Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 133

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг, улсын яллагч П.Бямбасүрэн, шүүгдэгч Д.Баясгалан, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мандхай /ҮД:0102/, хохирогч Б.Баттэгш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1973 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, охины хамт Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Зүүн тасганы 9 дүгээр гудамж 149 тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, /РД:ЙР73010518/ Адуучин овогт Дашдондогийн Баясгаланд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 201625021956 дугаар 185/2016/0137/Э индекстэй хэргийг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Баясгалан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэлмэг Ази” ХХК-ийн барилга дээр хамт ажиллаж байсан хохирогч Б.Баттэгштэй маргалдан түүний зүүн гар тус газарт нь арматурын төмрөөр цохиж зүүн шуу ясны далд хугарал бүхий бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Баясгалангийн: Мөрдөн байцаалтад үнэн зөвөөр мэдүүлсэн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг,

Талуудын хүсэлтээр:

 Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Баттэгшийн: 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр би Баясгалантай хамт ажлын байрандаа архи уусан. Баясгалан намайг унт гээд толгой руу төмрөөр цохих гэхэд нь гараараа хамгаалсан. Би солгой гартай учир энэ гараараа бүх ажлаа хийдэг. Би барилгын өрлөгчин мэргэжилтэй. Энэ хэргээс хойш 4-5 сар ажил хийж чадаагүй. Энэ хугацаанд нэг сар манаачийн ажил л хийсэн. Би хөгшин эхтэйгээ хоёулхнаа амьдардаг. Шүүгдэгчээс 3.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч надад 76000,180000 төгрөг өгөөд өөр мөнгө өгөөгүй.Иймд ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж байна. Гомдолтой байна гэж мэдүүлсэн мэдүүлэг,

            хавтаст хэргээс: Мөрдөн байцаалтад хохирогч Б.Баттэгшийн: ...2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Баясгалан /Лантуу/ нь зүүж байсан гинжээ миний бичиг баримтаар ломбарданд тавиад тэр мөнгөөрөө 0.75 литрийн Монгол стандарт архи авсан. Тэгээд бид 2 барилгын подволын гражид ороод хоёулаа хувааж ууцгаасан. Тэгээд архиа ууж дуусаад бид 2 манаачийн путикт орсон. Тэгээд би босоод явлаа эхнэртэйгээ уулзлаа гэсэн. Тэгтэл Баясгалан нь “чи яах гээд байгаа юм бэ одоо амар гэсэн тэгэхэд нь би зөрөөд явлаа гэхэд Баясгалан газраас 40-60 см орчим урттай арматурын төмөр аваад миний толгой руу цохих гэхээр нь би зүүн гараараа хаасан. Тэгтэл миний гар руу 2 удаа тэр төмрөөр цохисон. ...Миний гарын гэмтлийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Баясгалан нь миний шуу руу арматурын төмрөөр 2 удаа цохиж гэмтээсэн...  …Гомдолтой байна... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-13-14/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Е.Оюунцэцэгийн: ...Намайг Бүгд Найрамдах Хятад Ард улсын Эрээн хот руу материал татах гээд 2-3 хоног яваад ирэхэд...  ...манай нөхөр Баясгалан нь Баттэгшийг гэмтээчихсэн, энэ 2 маргалдаад ийм юм болсон гэж Баттэгшийн эхнэрээс сонссон... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-15/,

 

Мөрдөн байцаалтад гэрч М.Оюунчимэгийн: ...2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр үдээс хойш Баясгалан нь согтуу ирээд надад “Баттэгш бид 2 жаахан муудалцаад” гэж хэлэхэд нь би Баттэгш бид 2-ын байрладаг өрөө рүү яваад ороход Баттэгш нь бас халамцуухан “би явлаа, ажиллаж чадахгүй юм байна” гэчихсэн сууж байсан. Тэгээд харахад зүүн гараа хөдөлгөж чадахгүй болчихсон “арматурын төмрөөр намайг Баясгалан гар хөл рүү цохичихлоо гээд 17-19 мм голчтой 40 орчим см урттай арматурын төмөр барьчихсан зогсож байсан.  ...харахад зүүн гар хөдлөхгүй байна гээд гар нь битүү хавдчихсан байсан...  ...гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-18-19/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Балгармаагийн: ...Наадмын өмнөхөн Тэгшээгийн гар хавдсан байдалтай яваад байсан... Зүүн гар нь байсан байх гарынх нь алга хавдартай яваад байхаар нь би жоохон бариад улаан утас уяж өгсөн. ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-20/, 

 

Мөрдөн байцаалтад шинжээч эмч О.Болороогийн: ...Баттэгшийн биед учирсан гэмтэл нь тухайн хэрэг болсон өдөр үүсэх боломжтой гэмтэл. Өөрөө гараараа дарснаас эсхүл өөр хүн цохисноос болж үүсгэгдэнэ... зүүн гар нь гэмтсэн юм чинь баруун гараараа тоглох боломжтой. Зүгээр сагс тоглож байхад үүсгэгдэхгүй харин унаж туссан бол үүсгэгдэнэ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-45/,

 

Мөрдөн байцаалтад Д.Баясгалангийн сэжигтнээр: ...2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр би 1 шил 0.75 литрийн Монгол стандарт архи аваад Баттэгшийн байрлаж байсан жижиг байшинд ороод Баттэгш бид 2 архи хувааж уусан. Тэгээд тэр архиа ууж дуусчихаад Баттэгш нь гарч явах гээд байхаар нь барилга дээр янз бүрийн төмөр, ёрдгор янз бүрийн зүйл дээр уначих байх гэж бодоод түүнийг унт гэхэд унтахгүй босч явах гээд байсан. Тэгэхээр нь Баттэгшийг орон дээр дарж хэвтүүлж дарж байгаад газарт байсан барилгын зориулалттай 40 орчим см урттай арматурын төмрөөр бөгсрүү нь 1 удаа цохисон 2 дахь удаагаа цохьтол гар руу нь цохиод зүүн гарыг нь хугалчихсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-27/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн №10101 тоот:

  1. Б.Баттэгшийн биед зүүн шуу ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Шинжээч эмч О.Болороо /хх-23/,

Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх-11/, хохирлын баримтууд /хх-38, 51/, эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хх-50/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-32/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-33/ зэрэг цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжилж, эд мөрийн баримтад үзлэг хийв.

 

Шүүгдэгч Д.Баясгалан 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэлмэг Ази” ХХК-ийн барилга дээр хамт ажиллаж байсан хохирогч Б.Баттэгштэй архи ууж маргалдан түүний зүүн гар тус газарт нь арматурын төмрөөр цохиж зүүн шуу ясны далд хугарал бүхий бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Баясгалангийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Баттэгшийн мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэргээс шинжилсэн шүүх эмнэлгийн үзлэгийн 10101 тоот актын дүгнэлт зэргээр тус тус тогтоогдон нотлогдов.

Шүүгдэгч Д.Баясгаланг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Монгол улсын Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.                        

            Шүүгдэгч Д.Баясгалан ял шийтгэгдэж байгаагүй нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-33/ тогтоогдож байна.

            Хохирогч Б.Баттэгш бие махбодидоо учирсан хүндэвтэр гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардал, ажилгүй байсан хугацааны цалин буюу гэм хорын хохиролд 3.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч нотлох баримтын дагуу шүүгдэгч 140.000 төгрөг нөхөн төлсөн нь шүүгдэгч хохирогч нарын мэдүүлэг, хэрэгт цугларсан баримтаар тогтоогдов. Иймд хохирогч Б.Баттэгш нэхэмжлэлийн үлдэх хэсгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Баясгалан анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэн чин санаанаас гэмшиж байгаа боловч хохирогч Б.Баттэгш гомдолтой, гэм хорын хохирол арилаагүй зэрэг байдлуудыг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг рентгэн зургийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дашдондогийн Баясгаланг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар Дашдондогийн Баясгаланг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д

зааснаар Д.Баясгаланд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг рентгэн зургийг хохирогч Б.Баттэгшид буцаан олгосугай.

5. Хохирогч Б.Баттэгш энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Д.Баясгалангаас нэхэмжлэн авах эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Д.Баясгаланд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, хорих ялыг 2016 оны 11 сарын 04-ний өдрөөс эхлэн тоолж, Д.Баясгалан цагдан хоригдсон хоноггүйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Баясгаланд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                Ү.ТҮМЭНЖАРГАЛ