Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2018/ШЦТ/113

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Сүхбаатар

            Улсын яллагч Ц.Идэрмөнх

Шүүгдэгч Н.Ц нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Цид холбогдох эрүүгийн 1825000750099 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн 1996 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймаг, Баян-Өндөр суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, кранчин, мужаан мэргэжилтэй, ТИС-ийн 4-р курсын оюутан, Орхон аймгийн Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын 15-43 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Урианхан овгийн Нямбатын Ц /ФБ96051851/

Шүүгдэгч Н.Цийг 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн 2-26-21 тоотод оршин суух Д.Гийн гэрт байхдаа түүний ХААН банкны виза картыг хууль бусаар нууцаар авч хулгайлан данснаас нь 800 000 төгрөг авч хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйл баримтын талаар тогтоогдсон нөхцөл байдал: 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Н.Ц нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн 2-26-21 тоот оршин суух найз Д.Гийн гэрт хамт архи ууж хоноод маргааш өдөр нь 14 цагийн үед гарч явахдаа Гийн ХААН банкны виза картыг нууцаар авч гараад Хаан банкны АТМ-ээс данснаас нь 800 000 төгрөг авчээ. Дээрхи үйл баримт нь хохирогч Д.Гийн... 2018 оны 01 дүгээр сарын 15 ны 22 цагийн үед би гэртээ байж байхад гаднаас манай багийн найз Ц гэх залуу орж ирээд бид хоёр манайд байсан 0.5 граммын хятад архийг хувааж уугаад манайд хоносон. Тэгээд маргааш өдөр нь 14 цагийн үед гарч явсан ба гарсанаас нь нэг их удалгүй миний данснаас 800 000 төгрөгийн зарлага гарлаа гэсэн мессэж ирэхлээр нь би ХААН банкны лавлагааны утас руу залгаж картаа хаалгасан. Гэрээс өөр зүйл алга болоогүй ... гэх мэдүүлэг, бичмэл нотлох баримтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэлд “Хаан банкны 5120114506 дугаарын дансны хуулганд үзлэг хийхэд 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 16 цаг 27 минутад 800,000 төрөгний гүйлгээ хийгдсэн байна” гэх тэмдэглэл /хх-ийн 10-р хуудас/, хохирогч Д.Гийн ХААН банкны 5120114506 депозит дансны хуулга /ххийн 12-р хуудас/, гэрч Х.Сувд-Эрдэний ...Тэгээд маргааш өдөр нь гэрээс 15 цагийн орчим гараад явсан ба гэрээс гараад удаагүй байтал манай нөхрийн виза картнаас 800,000 төгрөгний зарлага гарахаар нь бид 2 Цийг сэжиглээд картаа хаалгаад гомдол гаргасан” гэх мэдүүлэг, хохирогч Д.Гөд учруулсан 800 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тухай хүсэлт /хх-ийн 25-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэрэгт ач холбогдолтой, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. Шүүгдэгч Н.Цийн бусдын эд хөрөнгийг нууцаар авсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан, санаатай, нийгэмд аюултай үйлдэл болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болон шүүгдэгчийн “гэм буруугаа хүлээж байна” гэсэн мэдүүлэг зэргээр нотлогдсон ба хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан тул гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хохирол нөхөн төлөгдсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав. Хохирогч шүүх хуралдаанд оролцоогүй ба хохирол төлөгдсөн тухай хэрэгт тэмдэглэгдсэн байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч У овгийн Нын Цийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цийг 300 /гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цид оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоож, ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурьдсугай

6.Шийтгэх тогтоол уншин сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ