Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2017/02425

 

Б.Баттулгын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2017/02564 дүгээр  шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Баттулгын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: УБТЗ ХХН-д холбогдох

 

Урьд эрхэлж байсан ажилтай дүйцэхүйц ажилд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 7 751 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Баттулгын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч нь 2016 оны 3 сарын 23-ны өдрийн Б-1-69 тоот тушаалаар хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, сургалт хариуцсан инженерээр томилогдож хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад 2017 оны 4 сарын 07-ны өдөр   Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар ажлаас халагдсан.  Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу адил чанарын албан тушаалд томилно гэсэн боловч өдийг хүртэл хүлээлгэж байгаад албан тушаалыг бууруулан Вагоны үйлчлэгчийн ажилд томилохоор санал хэлсэн. Өмнө эрхэлж байсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт хариуцсан инженерийн албан тушаалыг 2017 оны 4 сарын 04-ний өдрийн Б-1-99 тоот Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ ХХН-ын даргын тушаалаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженер, Сургалт хариуцсан инженер гэж 2 салгаж өөр өөр хүмүүсийг томилсон. Нэхэмжлэгч тус байгууллагад тасралтгүй 10 жил ажиллахдаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй.  Нэхэмжлэгчид албан тушаал бууруулж томилох саналаа хариуцагч хэлэхдээ шүүхэд хандах хуулийн хугацааг өнгөрүүлж мэдэгдсэн. Иймд нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, дүйцэхүйц ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 7 751 000 төгрөг гаргуулах, мөн шагналт цалингаа нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалангийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: УБТЗ ХХН- нийгэмлэгт Зорчигч үйлчилгээний төв гэж нийт 5 нэгжийг хамарсан, 2000 орчим хүнийг ажлын байраар хангасан төв байсныг Замын даргын 2017.02.24-ний өдрийн А-71 тоот тушаалаар татан буулгаж, Зорчигч тээврийн албыг балансгүйгээр байгуулсан. Б.Б- нь 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр зорчигч үйлчилгээний төв байгуулагдахад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, сургалт хариуцсан инженерээр ажилласан. Ингэхдээ зөвхөн салбар нэгжийн байцаагч нартаа зөвхөн сургалтын асуудлыг хариуцуулж байсан. Төвийг татан буулгаснаар шинээр зохион байгуулагдаж байгаа зорчигч үйлчилгээний албанд сургалт хариуцсан ажлын байр шаардлагагүй болсон. Өөрчлөн байгуулсан шинэ албаны бүтцэд ч ийм ажил албан тушаал байхгүй. Зорчигч үйлчилгээний төвийг татан буулгаснаар 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Б1-ийн 122 дугаар тушаалаар Б.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, тушаалыг энэ өдрөө гардуулсан, 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр ажлыг хүлээж авсан. Б.Б- нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдлоо шүүхэд нэг сарын дотор гаргана гэсэн хугацааг хэтрүүлж 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд хандсан. Гомдлыг 2017 оны 5 дугаар сарын 07-ны дотор гаргах байтал шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн нь хууль зөрчсөн. Хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн шүүгчийн шийдвэр захирамж гараагүй. Шүүх ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээг хэнтэй байгуулах тодорхойлох эрхэнд халдаж томилох шийдвэр гаргадаггүй. Хуулиар хөдөлмөрийн гэрээг байгуулах нь гэрээний талын асуудал. Нэхэмжлэлийн шаардлагаа өнөөдрийг хүртэл өөрчлөөгүй. Б.Б- нь Замын даргад мэргэжлийн ажлаар хангаж өгөөч гэсэн өргөдөл өгсөн бөгөөд төмөр замын мэргэжлийн хүн тул орон тоо гартал вагоны үйлчлэгчээр түр ажиллуулахаар шийдвэрлэсэн. Гэвч ажиллаагүй, хэрвээ томилсон ажил нь таалагдахгүй байгаа бол ажил олгогч энэ хүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй байх эрхтэй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэг, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг баримтлан Монгол Оросын хувь нийлүүлсэн УБТЗ ХХН- нийгэмлэгт холбогдох урьд эрхэлж байсан ажилтай дүйцэхүйц ажилд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин 7 751 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн Б.Баттулгын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Б- давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэлийн шаардлага ажлаас буруу халсан, өөр ажилд буруу шилжүүлсэн гэж гаргаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар албан тушаал нь цомхтгогдсон бол ажил олгогч, ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй тул ажилд томилуулах л нэхэмжлэл гаргасан. Ажлаас халагдсаныхаа дараа 2017 оны 4 сарын 25-ны өдөр Монгол Оросын хувь нийлүүлсэн УБТЗ ХХН-ын даргад хандан өөр ажилд албан тушаалд томилон ажиллуулж өгөхийг хүсч өргөдөл гаргасан. Дарга өргөдлийг хүлээн авч Мэргэжлийн түвшинд таарах ажил санал болгох гэж цохож өгсөн. Ингээд Дархан-Уул аймагт цус харвасан эцгээ асрах шаардлагатай болсон. Шүүхэд нэхэмжлэл гаргасныхаа дараа төмөр замын мэргэжлийн хүн тул орон тоо гартал вагоны үйлчлэгчээр ажиллуулахаар тушаал гарч, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй мөртлөө дахин хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал бас гарсан байсныг мэдсэн. Тушаалыг одоо болтол авч чадахгүй л байна. Нэгэнт ажлаас буруу халсан, өөр ажилд шилжүүлсэн гэж нэхэмжлэл гаргаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар гомдлоо гаргах эрхтэй гэж үзэж гомдолтой байна.

Шүүх хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзвэл хавтаст хэрэгт хүндэтгэн үзэх шалтгаан байсан болохоо, түүнчлэн цалин хөлс 10% нэмэгдсэн талаарх нотлох баримтууд тус тус гарган өгч мэтгэлцсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байсан. Монгол Оросын хувь нийлүүлсэн УБТЗ ХХН- нийгэмлэгийн Ерөнхий инженерт ажилтан албан хаагчдыг ажилд авах ажлаас халах, тушаал шийдвэр гаргах эрх нь олгогдоогүй. Ерөнхий инженер нь хөдөлмөрийн гэрээг цуцлах эрх бүхий субьект биш. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч УБТЗ ХХН-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилтай дүйцэхүйц ажилд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 7 751 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ ХХН- нийгэмлэгт  хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, сургалт хариуцсан инженерээр ажиллаж байгаад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар ажлаас чөлөөлөгджээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэсэн 3 үндэслэл заасан бөгөөд дээрх үндэслэлүүдийн алинаар нь  нэхэмжлэгч чөлөөлөгдсөн талаар зохигчдын хооронд тодорхой мэтгэлцээн өрнөөгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дах хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэр шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гарах ёстой юм.

 

Нэхэмжлэгч Д.Баттулга нь урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэх ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор шаардахдаа ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлийг буруу гэсэн агуулгаар тайлбарлаж, өөрийнх нь эрхэлж байсан албан тушаалын чиг үүргийг хоёр өөр албан тушаалаар хувааж, Л.Батаа, Б.Азбаяр нарыг томилсон гэжээ. /хх-ийн 72/

 

Хэрэв нэхэмжлэгч түүний урьд эрхэлж байсан орон тоо хасагдаагүй гэж үзэж байгаа бол тухайн үйл баримт тогтоогдсон байх шаардлагатай бөгөөд хариуцагч байгууллагын орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлтөөс өмнөх болон дараагийн тушаалууд, тэдгээрт заагдсан холбогдох албан тушаалын ажлын байрны тодорхойлолт хэрэгт байхгүй байхад орон тоо бодитой цомхтгогдсоныг харьцуулан шалгах боломжгүй болжээ.

 

Анхан шатны шүүхээс Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт зааснаар гаргуулан авсан Б.Баттулгын ажлын байрны тодорхойлолт нь мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасан ажиллагааг дутуу хийсэн гэж үзэхээр байна. 

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн “өмнө эрхэлж байсантай дүйцэхүйц хэмжээний” ажилд томилуулна гэж шаардаж байгаа үндэслэлийг тодруулах нь зүйтэй юм. Аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсний аль нэг үндэслэл нь буруу гэж мэтгэлцэж байгаа бол тухайн үндэслэл зөв эсэх, орон тооны цомхотгол бодитойгоор хийгдсэн буюу нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр байхгүй болсон эсэх талаарх нотлох баримт хэрэгт авагдсан, талууд тухайн асуудлаар мэтгэлцсэн бол хууль зүйн дүгнэлт өгөх боломтой болох юм.

 

Нэхэмжлэгч Б.Б- нь ажлаас халагдсаны дараа 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан шүүхэд хандах хугацааны дотор байгууллагын удирдлагадаа хандан мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй байгаа тул ажлын байраар хангахыг хүсэхэд ажил олгогчийн зүгээс “мэргэжлийн түвшинд таарах ажил санал болгох” гэж цохолт хийсэн байна. Ажил олгогч мэргэжлийн түвшинд таарах ажлын байраар хангасан эсэх нь тодорхойгүй, Б.Баттулгын вагоны үйлчлэгчийн ажилд томилсон талаарх баримт гаргуулах хүсэлтийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай болсон байна. Дээрх нөхцөл байдал нь нэхэмжлэгчийг шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэх, энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаар дүгнэлт хийхэд ач холбогдолтой.   

 

 Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2017/02564 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар  нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                                      Ч.ЦЭНД

                                                                      Ш.ОЮУНХАНД