Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 0045

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2018/00046

 
 

 

С.Мийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2017/03465 дугаар шийдвэртэй, С.Мийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Мт холбогдох, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 6 100 000 төгрөг гаргуулах,

С.Мээс 6 888 615 төгрөг гаргуулах Б.Мийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батсайхан,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баяржаргал,

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Батжав,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу 28 дугаар байр, 38 тоотод байрлах “Тэлэмүгэн” цайны газрыг түрээслэх зорилгоор сарын төлбөрийг 1 200 000 төгрөгөөр тооцож 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 11 500 000 төгрөгийг Д.Оюунгэрэлд хүлээлгэн өгсөн. Д.Оюунгэрэл нь намайг байлцуулан тухайн байрыг цайны газрын зориулалтаар засч тохижуулсан төлбөрөө аваад, үлдсэн 1 500 000 төгрөгийг байрны эзэн Б.М, Б.Мөнх-Эрдэнэ нарт хүлээлгэн өгснөөр тэдний хоорондын тооцоо дуусч, миний бие тухайн объектыг түрээслэн ажиллуулах болсон юм. Түрээслэх хугацаанд буюу 2015 оны 11 дүгээр сарын 25-нд Б.Мийн данс руу 1 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Гэвч тодорхой шалтгааны улмаас цаашид түрээслэн ажиллуулах боломжгүй болсон тул Б.Мтэй харилцан ярилцаж дараагийн түрээслэгчийн төлсөн төлбөрөөс үлдэгдэл тооцоог төлж дуусгахаар тохиролцсон.

Б.М нь тухайн цайны газрыг 2015 оны 12 дугаар сарын 10-наас Уламбаяр гэх хүнд түрээслүүлж сарын 1 300 000 төгрөгөөр тооцож зургаан сарын төлбөрт 7 800 000 төгрөг авсан байсан. Гэтэл Б.М түрээслэгч үлдэгдэл төлбөрөө төлөөгүй байна, өгсөн нь энэ гээд миний дансанд 2 000 000 төгрөг шилжүүлсэн. Хариуцагч нь энэ оны 6 дугаар сард дараагийн Лхагвасүрэн гэх түрээслэгчээс 2 сарын түрээсийн төлбөр 2 300 000 төгрөг, барьцаа 1 300 000 төгрөг, нийт 3 600 000 төгрөгийг авч надад бэлнээр өгсөн. Бид Б.Мийн дараа дараагийн түрээсийн орлогоос миний үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулахаар өмнөхийн адил ярилцаж тохиролцсон боловч одоог хүртэл төлж дуусгаагүй байна. Иймд иргэн Б.Мээс миний өгсөн нийт 12 500 000 төгрөгөөс түрээсэлсэн төлбөр 300 000 төгрөг, эргүүлэн өгсөн 5 600 000 төгрөгийг хасаад үлдэгдэл төлбөр 6 600 000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, бага тойруугийн 28 дугаар байр, 30 тоотод байрлах цайны газрыг засварлахыг дүү Б.Мөнх-Эрдэнэд миний бие даатгасан. Б.Мөнх-Эрдэнэ нь засвар хийлгэхээр хөөцөлдөх явцад Д.Оюунгэрэл гэгч тааралдаад өөрөө засвар хийж, улмаар түрээслэн ажиллуулна гээд, түрээсийн төлбөртөө засварын зардлыг тооцохоор тохирсон байсан. Энэ асуудлыг би мэдээд ийм зүйл байхгүй гээд Д.Оюунгэрэлийг бусдын эд хөрөнгийг ашиглан залилан мэхэлсэн асуудлаар цагдаад хандах гэтэл С.М нь болиулсан. Тэрээр цагдаад өгөөд хэрэггүй, би түрээсэлнэ, таныг хохироохгүй гэсэн. Тэр хоёрын хоорондын өгөө авааны асуудлыг би мэдэхгүй. Удалгүй нөгөө С.М нь би болилоо, Уранбаяр гэх эмэгтэйд түрээслүүлэхээр боллоо гээд алга болсон. Гэтэл удалгүй С.М над руу яриад би Уранбаяраас байрыг хүлээгээд авсан, одоо Лхагвасүрэн гэдэг хүнд түрээслүүлнэ гээд шилжүүлсэн гэсэн боловч Лхагвасүрэн бас л түрээслэхээ больсон. С.М түүнээс 4 100 000 төгрөг авсан байсан. Миний хувьд С.Мтэй гэрээ хийгээгүй, түүнд мөнгө төлөх үүрэг байхгүй. Анхны засвар хийсэн Д.Оюунгэрэлтэй тэр хүн тооцоо хийх ёстой. Би үүнийг ойлголгүй харин ч С.Мт 6 600 000 төгрөг өгсөн байдаг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Дараа сөрөг нэхэмжлэл гаргана гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах цайны газрыг засварлахыг би дүү Б.Мөнх-Эрдэнэд даатгасны дагуу Д.Оюунгэрэл гэгч өөрөө засвар хийж, улмаар түрээслэн ажиллуулна, түрээсийн төлбөрт засварын зардлыг тооцоно гэж тохирсон байсан. Энэ асуудлаар Д.Оюунгэрэлийг бусдын эд хөрөнгийг ашиглан залилан мэхэлсэн гэж цагдаад хандах гэтэл С.М болиулж, би түрээслэнэ, таныг хохироохгүй гэсэн. Тэр хоёрын хооронын асуудлыг би мэдэхгүй. Удалгүй С.М би болилоо, Уранбаяр гэх эмэгтэйд түрээслүүлэх боллоо гээд түүнд шилжүүлсэн. Би Уранбаяртай Иргэний хуулийн дагуу гэрээ хийж, нотариатаар батлуулсан.

Гэтэл С.М над руу яриад би Уранбаяраас хүлээгээд авсан, одоо Лхагвасүрэн гэдэг хүнд түрээслүүлнэ гээд шилжүүлсэн. Энэ үед би мөн л хуулийн дагуу Лхагвасүрэнтэй гэрээ хийж нотариатаар гэрчлүүлсэн. Лхагвасүрэн нь бас түрээслэхээ больсон. Учир нь С.М анх Д.Оюунгэрэлд мөнгө өгсөн, мөнгөө түрээсээс авна гэж яриад миний байрыг түрээслэх хүмүүсээс урьдчилан мөнгө авчихаад дараа нь дахин мөнгө нэхэж хүмүүсийн дургүйг хүргэж, нөгөө талаас өмчийн маргаантай мэтээр түрээслэх гэж байсан Уранбаяр, Лхагвасүрэн нарт буруу ойлгуулснаас болж, удаа дараа гэрээ цуцлагдаж, миний бие алдагдалд орсон.

Би Д.Оюунгэрэл, С.М нартай түрээсийн гэрээ байгуулаагүй, харин Д.Оюунгэрэлийн хувьд засвар хийгээд дараа нь түүнийгээ түрээсийн төлбөрт тооцохоор ярьж байсан нь үнэн. Гэхдээ хэдэн төгрөгийн засвар хийсэн нь тодорхойгүй, түүнийг би хүлээн аваагүй, өөрөө түрээслэхээ болилоо, засварын мөнгөө С.Мээс авахаар боллоо гээд алга болсон. Д.Оюунгэрэлтэй ямар нэг гэрээ хийгээгүй учраас хэнээс хэдэн төгрөг авч зассан, дараа нь засварын мөнгийг хэнээс яаж авч байгааг ойлгоогүй, ойлгохыг ч хүсээгүй юм. Гэхдээ С.Мт мөнгө өгөх ёстой юм байлгүй гэж бодоод Уранбаяраас авсан 2 000 000 төгрөгийг өгсөн. Энэ мөнгийг авсан гэдгээ нэхэмжлэл болон хариу тайлбартаа хүлээн зөвшөөрсөн болно. Дараа нь Лхагвасүрэнгээс 500 000 төгрөг, түүний эхнэр, миний бие хамтран байлцах үед Лхагвасүрэнгээс шууд С.Мт 3 600 000 төгрөг өгсөн. Энэ мөнгөний хувьд С.М нь 3 100 000 төгрөг авсан гэж хүлээн зөвшөөрдөг бөгөөд 500 000 төгрөгийг аваагүй гэдэг. Гэвч шүүхэд Лхагвасүрэн мэдүүлэг өгөхдөө 3 600 000 төгрөгийг өгсөн гэж гэрчилдэг.

Мөн түрээсийн гэрээтэй Уранбаяраас ашиглалтын зардал 788 615 төгрөгийг би авах ёстой байтал С.М би аваад явуулчихлаа гэсэн учир тэр мөнгийг надад өгөх ёстой. Уранбаярыг явуулсан, кафег хүлээн авсан гэдгээ С.М нь хариу тайлбартаа хэлсэн байдаг. Цаашилбал, С.М нь манай кафег нэг сар ашигласан, үүний төлбөрт 1 500 000 төгрөгийг төлөх ёстой. Гэвч түрээсийн гэрээгүй учраас би нэхэж чадахгүй байна. Иймд өөрийн нь хүлээн зөвшөөрсөн буюу Уранбаяраас авсан 2 000 000 төгрөг, өөрийнх нь мэдүүлэг болон Лхагвасүрэнгийн мэдүүлгээр нотлогдож байгаа 4 100 000 төгрөг, Уранбаярын төлөх ёстой, өмнөөс нь тооцоо хийхээр тохирсон 788 615 төгрөг, нийт 6 888 615 төгрөгийг С.Мээс нэхэмжилж байна. С.Мтэй гэрээ хийгээгүй учир түүнд мөнгө төлөх үүрэг байхгүй.

Анхны засвар хийсэн Д.Оюунгэрэлтэй тэр хүн тооцоо хийх ёстой. Би үүнийг ойлголгүй харин С.Мт 6 800 000 төгрөг өгсөн байдаг. Д.Оюунгэрэл гэдэг хүн надаас засварын мөнгөө нэхэмжлэх байх, би түүнд хийсэн засвар буюу оруулсан хөрөнгө оруулалтыг харилцан тохиролцон өгөх ёстой. Тиймээс Д.Оюунгэрэлд өгөх мөнгөө андуурч өгсөн С.Мээс нэхэмжилж байгаа юм. Монгол Улсын Иргэний хуулийн үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээний эрх зүйн зохицуулалтаас харахад түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. Энэ шаардлагыг хангаагүй гэрээг хүчин төгөлдөр бус байна гэсэн тул С.Мээс 6 888 615 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлд өгсөн тайлбартаа: Цайны газрыг түрээслэхээр сонины зарын дагуу очиход Д.Оюунгэрэл байрыг үзүүлсэн. 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ажлын байраа хүлээлцэж, 11 500 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн. Д.Оюунгэрэл хоёр хоногийн дараа эгч ирж гэрээ хийнэ гэсэн. Гэтэл хоёр хоногийн дараа Даваа гарагт Б.Мөнх-Эрдэнэ ирэхэд эгч дүүс биш болохыг мэдсэн. Б.Мөнх-Эрдэнэ, Д.Оюунгэрэл нартай удаа дараа уулзаж ярилцсан. Үүний эцэст Б.Мөнх-Эрдэнэ, Д.Оюунгэрэл бид гурав шийдвэрлэх уулзалт хийсэн. Энэ үед Б.Мөнх-Эрдэнэ 10 000 000 төгрөгийн засварын ажлыг бид хүлээн зөвшөөрч байна. Одоо Д.Оюунгэрэл танайхаас авсан түрээсийн мөнгөний зөрүү болох 1 500 000 төгрөгийг манайд өгчихвөл бид бүрэн тохиролцоонд хүрнэ гэсэн. Би Д.Оюунгэрэлд 1 500 000 төгрөгийг Б.Мөнх-Эрдэнэд өгөөд тохиролцоонд хүр. Эсвэл би чамд өгсөн мөнгөө аваад түрээслэхээ болъё гэсэн. Хоёр цагийн дараа Б.Мөнх-Эрдэнэ би 1 500 000 төгрөг авсан. Одоо танайх ажиллаж болно. гэж утсаар хэлсэн. Маргааш нь Б.Мөнх-Эрдэнийн эгч Б.М утсаар яриад түрээсийн үлдэгдэл 2 000 000 төгрөгийг нэхэмжилсэн. Үүний дагуу 1 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд бид ажиллаж эхлээд түрээслүүлэгч Б.Мтэй гэрээ хийх хүсэлт тавьсан. Ажилтай байна гэсэн шалтгаанаар хойшлуулаад байсан. Бид гэрээгүй ажиллах боломжгүй. Түрээслэхээ болъё гэдгээ хэлсэн. Б.М та нар зар өгөөд, дараагийн түрээслэгчээ олчих. Миний утсыг битгий тавиараа. Өөрсдийнхөө утсыг тавиад түрээслэх хүн ол. Та нарын мөнгийг дараагийн түрээслэгчээс авч өгнө гэж ярилцаж тохиролцсон.

Ингээд Уранбаяр гэдэг хүн түрээслэх болж, түүнийг түрээслүүлэгч Б.Мтэй уулзуулсан. Цайны газрыг Уранбаярт хүлээлгээд өгчих гэсэн хүсэлтийн дагуу хүлээлгэн өгсөн. Уранбаяр 12 дугаар сарын 01-нд орсон. 12 дугаар сарын 09-нд Б.М манай данс руу 2 000 000 төгрөг шилжүүлсэн. Үнээс хойш бид Б.Мийг Уранбаяртай гэрээ хийсэн үү, мөнгөө авмаар байна гэж удаа дараа холбогдсон. Б.М гэрээ хийгээгүй, завгүй байна, хөдөө ажиллаж байна, гадаад явж байна гэсэн тайлбаруудыг өгсөөр 2016 оны 03 дугаар сар хүрсэн. Энэ хугацаанд бид Уранбаяртай холбогдоогүй. Ингээд 3 сарын эхээр Уранбаяртай уулзсан. Гэтэл Уранбаяр 12 дугаар сарын 09-ний өдөр гэрээ хийгээд сарын 1 300 000 төгрөгөөр бодож 5 сарын түрээсийн төлбөр 6 500 000 төгрөг өгсөн гэж хэлсэн. Б.Мтэй уулзахад 6 500 000 төгрөг авсан, 2 000 000 төгрөгийг танайд өгнө, үлдэх 4 500 000 төгрөгийг өөрөө авна гэдгээ хэлсэн. Дахин тохиролцоонд хүрч 04 дүгээр сарын 09-нөөс 11 дүгээр сарын 09 хүртэл буюу нийт 7 сарын хугацааны түрээсийн төлбөрийг танайх ав, дээр нь 400 000 төгрөг нэмж өгөөд асуудлаа дуусгая гэж тохиролцсон.

н.Уранбаярын түрээслэх хугацаа дуусахад Б.Мийн хүсэлтээр дахин зар тавьж Лхагвасүрэнтэй Б.М гэрээ хийсэн. Энэ үед Б.Мээс 3 100 000 төгрөг авсан. Гэрээнд түрээсийн нийт төлбөр 3 600 000 төгрөг гэдгийг тусгасан байсан. Лхагвасүрэн нийт 4 100 000 төгрөг өгсөн гэж худал мэдүүлж байгаа. Ингээд Лхагвасүрэн 7 дугаар сарын 09-нөөс ажиллаж эхэлсэн. Дараагийн түрээс өгөх хугацаа 7 дугаар сарын 09 байсан, хугацаа болоод Б.Мээс мөнгө нэхэхэд учир битүүлэг хариу өгсөн. 7 сарын 20-ны үед Лхагвасүрэнтэй уулзахад түрээсээ аваад явсан гэж хэлсэн. Үйл явдал ийм байдлаар өрнөсөн. Сөрөг нэхэмжлэлийг бид хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Б.Мөнх-Эрдэнэ Д.Оюунгэрэлээс 1 500 000 төгрөг аваад түүнтэй бүрэн тохиролцсон, танайх ажилла гэсний дагуу бид ажиллаж эхэлсэн. Түрээслүүлэгч Б.М өөрөө хүлээн зөвшөөрч манайхаас түрээсийн үлдэгдэл болох 1 000 000 төгрөг авсан. Манай мөнгийг дараагийн түрээслэгчээс авч өгнө гэдгээ Б.М удаа дараа тохиролцсон, үүний дагуу манайд 5 600 000 төгрөгийг төлсөн. Уулзаж ярилцах явцад манай мөнгийг төлж барагдуулна гэдгээ удаа дараа хэлж байсан. Үүнийгээ мессэж хэлбэрээр илэрхийлсэн байдаг. 3 дугаар сард дахин тохиролцоонд хүрсэн. Энэ нь 4 дүгээр сарын 9-өөс 11 дүгээр сарын 09 хүртэл 7 сарын хугацааны түрээсийн мөнгийг манайд өгнө. Дээр нь нэмээд 400 000 төгрөг өгөхөөр тохиролцон, мессежээр баталгаажуулсан байгаа. Д.Оюунгэрэлээс хүлээж авсан юмаа мэдэж байгаа юм чинь Уранбаярт хүлээлгээд өгчих гэсний дагуу гуанзны эд хогшлыг Уранбаярт хүлээлгэн өгсөн. Уранбаяраас хүлээж авах үед Б.М өөрөө байсан. Уранбаяртай тооцоо дууслаа гээд түлхүүрээ өөрөө аваад явсан. Уранбаяр харин Б.Мээс сүүлийн түрээсээ 1 000 000 төгрөг болгоно гэсэн шүү гээд 300 000 төгрөг нэхэж байсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй юм гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Мээс 6 100 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Мт олгож, нэхэмжлэлээс 500 000 төгрөгийн шаардлагыг, хариуцагч Б.Мийн нэхэмжлэгч С.Мээс 6 888 615 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч С.Мийн төлсөн 120 550 төгрөг, хариуцагч Б.Мийн төлсөн 141 167 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мээс 112 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Мт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх шийдвэртээ “...тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны товыг зохигч талуудад хуульд заасан журмаар мэдэгдсэн байх боловч хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв” гэжээ.

Миний бие уг хэргийн шүүх хуралдаан товлогдсон өдөр эрүүл мэндийн шалтгаанаар буюу төрөөд удаагүй биеийн байдал өвчтэй учир шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй байсан бөгөөд энэ тухай шүүхэд албан ёсоор мэдэгдэж хүсэлт болон эмнэлгийн магадлагаа хүргүүлсэн. Тухайн үед бичгээр гаргасан хүсэлтдээ шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох хүсэлтэй байгаа учир товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулж өгөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн биеэр оролцох эрхийг хангаж өгөхийг хүссэн. Мөн дараагийн товлогдсон хуралдаануудад бүгдэд нь өөрийн биеэр оролцохыг мэдэгдэж, улмаар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө бүр мөсөн татгалзсан. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт зааснаар хүсэл зорилгоо илэрхийлж мэдэгдсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзаагүй байсан бол бүх шүүх хуралдаануудад өөрийн биеэр оролцож байх болно гэж бичихгүй байсан.

Гэвч шүүх хуралдаанд эрүүл мэндийн шалтгаанаар оролцох боломжгүй байгааг, дараагийн хуралдаануудад өөрийн биеэр оролцохыг мэдэгдсэн буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзсан байдлыг бичгээр мэдэгдсэн хүсэлтийг харгалзаж үзэлгүйгээр, хүсэлт ирүүлсэн тухай дурдалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч С.М нь хариуцагч Б.Мт холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 6 100 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгчээс 6 888 615 төгрөг шаардаж сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Шүүх зохигчдын хооронд үүссэн маргаан бүхий хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талын эзгүйд шийдвэрлэж, шүүх хуралдааны товыг зохигч талуудад хуульд заасан журмаар мэдэгдсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүрэлцэн ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй гэж үзжээ.

 

Хэргийн баримтаас үзвэл зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарт 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр товлогдсон дээрх шүүх хуралдааны товыг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр утсаар мэдэгдэж, тов мэдэгдсэн баримтад 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гарын үсэг зуруулсан байна. /1хх 222-223/

 

Хариуцагч Б.М тухайн өдрийн шүүх хуралдааны товыг шүүхээс мэдэгдсэн талаар маргаагүй, харин эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг хойшлуулах, цаашид өөрийн биеэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох талаар хүсэлт гаргаж, нотлох баримтын хамт шүүхэд ирүүлжээ. /1хх 225-226/

 

Харин шүүх түүний хүсэлтийг шийдвэрлэсэн захирамжийн үндэслэлээ “хариуцагч нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзсан талаарх баримтыг ирүүлээгүй, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр хүрэлцэн ирэх боломжгүй байгаа талаарх хүсэлтийг холбогдох нотлох баримтын хамт тус тус шүүхэд ирүүлээгүй” гэж дүгнэн шүүх хуралдааныг хойшлуулах боломжгүй гэж үзэж, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх нэхэмжлэгчийн хүсэлтийг хангасан байна. /1хх 227-228/

 

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцсэн гэж үзэхгүй бөгөөд тухайн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрх зөрчигдсөн. Өөрөөр хэлбэл хариуцагч шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох хүсэлтэй байгааг бичгээр илэрхийлж, хүндэтгэх шалтгаанаар тухайн өдөр товлосон шүүх хуралдаанд оролцох боломжгүйг нотлох эмнэлэгийн магадлагааг ирүүлсэн байхад шүүх анхаарч үзээгүй нь буруу болжээ.

 

Дээрх байдлаар шүүхийн өмнө тэгш байх талуудын эрх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ. Энэ тохиолдолд давж заалдах шатны шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтад үндэслэн тэдгээрийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлох, хуулийг хэрхэн хэрэглэсэн талаар дүгнэлт хийх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.

 

Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 168 дугаар зүйлийн 168.1.3-ä çààñíûã óäèðäëàãà áîëãîí ÒÎÃÒÎÎÕ ÍÜ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2017/03465 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237 670 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                    Т.ТУЯА