Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2024/0187

 

 

 

 

 

 

 

 

 

         

“Ж т к ББСБ” ГХОХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Мөнхтулга

Илтгэсэн: шүүгч З.Ганзориг

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц

 

Нэхэмжлэгч: “Ж т к ББСБ” ГХОХХК /РД:5824664/

Хариуцагч: Ш ө, х т г у б Б.Э

Нэхэмжлэлийн шаардлага: “Ш ө, х тг-ын улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулан тухай” 0002216 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2023/0776 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Ха

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тэмүжин

Хэргийн индекс: 128/2023/0135/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Ж т к ББСБ” ГХОХХК-иас Ш ө, х тг-ын улсын байцаагчид холбогдуулан “Ш ө, х тг-ын улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулан тухай” 0002216 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2023/0776 дугаар шийдвэрээр: Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ж т к ББСБ” ГХОХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэнд-Очир дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1. Анхан шатны шүүх хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь заалт, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалтыг тус тус буруу тайлбарлаж хэрэглэсэн. Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсгээс 12.1.9 дэх хэсэгт заасан үйл ажиллагаа нь бүгд шударга бус буюу бусад өрсөлдөгчийн хууль ёсны ашиг сонирхолд харшилсан шинжтэй үйлдлүүд байна. Иймд хуулийн системчлэл болон логикийн хувьд 12.1.10-т заасан “худалдааны арга” нь ч мөн энэ шинжийг агуулахаар байна. “Хэрэглэгчийг хохироосон хууль бус худалдааны арга” нь угтаа “өрсөлдөөнд харш буюу шударга бус” байх ёстой болно. Тэгэхээр, “хэрэглэгчийг хохироосон хууль бус худалдааны арга хэрэглэсэн” гэсэн худалдааны аргын агуулга нь өрсөлдөөнд харш байх шинжийг агуулах нь л чухал юм.

3.2. Өрсөлдөөний тухай хуулийн 11, 12 дугаар зүйлд заасан хориглосон үйл ажиллагааг явуулсны үр дүнд буюу үнийг үгсэн хэлэлцэх замаар нэмсэн, зохиомол хомсдол үүсгэсэн, зах зээлийг хуваан эзэмшсэн, хэрэглэгчийг шударга бус аргаар урхидсан, төөрөгдүүлсэн, худалдааны хүчилсэн, түрэмгийлсэн арга хэрэглэсэн, бусад өрсөлдөгчидтэй худалдаа хийхэд нь үндэслэлгүйгээр саад хийсэн гэх зэрэг хууль болон нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчиж, “шударга бус өрсөлдөөний аргыг хэрэглэж шимтгэл авсан эсэх”-ийг тогтоох ёстой. Гэтэл харилцагчтай байгуулсан гэрээний дагуу, хууль тогтоомжоор зөвшөөрсөн хүрээнд, бодит гарсан зардлыг шимтгэл хэлбэрээр тооцон авч буй нь өрсөлдөөнийг хязгаарласан гэж үзэхгүй. Харилцагчаас зээл олгосны шимтгэл авсан үйлдэлд бусад аж ахуй эрхлэгчийн өрсөлдөөнийг хязгаарласан шинж байхгүй. Зээлийн шимтгэл тогтоосон асуудал нь өрсөлдөөнд харш, өрсөлдөөнийг хязгаарласан шинж байхгүй. Хууль болон захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрсөн үйл ажиллагааг “хууль бус худалдааны арга” гэж үзэхгүй. ББСБ нь өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээний шимтгэлийн хувь хэмжээг өөрөө тогтоох, гэрээнд заасан шимтгэлийг төлүүлэх хуулиар олгогдсон эрхтэй байна. Анхан шатны шүүх гомдол гаргагч ББСБ нь харилцагч нараас ижил хувь хэмжээгээр буюу 1 хувиар зээлийн үйлчилгээний шимтгэл авсан нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь заалтыг зөрчсөн гэж үзнэ гэж тус заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн.

3.3. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7-д заасан зөрчлийн бүрэлдэхүүн хангагдаагүй, хохирогч байхгүй зөрчил дээр торгууль оногдуулсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зөрчлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн хүн, хуулийн этгээдийг “хохирогч” гэнэ гэж заасан. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7-т заасан “хэрэглэгч”-ийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан гэх зөрчил дээр тухайн хэрэглэгч гэдэг нь зөрчилд холбогдогч ББСБ-ын хэрэглэгч буюу харилцагч иргэн гэж ойлгогдоно. Өөрөөр хэлбэл, уг зөрчлийн хохирогч нь “Жэй Траст Кредит ББСБ” ХХК-тай Зээлийн гэрээ байгуулсан зээлдэгч болох ёстой. Гэтэл тус ББСБ-ын нэг ч зээлдэгч хохирсон талаар гомдол мэдээлэл байхгүй. Зөрчлийн хэрэгт нэг ч хохирогч тогтоогдоогүй, хэрэгт энэ талаар авагдсан зүйл огт байхгүй. Хохирогчгүй хэрэг дээр тус ББСБ-ыг буруутгасан илтэд хууль бус шийдвэр болсныг анхан шатны шүүхээс зөвөөр дүгнэлт өгч чадаагүй.

3.4. Хариуцагч зөрчлийг нотолж чадаагүй. Ш ө, х тг-ын улсын байцаагчийн зүгээс хяналт шалгалт оруулсан гэх нэр бүхий 56 ББСБ-аас ганцхан “Ж Т К ББСБ” ХХК-ийг сугалан авч, зээлийн шимтгэлийн талаар тайлбар өгөөгүй гэсэн шалтгаанаар зөрчил үйлдсэн мэтээр буруутган. торгууль оногдуулсан бөгөөд анхан шатны шүүх дээр гомдол гаргагчийн зүгээс зээлийн шимтгэлтэй холбоотой тооцоолол, баримт материалыг нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн боловч анхан шатны шүүхээс үнэлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангахгүй байна. Нэгэнт зээлийн шимтгэл үндэслэлгүй тогтоосон гэсэн зөрчил дээр оногдуулсан торгууль буюу захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянаж байгаа бол зээлийн шимтгэл үндэслэлтэй тогтоосон эсэхтэй холбоотой үйл баримт буюу нотлох баримтыг зайлшгүй үнэлэх ёстой.

3.5. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна. Гомдол гаргагч компанийн зээл нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу байгуулагддаг гэрээ болно.

3.6. Гэрээний талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгуулж, тус гэрээнд заасан шимтгэл хураамжийг талуудын зөвшөөрсөн гэрээний нөхцөлийн дагуу авч буй харилцаан дээр тус гэрээ болон шимтгэл хураамж авч буйтай холбоотой хэн нэгэн хохирсон зүйл байхгүй, хэн нэгэн санал гомдол гаргасан зүйл байхгүй байхад хувийн эрх зүйн үндсэн зарчмыг үл тоомсорлон, “хүчээр” нийтийн эрх зүйн харилцаанд түлхэн оруулж, зөрчил үйлдсэн мэтээр торгууль шийтгэл ногдуулж, гадаадын хөрөнгө оруулагч, ажил олгогч, татвар төлөгч байгууллагын хууль ёсны эрх ашигт хохирол учруулж буй нөхцөл байдлыг анхан шатны шүүх хувийн эрх зүйн зарчим болон нийтийн эрх зүйн хууль тогтоомж хоорондын өрсөлдөх хэм хэмжээ, тэдгээрийн дараалал, ач холбогдол дээр бүрэн дүүрэн дүгнэлт өгч чадаагүйд гомдолтой байна.

3.7. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2023/0776 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Ш ө, х тг-ын улсын байцаагч Б.Э-ийн үйлдсэн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0002216 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч “Ж т к ББСБ” ГХОХХК-иас Ш ө, х тг-ын улсын байцаагчид холбогдуулан “Ш ө, х тг-ын улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулан тухай” 0002216 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахтухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

3. “Ж т к ББСБ” ГХОХХК-ийн хүчингүй болгуулахыг хүссэн Ш ө, х тг-ын улсын байцаагчийн гаргасан 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0002216 дугаар шийтгэлийн хуудсаар тус компанийг ... хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан гаргасан нь тогтоогдсон гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасны дагуу 20,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Өрсөлдөөний тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

5. Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулахыг хориглохоор, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д ... хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр ... торгоно гэж тус тус заажээ.

6. Тухайн тохиолдолд “Ж т к ББСБ” ГХОХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 398 дугаартай тусгай зөвшөөрлийн дагуу зээлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй[1] ба харилцагчдад автомашин барьцаалсан зээлийн үйлчилгээ үзүүлэхдээ шимтгэлийг олгосон зээлийн 1 хувиар тооцож буй үндэслэлийн талаарх баримтаа хяналт шалгалт хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтанд хүргүүлээгүй буюу холбогдох тооцооллыг тайлбарлаагүй нь хэрэглэгчдийн хууль ёсны ашиг сонирхолд харшилсан, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн гэх хуулийн үндэслэлд хамаарч байна.  

Учир нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:” гээд 12.1.10-т “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” гэж заасан.

7. Хуулийн эдгээр зохицуулалтаас үзэхэд, “Ж т к ББСБ” ГХОХХК-тай автомашин барьцаалсан зээлийн үйлчилгээ авахаар хандаж байгаа харилцагчдад олгож буй зээлийн дүн ялгамжтай эсэхээс үл хамаарч “олгосон зээлийн 1 хувиар тооцсон” дүнгээр шимтгэл авч буй үндэслэл тооцоолоо тайлбарлаагүй нь бусад хэрэглэгчдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн үйлдэл байх тул Ш ө, х тг-ын улсын байцаагч Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасан хэрэглэгчийг хохироох худалдааны арга хэрэглэсэн гэж үзсэн нь үндэслэлтэй.

8. Энэ талаар анхан шатны шүүх “... банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн бүтээгдэхүүний шимтгэлийн хувь хэмжээг үндэслэлтэй тогтоох үүрэгтэй, тооцоо судалгаагүйгээр, тогтоосон хэмжээний дээд хязгаараар тогтоосон тохиолдолд тухайн аж ахуй эрхлэгчийг Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй” гэж зөв дүгнэлт хийжээ.

9. Нэхэмжлэгчээс “... бодит гарсан зардлыг шимтгэл хэлбэрээр тооцон авч буй нь өрсөлдөөнийг хязгаарласан гэж үзэхгүй” гэж маргах боловч Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д “Банк, эрх бүхий хуулийн этгээд өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээний шимтгэл, хураамжийн хувь хэмжээг үндэслэлтэй тогтоох...” гэж банк бус санхүүгийн байгууллагыг үүрэгжүүлсэн агуулгатай зохицуулалт тусгасан байтал зээл олгох үйл ажиллагааны зардлын төрлийг үл харгалзан зээлийн гэрээнд шимтгэлийг хувь хэмжээг “1” гэж тогтоосноор харилцагчид сонголт хийх буюу гэрээний нөхцөлийг сайн дурын үндсэн дээр тодорхойлох боломжийг хязгаарлаж, хэрэглэгчийг хууль бусаар хохироох арга хэрэглэсэн нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаанд хамаарна.

Аж ахуй эрхлэгчээс аливаа байдлаар бусад этгээдийн хууль ёсны ашиг сонирхолд харшлаххэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн бүх тохиолдлыг зах зээлд шударгаар өрсөлдөх зарчимд нийцэхгүй, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа гэж үзнэ.

10. Иймд ”Ж т к ББСБ” ГХОХХК-ийн уг зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д “хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэснийг үндэслэн 20,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм.

11. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.16, 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д тодорхойлсон зөрчилд Ш ө, х тг-ын улсын байцаагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрхтэй тул “өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар хянал шалгалт явуулсан” гэх тайлбарыг хүлээн авахгүй. 

12. Зөрчлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.10-т заасантай хамтатган тайлбарлавал, “зөрчил үйлдэж олсон орлогыг хураах” албадлагын арга хэмжээг тус хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хэрэглэхээр хуульчилсан боловч тухайн тохиолдолд эрх бүхий албан тушаалтнаас уг албадлагын арга хэмжээг хэрэглээгүй нь шийтгэлийн хуудсыг хууль бус гэж дүгнэн, хүчингүй болгох үндэслэл болохгүй.  

13. Зөрчлийн хэргийн холбогдогч нь зөрчил шалган шийдвэрлэх тодорхой ажиллагаа явуулах, нотлох баримт гаргуулах хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх эрхээ хэрэгжүүлээгүй, улсын байцаагчийн холбогдох шаардлагыг биелүүлээгүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдоно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс төлбөрийн баримт, гуравдагч этгээдтэй байгуулсан нэрлэсэн гэрээ зэргийг нотлох баримтаар гаргаж, зээлийн үйл ажиллагааны бодит зардлыг тогтооход хамааралтай гэж тайлбарлах боловч энэ нь харилцагч нарт олгож буй зээлийн дүн харилцан адилгүй байхаас үл хамааран бүх зээл олголтын шимтгэлийг тогтмол 1 хувиар тооцсон дүнгээр авч байгаа үндэслэлийг тодорхойлох тооцооллыг илэрхийлээгүй байх тул энэ талаарх гомдол үндэслэлгүй байна.

14. Анхан шатны шүүх дээрх байдлаар хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2023/0776 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц-ын гаргасан давж заалдах гомдлы хангахгүй орхисугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авснаас хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                          ШҮҮГЧ                                                                   С.МӨНХЖАРГАЛ

 

 

                          ШҮҮГЧ                                                                     Г.МӨНХТУЛГА

 

 

  ШҮҮГЧ                                                                     З.ГАНЗОРИГ

 

 

 

 

 

[1] http://frc.mn/#/sct/org-detail/5824664 нийтэд илэрхий үйл баримт