Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/93

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр                                 Дугаар 2022/ШЦТ/93                           Даланзадгад сум

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч Л.Солонго,

Шүүгдэгч Ц.А,

Нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах П.Цэнднасан нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогтой Ц Ад холбогдох 2228000000096 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Шүүгдэгч Ц.А нь 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд байхдаа Б.Дтай утсаар холбогдон тэмээ зарна хэмээн, С.Цын эзэмшлийн хаан банкны 55860306666 тоот дансаар 400.000 мянган төгрөг, О.Сын эзэмшлийн хаан банкны 55981376636 тоот дансаар 150.000 мянган төгрөг, З.Тын эзэмшлийн хаан банкны 5721809175 тоот дансаар 100.000 мянган төгрөг нийт 3 удаагийн гүйлгээгээр 650.000 мянган төгрөгийг,

2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг дэвсгэрт Э.Өод ишигтэй ямаа зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, Э.Өоос хаан банкны 5585011191 тоот депозит данснаас С.Цын хаан банкны 55860306666 тоот дансанд 1.000.000 төгрөгийг,

2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд орших Онги буудалд байрлаж байхдаа Э.Цы фейсбүүк цахим орчинд “Түүхий эд авна” гэсэн зарын дагуу холбогдож ноос авчирч өгье хэмээн Д.Ггийн эзэмшлийн хаан банкны 5593016994 дугаарын дансаар 2 удаагийн гүйлгээгээр 1.150.000 төгрөгийн тус тус хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуун далдлах замаар бусдыг төөрөгдөлд орчуулж, нийт 2.800.000 төгрөг шилжүүлснийг авч, залилсан гэмт хэрэгт холбогджээ.    

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ц.А яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.А шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ишигтэй ямаа тэмээний махыг өгье гэж яриагүй. Олоод өгье гэж ярьсан. Бусад нь үнэн зөв. Согтуугаараа энэ хэргийг үйлдсэндээ гэмшиж байна гэв.

Хохирогч Э.Өын мэдүүлэгт: 2022 оны 05-р сард би мал зарна гэсэн зарын дагуу хүнтэй холбогдоод мал худалдаж авах гэж байсан чинь гар утасны дугаарыг нь алга болгочхоод аймагт байх эхнэр рүүгээ залгаад мал зарах хүний дугаар нь байна уу гэсэн чинь манай эхнэр байхгүй гэж хэлсэн тухайн үед манай эхнэрийн хажууд А болон хамтран амьдрагч гэх Ц нар байсан гэсэн тэгээд миний дугаарыг манай эхнэрээс А аваад маргааш нь над руу мал авах юм уу надад хэдэн мал байна малаа хөнгөлөхгүй бол хөгшчүүлд дараа болоод байна гэхээр нь би үзэж байж болъё гэсэн чинь асуудалгүй сайн мал бий гэж хэлсэн тэгээд би 2-3 хоногийн дараа аймаг руу ойртож ирээд малыг нь үзье аймгийн ойролцоо явж байна гэсэн чинь асуудалгүй мал бий гэж хэлээд намайг Цын данс болох 5586030666 гэсэн данс руу урьдчилгаа 1.000.000 төгрөг хийчих гэхээр нь би 2022 оны 05-р сарын 26-ны өдөр тухайн данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. тэгээд маргааш нь залгасан чинь утас нь холбогдохгүй байсан дараа өдөр нь залгасан чинь би үнэнээ хэлье би эхнэргүй ганц бие надад хэдэн ботготой ингэ байна тэрийгээ зарах гэсэн юм гэхээр нь би үзэж байж болъё ямаа хэзээ өгөх гэж байна гэсэн чинь асуудалгүй удахгүй өгнө гэж хэлсэн.Тэгээд надад 2022 оны 06дугаар сарын 02-ны өдөр төлөө хөнгөлнө тэр үед намайг хөдөө гэр рүүгээ авч яваад малаа үз дараа нь буюу 2022 оны 06-р сарын 07-ны өдөр машин гаргаад малаа ачаад надад хүргэж өгнө гэж хэлсэн.Тэгээд тэр цагаас хойш гар утсаа авахгүй болсон. Ц руу залгахаар би тэр хүнтэй холбоо тасарсан миний виза карт машин 2-ыг аваад явсан ирэхгүй байна гэж хэлсэн.Сүүлд сонсоход Цын хүүхэд нь А ахтай таараад машиныг нь авсан гэсэн.Тэгээд би цагдаад өргөдөл гаргасан гэжээ. /хавтаст хэргийн 11 дэх тал/

Гэрч С.Цын мэдүүлэгт: А гэж хүн БОЭТ-ийн дотрын тасагт хэвтэн эмчлүүлж байхдаа надтай танилцаж эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлүүлж байгаад хот руу эмчилгээнд явсан.Улаанбаатар хотоос ирээд над руу залгаад 2-уулаа хамт амьдаръя гэж хэлээд манай гэрт бид 2 4 хоног хамт амьдарч байгаад 2022 оны 05-р сарын 26-ны өдөр Цогтцэций сум явах ажилтай болчихлоо машинаа өгөөч гэхээр нь би машинаа дотор нь байсан бичиг баримтын хамт өгч явуулсан би оройдоо ирнэ гээд явсан хүн чинь 2 хоног гар утас нь холбогдохоо больсон тэгээд би ээж рүү нь залгаад А очсон уу гэсэн чинь ирээгүй гэж хэлсэн.Тэгээд 3 хоног миний машиныг унаж яваад сураггүй болохоор нь хүн амьтнаас сурсан чинь хүнээс мөнгө аваад худлаа яриад яваад байдаг сурагтай байхаар нь би эв гүй хүн юм байна гэж бодоод эвээр ярьж байгаад 2022 оны 05-р сарын 28-ны орой 22 цагийн үед Аг Цогтцэций сумаас ирж байна гэхээр нь тосч машинаа авсан.2022 оны 05-р сарын 26-ны өдөр надад миний картыг хэрэглээд тамхины мөнгө авах гэсэн юм гэхээр нь за гээд дансаа өгсөн тэгсэн чинь 1.000.000 төгрөг орж ирээд нээх хурдан буцаад 980.000 төгрөг нь гарсан удалгүй 100.000 төгрөг миний дансанд ахиад ороод ирэхээр нь би яадаг юм бол гэж бодоод дансаа хаалгасан.Тэгээд би Агаас машинаа аваад холбоогүй байгаа би хаана байгааг нь мэдэхгүй байна гэжээ. /хавтаст хэргийн 13 дахь тал/

Шүүгдэгч Ц.Агийн яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: Би өмнө гэрчээр өгсөн мэдүүлэгтээ үнэн зөв мэдүүлэг өгсөн.Үүн дээр нэмж хэлэхэд би Өмнөговь аймгийн Цогтцэций суманд явж байсан чинь одоо утасны дугаарыг нь санахгүй байна 88-тай дугаараас залгаж орж ирээд та ямаа зарах уу гэж асуухаар нь би бол зарахгүй харин олж өгч болно гэж хэлсэн.Тэгээд хэдэн ямаа авах талаар нь асуусан чинь 45-50 ямаа авмаар байна гэж хэлсэн.Тэгээд чи надад эхний ээлжинд 1.000.000 төгрөг өгчихөө би хүн амьтантай уулзаж хямдхан олж өгье гэж хэлсэн.Тэгсэн чинь 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Би тухайн үед хамтран амьдарч Цын карт байсан учраас өөрөө авсан юм.Энэ хэрэг нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд явж байхад болсон юм.Яагаад Өмнөговь аймгийн цагдаагийн газар шалгаж байгааг ойлгохгүй байна.Өөр нэмж ярих зүйл байхгүй байна гэжээ. /хавтаст хэргийн 27 дахь тал/

Хохирогч Э.Цы мэдүүлэгт:Би түүхий эд авдаг учир фейсбүүк дээр “Түүхий эд авна” гэсэн зар байршуулсан байсан тэгсэн чинь 2022 оны 06 дугаар сарын 08-ы өглөө гэрт байж байсан чинь над руу 89535745 гэсэн дугаараас 09 цагийн орчимд залгаад “Цогт-Овоо сумын иргэн /Хар Ням / гэдэг хүн байна та тэмээний ноос авч байгаа юу” гэж асуухад нь би өөдөөс нь 9000 төгрөгөөр авч байгаа гэсэн тэгсэн чинь нөгөө хүн “би Өмнөговь аймаг дээр явж байна аймаг дээр тэмээний ноос авч байгаа хүн байхгүй байна” гэхээр нь би авъя мөнгө бэлэн байна гэж хэлсэн юм.Тэгсэн чинь за за би танд 3 тонн ноос авчирч өгнө гэж хэлээд утсаа тасалсан. Тэгсэн төд удалгүй 09 цаг 30 минутын орчимд нөгөө 89535745 гэсэн дугаараас дахин над руу залгаж манай ноос миний машинд багтахгүй юм байна би эндээс саахалт айлынхаа портрыг гуйгаад ачиж очихгүй бол болохгүй байна та надад бензин тосны мөнгө шилжүүлээч очоод ноосоо тушаахаар суутгаад авчих гэхээр нь би за тэгье дансаа явуул гэсэн чинь манай эхнэрийн данс руу явуулчих гээд 5593016994 дугаартай данс хэлэхээр нь итгээд өөрийнхөө хаан банкны 5602003263 тоот данснаас тухайн хүний өгсөн 5593016994 дугаартай Г гэсэн эзэмшигчтэй дансанд 150.000 мянган төгрөг шилжүүлсэн. Тэгээд удалгүй 30 минутын дараа над руу залгаад “би аймгаас гарах гэсэн чинь манай хүү намайг аав нэг аймаг орсон юм чинь хүүдээ мотоцикль аваад ир гээд байна би ноосоо тушаагаагүй болохоор надад мөнгөний бололцоо байхгүй байна би угаасаа танд ноосоо өгөх юм чинь та надад  дахиад 1.000.000 төгрөг зээлээч ” гэсэн тэгэхээр нь би “чи одоо болилдоо наад асуудлаа ирээд шийдэлдээ” гэсэн чинь “би танд худлаа хэлэхгүй та миний машины номерыг бичээд аваа” гээд надад 87-28 ӨМҮ гэсэн машины улсын дугаар хэлж өгсөн тэгээд би 87-28 ӨМҮ гэсэн дугаарыг бичиж аваад нөгөө Г гэдэг хүний данс руу нь 1.000.000 төгрөг шилжүүлсэн юм.Тэгсэн надад хэлэхдээ би одоо гарлаа та намайг ханангийн антен дээр тосоод байж бай гэж хэлээд утсаа тасалсан тэгэхээр нь би 12 цаг гээд ханангийн антены дэргэд очоод 4 цаг гаран хүлээгээд утас руу нь залгасан боловч утас нь холбогдохгүй байсан тэгээд одоог хүртэл холбогдож чадаагүй болохоороо цагдаагийн байгууллагад хандсан юм гэжээ./хавтаст хэргийн /хавтаст хэргийн 39-40 дэх тал/

Гэрч Д.Ггийн мэдүүлэгт:2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр манай Онги зочид буудалд нэг залуу ирээд өрөө авсан мөнгөө төлөөрэй гэсэн чинь одоо мөнгө байхгүй байна данс руу чинь манай ах шилжүүлнэ та дансаа өгчих гэхээр нь би мөнгөө авахын тулд дансаа хэлсэн.Тэгээд 2022 оны 06-р сарын 08-ны өглөө 09 цаг өнгөрөөд ээлж солилцох гэж байхад нөгөө залуу мөнгө орсон уу гэхээр нь утсаа үзсэн чинь миний дансанд 150.000 төгрөг орсон байсан тэгээд намайг өрөөний төлбөр болох 50.000 төгрөгөө аваад үлдсэн 100.000 төгрөгөө бэлнээр өгчих гэж хэлсэн.Тухайн үед мөнгө байхгүй байсан учраас би байсан 40.000 төгрөгөө бэлнээр өгөөд үлдсэн 60.000 төгрөгөө даргаас аваарай гэж хэлээд дарга руу мөнгийг нь шилжүүлээд үлдэгдэл мөнгийг нь даргыг ирэхээр нь авч өгсөн. Тэгээд намайг ээлжнээс буух гэж байхад намайг ахиад мөнгө шилжүүлүүлнэ та хүлээгээч гэхээр нь би карт байхгүй би одоо өөр ажилтай гээд явсан удалгүй миний утас руу дуудаад салахгүй болохоор нь аваад ярьсан чинь нөгөө залуу яриад ах таны данс руу мөнгө хийчихсэн байна гэнэ 1.000.000 төгрөг байгаа юм байна.Та 980.000 төгрөгийг өгөөд 20.000 төгрөгийг танд картыг чинь ашигласны төлбөр гээд өгч байна гэж хэлсэн.Тэгээд тэрнээс хойш уулзаагүй гэжээ. /хавтаст хэргийн 46 дахь тал/

Хохирогч Б.Дгийн мэдүүлэгт: Би 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод гэртээ байж байсан чинь манай найз Сосорбарам над руу 88708880 гэсэн дугаараас залгаж энд тэмээ зарах хүн байна би аав ээжийн танина энэ хүнийг бол танихгүй чи өөрөө холбогдоод яр гээд надад 88766629 гэсэн дугаарыг өгсөн тэгээд би тэр дугаар руу залгаад тэмээ зарах хүн мөн үү? гэж асуухад тиймээ мөн байна гээд бид хоёр утсаар яриад танд мах хэрэгтэй бол би тэмээгээ өгий гэж хэлээд надад урьдчилгаа болгоод 500,000 төгрөг өгөх боломжтой юу гэхэд яаг одоо бол байхгүй боломжоороо 400,000 мянган төгрөгийг найзынхаа 5450369115 гэсэн дансаар гүйлгээг 5586030666-Ц гэсэн дансанд хийсэн.Тэгсэн би-тэмээ зарах гэсэн зараа устгачихъя манайх сумын төвөөс ойрхон 22км гээд хэлсэн тэгээд маргааш нь над руу эргэж залгаад Сүхбаатар аймаг руу хурдан моринд явлаа гээд надаас 5721809175 Т гэсэн дансанд 100,000 мянган төгрөгийг өөрийнхөө 5585335365 гэсэн данснаас 15 цагийн үед гүйлгээ хийсэн.Тэгээд маргааш өглөө нь над руу 08 цагийн үед залгасан тэмээг чинь ачаад явж байна миний машин эвдэрлээ гээд надаас сэлбэг авъя гээд 150,000 мянган төгрөгийг 5598137663 С гэсэн дансанд найзыгаа гуйж байгаад 5450369115 гэсэн дансаар гүйлгээ хийлгэсэн. Тэгсэн хот руу ороод залгая гэж хэлээд утсаа тасалсан одоог хүртэл холбогдож чадаагүй болохоороо цагдаагийн байгууллагад хандсан юм гэжээ. /хавтаст хэргийн 68 дахь тал/

Гэрч О.Сын мэдүүлэгт: 2022 оны 05 дугаар сарын 29-ны өглөө Цогтцэций сумын “Жаргалант” хүнсний дэлгүүр орчоод гараад ирсэн чинь нэг улаан өнгийн машинтай намхан барилддаг гэж өөрийгөө надад танилцуулсан намхан биетэй бордуу царайтай ах над руу ирж уулзаад ах нь өчигдөр шөнө жаахан архи уучлаа ахдаа нэг тамхилаач гэхээр нь би тамхи гаргаж өгчхөөд байж байтал намайг дансныхаа дугаарыг өгчих ах нь эхнэрээсээ мөнгө аваад бензин авах гэсэн юмаа гэхээр нь би за тэгээ ах би мобайл банкаараа шилжүүлээд өгье гэж хэлсэн төд удалгүй нэг эмэгтэй хүнтэй ярьснаа С гэсэн данс мөн үү гэж цаанаас нь асууж байсан тэгэхээр нь мөн гэж хэлчхээд удаагүй байж байтал “Төөгий” гэсэн утгатай 150,000 төгрөг орлого ороод ирсэн тэгэхээр нь “Жаргалант” дэлгүүр рүү ороод 1 ширхэг 1 литрийн “Эдэн архи” 1 ширхэг 0,75% “хараа архи” болон 1 ширхэг тамхи худалдан аваад тухайн дэлгүүрээс гарсан. Тэгээд би дэлгүүрээс гарангуутаа нөгөө үл таних ахад та мөнгөнийхөө үлдэгдлийг ав би одоо харилаа гэхэд чамд байж байг ах нэг данс явуулна тэр данс руу шилжүүлчхээрэй гээд утасны дугаар өгч байсан одоо дугаарыг нь санахгүй байна. Тэгээд байж байтал нөгөө ах над руу хаан банкны 5018143594 гэсэн дугаартай данс өгөөд мөнгө шилжүүлээрэй ахын дүү гэж хэлсэн тэгээд би 2022 оны 05 дугаар сарын 29-ны 11 цаг 06 минутад өөрийнхөө 5598137663 гэсэн данснаас 5018143591 гэсэн дансанд нөгөө хүний үлдэгдэл болох 60,000 төгрөгийг хийсэн тэрнээс хойш би тэр хүнтэй холбоо бариагүй гэжээ. /хавтаст хэргийн 76-77 дахь тал/

Гэрч Б.Сын мэдүүлэгт: Би 2022 оны 05 дугаар сарын сүүлээр байхаа би он сарыг нь сайн санахгүй байна “Эрдэнэс таван толгой” ХХК ажлын байр зарахаар нь жилд орох гээд хөөцөлдөөд явж байтал манай найз Эсмэдэв над руу залгаад гэрт хүрээд ир гээд дуудахаар нь би гэрт нь очиход тэдний гэрт нэг эрэгтэй хүн байж байсан ба надад өөрийгөө “Н” гэж танилцуулсан тэгээд тэр Н гэх хүнийг утсаар ярьж байхыг нь сонстол тэмээ зарах талаар яриад байхаар нь би та тэмээ зарах гэж байгаа юм уу гэхэд тиймээ 2 тэмээ, 2 адуу зарна гэж хэлсэн. Тэгээд би найз Төгсжаргал, Д 2-той холбогдоод Цогтцэций суманд тэмээ зарах хүн байна гэж хэлээд 88766629 гэсэн дугаарыг өгсөн тэгээд хоорондоо сайн ярилцаарай би бол энэ Н гэх хүнийг танихгүй аав ээжийг нь бол танина гэж хэлсэн өөр юм бол ярьж бариагүй. Тэгээд маргааш нь намайг хот руу явж байхад тэр Н над руу залгаад нөгөө мах авах хүнийхээ дугаарыг өгөөч гэхээр нь найз Дгийн дугаарыг өгөөд Дг холбуулж өгсөн тэгээд манай найз Д тухайн Н гэх хүнтэй холбогдоод тэмээ худалдаж авахаар тохиролцож мөнгө шилжүүлж залилуулсан байсан гэжээ. /хавтаст хэргийн 80 дахь тал/

Банк түүний харилцагчийн талаарх мэдээлэл /хавтаст хэргийг 15-18 дахь тал/

Хаан банк ХХК-ийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 53-55 дахь тал/

Хаан банк ХХК-ийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 91-107 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 109 дэх тал/

Сум дундын 16 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 111-119 дэх тал/

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 120-125 дахь тал/

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 126-129 дэх тал/

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 130-135 дахь тал/

Иргэний үнэмлэхийн мэдээллийн хуулбар /хавтаст хэргийн 138 дахь тал/

Хур-Иргэний гэрлэлтийн мэдээлэл “хоосон” /хавтаст хэргийн 139 дэх тал/

Хур-Үл хөдлөх  хөрөнгийн жагсаалт /хавтаст хэргийн 158 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж, шүүгдэгч Ц.Ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Ад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Агийн нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөртөө захиран зарцуулах эрх олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах болон бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд дотроо Залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг.

Залилах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг болно.

Өөрөөр хэлбэл энэ төрлийн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурах, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэгддэг.

Харин шүүгдэгч Ц.Агийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлэхдээ хохирогч нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуун далдлах замаар бусдыг төөрөгдөлд орчуулж хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэ гэмт хэргийн шинж хангагдаж байна.

Шүүгдэгч Ц.А нь 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд байхдаа Б.Дтай утсаар холбогдон тэмээ зарна хэмээн, С.Цын эзэмшлийн хаан банкны 55860306666 тоот дансаар 400.000 мянган төгрөг, О.Сын эзэмшлийн хаан банкны 55981376636 тоот дансаар 150.000 мянган төгрөг, З.Тын эзэмшлийн хаан банкны 5721809175 тоот дансаар 100.000 мянган төгрөг нийт 3 удаагийн гүйлгээгээр 650.000 мянган төгрөгийг,

2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг дэвсгэрт Э.Өод ишигтэй ямаа зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, Э.Өоос хаан банкны 5585011191 тоот депозит данснаас С.Цын хаан банкны 55860306666 тоот дансанд 1.000.000 төгрөгийг,

2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд орших Онги буудалд байрлаж байхдаа Э.Цы фейсбүүк цахим орчинд “Түүхий эд авна” гэсэн зарын дагуу холбогдож ноос авчирч өгье хэмээн Д.Ггийн эзэмшлийн хаан банкны 5593016994 дугаарын дансаар 2 удаагийн гүйлгээгээр 1.150.000 төгрөгийн тус тус хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуун далдлах замаар бусдыг төөрөгдөлд орчуулж, нийт 2.800.000 төгрөг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Э.Өын мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/, гэрч С.Цын мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/, шүүгдэгч Ц.Агийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/, хохирогч Э.Цы мэдүүлэг /хавтаст хэргийн /хавтаст хэргийн 39-40 дэх тал/, гэрч Д.Ггийн мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дахь тал/, хохирогч Б.Дгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 68 дахь тал/, гэрч О.Сын мэдүүлэг /хавтаст хэргийн 76-77 дахь тал/, гэрч Б.Сын мэдүүлэг /хавтаст хэргийн 80 дахь тал/, хаан банк ХХК-ийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 53-55 дахь тал/, хаан банк ХХК-ийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 91-107 дахь тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан.

Шүүгдэгч Ц.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах гэмт хэргийг хэд хэдэн удаагийн үйлдлээр үйлдсэн байх тул үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

            Шүүгдэгч Ц.Аг урьд үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, засарч хүмүүжиж нийгэмшсэн гэж үзэх боломжгүй байна.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Өод  1.000.000 төгрөгийн, хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Цд 1.150.000 төгрөгийн, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Дд 650.000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь Хаан банк ХХК-ийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 53-55 дахь тал/, Хаан банк ХХК-ийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 91-107 дахь тал/, хохирогч Э.Ө, Э.Ц,  Б.Д нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.А шүүх хуралдаанд “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хүмүүсийн хохирлыг төлж барагдуулна. Манай хамаатан садангууд барилга, уул уурхай гээд ажил хөдөлмөр эрхэлдэг. Эхээс долуулаа. Эцэг эхээсээ тусламж авна гэж бодож байна. Хохирол төлбөрөө төлж барагдуулна гэх тайлбар гаргасан.

Шүүгдэгч Ц.А нь урьд үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй ба мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг төлөөгүй, төлөх эх сурвалж тодорхойгүй байх тул хохирол төлбөр төлүүлэхээр шүүх хуралдааныг завсарлуулах боломжгүй байна.

Түүнчлэн шүүгдэгч Ц.Агийн хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол хор уршгийг төлж барагдуулах үүргийг шүүгдэгчийн гэр бүл болон төрөл, садангийн хүмүүст хариуцуулах эрх зүйн үндэслэл байхгүй тул шүүгдэгч Ц.Агээс 1.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Өод, 1.150.000 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Цд, 650.000 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Дд тус тус олгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.Агийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.А дээрх гэмт хэргүүдийг “Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн байсан” гэх тайлбарыг гаргадаг ба согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

          Иймд шүүгдэгч Ц.Аг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж  эд хөрөнгийг  залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Ц.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч Ц.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэл тогтоолоор оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаас 55 хоногийн хорих ялыг биечлэн эдэлсэн. Үлдсэн хугацааг нэмж нэгтгэж хорих ял оногдуулан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай гэв.

Шүүх шүүгдэгч Ц.Агийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ад 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Ад энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаас биеэр эдэлсэн 55 хоногийг хасаж, эдлээгүй үлдсэн 1 жил 5  хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 жил 5 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.А нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаа эдэлж байхдаа Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 29 дугаартай шүүгчийн захирамжаар цагдан хорих байрыг өөрчлөн шилжүүлэн хорьсон тул энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй гэж үзсэн болно.  

Шүүгдэгч Ц.Агийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа хувийн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинжийг харгалзан 2 жил 5 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Ц.А нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогтой Ц Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуун далдлах замаар бусдыг төөрөгдөлд орчуулан эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ад 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  шүүгдэгч Ц.Ад энэ тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 5 /тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Ц.Агийн нийт эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил 5 /тав/ хоногийн хугацаагаар тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ад оногдуулсан 2 /хоёр/ жил 5 /тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Ц.Агээс 1.000.000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан  хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Ө,  1.150.000 /нэг сая нэг зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Ц, 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Д-д тус тус олгосугай.  

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч Ц.А нь Өмнөговь аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 29 дугаартай шүүгчийн захирамжаар цагдан хоригдох байрыг өөрчлөн шилжүүлэн хоригдож байсан болохыг дурдсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Ад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

           9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

           10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Ц.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ