| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2016/0061/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/82 |
| Огноо | 2021-05-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Сайнзаяа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 2021/ШЦТ/82
2021/ШЦТ/82
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч: Ц.Сайнзаяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал
Хохирогчийн өмгөөлөгч: С.П
Хохирогч: П.Э
Шүүгдэгч: Д.Ө
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Дгийн Өд холбогдох 2112000000022 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ний өдөр А аймгийн Э суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, боловсролгүй, малчин, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт А аймгийн Э сумын А багийн Х гэх газар оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Монгол овогт Дгийн Ө /РД:../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.Ө нь хувийн таарамжгүй харьцааны улмаас 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр А аймгийн Э сумын А багийн нутаг Х гэх газар иргэн П.Эыг хугархай униар цохиж, улмаар эрүүл мэндэд нь тархи доргилт, хуйхны зөөлөн эдэд няцралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Ө мэдүүлэхдээ: Намайг дандаа балай гэж дууддаг. Энэ хүн манай гадаа аавтайгаа очсон. Би энэний толгой руу бол цохиогүй шүү. Намайг гүтгээд байгаа юм гэв.
Шүүх хуралдаанд хохирогч П.Э мэдүүлэхдээ: 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Ө манай хонийг туугаад байхаар нь яагаад туугаад байгаа юм, хонио ус руу оруулмаар байна гээд очсон чинь аавын мотоциклийн түлхүүрийг авсан байдалтай байсан. Тэгээд мотоциклийн түлхүүр өгөхгүй байхаар нь уурласан чинь намайг барьж байсан модоороо цохисон бөгөөд тэрнээс хойш байнга толгой өвддөг болсон. Би толгойны эм байнга ууж байгаа. Би Ковид-19 өвчний хорио цээрийн дэглэмийн улмаас тухайн үед эмчид үзүүлж чадаагүй. Би ойр ойрхон байнга толгой өвддөг зовиуртай болсон. Цаашдаа нарийн шинжилгээ өгч үзүүлэх шаардлагатай байна. Тухайн үед үзүүлсэн зардал хохирлоо төлүүлэх саналтай байна. Нийт 489.492 төгрөг нэхэмжилж байна гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 2112000000022 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч П.Эын мэдүүлсэн: ...2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр би хонио услах гээд Алаг-Уул багийн Дөнгөндөг нуурын зүг рүү хонио тууж орхиод гэртээ ирээд байж байхад Д.Ө эгч манай хонийг ус руу оруулахгүй нохойгоо дагуулаад буцаагаад гэр рүү туугаад байсан. Тэгээд би хонь туухаа болих байлгүй гээд харж байхад хонь туухаа болихгүй, хонь тасдаж хөөгөөд байхаар нь би хонин дээрээ очоод Д.Ө эгчид та болиоч, би хонио усалмаар байна гэж хэлсэн. Тухайн үед манай аав хөрш айлдаа байж байгаад араас ирээд хонио ус руу оруулъя гээд хонио туутал Д.Ө эгч хулгайчууд зайл гэх мэтээр хараалын үг хэлээд хонины урдуур ороод явуулахгүй байсан. Д.Х ах гэрийн хаяандаа сууж байсан. Тэгээд аав мотоцикльтойгоо Д.Х ахад хэлэхээр очихоор явахад нь би аавын араас машинтай очиход Д.Х ах аавын мотоциклийн түлхүүрийг авчихсан өгөхгүй байж байсан. Тэгээд би тухайн үйл явдлыг утсаараа бичлэг хийсэн. Д.Х ах аавтай хэрэлдээд хэл амаар доромжлоод байхаар нь би аавыг та хониндоо явж бай, би араас чинь мотоциклийн түлхүүрээ аваад очъё гээд үлдсэн. Тэгээд би Д.Х ахаас би хонио усалмаар байна, та түлхүүр өгчих гэж хэлэхэд өгөхгүй, би аваагүй гээд байсан. Тэгээд Д.Ө эгч хоёр гартаа хугархай унь барьсан ирэхэд Д.Х ах өмднийхөө карманаас түлхүүр гаргаж өгөхөөр нь би явах гэхэд Д.Ө муусайн хулгайчууд минь та нарыг ална шүү, зураг авахаар яадаг юм гээд миний толгой руу гартаа барьж байсан хугархай униар 2 удаа цохисон. Д.Х ах дүү Д.Өыг салгаж авахад би хонь руугаа явсан. Намайг санаатай цохисон гэж бодож байна. Манайх урьд өмнө нь газрын маргаантай байсан. Дүү Х.Э нь миний аавыг зодож биед нь гэмтэл учруулсан байгаа. Миний дотор муухай оргиж толгой өвдөж байна. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг гаргуулна. Би маргааш орой нь багийн эмчид үзүүлсэн. Сумын төв рүү орж эмнэлэгт үзүүлэх гэхэд Ковид-19 өвчний хорио цээрийн дэглэмтэй байсан болохоор үзүүлж чадаагүй. Манай аав Ш.П, Д.Х ах, Д.Ө эгч, бид нар байсан. Би гомдолтой байна. Миний толгой өвдөж байгаа бөгөөд эмчилгээ хийлгэх зардлаа нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 05-08 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Пгийн мэдүүлсэн: ...2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр саахалт айл өвлийн идшээ хийж байхад нь би очоод байж байхад Д.Ө нь нохой дагуулсан манай хонийг ус руу оруулахгүй буцаагаад туугаад байгаа харагдсан. Удалгүй манай хүү Э хонь руугаа явж очиход би араас нь хонин дээр очиход Д.Ө муусайн хулгайчууд гэх мэтээр харааж зүхээд байсан. Тэгээд би Д.Хгийнд очоод Д.Өыг аваач, яасан муухай юм гэж хэлэхэд Д.Х нь учиргүй уурлаж босч ирээд миний мотоциклийн түлхүүрийг булааж авсан. Д.Х намайг Шогноо гэж хочилж хэл амаар доромжлоод байж байхад манай хүү П.Э машинтай ирээд утсаар бичлэг хийсэн. Хүү намайг аав та хонин дээрээ очоод байж бай, би мотоциклийн түлхүүрээ аваад араас чинь очъё гэж хэлээд Д.Хгийн гэрийн гадаа үлдсэн. Тэгээд би хонин дээр байж байхад хүү П.Э толгойгоо барьсан Д.Ө эгч намайг гартаа барьж байсан хугархай униар толгой руу цохисон гэж хэлсэн. Тэгээд би хүүгийнхээ толгойг үзэхэд цус гарсан, хуйх нь бамбайсан болохоор нь хүүгээ гэртээ очиж цусаа угаа гэж хэлээд явуулсан. Маргааш орой нь багийн эмчийг гэртээ дуудаж үзүүлсэн. Д.Ө санаатай манай хүүг зодсон. Д.Өын ах Д.Хтай би газрын маргаантай байгаа. Д.Хгийн хүү намайг 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зодож биед гэмтэл учруулсан нь шалгагдаж байгаа. Д.Х, манай хүү П.Э, Д.Ө нар байсан. Манай хүүг Д.Ө толгой руу нь цохиж байхад би байгаагүй. Хүүгийн утаснаас бичлэг үзсэн. Д.Х нь манай хүүг бага Шогноо юм даа чи гэж доромжилсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 09-11 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бын мэдүүлсэн: ...2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн иргэн Ш.П утсаар залгаад байна уу, багийн эмч үү гээд утасных нь сүлжээ унаад ярьж болохгүй тасарсан. Би эргээд залгахад утас нь холбогдохгүй байсан. Маргааш нь буюу 2020 оны 11 дүгээр сарын 16-ны орой 19 цаг өнгөрч байхад Ш.П дахин утсаар залгаж хүүхдээ үзүүлмээр байна, дуудлага өгье гэж хэлсэн. Тэгээд би дуудлага аваад сумын төвөөс Алаг-Уул баг руу явж Ш.П гэх айлд 20 цаг 25 минутад очсон. Гэрт нь ороход үзүүлэх гэж байгаа хүүхэд нь гэрийнхээ хоймрын орон дээр сууж байхаар нь дуудлагаар үзүүлэх гэж байгаа залуугийн биеийн байдлыг үзэхэд биеийн амин үзүүлэлтүүд хэвийн, толгой өвдөж, эргэнэ, дотор муухай оргино гэсэн зовиуртай байсан. Би П.Э гэх залуугаас толгой нь яагаад өвдөөд байгаа юм гэж асуухад санаатай хүнд цохиулсан гэж хэлээд утсан дээрээс бичлэг үзүүлсэн бөгөөд бичлэгийг үзэхэд Д.Ө гэх эмэгтэй П.Э гэх залуугийн толгойн тус газар униар цохиж байгаа харагдаж байсан. Би толгойг нь үзэхэд бага зэрэг хавантай байсан. Яг цохиулсан өдөр их хавдаад өнөөдөр хавдар нь бууж байна гэж Ш.Э өөрөө ярьж байсан. Толгой өвдөхөөр нойр хүрэхгүй байна гэхэд нь тархи, толгой амраах толгойны эм, өвчин намдаах эм бичиж өгсөн. Би өвдөж байгаа биеийн зовиурыг бичиж өгсөн. Намайг анх П.Эыг үзэхэд 2.5x3 см орчим хавдсан, цус гараагүй байсан. Толгойн хуйх хавдсан байсан болохоор үзүүргүй мохоо зүйлээр цохих үед үүснэ. П.Э урьд өмнө нь бие өвдөж байна гэж биеэ үзүүлж байгаагүй. Би багийн иргэн болохоор танина. Төрөл садны холбоо байхгүй. Би 2019 оны 01 дүгээр сараас эхэлж Алаг-Уул багийн эмчээр ажиллаж байна. Д.Ө нь ямар нэгэн өвчний оноштой эмчийн хяналтад байдаггүй. 2020 оны 12 дугаар сард даралт ихсэж байна гэж нэг удаа үзүүлсэн. Өөрөөр үзүүлж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Эы мэдүүлсэн: ...Д.Ө эгч бол 1972 онд төрсөн. Хоёр ах, нэг эгч, нэг охин дүүтэй бөгөөд нөхөр хүүхэдтэй боловч хамт амьдардаггүй. Тэрээр сургуульд сурч байгаагүй, бичиг үсэг мэдэхгүй, аав бид нартай хамт Эрдэнэмандал сумын Алаг-Уул багт мал маллан амьдардаг хүн байгаа юм. Тэр түргэн ууртай, хүнтэй жаахан маргалдах гээд байдаг, архи ууж, тамхи татахгүй, бид нарын үгэнд орохгүй, аавын үгэнд хааяа ордог, уурлахаараа их зөрүүд хоолоо идэхгүй байгаад байдаг хүн байгаа юм. Бид нар эвээр аргыг нь олдог. Д.Ө эгчийн хөл, гар нь хавагнан, даралт нь тогтворгүй, эмнэлгийн хяналтанд байдаггүй, групп авдаггүй. Намайг бага байхад сэтгэцээр групп авдаг байсан гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Нын мэдүүлсэн: ...Д.Ө нь хоёр ах, нэг дүүтэй байсан. Хэдэн онд төрсөн болохыг мэдэхгүй байна. Бага байхын сэтгэцийн асуудалтай, уурлахаараа хүний үгэнд орохгүй, өөрийнхөөрөө зүтгэдэг, унадаг байсан. Би ямар нэгэн өвчтэй эсэхийг нь мэдэхгүй байна. Багадаа унадаг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Д.Өын мэдүүлсэн: ...Би уншиж, бичиж чадахгүй. Би сургуульд сурч байгаагүй. Ш.П ах манай хаваржаа руу хонио туугаад байхаар нь би хонийг нь гэр рүү нь буцаагаад туугаад явж байхад Ш.П ах, П.Э хоёр манай гэрийн гадаа ирсэн. Тэгээд би хонийг нь туучихаад гэртээ ирэхэд П.Э, Д.Х ах хоёр маргалдаад П.Э П.Х ахаас түлхүүр өг гээд байхаар нь би уур хүрээд яахаараа та нар дандаа дарамталж байдаг юм гэхэд балай минь гэхэд нь би над шиг адилхан ээжтэй байж гээд уурлаад цохьсоноо мэдэхгүй, би яаснаа санахгүй байна. Би П.Эыг цохисоноо санахгүй байна. Дүү нар хугархай унь байсан болохоор өтөг шатааж байхдаа шатаасан гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 40 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:...1. П.Эын биед, тархи доргилт, хуйхны зөөлөн эдэд няцралт гэмтлүүд учирчээ. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3.П.Эын биед учирсан тархи доргилт, хуйхны зөөлөн эдэд няцралт гэмтлүүд нь тус тусдаа “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. П.Эын биед учирсан гэмтлүүд нь хуучин гэмтэл байна. 11 сарын 16-нд үзсэн эмчийн үзлэгийн бичлэгээс харахад хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 15 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 42 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 43 хуу/
Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Шүүх сэтгэцийн эмгэг судлалын дүгнэлт /хх-ийн 50-52 хуу/
Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 67 хуу/
Эд мөрийн баримтыг хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /хх-ийн 68 хуу/
Шүүхэд шинээр өгсөн хохиролтой холбоотой 13 ширхэг баримт, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол 1 хуудас зэрэг болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр А аймгийн Э сумын А багийн нутаг Х гэх газар иргэн П.Э нь бусдад зодуулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Ө нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Д.Ө нь 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр А аймгийн Э сумын А багийн нутаг Х гэх газар иргэн П.Эыг хугархай униар цохиж, улмаар эрүүл мэндэд нь тархи доргилт, хуйхны зөөлөн эдэд няцралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Эын мэдүүлсэн “Д.Ө эгч хоёр гартаа хугархай унь барьсан ирэхэд Д.Х ах өмднийхөө карманаас түлхүүр гаргаж өгөхөөр нь би явах гэхэд Д.Ө муусайн хулгайчууд минь та нарыг ална шүү, зураг авахаар яадаг юм гээд миний толгой руу гартаа барьж байсан хугархай униар 2 удаа цохисон. Д.Х ах дүү Д.Өыг салгаж авахад би хонь руугаа явсан. Намайг санаатай цохисон гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 05-08/, “Тэгээд мотоциклийн түлхүүр өгөхгүй байхаар нь уурласан чинь намайг барьж байсан модоороо цохисон бөгөөд тэрнээс хойш байнга толгой өвддөг болсон” гэх мэдүүлэг,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Пгийн мэдүүлсэн “Тэгээд би хонин дээр байж байхад хүү П.Э толгойгоо барьсан Д.Ө эгч намайг гартаа барьж байсан хугархай униар толгой руу цохисон гэж хэлсэн. Тэгээд би хүүгийнхээ толгойг үзэхэд цус гарсан, хуйх нь бамбайсан болохоор нь хүүгээ гэртээ очиж цусаа угаа гэж хэлээд явуулсан. Маргааш орой нь багийн эмчийг гэртээ дуудаж үзүүлсэн. Д.Ө санаатай манай хүүг зодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 09-11/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бын мэдүүлсэн “Маргааш нь буюу 2020 оны 11 дүгээр сарын 16-ны орой 19 цаг өнгөрч байхад Ш.П дахин утсаар залгаж хүүхдээ үзүүлмээр байна, дуудлага өгье гэж хэлсэн. Тэгээд би дуудлага аваад сумын төвөөс Алаг-Уул баг руу явж Ш.П гэх айлд 20 цаг 25 минутад очсон. Гэрт нь ороход үзүүлэх гэж байгаа хүүхэд нь гэрийнхээ хоймрын орон дээр сууж байхаар нь дуудлагаар үзүүлэх гэж байгаа залуугийн биеийн байдлыг үзэхэд биеийн амин үзүүлэлтүүд хэвийн, толгой өвдөж, эргэнэ, дотор муухай оргино гэсэн зовиуртай байсан. Би П.Э гэх залуугаас толгой нь яагаад өвдөөд байгаа юм гэж асуухад санаатай хүнд цохиулсан гэж хэлээд утсан дээрээс бичлэг үзүүлсэн бөгөөд бичлэгийг үзэхэд Д.Ө гэх эмэгтэй П.Э гэх залуугийн толгойн тус газар униар цохиж байгаа харагдаж байсан. Би толгойг нь үзэхэд бага зэрэг хавантай байсан. Яг цохиулсан өдөр их хавдаад өнөөдөр хавдар нь бууж байна гэж Ш.Э өөрөө ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/,
мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Д.Өын мэдүүлсэн “Тэгээд би хонийг нь туучихаад гэртээ ирэхэд П.Э, Д.Х ах хоёр маргалдаад П.Э П.Х ахаас түлхүүр өг гээд байхаар нь би уур хүрээд яахаараа та нар дандаа дарамталж, байдаг юм гэхэд балай минь гэхэд нь би над шиг адилхан ээжтэй байж гээд уурлаад цохьсоноо мэдэхгүй, би яаснаа санахгүй байна. Би П.Эыг цохьсоноо санахгүй байна. Дүү нар хугархай унь байсан болохоор өтөг шатааж байхдаа шатаасан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/,
хохирогч П.Эын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 40 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15/, хавтаст хэргийн 20 дугаар хуудсанд прокурорын зөвшөөрлөөр авагдсан эд мөрийн баримтаар тооцогдсон сидинд бичигдсэн бичлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Ө нь шүүхийн хэлэлцүүлэгт “Намайг дандаа балай гэж дууддаг. Энэ хүн манай гадаа аавтайгаа очсон. Би энэний толгой руу бол цохиогүй шүү. Намайг гүтгээд байгаа юм” гэж мэдүүлж байгаа боловч шүүгдэгч Д.Ө нь хохирогч П.Эыг униар цохиж, П.Эын биед, тархи доргилт, хуйхны зөөлөн эдэд няцралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Эын өгсөн мэдүүлэг /хх-ийн 05-08/, гэрч Ш.Пгийн мэдүүлэг /хх-ийн 09-11/, гэрч Б.Бын мэдүүлэг /хх-ийн 28-29/, хавтаст хэргийн 20 дугаар хуудсанд прокурорын зөвшөөрлөөр авагдсан эд мөрийн баримтаар тооцогдсон сидинд бичигдсэн бичлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож, түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг няцаагдаж байгаа болно.
Иймд шүүгдэгч М овогт Дгийн Өыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Д.Ө энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Д.Өын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хавтаст хэргийн 20 дугаар хуудсанд прокурорын зөвшөөрлөөр авагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хохирогч П.Э нь гэм хорын хохиролд 489.492 төгрөг нэхэмжилснээс Эрдэнэмандал сумын Алаг-Уул багаас Архангай аймагт ирж, буцсан тээврийн хэрэгслийн бензиний үнэ 354.992 төгрөгийг шүүгдэгч Д.Өаас гаргуулж хохирогчид олгуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Харин 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр, 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр, 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрүүдэд авсан 94.500 төгрөгийн эм тариа нь ямар эмчилгээний зориулалтаар хэрэглэсэн нь тодорхойгүй, өвчтөний картад бичигдээгүй байх тул дээрх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр давхардуулж нэг цаг хугацаанд авсан, гэрч Ш.Пгийн байцаалт өгөхдөө хэрэглэсэн гэх дизель түлшний үнэ 40.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй байх ба түүний эрүүл мэнд, орлогын болон ар гэрийн байдал зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, түүнд торгох ял оногдуулсан байдлыг харгалзан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Дгийн Өыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ө нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хавтаст хэргийн 20 дугаар хуудсанд прокурорын зөвшөөрлөөр авагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Өаас 354.992 /гурван зуун тавин дөрвөн мянга есөн зуун ерэн хоёр/ төгрөг гаргуулан хохирогч А аймгийн Э сумын А багийн Х гэх газар оршин суух Оюут овогт Пгийн Э /РД:../-т олгож, хохирогч П.Эын нэхэмжлэлээс 40.000 /дөчин мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 94.500 /ерэн дөрвөн мянга таван зуу/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
7. Шүүгдэгч Д.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Д.Өын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ