| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2017/03223/И |
| Дугаар | 183/ШШ2018/01063 |
| Огноо | 2018-05-02 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 183/ШШ2018/01063
| 2017 оны 05 сарын 02 өдөр | Дугаар 183/ШШ2018/01063 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 11 гудамж, 286б тоотод оршин суух, 1980 онд төрсөн, 38 настай, эрэгтэй, Б овогт Эгийн Б / рд:НМ80042411/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 11 гудамж, 286б тоотод оршин суух, 1981 онд төрсөн, 37 настай, эмэгтэй, М овогт Бы О /РД:ШГ81063029/-т холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагч Б.О, түүний өмгөөлөгч Г.Т /ШТЭҮД-2571/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Ц.Нэргүй нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.Б нь 2002 онд эхнэр Б.Отэй танилцаж, 2007 онд гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. Улмаар 2003 оны 8 дугаар сарын 11-ны өдөр хүү Б.Тэлмэн, 2009 оны 5дугаар сарын 20-ны өдөр охин Б.Хулан нар төрсөн. Э.Б нь 2012 оноос хойш Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа ба хоёр хүүхэд энэ цагаас хойш эх Б.Оийн асрамжид байгаа. Нэхэмжлэгч Э.Б нь гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа бөгөөд хоёр хүүхдээ эхийн асрамжид үлдээнэ. Хүүхдийн тэтгэлэгийг хуульд зааснаар төлнө, хашаа байшингаа эхнэр хүүхдүүдээ үлдээнэ. Цаашдаа хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүргийг биелүүлнэ. Э.Б нь Голомт банкинд 7 500 000 төгрөгний хадгаламжтай ба 3 500 000 төгрөгийг эхнэрт өгнө. Иймд Э.Б, Б.О нарын гэрлэлтийг цуцлаж өгнө үү гэв.
Хариуцагч Б.О нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Б бид хоёр 2002 онд танилцаж улмаар 2007 онд гэр бүлээ батлуулсан. Бидний дундаас хүү Б.Тэлмэн 2003 онд төрсөн, охин Б.Хулан 2009 онд төрсөн нь үнэн. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэх хэсэгт бичсэн Б.О, Э.Батбоолд нар нь гэр бүл болсноос хойш байнгын хэрүүл маргаантай байсан байна гэж бичсэн нь ор үндэслэлгүй худлаа зүйл бичсэн байна. Учир нь 2011 онд нэхэмжлэгч Э.Б нь Солонгос улс руу ажил хийхээр явсан. Энэ хугацаанд би хоёр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэн асран хамгаалж байна. Б.О миний зүгээс гэрлэлт цуцлуулахыг Э.Боос нэг ч удаа шаардаж байгаагүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байсан боловч шүүхээс өгсөн эвлэрэх хугацаанд эвлэрэх гэж оролдсон боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон. Гэхдээ хоорондоо харилцан ярилцаж гэр бүлийн дундын хөрөнгийн талаар харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч хүүхдүүдээ эхийн асрамжид үлдээхийг зөвшөөрсөн бөгөөд хүүхдийн тэтгэлийг хуульд зааснаар төлнө гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Мөн хүүхдүүдээ цаашид халамжилна гэж тохирсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Б нь хариуцагч Б.От холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд Э.Б, Б.О нар 2002 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болсноо 2007 оны 6 дугаар сарын 10-ны өдөр эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлэн, хамт амьдрах хугацаанд тэдний дундаас 2003 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүү Б.Тэлмэн, 2009 оны 5 дугаар сарын 20-ны өдөр охин Б.Хулан нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа болон хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар зэргээр нотлогдож байна.
Гэрлэгчид 2012 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасныг баримтлан эвлэрүүлэх арга хэмжээ авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн боловч гэрлэгчид эвлэрээгүй учир Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Хүү Б.Тэлмэн 15 настай, охин Б.Хулан 9 настай, эхийн асрамжид эрүүл бойжиж байх бөгөөд гэрлэгчид хүүхдийн асрамжийг харилцан тохиролцсон байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээхээр шийдвэрлэв.
Гэрлэгчид гэр бүлийн дундын хөрөнгө болох хашаа байшин болон Голомт банкны хадгаламж дахь 7 500 000 төгрөгөөс 3 500 000 төгрөгийг эхнэр Б.От өгөхөөр харилцан тохиролцсон болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Боржигон овогт Эгийн Б, хариуцагч Манал овогт Бы О нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу хүү Б.Тэлмэн, охин Б.Хулан нарыг эх Б.Оийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2009 оны 5 дугаар сарын 20-ны өдөр охин Б.Хуланг 11 нас хүртэлх хугацаанд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 2003 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүү Б.Тэлмэн болон Б.Хулан нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Э.Боос тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар харилцан тохиролцсон болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Э.Б, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.От тус тус даалгасугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ