| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2018/01385/И |
| Дугаар | 183/ШШ2018/01181 |
| Огноо | 2018-05-14 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 183/ШШ2018/01181
| 2017 оны 05 сарын 14 өдөр | Дугаар 183/ШШ2018/01181 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 5 дугаар баг, Боргүвээ, 2 хэсэг гудамж, 059а тоотод оршин суух, 1986 онд төрсөн, 32 настай, эмэгтэй, Б Ж овогт Ч ийн Ө /рд:МЮ86091380/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхантын 1 дүгээр гудамж, 3-33 тоотод оршин суух, 1986 онд төрсөн, 32 настай, эрэгтэй, Б овогт Цийн Ё /рд:НЭ86031919/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Ө, хариуцагч Ц.Ё, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ц.Ётай анх 2005 онд танилцан улмаар 2006 онд гэр бүл болсон. Бидний хамт амьдрах хугацаанд буюу 2008 оны 02 дугаар сарын 02-ны өдөр охин Ё.Ижилзаяа төрсөн. Ц.Ё бид хоёр зан харилцааны таарамжгүй байдлаас болж 2009 оноос тусдаа амьдрах болсон. Энэ хугацаанд охин Ё.Ижилзаяа миний асрамжид байгаа бөгөөд охиноо өөрийн асрамждаа авна. Эцэг Ц.Ёгаас хүүхдийн тэтгэлэг авахгүй. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.
Хариуцагч Ц.Ё нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ч.Өтай 2005 онд танилцан 2006 онд гэрлэлтээ батлуулсан. 2008 оны 02 дугаар сарын 02-ны өдөр охин Ё.Ижилзаяа төрсөн нь үнэн. Би Ч.Өтай зан харилцааны хувьд таарахаа больсон тул 2009 оноос хойш тусдаа амьдарч байгаа. Энэ үеэс хойш охин эх Ч.Өын асрамжид байгаа. Тиймээс охиноо Ч.Өын асрамжид өгнө. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Би 2011 оноос өөр гэртэй болсон тул гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч дэмжиж байна гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Ө нь хариуцагч Ц.Ёд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд Ч.Ө, Ц.Ё нар 2002 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гэр бүл болсноо 2007 оны 02 дугаар сарын 18-ны өдөр эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлэн, хамт амьдрах хугацаанд тэдний дундаас 2008 оны 02 дугаар сарын 02-ны өдөр охин Ё.Ижилзаяа төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа болон хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар зэргээр нотлогдож байна.
Гэрлэгчид 2009 оноос хойш тусдаа амьдарч байгаагаас гадна зохигчид Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалаар орсон боловч эвлэрүүлэх ажиллагаа нь амжилтгүй болсны улмаас шүүхэд ханджээ.
Иймд Ч.Ө, Ц.Ё нарт Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэгсдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Охин Ё.Ижилзаяа 10 настай, эхийн асрамжинд амьдарч байх бөгөөд гэрлэгчид хүүхдийн асрамжийг харилцан тохиролцсон байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээхээр шийдвэрлэв.
Гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болон нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй. Харин энэхүү шийдвэр нь нэхэмжлэгчийг хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхээр шүүхэд дахин хандахад саад болохгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Буурал Ж овогт Чийн Ө, хариуцагч Боржигон овогт Цийн Ё нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу 2008 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Ё.Ижилзаяаг эх Ч.Өын асрамжид үлдээсүгэй.
3. Гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй, Ч.Ө Ц.Ёгаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэсэн болохыг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Ц.Ё, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Ч.Өт тус тус даалгасугай.
5. Цаашид хүүхдийг өсгөн хүмүүжүүлэхэд гарах зардалтай холбогдуулан нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдсугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ