| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2018/00483/И |
| Дугаар | 183/ШШ2018/0596 |
| Огноо | 2018-03-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 183/ШШ2018/0596
| 2018 оны 03 сарын 14 өдөр | Дугаар 183/ШШ2018/0596 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Эрдэнэдалай, 1 дүгээр баг, Цавчир-т оршин суух, 1990 онд төрсөн, 28 настай, эрэгтэй, Ү овогт Хийн Ц/рд:ЗП90060517 /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр 60в байр 25 тоотод байрлах, “М” ХХК /5070562/ -д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 7 668 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Ц, түүний өмгөөлөгч О.Б /ШТЭҮД-0333/, хариуцагчийн төлөөлөгч Э.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт тайлбарлахдаа: 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “М” ХХК-д ажилладаг Э.Чулуунбаатар надтай холбогдоод “...Япончуудаас бараа авч байгаа бэлэн мөнгө хэрэгтэй байна” гэхээр нь би 7 400 000 төгрөгийг 8 сарын хугацаатай, хүүгүй зээлж, 1004/03 тоот зээлийн гэрээ байгуулан, зээл төлөх хуваарь гаргасан. Хариуцагч 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 1 500 000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 500 000 төгрөг, нийт 2 000 000 төгрөг өгсөн. Энэ хугацаанд мөнгөө байнга нэхэмжилж байсан бөгөөд хариуцагч компанийн захирал утсаа авахгүй, улмаар утасныхаа дугаарыг сольсон байсан. Бид Сүхбаатар дүүрэгт байх компанийн байранд очиход Б.Ц захирал “мөнгийг удахгүй өгнө” гэж мэдэгдэх хуудас өгч байсан боловч өгөөгүй зугтаагаад төлбөр төлөхөөс санаатай зайлсхийж байсан. Тиймээс үлдэгдэл 5 400 000 төгрөг, зээлийн гэрээнд заасны дагуу 0,3%-ийн алданги тооцож 2 268 000 төгрөг, нийт 7 668 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Б.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Э.Чулуунбаатар танилын хүрээгээрээ дамжуулаад 7 400 000 төгрөгийг авсан нь үнэн боловч энэ талаарх баримт санхүүгийн тайланд байхгүй. Манай компани дээр аудит орж ирээд шалгахад зөрчилтэй гарч ирж байсан зүйл байна. Миний бие 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр захирлаар томилогдоод, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр жирэмсний амралттай байж байгаад ажилдаа эргэн орсон. Энэ зээлийн гэрээг сүүлд 2017 оны 7 дугаар сард нөхөж хийсэн гэрээ бөгөөд нөхөж хийхдээ он, сарыг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэж бичсэн юм. 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээнд би гарын үсэг зурах эрх зүйн үндэс байхгүй. Би бултаж зугтаад утасны дугаарыг сольсон зүйл байхгүй. Манай компани эдийн засгийн хувьд муу, өртэй байгаа учраас би утасныхаа дугаарыг солих эрхгүй барьж байгаа. Харин хурал уулзалтын үед утасны дугаарыг авахгүй байх тохиолдол байгааг үгүйсгэхгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч залилангийн хэрэг хийсэн мэтээр ярих гэж байна. Тийм зүйл байхгүй. Түүнээс биш үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч байна. Алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагийн үндэслэл нь үндсэн төлбөрийг төлөхөд буцааж төлөхөд надад хүндрэлтэй байхад анзыг төлөх боломжгүй. Хэрвээ нэхэмжлэгч анзыг нэхэмжлээд байх юм бол би гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргана. Би компанийг төлөөлж байгаа хүний хувьд эрх зүйн хүрээнд надад ямар боломж байна түүнийг ашиглан компаниа санхүүгийн асуудлаас гаргана гэж харж байна. Энэ зээлийн гэрээний мөнгө анхан шатны баримтаас нь авахуулаад бүгд зөрчилтэй байгаа учраас анзаас татгалзаж байна гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Ц нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 7 668 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, “...үндсэн зээлийн төлбөрийг хүлээн зөвшөөрч байна. Харин үндсэн төлбөрийг төлөхөд буцааж төлөхөд надад хүндрэлтэй байхад анзыг төлөх боломжгүй” гэж тайлбарлаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зохигчдын хооронд 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, талууд 7 400 000 төгрөгийг 8 сарын хугацаатай, хүүгүйгээр, зээлдэгч нь гэрээнд заасан үүргээ гүйцэтгэхгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн өдрийн 0,3 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцжээ.
Дээрх зээлийн гэрээ нь хуулийн шаардлага хангасан, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж гарын үсэг зурсан байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн төлөөлөгч “...Энэ зээлийн гэрээг сүүлд 2017 оны 7 дугаар сард нөхөж хийхдээ огноог 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэж бичсэн. Гэтэл 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээнд би гарын үсэг зурах ёсгүй, хүүхэд асрах чөлөөтэй байсан. Алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна, хэрвээ нэхэмжлэгч анзыг нэхэмжилбэл би гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргана” гэж тайлбарласан боловч энэ талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, хуулийн хүчин төгөлдөр хэлцэл байх тул Иргэний хуулийн зээлийн гэрээний зохицуулалт үйлчлэх юм.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй адил хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Уг зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Х.Ц нь зээлдэгч “М” ХХК-ийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх, уг хугацаанд хүү төлөх үүргийг харилцан хүлээсэн байх бөгөөд зээл 7 400 000 төгрөгийг хүлээн авсан талаар хариуцагч маргаагүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасан хариуцагчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн байна. Харин хариуцагч нь 2 удаагийн төлөлтөөр нийт 2 000 000 төгрөгийн үндсэн зээлийг төлж, үлдэх 5 400 000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлжээ.
Нэхэмжлэгч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 4.3 дахь хэсэгт алдангийн хэмжээг хоногийн 0.3 хувиар тооцох заалтыг баримтлан анзын хэмжээ 50 хувиас хэтэрч болохгүй хуулийн шаардлагад нийцүүлэн алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцож, 2 268 000 төгрөг нэхэмжилж байгаа нь хууль зөрчөөгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 137 650 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-иас 7 668 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Ц д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 137 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 137 650 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ