| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2018/0117/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/118 |
| Огноо | 2017-03-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ж |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2018/ШЦТ/118
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бүжин
Улсын яллагч Б.Жавхлантуяа
Шүүгдэгч М.Д нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Дд холбогдох эрүүгийн 182500053**** дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн М.Д
Шүүгдэгч М.Дыг 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Орхон аймгийн БаянӨндөр сумын Зэст багийн *******дүгээр байрны 4-р орцонд Ц.Пыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйл баримтын талаар тогтоогдсон нөхцөл байдал: 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр М.Д нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн *******дүгээр байрны 4-р орцонд Ц.Пыг үл ялих шалтгаанаар маргаж улмаар нүүр рүү нь цохиж биед нь хамрын ясны хугарал, хоёр нүдний доод дээд зовхи, духанд зөөлөн эдэд цус хуралт, зулгаралт зэрэг гэмтэл үүсгэжээ. Дээрхи үйл баримт нь хохирогч Ц.Пын.. 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хот руу явах гээд найзуудтайгаа уулзах зорилгоор Зэст багийн 1-19-р байрны 4-р орцонд найз Золжаргал, Хулан, Энхжин нартай очиж уулзаад Золжаргал бид хоёр 2 литрийн том пиво хувааж уугаад дууссан. Тэгээд Золжаргал Бандиа гэх хүүхдийг утсаар дуудаад байхаар нь би яах гэж Бандиаг дуудаад байгаа юм бэ? гэж хэлтэл Золжаргал зүгээрээ тамхи татчихаад явах гэж байгаа юм гэж хэлээд дуудсан. Удалгүй Бандиа гэх залуу орж ирээд ална шүү эргүү бацаан минь гэж хэлээд шууд миний өмнө ирээд нүүрэн тус газар мөргөөд дараа нь гараараа цохиж аваад байхаар нь би Дын хоёр гарыг барьж аваад хэсэг зууралдаж байхад хажуу талаас Золжаргал салгасан. Тухайн үед миний хамар амнаас цус гарчихсан дух шалбараад хавдчихсан байхаар нь би өөрийн ах Тэрбишийг утсаар дуудаад хүнд зодуулчихлаа гэж хэлтэл ах Тэрбиш маань хүрч ирээд бид нар тэндээс цагдаагийн газар руу явсан..... гэх мэдүүлэг, гэрч Д.Тэрбишийн.....”2018 оны 01 дүгээр сарын 04-ний орой 19 цагийн үед би гэртээ байж байхад миний утас руу нагац дүү П залгаад ахаа би хүнд зодуулчихлаа 1-19-р байранд байна гэж хэлсэн. Би ямар хүнд зодуулсан юм бэ зодсон хүн чинь байна уу гэхэд байна гэж хэлсэн. Тэгээд би хүү Пүрэвсүрэнг дуудаж хамт 1-19-р байрны гадаа очиход П хамт явж байсан найзынхаа хамт зодуулчихсан байдалтай байж байсан” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 99 дугаартай: ... Ц.Пын хамрын ясны хугарал, 2 нүдний дээд доод зовхи, духанд зөөлөн эдэд цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Хамрын ясны хугарал нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй гэх дүгнэлт, “Эрхэст Оргил” ЧХХ эмнэлэгийн” мэс засал хийсэн болохыг тодорхойлов” гэсэн тодорхойлолт, гэрч Э.Халиуны ....2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Цэцэгмаа овогтой П гэдэг хүн манай эмнэлэгт хамрын шинэ хугарал гэдэг оноштойгоор 5 хоногоор хэвтэн эмчлүүлсэн. Ц.Пын хамрын хагалгааг ерөнхий эмч Б.Энхбат өөрөө гардан хийсэн ба эмчилгээг нь миний бие хариуцаж байсан гэх мэдүүлэг, шүүгдэгч М.Дын яллагдагчаар өгсөн... би Ц.Птой хэрүүл маргаан хийгээд нүүрэн тус газар нь нэг удаа гараараа цохитол зөрүүлээд П миний нүүр рүү цохиж авсан. Тэгээд бид хоёр бие биенийхээ нүүр рүү 2-3 удаа цохилцоод салсан ... гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэрэгт ач холбогдолтой, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. Шүүгдэгч М.Дын бусдын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан тул гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Хохирогч шүүх хуралдаанд оролцоогүй ба нэхэмжлэл гаргаагүй, хохирол төлбөрт эмчилгээний зардал 200 000 төгрөг төлсөн тухай /хх-ийн 52-р хуудас/ хэргийн материалтай танилцсан баримтад тэмдэглэгдсэн байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хохирол нөхөн төлөгдсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулав. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Г овгийн Мийн Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурьдсугай
6.Шийтгэх тогтоол уншин сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ