Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 603

 

 

 

 

 

 

 

 

 

М.Эд холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Нямсүрэн,

шүүгдэгч М.Эы өмгөөлөгч Ж.Ганболд, Ж.Гантулга,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 294 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Эы өмгөөлөгч Ж.Ганболдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгдэгч М.Эд холбогдох 1811029690217 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Хиад боржигон овгийн Мийн Э, 1984 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт       Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../;

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 83 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 2 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 506 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 150 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

М.Э нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-505 тоот болох Х.Баяржаргалын гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, “Шарп” загварын зурагт хулгайлж, 280.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: М.Эы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Хиад боржигон овогт Мийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Эыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийг журамлан шүүгдэгч М.Эд 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 150 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн ял болох 4 жилийн хугацаагаар хорих ял дээр энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 6 жил байхаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эд оногдуулсан 6 жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э нь 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш нийт 8 хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч М.Э нь хохирол төлбөрийг барагдуулсан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж, хохирогч Х.Баяржаргалын хохиролд илүү төлсөн гэх 400.000 төгрөгийг буцаан шаардсан нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч М.Эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ганболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад заасан гэмт хэрэгт М.Эыг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Учир нь, хохирогч Х.Баяржаргалын гэр онгорхой байсан, цоожин дээрээс М.Эы гарын мөр илрээгүй болох нь хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Харин хохирогч Х.Баяржаргалын гэр цоожтой байсан талаар хохирогч Х.Баяржаргал, гэрч О.Баярхүү нарын мэдүүлэг хэрэгт авагдсан боловч шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч М.Эы мэдүүлгээр үгүйсгэгдэж  байна. Тиймээс шүүгдэгч М.Э нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн нь бүрэн дүүрэн нотлогдохгүй байна. Мөн М.Э нь хулгайд алдагдсан гэх “Шарп” загварын зурагтыг зарж борлуулах, барьцаалан зээлдүүлэх газарт барьцааны зүйл болгон үйлдлийнхээ ул мөрийг баллаагүй, хэрэг болсноос хойш хулгайлсан гэх зурагтны эзэн болох Х.Баяржаргалын утас холбогдохгүй байснаас буцаан өгч чадалгүй 18 хоногийн дараа хохирогчид буцаан өгсөн зэргээс дүгнэлт хийхэд М.Э нь өөрийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, найзаараа даажигнах гэснээс бус зурагтыг хулгайлж, хууль бусаар авах гэмт санаа зорилгыг анхнаасаа агуулаагүй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн субьектив шинж үгүйсгэгдэж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ж.Ганболд өмгөөлөгчийн гомдол, тайлбарыг дэмжиж байна. Нэмж хэлэх зүйл байхгүй. ...” гэв.

Прокурор А.Нямсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч, гэрч нарт хууль сануулж, эрх, үүргийг тайлбарлаад мэдүүлэг авсан. Х.Баяржаргал нь “хаалгаа сайтар түгжиж гэрийнхээ түлхүүрийг цахилгаан тоолуур дээр үлдээгээд явсан” гэдэг. О.Баярхүүгийн мэдүүлэгт “гэртээ ирэхэд үүдний хаалганы цоожийг өлгөж тавьсан байдалтай нээлттэй байсан. Мөлхөө тавилга дээр байсан зурагт алдагдсан” гэж мэдүүлсэн байдаг. Мөн гэрийн цоожин дээр гарын мөр илрээгүй. Хэрэг болгон өөр байдаг бөгөөд заавал илрүүлэх шаардлагагүй гэж үзэж байна. М.Эы мэдүүлгээр “онгорхой байхад нь орсон” гэж мэдүүлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг үгүйсгэж байна. Тухайн хаалга нь онгорхой байсан ч эзэнгүй айлд нэвтэрч, хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр эд зүйл авч байгаа асуудлыг орон байранд нэвтэрсэн гэж үзэх үндэслэлтэй. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч М.Эрдэнчулуун нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-505 тоот болох хохирогч Х.Баяржаргалын гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, “Шарп” загварын зурагт хулгайлж, 280.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хэргийн үйл баримтын талаар мэдүүлсэн хохирогч Х.Баяржаргалын “...гэртээ ирэхэд том өрөөнд байрлах зурагтын тавиур дээр байсан зурагт байхгүй болсон байсан. ...” гэх /хх 22-24/, гэрч О.Баярхүүгийн “...14 цагийн үед гэртээ ирэхэд үүдний хаалганы цоожийг өлгөж тавьсан байдалтай нээлттэй байсан ба дотогш ороход баруун талын хананд байдаг мөлхөө тавилган дээр байдаг зурагт алга байсан болохоор гайхаад ах руу залгаж “та зурагтаа аваад явсан юм уу” гэж асуухад их гайхаж зурагт нь алга болсныг мэдсэн. ...” гэх /хх 26/, М.Эы яллагдагчаар өгсөн “...байшингийн хаалга нь онгорхой байсан. Тэгэхээр нь гэрт нь ороход хүн байгаагүй.  Хэсэг байж байгаад хойморт байсан хар зурагтыг авч, машиндаа хийгээд явсан. ...” гэх /хх 35-36/ мэдүүлгүүд,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 11-16/, эд зүйлийн үнэлгээ /хх 75/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх 32-34/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч М.Эыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч М.Эыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахдаа хүн байнга амьдрах орон байранд нэвтэрсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч М.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх зүйл, хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Э нь урьд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлэн, оногдуулсан хорих ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан хугацаа дуусаагүй байхад дахин гэмт хэрэг үйлдсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ сүүлийн үйлдэлд нь оногдуулсан ял дээр 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй ял болох 4 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж, нийт 6 жил хорих ялыг эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ганболд “...гэмт хэргийн субьектив шинж үгүйсгэгдэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь, хохирогч Х.Баяржаргалын “...Би гэрээсээ гарахдаа хаалгаа сайтар түгжиж гэрийнхээ түлхүүрийг байшингийнхаа цахилгаан тоолуур дээр үлдээгээд явсан. Учир нь миний дүү гэрт ирнэ гэж байсан. ...” гэх /хх 22-24/, гэрч О.Баярхүүгийн “...Гэртээ ирэхэд үүдний хаалганы цоожийг өлгөж тавьсан байдалтай нээлттэй байсан. ...” гэх /хх 26/ мэдүүлгүүдээр шүүгдэгч М.Эы субьектив шинж буюу гэмт хэргийн санаа, зорилго тодорхойлогдож байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ганболдын гаргасан “...гэмт хэргийн субьектив шинж үгүйсгэгдэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 294 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 294 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ганболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Т.ӨСӨХБАЯР

                                 ШҮҮГЧ                                                               С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                   ШҮҮГЧ                                                                Ц.ОЧ