Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2018/01537

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 18 өдөр

             Дугаар 183/ШШ2018/01537

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Наран Амгалан хотхон, 87 дугаар байр, 77 тоотод оршин суух, 1970 онд төрсөн, 48 настай, эрэгтэй, Ш-н Б /РД:ПЕ70072419/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туулын хөвөө 48Б байр, 1 тоотод оршин суух, 1970 онд төрсөн, 48 настай, эрэгтэй, Ц овогт Д-ийн М/РД:ЧО70111010/-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6 525 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, хариуцагчийн өмгөөлөгч Ц.И /ШТЭҮД-0703/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.М нь Д.Б надаас 2014 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 3 050 000 төгрөгийн үнэ бүхий барилгын материал худалдаж авсан. 2014 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1 800 000 төгрөгийн бараа материал надад байхгүй байсан учраас түүний гуйлтаар би өөр  хүнээс барилгын материал авч, өөрийн гараар Д.Мөнх-Эрдэнэд өгсөн.  Хариуцагч нь нийт 4 850 000 төгрөгийн үнэтэй барилгын материал аваад хамгийн сүүлийн хугацаа 2014 оны 11 дүгээр сард багтаан 4 850 000 төгрөгийг төлж барагдуулна гэж хэлсэн боловч тохиролцсон хугацаандаа хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Д.М нь 1 800 000 төгрөгийн барилгын материал аваад мөнгөө өгөхгүй болохоор  нь хүнээс авсан барилгын материалыг өөрөөсөө өгч, төлбөрийг барагдуулсан. Хариуцагчаас удаа дараа мөнгөө нэхсэн боловч өгөөгүй. Би арга ядаад Д.Мөнх-Эрдэнийн ажил дээр очин хэрүүл хийж байж 500 000 төгрөгийг 2016 оны 5 дугаар сард шилжүүлгээр авсан. Тэрээр үлдэгдэл мөнгөө өнөөг хүртэл өгөөгүй байна. 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Д.Б болон Д.Мнар Төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр хариуцагч Д.Мнь 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1 800 000 төгрөгийг, 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 3 050 000 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэж тохиролцсон бөгөөд гэрээний 2.5-д зааснаар төлбөрийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож төлүүлэхээр заасан. Хэрвээ чанарын шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүн байсан бол тухайн үед нь гомдол, санал гаргах байсан ч өнөөг хүртэл хариуцагч гомдол гаргаагүй. Шинэ бараа бүтээгдэхүүн хүлээлгэж  өгсөн учраас доголдолтой бараа байгаагүй. Талууд Төлбөр барагдуулах гэрээ хийж, тооцоо нийлэн үлдэгдэл төлбөрийг хэрхэн төлөх талаар хуваарь гаргасан. Үүн дээр хэн аль нь маргаагүй. Д.Б өнөөг хүртэл 4 жил гарангийн хугацаанд ямар нэг гомдлын шаардлага гаргаагүй. Чанарын шаардлага хангаагүй, доголдолтой бараа авсан, алдангийг төлөхгүй гэсэн тайлбараа хариуцагчийн зүгээс баримтаар нотолж чадахгүй байна гэж үзэж байна. Иймд үндсэн төлбөр 4 350 000 төгрөг, алданги 2 175 000 төгрөг, нийт 6 525 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Д.Мшүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний өмгөөлөгч Ц.И шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Бын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бараа материал нийлүүлсэн эсэхэд маргахгүй. Д.Бын нийлүүлсэн бараа бүтээгдэхүүн нь чанар, стандартын шаардлага хангаагүй байсан тул 6 525 000 төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагч нэхэмжлэгчээс 2014 оны 6 дугаар сарын 15-ны өдөр бараа материалыг зээлээр худалдан авсан байдаг. Гэрээний хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуульд зааснаар 3 жил бөгөөд 2018 оны 3 дугаар сард нэхэмжлэл гаргаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Өмнө нь 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байсныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүний дагуу хариуцагчийг эрэн сурвалжлуулах шүүхийн шийдвэр гаргуулж, цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулаагүй тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдах, зогсох гэсэн ойлголт эрх зүйн талаасаа байхгүй. Төлбөр барагдуулах гэрээний үндсэн дээр хариуцагч төлбөр төлөх боломжгүй. Тийм учраас гэрээний үүргийг шаардах эрх дуусгавар болсон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хэрэгт байгаа болох шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Д.Мөнх-Эрдэнэд холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 6 525 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.Б нь 2014 оны 6 дугаар сарын 15-ны өдөр нийт 4 850 000 төгрөгийн үнэ бүхий барилгын материалыг хариуцагч Д.Мөнх-Эрдэнэд худалдсан байх бөгөөд үүнтэй хариуцагч маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэв.  

 

Улмаар хариуцагч Д.Мдээрх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс талууд 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр талууд Төлбөр барагдуулах гэрээ байгуулж, үүгээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг 4 850 000 төгрөгийг худалдан авагч Д.Б хэсэгчлэн төлөхөөр буюу 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 1 800 000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 3 050 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар, төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож, худалдан авагчаар төлүүлэхээр талууд харилцан тохиролцсон байна. 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...2016 оны 5 дугаар сард Д.Баас 500 000 төгрөгийг шилжүүлгээр авсан тул үндсэн төлбөрөөс хасаад нийт 4 350 000 төгрөг, үүний алданги буюу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасны дагуу 2 175 000 төгрөг, нийт 6 525 000 төгрөгийг нэхэмжилж байна” гэж,

хариуцагч 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Үндсэн төлбөр 4 350 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, харин төлөх боломжгүй” гэж,

хариуцагчийн өмгөөлөгч хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд “... Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин алдангийг 70-80% бууруулбал эвлэрэх боломжтой” гэж тус тус тайлбарлан маргасан.

 

Хариуцагч тал худалдах худалдан авах гэрээний үүрэг 4 350 000 төгрөгийг төлөх талаар маргаагүй тул шүүх үүнд дүгнэлт хийх шаардлагагүй бөгөөд харин талууд 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн төлбөр барагдуулах гэрээгээр алданги тооцохоор тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасантай нийцэж байх тул алданги 2 175 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.  

 

Харин хариуцагчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “...доголдолтой бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн”, “...хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн захирамжаар Д.Мөнх-Эрдэнэд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон байхад нэхэмжлэгч хариуцагчийг цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулаагүй тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй тул гэрээний үүргийг шаардах эрх дуусгавар болсон” ...Төлбөр барагдуулах гэрээ нь 2014 оны үйл баримтыг нөхөж үйлдсэн гэрээ” гэж тус тус маргасан.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч тал 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан гэрээний үүргийг шаардаж, 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нь дээрх хуульд заасантай нийцэж байна.

 

Түүнчлэн хариуцагч талаас нэхэмжлэгчийн худалдсан бараа материал нь доголдолтой байсан талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж зааснаар хариуцагч татгалзлынхаа уг үндэслэлийг нотлох үүргээ биелүүлээгүй, мөн Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д “Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” гэж зааснаар худалдан авагч 2014 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс хойш хуульд заасан хугацааны дотор эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргаагүй байгааг дурдах нь зүйтэй.  

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Д.Баас 6 525 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Мөнх-Эрдэнэд олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 119 350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч Д.Мөнх-Эрдэнээс 6 525 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Мөнх-Эрдэнэд олгосугай.

 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 119 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бт олгосугай.  

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ