| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2021/0084/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/79 |
| Огноо | 2021-05-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Батсүх |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 2021/ШЦТ/79
2021/ШЦТ/79
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгч: Г.Р
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бовогт Гын Рд холбогдох 2112000000090 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Т суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт А аймгийн Т сумын Б багийн Б гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урд Сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн Бовогт Гын Р /РД:../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Г.Р нь 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр А аймгийн Т сумын Б багийн нутаг Б гэх газар “буруу ямаа аллаа” гэж Д.Дгийн өгзөг тус газарт нь хутга шидэж, түүний эрүүл мэндэд зүүн өгзөгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2112000000090 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Дгийн мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Төвшрүүлэх суманд хөдөө мал маллаж амьдардаг юм. Манай байдаг газар Төвшрүүлэх сумын Баян-Өндөр /2 дугаар/ багийн нутаг дэвсгэрт байрлах Жинст гэдэг газар юм. 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр би манайхтай ойрхон байдаг Баахан булаг гэдэг газарт өвөлжиж байсан Р гэх ахын гэрт очсон юм. Р ахыг би бага байхаасаа таньж мэддэг юм. Гэхдээ садан төрлийн холбоо байхгүй бөгөөд манай нутгийн ах байгаа юм. Би тэдний гэрт 2-3 хоноод байж байсан юм. Тухайн өдөр буюу 02 дугаар сарын 20-ны өдөр Р ах намайг гадаа байгаа хар ямааг цохиод унагаачих, махалж янзалъя гэхээр нь би гэрээс нь гараад гадаа байсан ямааг цохиж унагаачихаад орж ирээд Р ахад унагаачихлаа гэж хэлтэл Р ах надтай зөрөөд ямаагаа махлах гээд гарсан. Удалгүй Р ах эргэж гэртээ орж ирээд “Д чи буруу ямаа алчихсан байна шүү дээ, чи өөрөө гарч тэр ямаагаа махлаад янзал” гээд уурлангүй надад хэлэхдээ гартаа барьж байсан бор өнгийн модон иштэй хутгаа над руу шидчихсэн. Гэтэл тэр хутга нь миний зүүн талын хонгоны хэсэг газарт зоогдчихсон. Тухайн хутгыг Р ахын эхнэр Х, Ц гэж дууддаг Ч хоёр сугалж аваад миний шархнаас гарсан бага зэрэг цусыг цэвэрлээд, шархыг нь боож өгсөн бөгөөд өвдөлт багатай, шархнаас нь цус их гарахгүй байсан болохоор нь би эмнэлэг, цагдаад хандаагүй. Маргааш нь Улаанбаатар хот руу Ч ах явна гэхээр нь намайг аваад явчих гээд би хамт Улаанбаатар хотод ирсэн. Ингээд хотод очоод цагдаагийн байгууллагад хандсан. Би гэрийн гадаа байсан ямааг алахдаа буруу ямааг нь алчихсан байсан болохоор уурандаа над руу хутга шидчихсэн. Үүнээс өөр байдлаар намайг цохиж, зодсон зүйл болоогүй. Тухайн үед Р ах, түүний эхнэр Х эгч, мөн Ц гэж бид нар дууддаг Ч ах, Батгэрэл ах нар байсан. Өөр хүн байгаагүй. Батгэрэл ах одоо Улаанбаатар хотод байгаа байх. Би сайн мэдэхгүй байна. Би гомдолтой байна. Р ахад хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Чийн мэдүүлсэн: ...Би 2020 оны 12 дугаар сарын дундуур Архангай аймгийн Төвшрүүлэх сумын төвд байдаг эмээ дээрээ ирсэн. Би 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баахан булаг гэх газар найз Ргийнд байсан. Би хэрэг гарсан өдрийн маргааш нь Улаанбаатар хот руу гэр рүүгээ явах гээд айлаас эр ямаа худалдаж аваад Чийн тэжээлийн хашаанд тэжээж байсан эм ямаа, борлонгуудтай цугт нь хашчихсан байсан. 18 цагийн үед бид нар хоол идэж дуусаад Дг ахын дүү гараад тэжээлийн хашаанд байгаа эр хар зүсмийн ямаа байгаа аваад ирээч гэхэд Д за гээд гараад явсан. Тухайн өдөр Д хаана уусан эсэхийг нь мэдэхгүй, архи үнэртүүлсэн байсан. Хэсэг хугацааны дараа ахаа гэрийн гадаа авчирч ирээд унагаачихлаа гэхээр нь найз Рг чи гараад голыг нь таслаад өгчих гэхэд за тэгье гээд шар модон иштэй үзүүр нь хугарсан хутга аваад гарсан. Хэсэг хугацааны дараа Д гэрт орж ирээд Р ах хутга зоочихлоо гэхээр нь би босоод хартал Ргийн авч гарсан хутга дээлэн дээрээс нь унаж байсан. Би машинд байсан спиртийг авчраад хөвөнгөөр цэвэрлэж бинтээр боож өгсөн. Маргааш өглөө нь би Улаанбаатар хот руу явах гэтэл Д ахаа би хамт явъя, намайг аваад явчих, би одоо гэртээ очвол аав, ээж загнана, би Улаанбаатар хот руу орж Эмээлтэд бойн дээр ажиллах гэсэн юм гэхээр нь би аваад явсан юм. Хэрэг гарах үед Р, Х, Д, Батгэрэл нар байсан. Би сайн санахгүй байна. Цагаан сар гээд хөл хорио тогтоочихсон байсан. Маргааш нь хөл хорио тавигдсан гээд би Улаанбаатар хот руу явсан. Намайг Ргийнд очиход Д байсан. Би Ргийн гэрт байсан болохоор хараагүй. Харин шархыг нь цэвэрлэж өгсөн. Шар өнгийн модон бариултай, үзүүр нь хугарчихсан, бариулан дээрээ 3 хадаастай хутга байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Бын мэдүүлсэн: ...Би тухайн өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 2 дугаар багийн Хангай гэх газар гэртээ байсан. Манай хүү Д 02 дугаар сарын 18-ны өдөр өвөө дээрээ очно гээд Жинсийн ухаа гэх газар руу явсан. Би 02 дугаар сарын 19-ний өдөр Дтай уулзахад зүгээр байсан. Би одоо гэртээ хариарай гэхэд за за гээд явсан. Би тэр өдрөө гэртээ харихад Д ирээгүй байсан бөгөөд хэдэн өдөр ирэхгүй болохоор нь том банди болох Аийг дүүгээ хаагуур яваад байна олоодох гэсэн чинь хэд хоногийн дараа А над руу утсаар ярихдаа Д Улаанбаатар хот руу орчихсон, хүнд хутгалуулчихсан байна гэнээ гэж ярьсан. Улаанбаатар хотод хамаатны айлд оччихсон, эмнэлгээр явж байгаа гэж ярьсан. Тэрнээс хойш уулзаагүй байж байгаад 2021 оны 03 дугаар сарын эхээр Улаанбаатар хотоос манай ахын банди утсаар яриад Дг унаанд суулгалаа шүү гэхэд нь тосож авч гэртээ харьсан. Манайх Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 2 дугаар багийн Хангай гэх газар нутаглаж байсан. Д 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр өвөө дээрээ очно гээд Жинсийн ухаа гэх газар руу явсан. А над руу утсаар ярихдаа Д Улаанбаатар хотод очсон, хүнд хутгалуулчихсан байна гэнээ гэхэд л мэдсэндээ...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Мы мэдүүлсэн: ...Р томоотой, төлөв даруу зантай, найз нөхөд ихтэй, архи, тамхи хэрэглэдэггүй, хүнд тусархуу учраас найз нөхөртэйгөө эвтэй байдаг, хөдөө мал маллаж ажиллаж амьдарч байгаа, олон хүнд тус болж найз нөхөд болж явдаг хүн байгаа юм. Би Ртэй сүүлийн 2-3 жил нөхөрлөж байна. Би өмнө нь Рг хүнтэй маргалдаж, зодолдсон талаар сонсож байгаагүй. Саяхан харин 2021 оны 02 дугаар сарын сүүлээр нэг хүнтэй маргалдаагүй, санаандгүй байдлаар хутга шидээд гэмтээсэн гэж сонсож байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 65 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Хын мэдүүлсэн: ...Р манай нөхөр байгаа юм. Бид хоёр 2020 оны 10 дугаар сараас хойш нэг гэрт ороод хамт амьдарч байна. Одоо бид хоёр 3 сартай нялх хүүхэдтэй. Төвшрүүлэх сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Баахан булаг гэх газарт мал маллаж амьдарч байна. Би одоогоор иргэний харьяаллаар хараахан шилжиж ирээгүй байна. Тухайн үед манай нутгийн Д гэх хүүхэд манай гэрт ирээд манайд 3-4 хоног байж байсан. 02 дугаар сарын 29-ний өглөө манай нөхөр Дг ямаа алаад өг гээд Д ямаа алах гээд гэрээс гарсан юм. Удалгүй агаа ямаагаа алчихлаа гээд Д гэрийн гаднаас ороод ирсэн. Р гараад ямааг нь хараад буцаж гэрт орж ирээд “чи хашаанд байсан тэжээлийн туранхай ямаа алсан байна шүү дээ” гээд Дд хандаж хэлж байсан. Р Дг буруу ямаа алсан байсан учраас уурлаад Дг айлгах гээд хутга аваад шидсэн. Гэтэл нөгөө хутга нь Дгийн зүүн талын хонгоны хэсэг газарт зоогдчихсон юм. Д тухайн үед хутга зоогдчихлоо гэж хэлэхээр нь Ц, бид хоёр хутгыг нь аваад харахад цус гараагүй, харин арьсыг нь бага зэрэг зүссэн байсан. Ц, бид хоёр шархыг нь спиртээр цэвэрлээд боож өгсөн. Маргааш нь Ц манайхаас Улаанбаатар хот руу орохоор явна гэсэн. Гэтэл хажуугаас Д намайг Улаанбаатар хот руу аваад явчих, би Эмээлт дээр очиж бойнд ажиллана гээд тэр хоёр хамт Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хотод очоод цагдаад өгсөн байсан. Тухайн үед Цоо, Д, Батгэрэл, Р нар байсан. Цоо надтай хамт Дгийн шархыг цэвэрлэсэн. Цоогийн бүтэн нэрийг нь Ч гэдэг юм. Р гэрийн үүдний зүүн талд байсан гал тогооны ширээн дээр байсан бор шаргал өнгийн модон иштэй иш дээрээ 3 ширхэг төмөр тавтай, үзүүр хэсэг нь жаахан хагархай манай гал тогоонд хэрэглэдэг хутгыг аваад шидсэн. Уг нь Р хутга аваад Дгийн алсан ямааг янзлах гэж байсан юм. Өөр байдлаар цохиж, зодолдсон зүйл болоогүй. Хутга нь их гүн ороогүй, шархнаас цус гарахгүй, гайгүй байсан. Д өөрөө зүгээр, зүгээр гээд байхаар нь бид нар эмнэлэг, цагдаа дуудаагүй юм...гэх мэдүүлэг /хх-ийн 68-72 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Г.Ргийн мэдүүлсэн: ...Би бүрэн дунд боловсролтой. Төвшрүүлэх сумын Ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар анги төгссөн бөгөөд Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багт өөрийн эхнэр Хын хамт мал маллаж ажиллаж амьдарч байна. Манайх 1 хүүхэдтэй бөгөөд хүүхэд маань одоо 3 сартай. Манай аав, ээж Төвшрүүлэх суманд амьдардаг малчин хүмүүс байгаа юм. Манай эхнэр Х мөн адил надтай хамт хөдөө байдаг. Би улсаас шагнал авч байгаагүй. 2013 онд Өвөрхангай аймгийн 256 дугаар цэргийн ангид алба хаасан. Хугацаат цэргийн албыг 1 жилийн хугацаатай хаасан. Би ямар нэгэн спортоор хичээллэдэггүй. Улсаас цалин, тэтгэвэр, тэтгэмж авдаггүй. Одоо хонь, ямаа, үхэр, адуу нийлсэн 100 гаруй тооны малтай бөгөөд өөр орлогын эх үүсвэр байхгүй. Би яллагдагчаар татах тогтоолтой танилцсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдаж байгаа гэдгээ ойлгосон. Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би энэ талаар өмнөх мэдүүлэгтээ өгсөн. Миний өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Тухайн үед манай гэрт нутгийн дүү болох Д нь ирээд хэд хонож байсан юм. Би Дг 02 дугаар сарын 20-ны өдөр ямаа гаргахад туслаад өг гэж хэлээд гадаа байгаа ямааг цохиод унагаачих, ах нь гараад махлаад янзлаадахъя гэсэн юм. Д гэрээс гараад хэсэг хугацааны дараа эргэж орж ирээд ахаа болчихлоо цохиод чинь унагаачихлаа гэхээр нь би гэрээс гараад хартал алах гэж байсан ямааг биш манай тэжээлийн туранхай ямааг цохиод унагаачихсан байсан. Би тухайн ямааг хараад эргэж гэрт орж ирээд Д чи буруу ямаа алчихсан байна гэж хэлээд ямаа махлах гэж байсан модон иштэй хутгаа Д руу шидчихсэн юм. Гэтэл тэр хутга Дгийн зүүн талын хонгоны хэсэгт зоогдчихсон. Бид нар гайхаад тухайн хутгыг нь аваад Дгийн шархыг цэвэрлэж өгсөн. Шархыг нь цэвэрлэж байхад хутга гүн ороогүй юм шиг харагдаж байсан бөгөөд цус их гарахгүй байхаар нь гайгүй юм байна гэж бодсон. Д өөрөө ч гэсэн зүгээрээ санаа зоволтгүй гэж хэлж байсан. Би тухайн үед хутга шидэхдээ Дг оноод хутгаар гэмтээе гэж бодоогүй “чи тэжээлийн буруу ямаа алчихсан байна шүү дээ” гээд хутгаа Д руу шидчихсэн чинь миний шидсэн хутга Дгийн хонгонд зоогдчихсон. Маргааш нь Ц гэж дууддаг манай найз Ч нь Улаанбаатар хот руу явна гээд машинтайгаа хөдлөх гэж байхад нь Д ахаа та намайг аваад хот руу аваад явчих тэгэх үү гэж гуйсаар байгаад Чтой хамт Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатарт очоод 2-3 хоногийн дараа Д цагдаад гомдол гаргасан байсан. Д гэрийн баруун талын орны урд зогсож байсан. Би гэрийн үүдний хэсэгт зогсож байсан. Бид хоёр 3-4 алхам зайтай ойрхон байсан. Би хутгаа барьж байсан учраас Дг чи өөрөө гарч энэ ямаагаа махалж янзал гэж хэлээд уг нь хутгаа Д руу дөхүүлж өгөх санаатай зөөлөн шидсэн. Бор өнгийн модон иштэй ишэн дээрээ 3 ширхэг төмөр тавтай, үзүүр хэсэгтээ бага зэрэг хугархай, манай гэрийн гал тогооны хутга байсан. Би Дтай нэг нутагт байдаг учраас багаас нь таньж мэддэг юм. Төрөл садны холбоо байхгүй. Д.Дгийн тухайн гэмтлийг өөрийн барьж байсан хутгаа шидэж би учруулсан. Уг нь намайг хутга шидсэний дараа Д.Д гайгүй байх шиг байсан. Цус их гарахгүй байхаар нь гүн биш юм байна гэж бодоод манай эхнэр, манай найз Ц буюу Ч хоёр цэвэрлэж боож өгсөн. Би Дтай уулзсан. Мөн түүний аав Дтэй уулзсан. Түүнд учирсан гомдлыг бүрэн барагдуулсан. Бид хоёрын дунд өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Би Д руу хутга шидэж Дг оносон. Намайг Д цохиогүй. Би Дг цохиж, зодоогүй. Мөн тухайн үед байсан хүмүүс болон бид хоёрын дунд өөр байдлаар маргалдсан, хэрэлдсэн, зодолдсон зүйл болоогүй. Бид хоёр уг нь маргалдаагүй. Би Дг буруу ямаа унагаачихсан байхаар нь уур хүрээд л хутгаа шидчихсэн юм. Би өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн гэм бурууг ойлгож байна. Би хохирогч Дтай уулзаж, ярилцан түүнд учирсан хохирол, гомдлыг барагдуулсан. Хэрэг гарах үед байсан Батгэрэл одоо Улаанбаатар хотод байгаа. Тухайн үед хэрэг явдал гарахад Батгэрэл манайд байхгүй байсан бөгөөд малд явсан байсан. Би Дгаас уучлалт гуйж хоорондоо ойлголцсон. Одоо өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 54-57 хуу/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 1977 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:...1. Д.Дгийн биед зүүн өгзөгт шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл байна. 3. “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 15-16 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 60-61 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 81 хуу/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр А аймгийн Т сумын Б багийн нутаг Б гэх газар Д.Дгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Р нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Г.Р нь 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр А аймгийн Т сумын Б багийн нутаг Б гэх газар Д.Дгийн өгзөг тус газарт нь хутга шидэж, түүний эрүүл мэндэд зүүн өгзөгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Дгийн мэдүүлсэн “Тухайн өдөр буюу 02 дугаар сарын 20-ны өдөр Р ах намайг гадаа байгаа хар ямааг цохиод унагаачих, махалж янзалъя гэхээр нь би гэрээс нь гараад гадаа байсан ямааг цохиж унагаачихаад орж ирээд Р ахад унагаачихлаа гэж хэлтэл Р ах надтай зөрөөд ямаагаа махлах гээд гарсан. Удалгүй Р ах эргэж гэртээ орж ирээд “Д чи буруу ямаа алчихсан байна шүү дээ, чи өөрөө гарч тэр ямаагаа махлаад янзал” гээд уурлангуй надад хэлэхдээ гартаа барьж байсан бор өнгийн модон иштэй хутгаа над руу шидчихсэн. Гэтэл тэр хутга нь миний зүүн талын хонгоны хэсэг газарт зоогдчихсон. Тухайн хутгыг Р ахын эхнэр Х, Ц гэж дууддаг Ч хоёр сугалж аваад миний шархнаас гарсан бага зэрэг цусыг цэвэрлээд, шархыг нь боож өгсөн бөгөөд өвдөлт багатай шархнаас нь цус их гарахгүй байсан болохоор нь би эмнэлэг, цагдаад хандаагүй. Маргааш нь Улаанбаатар хот руу Ч ах явна гэхээр нь намайг аваад явчих гээд би хамт Улаанбаатар хотод ирсэн. Ингээд хотод очоод цагдаагийн байгууллагад хандсан. Би гэрийн гадаа байсан ямааг алахдаа буруу ямааг нь алчихсан байсан болохоор уурандаа над руу хутга шидчихсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Чийн мэдүүлсэн “Хэсэг хугацааны дараа ахаа гэрийн гадаа авчирч ирээд унагаачихлаа гэхээр нь найз Рг чи гараад голыг нь таслаад өгчих гэхэд за тэгье гээд шар модон иштэй үзүүр нь хугарсан хутга аваад гарсан. Хэсэг хугацааны дараа Д гэрт орж ирээд Р ах хутга зоочихлоо гэхээр нь би босоод хартал Ргийн авч гарсан хутга дээлэн дээрээс нь унаж байсан. Би машинд байсан спиртийг авчраад хөвөнгөөр цэвэрлэж бинтээр боож өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Бын мэдүүлсэн “Би тэр өдрөө гэртээ харихад Д ирээгүй байсан бөгөөд хэдэн өдөр ирэхгүй болохоор нь том банди болох Аийг дүүгээ хаагуур яваад байна олоодох гэсэн чинь хэд хоногийн дараа А над руу утсаар ярихдаа Д Улаанбаатар хот руу орчихсон, хүнд хутгалуулчихсан байна гэнээ гэж ярьсан. Улаанбаатар хотод хамаатны айлд оччихсон, эмнэлгээр явж байгаа гэж ярьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Мы мэдүүлсэн “Саяхан харин 2021 оны 02 дугаар сарын сүүлээр нэг хүнтэй маргалдаагүй, санаандгүй байдлаар хутга шидээд гэмтээсэн гэж сонсож байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 65/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Хын мэдүүлсэн “Р Дг буруу ямаа алсан байсан учраас уурлаад Дг айлгах гээд хутга аваад шидсэн. Гэтэл нөгөө хутга нь Дгийн зүүн талын хонгоны хэсэг газарт зоогдчихсон юм. Д тухайн үед хутга зоогдчихлоо гэж хэлэхээр нь Ц, бид хоёр хутгыг нь аваад харахад цус гараагүй, харин арьсыг нь бага зэрэг зүссэн байсан. Ц, бид хоёр шархыг нь спиртээр цэвэрлээд боож өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 68-72/,
мөрдөн байцаалтын шатанд Г.Ргийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би Дг 02 дугаар сарын 20-ны өдөр ямаа гаргахад туслаад өг гэж хэлээд гадаа байгаа ямааг цохиод унагаачих, ах нь гараад махлаад янзлаадахъя гэсэн юм. Д гэрээс гараад хэсэг хугацааны дараа эргэж орж ирээд ахаа болчихлоо цохиод унагаачихлаа гэхээр нь би гэрээс гараад хартал алах гэж байсан ямааг биш манай тэжээлийн туранхай ямааг цохиод унагаачихсан байсан. Би тухайн ямааг хараад эргэж гэрт орж ирээд Д чи буруу ямаа алчихсан байна гэж хэлээд ямаа махлах гэж байсан модон иштэй хутгаа Д руу шидчихсэн юм. Гэтэл тэр хутга Дгийн зүүн талын хонгоны хэсэгт зоогдчихсон. Бид нар гайхаад тухайн хутгыг нь аваад Дгийн шархыг цэвэрлэж өгсөн. Шархыг нь цэвэрлэж байхад хутга гүн ороогүй юм шиг харагдаж байсан бөгөөд цус их гарахгүй байхаар нь гайгүй юм байна гэж бодсон. Д өөрөө ч гэсэн зүгээрээ санаа зоволтгүй гэж хэлж байсан. Би тухайн үед хутга шидэхдээ Дг оноод хутгаар гэмтээе гэж бодоогүй “чи тэжээлийн буруу ямаа алчихсан байна шүү дээ” гээд хутгаа Д руу шидчихсэн чинь миний шидсэн хутга Дгийн хонгонд зоогдчихсон” гэх мэдүүлэг /хх-ийн 54-57 хуу/
хохирогч Д.Дгийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 1977 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15-16/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Бовогт Гын Рг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Г.Р нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Г.Ргийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн модон иштэй, модон ишэн дээрээ 3 ширхэг төмөр тавтай, ирний урт нь 11 см, ишний урт нь 11.5 см, үзүүр хэсэгтээ хугарсан мэт мохоо хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Рд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх ба шүүгдэгч Г.Р нь энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Р нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар тогтоогдсон ба Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 50 тоот тогтоолоор яллагдагч Г.Рд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож, прокурор түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг яллагдагч Г.Р нь зөвшөөрсөн байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, түүнд торгох ял оногдуулсан байдлыг харгалзан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бовогт Гын Рг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Рг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Р нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн модон иштэй, модон ишэн дээрээ 3 ширхэг төмөр тавтай, ирний урт нь 11 см, ишний урт нь 11.5 см, үзүүр хэсэгтээ хугарсан мэт мохоо хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Шүүгдэгч Г.Р нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Г.Ргийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Рд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ