| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2021/0065/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/75 |
| Огноо | 2021-04-23 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | С.Бичинхүү |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 2021/ШЦТ/75
2021/ШЦТ/75
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч: С.Бичинхүү
Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Алтанчимэг
Шүүгдэгч: С.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Сн Бд холбогдох 2112000000048 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ний өдөр, Ааймгийн Ө суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, 2 дүүгийн хамт А аймгийн Э сумын .. дугаар багийн Д ногооны талбайн хашаанд орших суух, урьд Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 сар, 01 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил, 03 сар, 01 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 сар 01 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 01 жил, 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хуулийн тэгшитгэлээр суллагдсан, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 229 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 88 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 03 сар, 17 хоногийн хугацаагаар хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон, Б овогт Сн Б /РД:../
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч С.Б нь 2021 оны 02 дугаар сарын 12-ны өдөр А аймгийн Э сумын .. дугаар багийн Т хорооллын .. тоотод оршин суух Н.Эын гэрт нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар эд зүйл авч, 480.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2112000000048 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Эын мэдүүлсэн: ...Манайх Ааймгийн Э сумын .. дугаар багийн Т хорооллын .. тоотод оршин суудаг юм. 2021 оны 02 дугаар сарын 12-ны өглөө аавынд оччихоод орой 19 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн хаалга онгорхой, цоожийг нь эвдээд шидсэн, хулгай орсон шинжтэй байхаар нь цагдаа дуудаж дуудлага өгсөн. Манай гэрээс шинээрээ байсан эмэгтэй хүний савхин куртик, булган малгай шинэ, таслагч зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Надад сэжиглэж байгаа хүн одоохондоо алга. Өдрийн цагаар орсон гэж бодохоор намайг таньдаг хүн байж магадгүй байх. Өдөр 13 цагийн үед манай ээж манайд ирж аавын малгайг авсан. Тэгэхэд зүгээр байсан. Тэрнээс хойш л орсон байх. Эд зүйлүүдээ олж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Он мэдүүлсэн: ...Би Б гэх хүнийг танина. Надтай төрөл бөгөөд аавын талын төрөл байгаа юм. Бын ээж нь манай аавын дүү байгаа юм. С.Б нь 2021 оны 02 дугаар сарын 12-ны орой манайд ганцаараа орж ирсэн. Би хажуу айлд тоглож байгаад гэр рүүгээ орох гээд явтал үүдэнд эмэгтэй хүний урт савхин куртик, таслагч хоёр байсан. Би Баас энэ хоёр юу юм бэ гэж асуутал минийх байгаа юм гэж хэлэхээр нь би тоогоогүй, орхисон юм. Хар өнгийн үстэй булган малгай, хар өнгийн малгайтай өвлийн куртик, хар жинсэн өмд, бор өнгийн гутал өмссөн байсан. С.Б нилээн согтуу явсан. Манайд орж ирж аавтай золгочихоод удалгүй гараад явсан. Савхин куртик, таслагч хоёрыг хүүхдүүд гэрт оруулаад тавьсан юм шиг байсан. Өөр эд зүйл байгаагүй. Б нь манайд орж ирээд хаана, юу хийсэн талаараа яриагүй. Тухайн үед хулгайн эд зүйл болохыг мэдээгүй. Сүүлд нь С.Б нь Э гэх айл руу орж эд зүйлүүдийг авсныг нь мэдсэн. Б гэх хүн хаана байдаг, хэнтэйгээ байдаг талаар би сайн мэдэхгүй. Гэр орон гээд байх зүйл байхгүй байх. Тэр ах, дүүгийнхээрээ байдаг байх. Манайхаас ганцаараа гарсан бөгөөд хэнийд очсоныг нь мэдээгүй. Нилээн согтуу гарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Оын мэдүүлсэн: ...2021 оны 02 дугаар сарын 12-ны өдөр манай хүргэн Э, охин хоёр манайд ирж цай уучихаад Тамир хороололд байх гэр рүүгээ явсан. Удаа ч үгүй над руу залгаад гэр онгорхой байна, ээж гэр цоожлоогүй юм уу гэж асуухаар нь би гайхаад цоожилсон гэж хэлээд яваад очтол Э гэрийн цоожийг барьсан цоожийг юмаар цохиж онгойлгосон байна, цагдаад дуудлага өгье гээд цагдаад дуудлага өгсөн юм. Өдөр манай гэрийн хүн Эынд очиж миний хөөргийг авчихаад гэрийг нь түгжээд гарсан юм. Тэгэхэд цаг барагцаагаар 12 цаг болж байсан. Тэрнээс хойш хулгай орсон байх. Манай хүргэн Э тухайн гэрт амьдардаг юм. Тухайн гэрээс эмэгтэй хүний савхин куртик, эрэгтэй хүний булган малгай, таслагч, гар цүнхтэй хувцас зэрэг эд зүйлс алдагдсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Тын мэдүүлсэн: ...С.Б нь манай нөхөр Хын төрсөн дүү байгаа юм. Хааяа манайхаар орж ирдэг бөгөөд аймагт орон гэр байхгүй. Л гэх дүүгийнхээрээ байдаг юм. С.Б нь 2021 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 14:00 цагийн орчимд манай гэрт ирж золгочихоод явлаа гээд гарсан бөгөөд би гаргаж өгсөн. Хойд зүг рүү явсан бөгөөд явж байхдаа халамцуу байсан. Араас нь харсан чинь хоёр тийшээ гуйваад байх шиг байсан. Хар куртик, хар өнгийн саравчтай малгай, бараан өнгийн өмд, хагас түрүүтэй бараан өнгийн гутал өмссөн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Хын мэдүүлсэн: ...С.Б нь 2021 оны 02 дугаар сарын 12-ны өдөр манай гэрт ирж надтай золгочихоод гараад явсан. Орж ирэхдээ ганцаараа орж ирсэн бөгөөд нилээн согтуу байсан. Ойролцоогоор 14 цагийн үед орж ирчихээд оройдоо гарсан. Хар куртик, хар өнгийн саравчтай малгай, бараан өнгийн өмд, хагас түрүүтэй бараан өнгийн гутал өмссөн байсан. Манай эхнэр С.Быг гаргаж өгсөн гэсэн бөгөөд хойд зүг рүү явсан. С.Б нь манайхаас гарч яваад Э гэх айл руу эзэнгүй байхад нь орж эд зүйлс хулгайлсан гэж сонссон. Тэгээд би гарч С.Быг гадуур хайсан бөгөөд цагдаа нар С.Быг Цагаандаваанд айлд байхад нь олсон байна лээ. Манай төрсөн дүү Л гэх айлд амьдардаг юм. С.Б нь өөрийн гэсэн орон гэр байхгүй, хааяа манайхаар орж гарч явдаг хүн байдаг юм...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч С.Бын мэдүүлсэн: ...Би гэм буруугаа болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа тул өөрөө, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 хуу/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-05 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 02 хуу/
“Хас үнэлгээ” ХХК-ний 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 36 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 54 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 хуу/ зэрэг болно.
Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2021 оны 02 дугаар сарын 12-ны өдөр А аймгийн Э сумын .. дугаар багийн Т хорооллын .. тоотод оршин суух Н.Эын гэрээс эд зүйл хулгайд алдагдаж, түүнд 480.000 төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч С.Б нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч С.Б нь 2021 оны 02 дугаар сарын 12-ны өдөр А аймгийн Э сумын .. дугаар багийн Т хорооллын .. тоотод суух Н.Эын гэрт нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар эд зүйл авч, 480.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Эын мэдүүлсэн “2021 оны 02 дугаар сарын 12-ны өглөө аавынд оччихоод орой 19 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн хаалга онгорхой, цоожийг нь эвдээд шидсэн, хулгай орсон шинжтэй байхаар нь цагдаа дуудаж дуудлага өгсөн. Манай гэрээс шинээрээ байсан эмэгтэй хүний савхин куртик, булган малгай шинэ, таслагч зэрэг эд зүйлс алдагдсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Он мэдүүлсэн “С.Б нь 2021 оны 02 дугаар сарын 12-ны орой манайд ганцаараа орж ирсэн. Би хажуу айлд тоглож байгаад гэр рүүгээ орох гээд явтал үүдэнд эмэгтэй хүний урт савхин куртик, таслагч хоёр байсан. Би Баас энэ хоёр юу юм бэ гэж асуутал минийх байгаа юм гэж хэлэхээр нь би тоогоогүй, орхисон юм. Хар өнгийн үстэй булган малгай, хар өнгийн малгайтай өвлийн куртик, хар жинсэн өмд, бор өнгийн гутал өмссөн байсан. С.Б нилээн согтуу явсан. Манайд орж ирж аавтай золгочихоод удалгүй гараад явсан. Савхин куртик, таслагч хоёрыг хүүхдүүд гэрт оруулаад тавьсан юм шиг байсан. Өөр эд зүйл байгаагүй. Тухайн үед хулгайн эд зүйл болохыг мэдээгүй. Сүүлд С.Б нь Э гэх айл руу орж эд зүйлүүдийг авсныг нь мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Оын мэдүүлсэн “2021 оны 02 дугаар сарын 12-ны өдөр манай хүргэн Э, охин хоёр манайд ирж цай уучихаад Тамир хороололд байх гэр рүүгээ явсан. Удаа ч үгүй над руу залгаад гэр онгорхой байна, ээж гэр цоожлоогүй юм уу гэж асуухаар нь би гайхаад цоожилсон гэж хэлээд яваад очтол Э гэрийн цоожийг барьсан цоожийг юмаар цохиж онгойлгосон байна, цагдаад дуудлага өгье гээд цагдаад дуудлага өгсөн юм. Өдөр манай гэрийн хүн Эынд очиж миний хөөргийг авчихаад гэрийг нь түгжээд гарсан юм. Тэгэхэд цаг барагцаагаар 12 цаг болж байсан. Тэрнээс хойш хулгай орсон байх. Манай хүргэн Э тухайн гэрт амьдардаг юм. Тухайн гэрээс эмэгтэй хүний савхин куртик, эрэгтэй хүний булган малгай, таслагч, гар цүнхтэй хувцас зэрэг эд зүйлс алдагдсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Хын мэдүүлсэн “С.Б нь манайхаас гарч яваад Э гэх айл руу эзэнгүй байхад нь орж эд зүйлс хулгайлсан гэж сонссон” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,
мөрдөн байцаалтын шатанд С.Бын яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би гэм буруугаа болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа тул өөрөө, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-05/,
гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 02/,
хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээг тогтоосон “Хас үнэлгээ” ХХК-ний 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 36 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Б нь 2021 оны 02 дугаар сарын 12-ны өдөр А аймгийн Э сумын .. дугаар багийн Тхорооллын .. тоотод байх Н.Эын гэрийн цоожийг эвдэлж гэрээс 480.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд хаалганы цоож цуургыг эвдлэх аргаар нэвтэрч эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч Б овогт Сн Быг бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч С.Б нь бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогч Н.Эрдэнбаярт хулгайлсан эд зүйлийг буцаан өгсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч С.Бын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба түүний гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүний эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бд хорих ял оногдуулсан тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзаж шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанчимэг нь С.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж, биечлэн эдлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Сн Быг бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Быг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч С.Б нь бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч С.Бын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ