| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2019/0149/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/154 |
| Огноо | 2019-12-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | С.Цэрэндалай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2019/ШЦТ/154
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,
улсын яллагч хяналтын прокурор С.Цэрэндалай,
хохирогч Ё.А*******,
шүүгдэгч Г.Г******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндалайгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн Г*******эд холбогдох эрүүгийн 1907002890161 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, -ний өдөр Улаанбаатар хот т төрсөн, тай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилтэй, ******* ажилтай, , , хамт амьдардаг, *******,******* тоотод оршин суух,
Урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 379 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239-р зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж хянан харгалзсан, Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 646 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260-р зүйлийн 2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, ******* овогт *******гийн Г*******. /РД:*******/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Г.Г******* нь 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр архи ууж согтуурсан үед ************** тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Ё.А*******ын толгойн тус газарт нь арц уугиулдаг сангийн вопер төмрөөр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Г******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “06 дугаар сарын 16-нд би гэртээ ганцаараа байсан. Охин, А******* хоёр хотоос ирсэн. Би охинтойгоо гарч дэлгүүр ороод өр шир дараад 100 гр архи уучихаад орж ирсэн. Тэгээд тэйгээ маргалдсан. Би арц уугиулах санаатай явж байтал “зайл” гээд дайраад байхаар нь цохисон. Тийм зүйл болсон” гэв.
Хохирогч Ё.А******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “06 дугаар сарын 16-ны өдөр ажлаас буугаад гэртээ ирэхэд согтуу байсан. Би 2 цаг унтаад босоод ирэхэд охинтойгоо гараад ахиад архи аваад уусан байсан. Би жоохон уурлаад араас нь очтол намайг цохисон. Би хавдчихлаа гэж бодсон боловч. Охин маань “ээж таны толгойноос цус гараад байж байна” гэж хэлсэн. Надаас цус гарч байхыг хараад Г******* гараад явсан. Би охиноо гараад дуудаад ир гэхэд “аав таксинд суугаад хот явчихлаа гэсэн. Би цагдаа, эмнэлэг аль алийг нь дуудсан. Хэрэг гарснаас 7 хоногийн дараа “Буян налайх”-ын энд явж байсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд: Шүүгдэгч Г.Г******* яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ өөрийн болох Ё.А*******той чи архи уулаа гэж маргалдаж байгаад гал тогооны өрөөндөө арц уугиулах гээд гартаа арц уугиулдаг войпер барьчихсан зогсож басан. Тэгсэн Ё.А******* арц уугиулахгүй гээд нөгөө арц уугиулдаг воперыг надаас булааж авах гээд байхаар нь би толгойн тус газар цохиж гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 47 дугаар хуудас/
Хохирогч Ё.А*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 16 цагийн орчим ажлаа тараад Гордок руу гэртээ харьсан. Тэгээд гэртээ иртэл манай нөхөр гэртээ согтуу байж байсан. Тэгээд манай бага охин болох Жтай дэлгүүр орох гээд гарч яваад буцаж орж ирэхдээ нэмээд архи уучихсан байхаар нь чи одоо цалин мөнгөнөөсөө нэг ч төгрөг өгөхгүй байж архи уулаа гээд би уурласан чинь манай нөхөр жижиг өрөөний цонхон дээр байсан цөгц шиг хэлбэртэй цул төмрийг аваад миний толгойн оройн хэсэгт цохисон чинь миний толгойноос цус гараад эхэлсэн.” гэх мэдүүлэг, /хх-ийн 18-19 дүгээр хуудас/
Арван найман насанд хүрээгүй гэрч А.Жын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би том өрөөндөө ороод дэвтэр номоо янзалж байтал манай ээж ёо гээд орилохоор нь би жижиг өрөөндөө яваад ортол манай ээжийн толгойноос цус гарчихсан аав ээжийг хөл гар руу цохиод байж байхаар нь болиоч гэж хэлсэн, тэгээд аав гэрээсээ гарч явах гэхээр нь ээж бид 2 аавыг гаргахгүй гээд байж байтал аав ээжийг түлхчихээд гараад явчихсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 23 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/328 дугаар: “1. Ё.А*******ын биед зүүн зулайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Г.Г******* нь 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ************** тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Ё.А*******ын толгойн тус газарт нь арц уугиулдаг сангийн вопер төмрөөр цохиж эрүүл мэндэд нь зүүн зулайн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох
Шүүгдэгч Г.Г******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би арц уугиулах санаатай явж байтал “зайл” гээд дайраад байхаар нь цохисон...” гэх мэдүүлэг, Хохирогч Ё.А******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би жоохон уурлаад араас нь очтол намайг цохисон...” гэх мэдүүлэг, Шүүгдэгч Г.Г******* яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Ё.А******* арц уугиулахгүй гээд нөгөө арц уугиулдаг воперыг надаас булааж авах гээд байхаар нь би толгойн тус газар цохиж гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг, Хохирогч Ё.А*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2 чи одоо цалин мөнгөнөөсөө нэг ч төгрөг өгөхгүй байж архи уулаа гээд би уурласан чинь манай нөхөр жижиг өрөөний цонхон дээр байсан цөгц шиг хэлбэртэй цул төмрийг аваад миний толгойн оройн хэсэгт цохисон чинь миний толгойноос цус гараад эхэлсэн.” гэх мэдүүлэг, Арван найман насанд хүрээгүй гэрч А.Жын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай ээжийн толгойноос цус гарчихсан аав ээжийг хөл гар руу цохиод байж байхаар нь болиоч гэж хэлсэн.” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 08 шэ/328 дугаар дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Г******* болон хохирогч Ё.А******* нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар уг хуулийн үйлчлэлд хамаарах харилцаатай этгээдүүд болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа болон хэргийн оролцогч нарын мэдүүлгүүдээр тодорхойлогдож байна.
Мөн Гэр бүлийн Хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1.1 дэх хэсэгт “нөхөр нь гэр бүлийн харилцаатай бусад гишүүндээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэр бүлийн хүчирхийлэл” гэж заасны дагуу шүүгдэгчийн хохирогчийн эсрэг архи уулаа гэж хэлсний хариуд түүний бие махбодид хөнгөн хохирол учруулсан үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзлээ.
Иймд Шүүгдэгч Г.Г******* нь Ё.А*******од бие махбодын хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх ба Улсын яллагчийн зүгээс уг зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон ба хэргийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс ******* овогт *******гийн Г*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Г*******эд холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргажээ. Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулах тухай дүгнэлтийг хянан үзээд шүүгдэгч Г.Г*******эд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж заасныг үндэслэн ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хохирогч нь гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн арц уугиулдаг сангийн воперыг түүнд буцаан олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн Г*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г*******эд 600 нэгжтэй тэнцэх буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г*******эд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г*******эд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.Г******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан цөгц хэлбэртэй сангийн воперыг Г.Г*******эд буцаан олгосугай.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г*******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД