Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2018/ШЦТ/112

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин

Улсын яллагч Л.Оюунтуяа

Шүүгдэгч Д.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Мд холбогдох эрүүгийн 1825001050082 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн

Шүүгдэгч Д.М 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 29-26 тоотод ошин суух Г.Уийн Монгол гэрийн хаалгыг эвдэн орж хонины мах, гурил, үнэртэй ус зэрэг эд зүйл хулгайлан 206 800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэгсийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйл баримтын талаар тогтоогдсон нөхцөл байдал: 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Д.М нь Орхон аймгийн БаянӨндөр сумын Эрдэнэ багийн 29-26 тоотод ошин суух Г.Уийн Монгол гэрийн хаалгыг эвдэн орж хонины мах, гурил, үнэртэй ус зэрэг эд зүйлийг авсан байна. Дээрхи үйл баримт нь хохирогч Г.Уийн... 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр манай гэрт хулгай орсон гэдгийг өвөө Увагаас сонсоод гэртээ очтол гэрийн үүдний цоожийг эвдэн хулгай орчихсон байсан. Намайг ирэх үед хулгай хийсэн гэх хүнийг манай ар талын айлын залуу барьчихсан байсан. Удалгүй цагдаа ирсэн. Цагдаатай хамт гэртээ орох үед манай гэрийн эд зүйлс эмх цэгцгүй мах гурал хөөрөг гэх эд зүйлс алдагдсан байсан. Хонины мах болох хаа гуя нийлсэн 6 кг, 30 000 төгрөгийн үнэтэй 2 килограмаар савласан гурил 6 ширхэг 12 000 төгрөг, шинэ цагийн халтар манан хөөрөг 1 ширхэг 150 000 төгрөг, Excite брэндийн үнэртэй ус 38000 төгрөг, өмдний бүс 1 ширхэг шинээрээ байсан 10 000 төгрөг, хуучин 4 ширхэг СД, жижиг хайрцагтай ромбо 1 ширхэг, задалсан варина 1 ширхэг, плаш 1 ширхэг 15 000 төгрөг, машины смарт түлхүүр 1 ширхэг 45 000 төгрөг зэрэг үнэ бүхий зүйлс алдагдсан... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би хулгайд алдсан зүйлсээ бүрэн бүтнээр нь нэг ч зүйл дутаалгүй эргүүлэн олж авсан. Иймд гомдолгүй хуулийн дагуу арга хэмжээг авч өгнө үү.....гэх мэдүүлэг, “Бан Хас” ХХК-ний 2018 оны 01 сарын 31- ний 2018/э-0072 дугаартай шинжээчийн “эд зүйлийн үнэлгээ нийт 206,800 төгрөг” гэх дүгнэлт, гэрч С.Пүрэвдаваагийн.....тэгээд би буцаад хашааны гадаа гараад иртэл нөгөө хүн нэг шуудайтай зүйлийг цэнхэр өнгийн цүнхнийхээ хамтаар үүрчихсэн явж байхаар нь барьж аваад наадах чинь юу юм бэ гэсэн чинь өөрийнхөө гурил махыг аваад явж байна гэхээр нь орсон айл руу нь дагуулан ортол Монгол гэрийн хаалга онгорхой хамаг эд зүйл нь цэгцгүй хүнгүй байхаар нь нөгөө хүнээ дагуулан хашаагаар гарах гэж байхад манай ээж нэг хөгшин хүн дагуулчихсан орж ирсэн. Улмаар удалгүй цагдаа ирсэн.... гэх мэдүүлэг,шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2018 оны 1 сарын 30-нд Эрдэнэ багт архи уугаад явж байгаад эзэнгүй айлд орсон. Хоол ундны зүйлгүй болоод хулгай хийсэн. Авсан зүйлээ бүгдийг нь буцааж өгсөн” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэрэгт ач холбогдолтой, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэний бусдын гэрт нууцаар, хууль бусаар нэвтрэн орж эд хөрөнгийг нь авсан үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан, санаатай, бусдад хохирол учруулсан үйлдэл байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзнэ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 31-39-р хуудас/ зэргийг шинжлэн судлаад гэм буруугаа хүлээсэн байдал, хохирол арилсан байдал, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэв. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, ялыг тэнсэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзнэ. Хохирогчид алдагдсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн нь хэргийн 16-17 дугаар хуудаст байгаа эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн баримтаар нотлогдсон ба хохирогч шүүх хуралдаанд оролцоогүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Т овгийн Дийн М-ийг орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Мд оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мий цагдан хоригдсон 28 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч Д.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч,хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ