Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2018/00200

 

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2018/00200

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, Оранж плаза төв, 8 давхарт байрлах, “Сэрүүлэг констракшн” ХХК/рд:2573091/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 6 дугаар хэсэг, 43/2 байрны 1 давхарт байрлах, “Өнөр хаус” ХХК/рд:5893887/-д холбогдох,

4 953 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Авирмэд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мэндбаяр шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Сэрүүлэг констракшн” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Авирмэд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөр хаус ХХК нь Сэрүүлэг констракшн ХХК-ийн харъяа ТВ-8 телевизтэй 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн 1 секундын рекламыг 1500-2000 төгрөгөөр контентоос хамаарч ялгаатай нэвтрүүлэхээр тохиролцон хамтран ажиллах гэрээ байгуулсан. ТВ-8 телевиз 2016 оны 11 дүгээр сард 26 секундын рекламыг 73 удаагийн давтамжтай цацах захиалгын дагуу өөрийн эрхээр нэвтрүүлсэн болно. Гэвч өнөөдрийг хүртэл Өнөр хаус ХХК нь дээрх захиалгын төлбөр болох 3 302 000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд ТВ-8 телевиз нь талуудын байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалтын дагуу 3 302 000 төгрөг, гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэхь хэсэг болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл  хугацаанд төлөгдөөгүй төлбөр болох 1 651 000 төгрөгийн алданги, нийт 4 953 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Өнөр хаус ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мэндбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэрүүлэг констракшн ХХК-тай Өнөр хаус ХХК нь 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэрээ хийсэн байна. Хамтран ажиллах гэрээний утга нь Сэрүүлэг констракшн ХХК-ийн ТВ-8 телевиз Өнөр хаус ХХК-ийн зар сурталчилгааны контент нэвтрүүлэх гэрээ юм. Гэрээ яаж хэрэгжих нь доторх заалтуудаар нь тодорхойлогддог. Жилд 5 сая төгрөгийн контентийг Өнөр хаус ХХК явуулна гэсэн гэрээ бөгөөд уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт төлбөр төлөгдсөнөөр контент телевизийн албан ёсны хөтөлбөрт багтаж 10 хоногийн дараа эфирээр цацагдаж эхэлнэ гэж заасан. Уг заалтанд зааснаар гэрээ урьдчилсан төлбөрт гэрээ байгаа. Гэтэл Өнөр хаус ХХК нь төлбөрөө төлөөгүй байхад нэхэмжлэгч тал контентийг явуулах үүрэг байхгүй, эрх ч байхгүй. Сэрүүлэг констракшн ХХК нь хэрэв үүргээ биелүүлсэн бол өөрөө сайн дураараа биелүүлсэн гэж үзэхээр байна. Өнөр хаус ХХК-ийн хувьд Сэрүүлэг констракшн ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа. Учир нь биелүүлэх шаардлагагүй, манайх төлбөрөө төлөөгүй учраас Сэрүүлэг констракшн ХХК контентийг явуулахгүй байх үүрэгтэй бөгөөд явуулаагүй. Сэрүүлэг констракшн ХХК-ийн гаргасан тарифыг хэн ч дуртай цагтаа хийнэ. Энэ бол ямар нэгэн баталгаажуулсан нотлох баримт биш. Бусад телевизүүд ч гэсэн дор бүр нь тооцоогоо нийлээд контент явсан, яваагүй гээд зөвшөөрч хаадаг. Энд ямар ч тооцоо нийлсэн баримт байхгүй. Бид контент явуулаагүй учраас тооцоо нийлээгүй. Контент явуулсан гэж үзэж байгаа бол өөрсдөө гэрээгээ зөрчөөд сайн дураараа явуулсан байна гэж ойлгож байна. Төлбөр төлөөгүй учраас реклам явуулаагүй гэж үзэж байна. Иймд гэрээний үүргийг нэхэмжлэгч Өнөр хаус ХХК-иас нэхэмжлэх эрхгүй юм. Төлөвлөсөн графикийн дагуу 5.2.3 дахь хэсэгт контент нэвтрүүлэхдээ захиалагч тал хяналт тавина гэж заасан байна. Бид нар хяналт тавиагүй. Хяналт тавьсан бол хоёр талаас шалгаж үзнэ. Бид хяналт тавиагүй учраас ямар ч шалгасан зүйл байхгүй. Графикийн дагуу контент нэвтрүүлэгдэнэ. Тэр график нь байхгүй. Бид контент явуулаагүй учраас график байхгүй байсан. 5 дугаар зүйлийн 5.3.2.3 дахь хэсэгт заасан цаг, минут, секунд зөрчсөн тохиолдолд тохиролцсон хавсралт графикийн дагуу үнийн дүнгээс суутгал хийх эрхтэй гэж заасан. Тэгэхээр тохиролцсон хавсралт график байхгүй. Энэ бол график биш. Реклам явсан бол хавсаргасан хавсралт байх ёстой. Үүний дагуу л контент явсан байх ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.