Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 101

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                               

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж,

нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

улсын яллагч Х.Жанибек,

хохирогч Дельта Холдинг ХХК-ийн төлөөлөгч Х.Жаргалсайхан,

шүүгдэгч П.Баярцэнгэл,

шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Оюунцэцэг,

гэрч М.Урансайхан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Боржигон овогт Пүрэвжавын Баярцэнгэлд холбогдох эрүүгийн 201626030925 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, дуучин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдрах, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Шинэ цэргийн хотхон, 1-р байрны 47 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Пүрэвжавын Баярцэнгэл /РД:ШУ88020719/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллагдагчаар татах тогтоолд дурьдсанаар/

 

Шүүгдэгч П.Баярцэнгэл нь 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс тухайн оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Делта Холдинг ХХК-д борлуулагчаар ажиллах хугацаандаа компаний 1.141.759 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

            1. Шүүгдэгч П.Баярцэнгэлийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 

…Би зарын дагуу Дельта холдинг компанид ажилд орсон. Тэгээд 2016 оны 2-р сарын 24-нд намайг Дельта Холдинг ХХК-иас дуудаж, Тулгаа гэж хүнтэй уулзаад, хэд хоног борлуулагчийн дагалдангаар ажиллуулж, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс Дельта Холдинг ХХК-д хүнсний ногооны борлуулагчаар ажиллаж эхэлсэн. Анх ажилд ороход сарын цалинг 500.000 төгрөг гэж байсан боловч би сар гаран ажиллаад цалингаа авъя гэхэд манай компани эхний нэг сар цалингүй ажилладаг гээд цалин өгөөгүй. Мөнгөө цаг хугацаандаа өгдөггүй. Цалин гэж  нэг удаа 240.000 төгрөг, дараа нь 170.000 төгрөг, 180.000 төгрөг тус тус авч байсан. Анх ажилд ороход хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байсан. Би тухайн байгууллагад ажиллаж байхдаа хүнсний ногоо, үүнд сонгино, байцаа, төмс, алим гэсэн ногооны борлуулалтыг хийж, хотын зүүн бүсийг хариуцан ажиллаж байсан юм.  

Харилцагч нар манай компанийн операторт авах барааныхаа захиалгыг нэг өдрийн өмнө өгдөг. Харин борлуулагч нь агуулахын няравт хүргүүлсэн захиалгын хуудасны дагуу тухайн өдөрт нь харилцагч нарт түгээх барааг  тоо ёсоор нь хүлээж аваад түгээлтэнд явж хүргэж өгдөг байсан. Агуулахын няраваас барааг хүлээж авахад барааг том жингээр жинлэж бөөнд нь тооцож гаргадаг, тэгээд харилцагч нарт хүргэж өгөхөд шуудай ногооноос 300-1000 гр хүртэл дутагдал гараад байдаг. Ингээд олон шуудайнаас ийм байдлаар дутагдал гардаг ба дутсан барааны хэмжээгээр орлого дутдаг. Миний хувьд орлогоо дутсан чигээр байгууллагын дансанд тушаадаг байсан. Барааны дутагдлыг бараа хүлээлгэн өгсөн падаан дээр тэмдэглээд нягтланд тухайн өдөрт нь өгдөг байсан. Эхний 2 сарын байдлаар тооцоо нийлэхэд дутагдлын асуудал гараагүй байсан. Харин сүүлд 2016 оны 04 сарын 28-ны өдрийн үеэр дуудагдах үед 1.0 гаран төгрөгийн дутагдалын асуудал гарч ирсэн. Агуулахад байсан байцааны борлуулалт дууссан, сонгино их хэмжээгээр байснаас түргэн муудах гээд байна, үүнийг борлуулж дуусах хэрэгтэй гээд борлуулагч нарт сонгино борлуулах үүрэг өгсөн байдаг. Тэгээд 2016 оны 4-р сарын дундуур байх хугацааг тодорхой санахгүй байна, сонгины захиалга орж ирээгүй байхад 30 гаруй шуудай сонгино өгсөн. Сонгино зарсан мөнгийг байгууллагын дансанд тушааж байсан. тухайн үед надтай хамт түгээлт борлуулалтад явж байсан жолооч ахын ар гэрт ажил гараад чөлөө авсан. Тэр үед намайг байлцуулахгүйгээр машинд нь байсан сонгиныг хүлээж авсан байсан. Би сонгины килограмм дутаад байна, миний тэмдэглэн авсантай таарахгүй байгаа талаар хэлж байсан. Барааны дутагдал сонгиноос гарсан гэдэгт би эргэлзэж байна.

Миний хувьд нэг удаа борлуулалтын орлогоос 2016 оны 4-р сард 170.000 төгрөг хувьдаа авч ашигласан, өөрөөр дутаасан гээд байгаа мөнгө болон бараанаас идэж ууж, хувьдаа завшсан зүйл байхгүй. Борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа өөртөө санхүүгийн тэмдэглэл, тооцоо хөтөлж байгаагүй алдаа болсон байна. Хохирогч тал 920.090 төгрөгийг учирсан хохиролд тооцон нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг төлж барагдуулахад хугацаа хэрэгтэй байна. Гэм буруугаа ойлгож байна. гэсэн мэдүүлэг,    

 

2. Хохирогч Дельта холдинг ХХК-ийн төлөөлөгч Д.Жаргалсайханы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

...Энэ хэрэгт өмнө хохирогчийн төлөөлөгчөөр оролцож байсан Тулга нь ажлаасаа чөлөөлөгдсөн. Миний бие тус Дельта холдинг ХХК-д 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс ажилд ороод хохирогчийн төлөөлөгчөөр тогтоогдон мөрдөн байцаалтын ажиллагаанд оролцсон. Баярцэнгэл нь 2016 оны 02 сарын 24-нөөс 2016 оны 05 сарын 05-ны өдрийн хооронд манай компанид хүнсний барааны борлуулагчаар ажиллаж байхдаа барааны борлуулалтын орлогоос дутуу тушаах, бараа дутагдуулах зэргээр 1.141.759 төгрөгийн хохирол учруулсныг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байдаг. Энэ нь дутуу тушаасан орлогын мөнгө 866.383 төгрөг, барааны дутагдал 221.366 төгрөг байгаа юм. Тодруулбал: 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн  589.025 төгрөг, 2016 оны 4 сарын 30-ны 534.959 төгрөг, 2016 оны 05 сарын 01-ний 670.440 төгрөг, бүгд 1.794.424 төгрөгийн борлуулалтын орлого тус тус тушаагаагүй байж байгаад 2016 оны 05 сарын 3-ны өдөр 535.000 төгрөг, 560.700 төгрөгийн буюу 1.095.700 төгрөгийн орлого тушааж, үлдэх 698.724 төгрөгийг огт тушаагаагүй. Үүн дээр барааны дутагдлын 221.366 төгрөг нэмж бүгд 920.090 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилж байна. Урьд нэхэмжилж байсан 1.141.759 төгрөгөөс багасч 920.090 төгрөг гаргуулахаар тооцоо гарч байна. Шүүгдэгчээс хохирол 920.090 төгрөгөө гаргуулаад авчихвал өөр гомдол санал гээд байх зүйлгүй. Тооцооны зөрүүтэй холбоотойгоор үлдсэн мөнгийг нэхэмжлэхээс татгалзаж байна... гэсэн мэдүүлэг, 

 

3. Гэрч М.Урансайханы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

...Пүрэвжавын Баярцэнгэл нь 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн манай компанид борлуулагчаар ажиллаж, Улаанбаатар хот дахь зүүн бүсийн харилцагч нарыг хариуцан ажилладаг. Байцаа, төмс, сонгино, алим гэсэн 4 нэр төрлийн бараа борлуулдаг. 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс бие дааж бараа борлуулсан. П.Баярцэнгэл нь захиалгын хуудасны дагуу агуулахын няраваас бараа бүтээгдэхүүнээ хүлээн аваад, захиалагчид хүргэж өгөөд, падаанаа бичээд тооцоог хийдэг. Орой бараа үлдсэн тохиолдолд агуулахдаа буцааж өгнө, эсвэл маргааш нь бараагаа борлуулдаг. П.Баярцэнгэлийн өөрийнх нь зан ааш нь их зөв хүүхэд болохоор түүнийг ажилд нь дадлагажуулж авъя гэж бодсон. Ер нь П.Баярцэнгэл нь оройд борлуулалтынхаа падааныг өгдөггүй, байнга шаардуулж нэхүүлж байж өгдөг байсан. П.Баярцэнгэл нь тушаасан мөнгөндөө падаанаа бичиж чаддаггүй. П.Баярцэнгэл нь би тэнд явж байсан чинь бараагаа алга болгосон гэж ярьдаг, ажлаас чөлөө аваад явчихдаг байсан. П.Баярцэнгэл нь 200.000 гаруй төгрөгийн бараа дутаасан. Энэ бараа нь агуулахад үлдсэн бараа байх ёстой. Мөн 800.000 гаруй төгрөгийг борлуулалтын орлогоос дутуу тушаасан байдаг. Агуулахад байсан бараагаа зарж падаанаа бичиж өгсөн хэрнээ 800.000 гаруй төгрөг дутаасан.

Жишээ нь П.Баярцэнгэл 10 төгрөгийн бараа зарсан падаан бичээд мөнгөө тушаахдаа 5 төгрөг өгдөг байсан. Ингээд мөнгөө дутуу тушаагаад байдаг байсан. Барааны дутагдал нь сонгины борлуулалтай холбоотой дутагдал юм. Өөрөөс асуухаар яаснаа мэддэггүй, агуулахаас хүлээн авсан сонгино, борлуулатын орлого, буцааж хүлээлгэн өгсөн бараа нь тус тус зөрүүтэй байснаас 221.000 төгрөгийн барааны дутагдал гарсан. Энэ бүгд нь санхүүгийн баримттай дутагдал юм.  Баярцэнгэл нь 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн борлуулахаар авч явсан сонгино дутсан байна гэхэд өөрөө би учраа олъё гэж гарч яваад алга болсон, утсаа авдаггүй, ажил дээр ирдэггүй байсан. Борлуулалтын орлогод тушаасан мөнгө, агуулахаас хүлээн авсан болон харилцагчид хүлээлгэн өгсөн барааны падаанууд зөрөөд дутагдал гарсан юм. Агуулахаас авсан барааны жингийн зөрүүтэй, дутагдал гараад байгаа талаар нэг удаа хэлж байсан. Энэ талаар агуулахын няраваас асуухад жингийн хэлбэлзлээс болж зөрүү гардаг, үүнийг борлуулагч нарт барааг нь хүлээлгэж өгөхдөө хасаж тооцон өгдөг гэж байсан. Одоо манай байгууллага 920.090 төгрөгийг нэхэмжлэхээр тооцож байгааг хүлээн зөвшөөрч байна. гэсэн мэдүүлэг

 

      Эрүүгийн 201626030925 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Х.Жаргалсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дельта Холдинг ХХК-д хяналтын ажилтнаар ажиллаж байна. Манай компаний ажилтан Х.Тулга нь ажлаас чөлөөлөгдсөн учраас манай компаний борлуулагчаар ажиллаж байсан П.Баярцэнгэлд холбогдох эрүүгийн хэрэгт би хохирогчоор оролцоно.

Пүрэвжавын Баярцэнгэл нь 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс мөн оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд манай компанид борлуулагчаар ажилласан ба хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Баярцэнгэл нь Улаанбаатар хот дахь зүүн бүсийн хэрэглэгч нарыг хариуцан алим, байцаа, төмс, сонгино зэрэг хүнсний бараа бүтээгдэхүүнийг зарж борлуулдаг байсан. Харилцагч нар нь компаний захиалгын операторт авах барааны захиалгаа өгдөг. Уг захиалгын дагуу борлуулагч нар нь агуулахын няраваас барааг хүлээн аваад харилцагч нарт түгээдэг. Борлуулагч нь харилцагч нарт захиалсан барааг бэлэн болон бэлэн бусаар зарж борлуулдаг. Бэлэн мөнгөөр зарж борлуулсан тохиолдолд тухайн өдрийн орлогыг компаний дансанд тушаах ёстой байдаг юм. Зээлээр олгосон барааны тооцоог 1-2 хоногийн дотор Худалдаа хөгжлийн банк дахь компаний данс руу шилжүүлэх ёстой байдаг юм.

Борлуулагч нартай ерөнхий нягтлан бодогч Урансайхан нь ажлын өдөр бүр тооцоо нийлдэг. Баярцэнгэл нь борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа бэлэн мөнгөөр зарж борлуулсан орлогоо тухайн өдрөө тушаадаггүй, дараагийн өдөрт шилжүүлэн тушаадаг, мөн 2-3 өдрийн орлогыг тушаахгүй байж байгаад нийлүүлж нэг тушаадаг. Мөн орлогоо дутуу тушаах гэх мэт дутагдлыг байнга гаргадаг байсан байгаа юм. Ингээд санхүүгээс гаргасан тайлан тооцоог харахад Баярцэнгэл нь 2016 оны 3 дугаар сард нийт 22 хоног ажиллахдаа 18.807.033 төгрөгний барааг бэлэн мөнгөөр зарж борлуулсан ба 18.497.347 төгрөгийг компаний дансанд тушаагаад 327.686 төгрөгний борлуулалтын орлогыг дутуу тушаасан.

2016 оны 4 дүгээр сард нийт 22 хоног ажиллахдаа 14.108.661 төгрөгний барааг бэлэн мөнгөөр зарж борлуулсан ба 13.152.604 төгрөгийг компаний дансанд тушаагаад 956.057 төгрөгний борлуулалтын орлогыг дутуу тушаасан. 2016 оны 5 дугаар сард нийт 5 хоног ажиллахдаа 2.191.928 төгрөгний барааг бэлэн мөнгөөр зарж борлуулсан ба 2.609.290 төгрөгийг компаний дансанд тушаасан. Ингээд тухайн сардаа 417.361 төгрөгийг илүү тушаасан. Баярцэнгэл нь манай компанид ажиллах хугацаандаа 35.107.624 төгрөгний барааг бэлэн мөнгөөр зарж борлуулаад 34.241.241 төгрөгний орлогын мөнгийг Худалдаа хөгжлийн банк дахь компаний дансанд тушаасан байгаа юм.

Үүнээс 866.383 төгрөгний орлогыг дутаасан байна. Мөн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Баярцэнгэл нь 429.240 төгрөгний сонгино зарж борлуулахаар авч яваад үүнээсээ 221.366 төгрөгний сонгиныг дутаасан... гэсэн мэдүүлэг /хэргийн 80-81х/,

 

2. Гэрч М.Урансайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Пүрэвжавын Баярцэнгэл нь 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн манай компанид борлуулагчаар ажиллаж байгаа ба тэрээр Улаанбаатар хот дахь зүүн бүсийн харилцагч нарыг хариуцан ажилладаг. 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн тооллогоор Баярцэнгэл нь борлуулалтын орлогоос 866.383 төгрөг, бараанаас 221.366 төгрөг, нийт 1.141.759 төгрөгний дутагдал гаргасан байсан. Манай компани нь хоёр худалдааны  төлөөлөгчтэй ба байцаа, төмс, сонгино, алим гэсэн 4 нэр төрлийн бараа борлуулдаг. Худлдан авагч утсаар операторуудад авах барааны захиалгыг өгөөд, борлуулагч нь захиалгын хуудсыг оператороос аваад, агуулахын нярав дээр очно. Ингээд захиалгын хуудасны дагуу агуулахын няраваас бараа бүтээгдэхүүнээ хүлээн аваад, захиалагчид хүргэж өгөөд тооцоог хийдэг. Тооцоог бэлэн болон бэлэн бусаар хийдэг. Гэрээт харилцагч нар нь тооцоог бэлэн бусаар хийдэг ба эдгээр харилцагч нарт бараа хүргэж өгсөн падаанаа борлуулагч нь надад авчирж өгөөд тооцоо нийлдэг.  

Харин гэрээт бус харилцагч нартай бэлнээр тооцоо хийдэг ба борлуулагч нь тухайн өдрийн борлуулалтын орлогыг Худалдаа хөгжлийн банкин дахь манай компаний дансанд тушаагаад мөнгө тушаасан баримт болон барааны орлого, зарлагын баримтаа надад авч ирж тооцоо хийдэг. Ер нь гэрээт бус харилцагч нарт зээлээр бараа олгоно гэсэн асуудал байхгүй. Мөн их хэмжээний бараа буцаалт хийх тохиолдол ч байхгүй.

Би Баярцэнгэлтэй өдөр бүр тооцоо нийлдэг байсан ба тэрээр өөрөө тооцоон дээрээ будилна, авсан бараа бүтээгдэхүүнээ харилцагч нарт түгээхдээ илүү дутуу өгөх асуудал их гаргадаг юм. Ингэж явсаар байгаад л Баярцэнгэл нь дээрх хэмжээний өр дутагдлыг гаргасан. Баярцэнгэлийн өөрийнх нь зан характер нь их зөв хүүхэд болохоор түүнийг ажилд нь дадлагажуулж авах гэж их хөөцөлдсөн. Пүрэвжавын Баярцэнгэл нь:

1. Баярцэнгэл нь 2016 оны 3 дугаар сард нийт 22 хоног ажиллахдаа 18.807.033 төгрөгний барааг бэлэн мөнгөөр зарж борлуулсан ба 18.497.347 төгрөгийг компаний дансанд тушаасан. Ингээд 327.686 төгрөгний борлуулалтын орлогыг дутуу тушаасан,

2. Баярцэнгэл нь 2016 оны 4 дүгээр сард нийт 22 хоног ажиллахдаа 14.108.661 төгрөгний барааг бэлэн мөнгөөр зарж борлуулсан ба 13.152.604 төгрөгийг компаний дансанд тушаасан. Ингээд 956.057 төгрөгний борлуулалтын орлогыг дутуу тушаасан,

3. 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 203.970 төгрөгний барааг агуулахад буцаан тушаасан байна. Баярцэнгэл нь 2016 оны 5 дугаар сард нийт 5 хоног ажиллахдаа 2.191.928 төгрөгний барааг бэлэн мөнгөөр зарж борлуулсан ба 2.609.290 төгрөгийг компаний дансанд тушаасан. Тухайн сард 417.361 төгрөгийг илүү тушаасан.  

Баярцэнгэл нь манай компанид ажиллах хугацаандаа нийт 35.107.624 төгрөгний барааг бэлэн мөнгөөр зарж борлуулаад 34.241.241 төгрөгний орлогын мөнгийг Худалдаа хөгжлийн банк дахь манай компаний эзэмшлийн дансанд тушаасан байна. Ингээд 866.383 төгрөгний орлогыг дутаасан байгаа юм. Энэ бүхэн нь Худалдаа хөгжлийн банк дахь компаний дансны хуулга, агуулахын орлогын падаан, борлуулалтын зарлагын падаанаар нотлогдоно.

2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Баярцэнгэл нь 429.240 төгрөгний 357 килограмм сонгино зарж борлуулахаар авч яваад үүнээсээ 221.366 төгрөгний сонгиныг алдчихсан юм уу, яасан юм мэдэхгүй, 5-6 шуудай сонгино дутчихлаа гэж хэлж байсан.

Барааны дутагдал энэ өдөр л гаргасан. Баярцэнгэл нь агуулахаас авсан бараанаас дутлаа гэсэн зүйлийг 2 удаа л надад хэлж байсан. Тухай бүрт нь би агуулахын нярав Амарзаяад хэлэхэд тэрээр Баярцэнгэлд бараа өгөхдөө 100 граммаар нэмж өгдөг гэж хэлж байсан. Түүнээс олон удаа агуулахаас авсан барааны жин дутсан талаар хэлж байгаагүй. Баярцэнгэл нь байнга л зарлагын падаанаа бичихдээ будилдаг, тооцоо нийлэх болохоор зугатаачихдаг. Тэгэхээр нь би Баярцэнгэлийг хариуцан ажилладаг Ганзориг захиралд болсон асуудлыг танилцуулж байж Баярцэнгэлийг авч ирж тооцоо нийлдэг байсан. Баярцэнгэл нь өдөр тутмын бэлэн мөнгөний орлогоо байнга л их, бага хэмжээгээр дутуу тушаадаг байсан... гэсэн мэдүүлэг /хэргийн 21-22х, 83-86х/,

 

3. Гэрч Г.Амарзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би 2009 оноос эхлэн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дельта Холдинг ХХК-д лавлах утасны оператор, агуулахын няраваар ажиллаж байгаад 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байна. Манай компани нь худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм.

П.Баярцэнгэл нь 2016 оны 02 дугаар сарын сүүлээс эхлэн манай компанид борлуулагчаар ажиллаж эхэлсэн. Тэрээр байцаа, сонгино, алим, төмс зэрэг 4 нэр төрлийн барааг Баянзүрх дүүргийн харилцагч нарт борлуулдаг байсан. Баярцэнгэл болон бусад борлуулагч нарт агуулахаас бараа олгохдоо электрон жин дээр хэмжээд, шуудай тус бүр дээр жинг нь бичиж тэмдэглэж өгөөд, агуулахын зарлагын падаан дээр тухайн өдөр агуулахаас авсан барааны нэр төрөл, жин, үнийг бичиж тэмдэглээд, борлуулагчаар хүлээн авсан тухай гарын үсэг зуруулдаг. Баярцэнгэл нь анх ажилд орсноос хойш зарж борлуулахаар авч явсан барааны килограмм жингээс дутсан гэдэг зүйл огт ярьж байгаагүй ба 2016 оны 03 дугаар сарын дундуур л агуулахаас авч байгаа бараанаас шуудай бүрээс нь 100 грамм дутаж байна гэж нэг удаа хэлсэн. Түүнээс хойш бид Баярцэнгэлд бараа олгохдоо шуудай бүрийн бодит жингээс 100 грамм хасч зарлагын падаан дээр бичилт хийдэг болсон. Үүнээс хойш граммын дутагдлын тухай огт яриагүй. Мөн борлуулагч нар нь тухайн өдрийн барааны үлдэгдлийг агуулахад заавал буцааж тушаах ёстой байдаг ба Баярцэнгэл ч гэсэн өдөр бүр барааны буцаалтаа хийгээд л явдаг байсан... гэсэн мэдүүлэг /хэргийн 82х/,

 

4. Гэрч С.Шинэбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би 2009 оноос эхлэн Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Дельта Холдинг ХХК-д борлуулагчаар ажиллаж байгаа ба хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Би Улаанбаатар хот дахь баруун бүсийн харилцагч нарыг хариуцан төмс, байцаа, сонгино, алим зарж борлуулдаг. Харилцагч нар компаний захиалгын утсанд авах барааны хэмжээгээ урьдчилж захиалдаг ба оператор нь агуулахын нярав руу захиалгын падааныг хүргүүлдэг. Ингээд борлуулагч нь агуулахын няравт хүргүүлсэн захиалгын хуудасны дагуу барааг хайрцаг, шуудай бүрээр жинлээд, хайрцаг, шуудай тус бүр дээр жинг нь бичиж тэмдэглэж агуулахын няраваас хүлээн авдаг. Анх Номин гэх мэт том сүлжээ дэлгүүрүүдэд бараа түгээхэд нэг шуудайнаас 50-100 орчим грамм дутагдах үзэгдэл 3-4 удаа гарсан.

Энэ байдлыг нягтлан бодогч Урансайхан, агуулахын нярав Амарзаяа нарт хэлж танилцуулсан ба үүнээс хойш агуулахын нярав Амарзаяа нь шуудай ногооны килограммыг шуудай болон падаан дээр бичихдээ 100 грамм хасч бичдэг. Үүнээс хойш дахин дутагдал гараагүй. Тэглээ ч гэсэн нэг шуудайнаас 100 грамм дутлаа гээд орлогоны мөнгөнөөс дутаад байх зүйл гардаггүй. Нэг шуудай ногооноос 100 грамм дутлаа гэхэд тэр нь дунджаар 150 төгрөг болно. Нэг өдөрт дунджаар бэлэн мөнгөөр 10-15 шуудай ногоо зарна, тэгэхээр нэг өдрийн орлогоноос 1.500-2.000 төгрөг л дутна. Шуудай ногооноос грамм дутагдах үзэгдэл 3-4 удаа л гарсан. Тийм болохоор орлогын мөнгө 3-4 удаа л 1.500-2.000 төгрөг дутагдсан байна. Манай агуулахын жин нь Үндэсний стандарт хэмжил зүйн үндэсний төвөөр баталгаажсан.

Борлуулагч нь харилцагч нарт барааг бэлэн мөнгөөр болон зээлээр зарж борлуулдаг. Зарим харилцагч нь манай компаниас зээлээр бараа худалдан авах гэрээтэй байдаг. Тэдгээр харилцагч нарт бараа түгээхэд, тус харилцагч нар нь зээлээр авсан барааны үнийг компаний дансанд сар бүрийн эцэст шилжүүлж, нягтлан бодогч нартай тооцоо нийлдэг. Харин бэлэн мөнгөөр зарж борлуулсан барааны орлогыг тухайн өдөр нь Худалдаа хөгжлийн банк дахь компаний тоот дансанд тушаадаг. Зарим үед оройтоод тухайн өдөртөө орлогоо тушаалгүй маргааш өглөө нь орлогоо тушаах тохиолдол байдаг. Нягтлан бодогч нар өглөө 9 цагаас орой 18 цаг хүртэл ажилладаг. Харин борлуулагч нар нь өглөө 8 цагаас ажилдаа ирж компаний оффис дээр ирж цагаа бүртгүүлээд, Сонгинохайрхан дүүрэг хуучин 22-н товчооны урд талд байрлах компаний агуулах дээр очиж агуулахын няраваас бараагаа хүлээн авдаг байсан. Ингэхээр өдөр бүр нягтлан бодогчтой тооцоо нийлээд байж чаддаггүй. Гэхдээ тухайн өдрийн борлуулалтын орлогоо банкинд тушаагаад, агуулахаас авсан барааны орлогын падаан, харилцагч нарт бараа түгээсэн зарлагын дутагдал гараад, зөрүү гараад байдаггүй.

Борлуулагч нь тогтмол 800.000 төгрөгөөр цалинждаг байсан. Цалингаас нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал суутгахаар нь гар дээр 600.000 төгрөгний цалин авдаг. Мөн ажлаас хоцорсон тохиолдолд нэг минут 500 төгрөг гээд хасаад явдаг. Бид 7 хоногийн 6 өдөр ажилладаг. Цалингаас өөр ямар нэгэн суутгал авдаггүй. Баярцэнгэл нь Худалдаа хөгжлийн банкинд өртэй гээд цалингаа миний болон жолооч Мөнхбаатарын дансаар дамжуулан авдаг байсан. Баярцэнгэл нь энэ компанид ажиллах хугацаандаа ажлаа хэвийн гүйцэтгэдэг байсан. Түүний тооцоогоо хэрхэн хийдэг болохыг би сайн мэдэхгүй байна. Борлуулагч нар нягтлан бодогч руу тус тусдаа орж тооцоо нийлдэг байсан болохоор хэн нь ямар дутагдал гаргаж байгааг мэдэх боломжгүй... гэсэн мэдүүлэг /хэргийн 87-88х/,

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээч Ж.Бадамсүрэнгийн гаргасан 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 154 тоот дүгнэлтэд:

1. Би Энд С аудит ХХК-ийн гаргасан дүгнэлт үндэслэлтэй байна.

П.Баярцэнгэлийн хүлээн авсан болон борлуулсан барааны тооцоолол

Нэр төрөл

Орлого

Зарлага

Үлдэгдэл

Байцаа

22,160.034

22,306.381

 

Төмс

89.060

72.510

 

Алим

400.650

400.050

 

Сонгино

2,064.642

1,714.079

 

Нийт дүн

24,714.386

24,493.019

 

Барааны буцаалт

(2,876.958)

(2,786.958)

 

Цэвэр орлого, зарлага

21,927.428

21,706.061

221.366

 

Бэлэн мөнгөөр тушаасан орлого

15,761.894

Харилцах дансаар орсон орлого

5,077.757

Нийт тушаасан орлогын дүн

20,839.651

Нийт борлуулалтын орлого

21,706.034

Дутуу тушаасан орлого

(866.383)

Барааны дутагдал

(221.366)

Нийт төлбөл зохих дүн

(1,087.749)

 

2. П.Баярцэнгэл нь 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс тухайн оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд 221.366 төгрөгийн бараа дутааж, 866.383 төгрөгийн  борлуулалтын орлогыг тушаагаагүй байна. 2016 оны 03-р сарын 01-нээс 2016 оны 05-р сарын 05-ны хооронд ажиллах хугацаанд дутагдал гарсан. Эдийн засгийн шинжилгээгээр үйлдлийг тогтоодоггүй болно.

3. П.Баярцэнгэл нь бараа, борлуулалтын орлогын мөнгөнөөс дутаасан бөгөөд ямар арга замаар ашигласан үйлдлийг эдийн засгийн шинжилгээгээр тогтоодоггүй болно.

4. П.Баярцэнгэл нь нийт завшиж үрэгдүүлсэн мөнгөнөөс цагдаагийн байгууллагад шалгагдах хугацаандаа буюу 2016-7-25-ны өдрөөс өмнө төлж барагдуулаагүй байна. гэсэн дүгнэлт, эдийн засгийн шинжилгээний орон тооны бус мэргэжлийн комиссын хурлын протокол /хэргийн 31-35х/,

 

6. П.Баярцэнгэл болон Дельта Холдинг ХХК нарын хооронд 2016 оны 02 сарын 24-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хэргийн 52-54х/, түүнийг ажилд томилсон компанийн гүйцэтгэх захирлын тушаал /хэргийн 58х/,

 

7. Бараа материалын зарлага, орлогын баримтын товчоо, орлого зарлагын ордер баримтууд /хэргийн 59-66х, 67-72х, 91-92х, 96-101х/,

 

8. Борлуулагч Баярцэнгэлийн барааны кг-ын тооцооны баримт, 2016 оны 04, 05 саруудын бэлнээр борлуулсан барааны тооцоо  баримтууд /хэргийн 94-93х/,

 

9. Дельта холдинг ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь депозит дансны хуулга /2016 оны 03 сарын 01-нээс 2016 оны 05 сарын 08-ны өдрийн байдлаарх/  /хэргийн 102-120х/,

 

10. Дельта холдинг ХХК-ийн агуулахын бүртгэл /хэргийн 121-125х/,

 

11. Шүүгдэгч П.Баярцэнгэлийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

...Би 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дельта Холдинг ХХК-д борлуулагчаар ажилласан. Би тус компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Би уг компанид ажиллаж байх хугацаандаа Улаанбаатар хот дахь зүүн бүсийг хариуцсан борлуулагчаар ажиллаж, харилцагч нарт байцаа, сонгино, төмс, алим гэсэн 4 нэр төрлийн барааг түгээдэг байсан. Харилцагч нар нь манай компаний утсаар операторт авах барааны захиалгаа өгдөг. Харин борлуулагч нь агуулахын няравт хүргүүлсэн захиалгын хуудасны дагуу тухайн өдөрт харилцагч нарт түгээх барааг тоо ёсоор нь хүлээн аваад түгээлтэндээ явдаг. Харилцагч нарт захиалгын хуудасны дагуу бараа бүтээгдэхүүнээ түгээгээд тооцоог бэлэн болон бэлэн бусаар хийдэг. Гэрээт харилцагч нар нь тооцоог бэлэн бусаар хийдэг ба эдгээр харилцагч нарт бараа хүргэж өгсөн падаанаа ерөнхий нягтлан бодогч Урансайханд хүлээлгэн өгөөд тооцоо нийлдэг. Агуулахын няраваас түгээх бараагаа килограммлаж авч гараад харилцагч нарт түгээхэд нэг шуудайнаас л гэхэд 200-300 грамм гэх мэтээр бага хэмжээгээр дутагдал гараад байдаг. Ингээд олон шуудай бараа бүтээгдэхүүнээс тодорхой хэмжээний бараа дутдаг. Ингээд орой болохоор дутсан барааны хэмжээгээр орлого дутдаг ба би орлогоо дутсан чигээр нь л компаний дансанд тушаадаг байсан. Иймэрхүү янзаар нэг сар орчим борлуулалт хийсэн ба нөхцөл байдлаа тухай бүрт нь Урансайханд танилцуулж байсан.

Мөн тус компани нь борлуулагчаа бараа зарж орлого ол гээд шахаад байдаг байж цалин мөнгөө цаг хугацаандаа өгдөггүй, заримдаа цалин өгөхөөрөө ямар нэг шалтгаан хэлээд л цалин хасаад байдаг юм. Тэгэхээр нь 2016 оны 4 дүгээр сарын орчимд Баянзүрх дүүргийн Баянмонгол хороололд байрлах Оюу хүнсний дэлгүүрт 170.000 орчим төгрөгний бараа зээлээр олгоод, 2 хоногийн дараа тус дэлгүүр зээлээр авсан барааныхаа мөнгийг төлөхөөр нь би уг мөнгийг компанид тушаалгүй, хувьдаа ашигласан. Зарим үед өдрийн орлогоноосоо 10.000 төгрөг аваад хоол унд идэх үе байдаг байсан. Энэ нь 2-3 удаа л давтагдсан байх. Гэхдээ тухайн өдөр нь буцаагаад гүйцээгээд тушаадаг байсан. Энэ мэтчилэнгээр явсаар байгаад л орлогоны мөнгөнөөс 800.000 орчим төгрөгний дутагдал гарсан байх.

2016 оны 4 дүгээр сарын сүүлээр манай компаний зарж байсан байцаа дуусаад, сонгиноо түлхүү зарж эхэлсэн. Энэ үеэр л 200.000 төгрөгний барааны дутагдал гаргасан байх. Би орлогоо дутсан чигээр нь компаний дансанд тушаадаг байсан. Нэг өдөрт 5.000-15.000 төгрөгийн барааны орлого дутуу тушаагддаг байсан. 2016 оны 4 дүгээр сарын дундуур өдөрт 15 шуудай сонгино өгч явуулаад муудахаас нь өмнө зарж борлуулаад ир гээд явуулдаг байсан. Энэ бүхнээс л барааны дутагдал гарсан.

Уг нь би орлогын мөнгөө дутуу тушаагаагүй, би гайхаад байна. Падаанаа л хармаар байна. Харилцагч нарт бараа түгээсэн падааны нэг хувийг би өөрөө авч үлдээд, нэг хувийг нь харилцагчид өгдөг. Харин нягтлан бодогч тооцоо нийлэхдээ зээлээр болон бэлэн мөнгөөр тооцоо нийлсэн гэсэн падаан үйлдээд л тооцоо нийлдэг. Надад үлдсэн байсан падааныг манай эхнэр Хулан ажлаас гарсан одоо хэрэггүй болсон гээд шатаачихсан. Би шинжээчийн дүгнэлтийг уншсан, 866.383 төгрөгнөөс 170.000 төгрөгийг нь л хувьдаа завшсан. Үлдсэн мөнгийг нь хувьдаа завшаагүй учраас шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн 221.366 төгрөгний барааг ч дутаагаагүй. Анх намайг ажилд ороход надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, мөн ажил үүргийн хариуцлагын талаар надад хэн ч танилцуулаагүй. Үүнээс болоод би 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс мөн оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацааны цалинг аваагүй. Би 2016 оны 4 дүгээр сарын цалинг борлуулагч Шинэбаяр, жолооч Мөнхбаатар нарын Худалдаа хөгжлийн банк дахь дансаар дамжуулан авсан. Түүнээс хойшхи хугацааны цалинг дутуу авдаг байсан. Агуулахаас бараа авч гарахад килограммын дутагдал гараад байна гэдгийг надтай хамт ажилладаг борлуулагч Шинэбаяр, жолооч Мөнхбаатар нар мэдэж байгаа. Мөн энэ талаар захирал Ганаа, нягтлан бодогч Урансайхан нарт хэлж байсан... гэсэн мэдүүлэг /хэргийн 38-39х, 42-44х, 89х/ зэрэг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох гэрч Д.Хулангийн мэдүүлэг /хэргийн 23-24х/, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 45х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 47х, 57х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 48х/, оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт /хэргийн 56х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан байх тул шүүх тэдгээр баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх баримтуудыг үнэлж дүгнэхэд:

 

Шүүгдэгч П.Баярцэнгэл нь 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Делта Холдинг ХХК-д борлуулагчаар ажиллах хугацаандаа барааны борлуулалтын орлогоос дутуу тушаах, бараа дутагдуулах зэргээр 221.366 төгрөгийн бараа дутагдуулж, 866.383 төгрөгийн борлуулалтын орлогыг дутуу тушаасан үйл баримт тогтоогдсон ба борлуулалтын орлогын дутуу тушаасан 866.383 төгрөг, барааны дутагдлын дүн 221.366 төгрөг  нь нийлээд бүгд Дельта холдинг ХХК-нд 1.087.747 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь хохирогчийн төлөөлөгч Х.Жаргалсайхан, шүүгдэгч Б.Баярцэнгэл, гэрч М.Урансайхан нарын мэдүүлэг болон ШШҮХ-ийн эдийн засгийн шинжээчийн 2016 оны 08 сарын 23-ны өдрийн 154 дугаартай дүгнэлт, бараа материалын зарлага, орлогын баримтын товчоо, орлого зарлагын ордер баримтууд, борлуулагч Баярцэнгэлийн барааны кг-ын тооцооны баримт, 2016 оны 04, 05 саруудын бэлнээр борлуулсан барааны тооцоо  баримтууд болон Дельта холдинг ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь депозит дансны хуулга /2016 оны 03 сарын 01-нээс 2016 оны 05 сарын 08-ны өдрийн байдлаарх/ зэрэг хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Прокуророос шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Харин яллагдагчаар татах тогтоолд шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас хохирогч Дельта Холдинг ХХК-д учирсан хохирлын хэмжээг 1.141.759 төгрөг гэж тодорхойлж буруу тогтоосон нь үндэслэлгүй байх тул шүүх зөвтгөж, хохирогчид учирсан хохирлын хэмжээг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон  дүн 1.087.747 төгрөгөөр тооцох нь зүйтэй. 

 

Шүүгдэгч П.Баярцэнгэлийг бусдын эд хөрөнгийг завшиж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн энэ зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй юм.

 

П.Баярцэнгэл нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 48х/ тогтоогдсон ба түүнийг Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж үзэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах ба хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн бол гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй талаар Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт,  хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгохоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт тус тус зохицуулсан байна. 

 

Шүүгдэгчийн хувьд 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд хохирогч Дельта холдинг ХХК-д хүнсний барааны борлуулагчаар ажиллахдаа дээрх гэмт хэргийг үйлдсэн, уг гэмт хэрэг гарснаас хойш зургаан сарын хугацаа нь 2016 оны 11 дүгээр сарын 05-ны байдлаар дуусгавар болсон байх тул шүүх П.Баярцэнгэлд холбогдох эрүүгийн хэргийг хуульд заасан дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх үндэслэлтэй. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч байгууллагын төлөөлөгчөөс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.141.759 төгрөг нэхэмжилсэн боловч тооцооны зөрүүтэй холбоотойгоор шаардлагаа багасган 920.090 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн. /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан/

 

Гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,мөн бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлын мөнгөөр нөхөн төлнө гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

 Иймд шүүгдэгч П.Баярцэнгэлээс гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролд тооцон 920.090 төгрөг гаргуулж хохирогч Дельта Холдинг ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 221.669 төгрөгийг хангахгүй орхиж шийдвэрлэв.  

 

Шүүгдэгч П.Баярцэнгэл нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэг, 290, 294, 297 дугаар зүйлийн 297.1 дэх хэсэг, 298, 299 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                               ТОГТООХ нь:

 

 1. Боржигон овогт Пүрэвжавын Баярцэнгэлийг бусдын эд хөрөнгийг завшиж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар П.Баярцэнгэлд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. П.Баярцэнгэл нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан П.Баярцэнгэлээс гэм хорын хохиролд 920.090 /есөн зуун хорин мянга ер/ төгрөгийг гаргуулж, хохирогч Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах Дельта Холдинг ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 221.669 төгрөгийг хангахгүй орхисугай.  

 

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд П.Баярцэнгэлд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

             

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                    С.БАЗАРХАНД