Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2018/ШЦТ/120

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа

Улсын яллагч Б.Бүжинлхам

Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Бт холбогдох эрүүгийн 1725004800074 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн

Шүүгдэгч Н.Б нь Орхон аймгийн Баян-Өндөр сум МУИС-ийн дотуур байрны 08 тоот өрөөнөөс хамт амьдардаг Г.Б, Н.Ч нарын 2 ширхэг Dell маркийн зөөврийн компьютер, самсунг маркийн гар утас зэрэг эд зүйл хулгайлж 430 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйл баримтын талаар тогтоогдсон нөхцөл байдал: 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Н.Б нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн нутаг дэвсгэрт байрлах МУИС-ийн дотуур байрны 08 тоот өрөөнд хамт амьдарч байсан оюутан Г.Б, Н.Ч нарын өрөөнд хоноод өглөө гарч явахдаа Dell марийн зөөврийн компьютер 2 ширхэг, самсунг маркийн гар утас зэргийг нууцаар авсан байна. Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хохирогч Г.Бын... 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Н.Б нь шинэ жилд орчихоод ирлээ гээд согтуу орж ирээд унтаж амарсан. Өглөө бостол Н.Чын самсунг С-4 маркийн гар утас, Dell маркийн зөөврийн компьютер, миний Dell маркийн зөөврийн компьютер зэрэг алга болсон байсан. Харин манай өрөөний Н.Б байхгүй байсан. Дотуур байрны хяналтын камерыг шүүж үзтэл Батсуурь өглөө 7 цагийн үед гадуур хувцасныхаа дотуур Чинбат бид 2- ын зөөврийн компьютерийг хийчихсэн гарч яваа дүрс камерт бичигдсэн байсан.. гэх мэдүүлэг, хохирогч Н.Чын .....”2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр манай МУИСийн оюунтны шинэ жил болсоны маргааш нь буюу 2017 оны 12 дугаар сарын 14-ний өглөө унтаж байгаад 09 цагийн үед сэрээд гар утсаа авах гэтэл миний гар утас байхгүй цэнэглэгч нь байсан. Тэгээд гар утсаа хайтал миний Dell маркийн зөөврийн компьютер, Г.Бын Dell маркийн зөөврийн компьютер алга болсон байсан. Би сургуулийнхаа дотуур байрны 08 тоот өрөөнд Г.Б Батсуурь нарын хамт амьдардаг. Батбаяр бид 2-ыг өглөө унтаж байхад Батсуурь бид 2-т хэлэлгүй аваад гарсан байсан. Тэр өдрөөс хойш Батсуурь дотуур байрндаа ирэлгүй алга болсон. Батбаяр бид 2 дотуур байрны хяналтын камер шүүж үзсэн чинь 2017 оны 12 дугаар сарын 14-ний өглөө 07 цаг 07 минутад Батсуурь бид хоёрын Dell маркийн зөөврийн компьютерыг аваад гарч яваа бичлэг байсан. ...Хэргийн материалтай танилцлаа гомдол санал байхгүй. Өөрийн хохирол болох 280 000 төгрөгийг авсан.” гэх мэдүүлэг, “Бан Хас” ХХК-ны эд зүйлд үнэлгээ тогтоосон 2017 оны 12 дугаар сарын 18- ны өдрийн 386 дугаартай: ... эд зүйлийн нийт үнэлгээ 430 000 төгрөг гэсэн дүгнэлт, гэрч Ц.Батсүхийн .....би үйлчлүүлэгч нартай хийсэн гэрээний өөрт үлдэх хувиас шүүж үзэхэд 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Н.Б /ЙР97111912/ гэх хүн манай ломбарданд Dell I3 загварын зөөврийн компьютерийг 130 000 төгрөгөнд тавиад 12 дугаар сарын 20-ны өдөр дахин ирж 20 000 төгрөг нэмж зээлсэн. Ингэхдээ ахаа би компьютераа авч чадахаа болилоо та зарвал зарчихаарай гэж хэлсэн. Тэгээд 2-3 хоногийн дараа би уг компьютерийг зарчихсан” гэх мэдүүлэг, шүүгдэгч Н.Батсуурийн яллагдагчаар өгсөн ... маргааш өглөө нь 07 цагийн үед сэрээд надтай нэг өрөөнд байдаг Чинбат Батбаяр гэх хүүхдүүд унтаж байхаар нь тэр хоёрын Dell маркийн зөөврийн компьютер 2 ширхэг, Самсунг маркийн S4 маркийн гар утас зэргийг куртикнийхээ дотуур нуугаад байрнаасаа аваад гарчихсан юм. Тэгээд 1-13 дугаар байранд найз Төгөлдөрийнд очоод Facebook-ээр зөөврийн компьютер Самсунг маркийн гар утас зэргийг зарна гэж зар тавиад 150 000 төгрөгөнд зарсан. Тэгээд би орой нь машинаар Улаанбаатар хот яваад 7 хоногийн дараа Сүхбаатар дүүргийн хүнсний 3 цэнхэр эмийн сангийн ойролцоох ломбарданд 150 000 төгрөгөөр өөрийн цахим үнэмлэхний лавлагаагаар барьцаанд тавьчихсан юм. Одоо надад Батбаяр Чинбат нарын компьютер гар утас байхгүй гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэрэгт ач холбогдолтой, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. Шүүгдэгч Н.Батсуурийн бусдын эд хөрөнгийг нууцаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан, санаатай, нийгэмд аюултай, бусдын өмчлөх эрхэд нь халдаж хохирол учруулсан үйлдэл болох нь дээрхи нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Хохирогч нар шүүх хуралдаанд оролцоогүй ба хохирол төлөгдсөн тухай хэрэгт тэмдэглэгдсэн байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ял шалгуурын хуудас, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 307 дугаартай шийтгэх тогтоол, Орхон аймгийн ШШГазрын албан бичиг зэрэг баримтууд хувийн байдлын бусад баримтууд зэргийг судлан, хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын хэмжээ, нөхөн төлөгдсөн байдал зэргийг харгалзан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж өмнөх эдлээгүй байгаа 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй гэж үзэв. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдаж шүүгдэгчийн цагдан хоригдсон 26 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцохоор заалаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Х овгийн Нийн Бг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бг 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Бт энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр 2017 оны 10 сарын 12-ны өдрийн 307 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногт тооцон 30 хоногийн ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг 07 /долоон/ сарын хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Бт оногдуулсан 07 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Батсуурийн цагдан хоригдсон 26 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьсугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ