнгө шилжүүлсэн баримтыг тус тус үндэслэн гаргасан 171 070 817 төгрөгийг хариуцагч “Ш” ХХК төлсөн болох нь тогтоогдож байх боловч шинжээч Л.Оын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “...Х  ХХК нь нийт 7063.14 талбайд зүлгүүрийн ажил хийсэн, үүнийг 500 төгрөгөөр тооцоход 3 531 570 төгрөг болж байна. Энэ үнэ шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй” гэх тайлбарыг үндэслэн Х  ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 171 675 761 төгрөг дээр тооцогдоогүй ажил болох 3 531 570 төгрөгийг нэмж нийт 175 207 331 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 171 070 817 төгрөгийг хасч, үлдэх 4 136 514 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх 35 429 651 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.   

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч томилсон тул шинжээчийн зардал 4 400 000 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн зардалд нэхэмжлэгчээс гаргуулж шинжээчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 355 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 81 135 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч “Ш” ХХК-иас 4 136 514 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 35 429 651 төгрөгт ногдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 355 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 81 134 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч “Х “ ХХК-иас шинжээчийн зардал 4 400 000 төгрөгийг гаргуулж, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.МӨНГӨНТУУЛ