Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 126

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж

Нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн,

Улсын яллагч Э.Болор,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Батбаяр,

Шүүгдэгч М.Мандахбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт  үйлдэж ирүүлсэн Шаваран Гэлэн овогт Мишигдоржийн Мандахбаярт холбогдох эрүүгийн 201610010153 тоот хэргийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Мандах суманд төрсөн, дээд боловсролтой, нягтлан бодох мэргэжилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт  Замын-Үүд сумын 2-р баг Цагдаагийн 1-2 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Шаваран Гэлэн овогт Мишигдoржийн Мандахбаяр /ЕЕ84011218/

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч М.Мандахбаяр нь 2016 оны 06 дугаар сард Дорноговь аймгийн Замын-Үүд суманд үйл ажиллагаа явуулдаг “Чандмань бадрал” ХХК-д борлуулалтын байцаагчаар ажиллаж байхдаа давтан үйлдлээр 137 дугаар байрны 16 тоотод оршин суух иргэн С.Түмэнжаргалаас 300,000 төгрөг, 137 дугаар байрны 11 тоотод оршин суух иргэн С.Оюунтүлхүүрээс 293,000 төгрөг, 160 дугаар байрны 8 тоот болох “Гүрт-Өргөө” ХХК-иас 300,000 төгрөгийг тус тус цэвэр ус, дулаан, бохир, ус татан зайлуулсны төлбөрт хураан авч хувьдаа завшиж “Чандмань бадрал” ХХК-д 893,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/           

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

- Шүүгдэгч М.Мандахбаяр мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би Чандмань Бадрал ХХК-нд 2016 оны 02 дугаар сарын 17-нд борлуулалтын байцаагчаар ажилд орж, 100 гаруй айлуудыг хариуцан ажилласан. Манай байгууллагын борлуулалтын байцаагч нар нь сар болгоны 1-ний өдрөөс 5-ны хооронд хариуцсан нутаг дэвсгэрийнхээ айл өрхөөс усны заалт авдаг. Би 2016 оны 06-р сард айл өрхүүдээр орж усны заалт авахдаа төлбөр ихтэй болон төлбөрөө төлөөгүй 38 айл өрхөөс ус, бохирын мөнгө гээд 33 айл өрхөөс бэлнээр , 5 айл өрхөөс дансаар мөнгө авч нийт 2,473,650 төгрөг хувьдаа захиран зарцуулсан. Уг мөнгө нь нэг доор бөөн орж ирээгүй бага багаар олон хоногийн дотор орж ирсэн болохоор өдөрт нэгж, таксины мөнгө гээд үрсээр байгаад нэг мэдэхэд 2,473,650 төгрөг хувьдаа захиран зарцуулсан байсан...” гэсэн мэдүүлэг /хx-ийн 35/,         

- Иргэний нэхэмжлэгч Л.Ганбатын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2016 оны 06-р сарын 15-наас 25-ны өдрийн хооронд манай байгууллагын ажилчин М.Мандахбаяр нь хариуцсан 194 айл өрхөөс 38 айл өрхийн 33 айл өрхөд баримт бичиж, 5 айл өрхөд баримт өгөхгүйгээр ус, дулааны мөнгө гэж нийт 2,473,650 төгрөг авч байгууллагын дансанд биш өөрийн дансанд хийж хувьдаа захиран зарцуулж байгууллагад хохирол учруулсан байх тул цагдаагийн байгууллагад хандсан юм. ... 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Хас банкны интернет банкаар М.Мандахбаярын төрсөн дүү М.Учрал нь манай байгууллагын дансанд хохирлын мөнгө болох 2,473,650 төгрөгийг хийж хохиролгүй болгосон...” гэсэн мэдүүлэг / хx-ийн 13-14/,

- Гэрч Ц.Бүдрагчаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 06 дугаар сарын 18-ны 09 цагийн үед манай эгч Ц.Бүдханд 95092188 гэсэн дугаараас миний 99760294 гэсэн дугаар руу залгаж Чандмань Бадралаас борлуулалтын байцаагч ирэхээр “Гүрт-Өргөө” ХХК-ний нэр дээр усны төлбөр гээд 300,000 төгрөг өгчих гэсэн. Тэгээд цагийг нь сайн санахгүй байна нэг залуу ирээд “Гүрт-Өргөө” ХХК-ний мөнгийг авмаар байна гэж ирэхээр нь би бэлэн 300,000 төгрөг өгч баримт авсан...” гэсэн мэдүүлэг /хx-ийн 23/,

- Гэрч С.Оюунтүлхүүрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ус, дулааны мөнгө өгөөгүй байна гэх үндэслэлээр М.Мандахбаяр манай гэрт ирж бэлнээр 200,000 төгрөг мөн түүний дараа 10 хоногийн дараа буюу 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр дахин ирж үлдэгдэл 93,000 төгрөг ирж бэлнээр авсан. Манайх ус халаалтын мөнгө гэж 3, 4, 5 сарын мөнгө 394,000 төгрөгний үлдэгдэлтэй байсан тул М.Мандахбаяр эхний удаа 200,000 төгрөг өгч, дараа нь 93,000 төгрөг өгсөн. Тухайн үед баримт байхгүй гэхээр нь баримт аваагүй. Дараа үлдэгдэл мөнгөө өгөөд баримт аваарай гэж хэлээд М.Мандахбаяр яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хx-ийн 24/,

-Гэрч Э.Ууганбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би борлуулалтын байцаагч нараас сар бүрийн 1-ээс 3-ны хооронд өмнөх сарын тайланг бичгээр авдаг. Тухайн үед Мандахбаяр нь 5 дугаар сарын ажлын тайлангаа 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр бичгээр өгсөн. 2016 оны 06 дугаар сарын 15-ний өдөр тухайн 15 хоногийн үлдэгдэлийг тулгаад “Гүрт-Өргөө” ХХК-нд нэхэмжлэл бичиж тараасан. 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр “Гүрт-Өргөө” ХХК-иас миний 99045267 гэсэн утас руу залгаж 5-р сарын усны мөнгөний үлдэгдэлээс 300,000 төгрөгийг 2016 оны 06-р сарын эхээр танай байгууллагын борлуулалтын байцаагч М.Мандахбаярт өгсөн танай байгууллагаас ирүүлсэн нэхэмжлэл дээр 300,000 төгрөг хасагдаагүй байна гэж ярихад баримтаа аваад хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би М.Мандахбаяр руу залгаж 300,000 төгрөгний талаар асууж тодруулахад М.Мандахбаяр нь хувьдаа авч зээлээ төлснөө хүлээн зөвшөөрч одоо байгууллагын данс руу хийх гэж байна гэж хэлсэн. М.Мандахбаяраас өөр айл өрхүүдээс бэлэн мөнгөөр тооцоо хийсэн бол одоо бэлэн мөнгөний баримтаа авчирч тайлангаа өг гэж хэлэхэд М.Мандахбаяр нь уучлаарай одоо очлоо гэж хэлээд ажил дээр ирэхгүй утас нь холбогдохгүй байсан. Би борлуулалтын байцаагч нартайгаа айл өрхүүдийн төлбөрийн үлдэгдлийг сар бүрийн 15 болон 31-ний өдрөөр тулгадаг, тулгасны дараа албан байгууллагууд руу нэхэмжлэл бичиж байцаагч нартаа ноогдолоо өгдөг. Тухайн үед М.Мандахбаяраас шалтгаалан 2016 оны 06-р сарын 15-ны үлдэгдэлийг 2016 оны 06-р сарын 19-ны өдөр гаргаж ноогдол болон нэхэмжлэлийг нь бичиж өгсөн.М.Мандахбаяраас шалтгаалан 2016 оны 06-р сарын 15-ны үлдэгдэлийг 2016 оны 06-р сарын 19-ний өдөр гаргаж ноогдол болон нэхэмжлэлийг нь бичиж өгсөн. Нэхэмжлэл гаргаснаар би М.Мандахбаярыг айл өрх болон аж ахуйн нэгж байгууллагуудаас бэлнээр мөнгө авч хувьдаа ашигласныг мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хx-ийн 68/,

- Гэрч С.Түмэнжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...М.Мандахбаяр манай гэрт ирээд усны заалтыг харсан 300,000 төгрөг гарсан гээд намайг Улаанбаатар хотод байхад одоо явуул гээд уурлаад байхаар нь би усны мөнгө өгөөгүйгээс болоод уг байцаагчийн цалинг өгөхгүй байгаа юм болов уу? гэж бодоод М.Мандахбаяр гэсэн хүний дансанд 300,000 төгрөг хийсэн...” гэсэн мэдүүлэг /хx-ийн 69/,

- Шүүгдэгчийн ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний хуулбар, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 36-38/,

- Хохирол төлсөн баримт /хх-ийн 47/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно. Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно. 

Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч М.Мандахбаярыг “Чандмань бадрал” ХХК-д борлуулалтын байцаагчаар ажиллаж байхдаа давтан үйлдлээр 137 дугаар байрны 16 тоотод оршин суух иргэн С.Түмэнжаргалаас 300,000 төгрөг, 137 дугаар байрны 11 тоотод оршин суух иргэн С.Оюунтүлхүүрээс 293,000 төгрөг, 160 дугаар байрны 8 тоот болох “Гүрт-Өргөө” ХХК-иас 300,000 төгрөгийг тус тус цэвэр ус, дулаан, бохир, ус татан зайлуулсны төлбөрт хураан авч хувьдаа завшиж “Чандмань бадрал” ХХК-д 893,000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч М.Мандахбаяр нь “Чандмань бадрал” ХХК-д борлуулалтын байцаагчаар ажиллаж байхдаа давтан үйлдлээр иргэн С.Түмэнжаргалаас 300,000 төгрөг, иргэн С.Оюунтүлхүүрээс 293,000 төгрөг, “Гүрт-Өргөө” ХХК-иас 300,000 төгрөг нийт 893,000 төгрөгний цэвэр ус, дулаан, бохир, ус татан зайлуулсны төлбөрт хураан авч хувьдаа завшиж, үрэгдүүлсэн болох нь шүүгдэгч М.Мандахбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч болон хохирогч байгууллагын төлөөлөгч Л.Ганбатын “... 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Хас банкны интернет банкаар М.Мандахбаярын төрсөн дүү М.Учрал нь манай байгууллагын дансанд хохиролын мөнгө болох 2,473,650 төгрөгийг хийж хохиролгүй болгосон” гэсэн, гэрч Ц.Бүдрагчаагийн “...нэг залуу ирээд “Гүрт-Өргөө” ХХК-ний мөнгийг авмаар байна гэж ирэхээр нь би бэлэн 300,000 төгрөг өгч баримт авсан...” гэсэн, гэрч С.Оюунтүлхүүрийн “...М.Мандахбаяр манай гэрт ирж бэлнээр 200,000 төгрөг мөн түүний дараа ... дахин ирж үлдэгдэл 93,000 төгрөг ирж бэлнээр авсан...” гэсэн, гэрч С.Түмэнжаргалын “...М.Мандахбаяр манай гэрт ирээд усны заалтыг харсан 300,000 төгрөг гарсан гээд намайг Улаанбаатар хотод байхад одоо явуул гээд уурлаад байхаар нь би усны мөнгө өгөөгүйгээс болоод уг байцаагчийн цалинг өгөхгүй байгаа юм болов уу гэж бодоод М.Мандахбаяр гэсэн хүний дансанд 300,000 төгрөг хийсэн...” гэсэн, гэрч Э.Ууганбаярын “...Мандахбаяр нь 5 дугаар сарын ажлын тайлангаа 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр бичгээр өгсөн. 2016 оны 06 дугаар сарын 15-ний өдөр тухайн 15 хоногийн үлдэгдэлийг тулгаад “Гүрт-Өргөө” ХХК-нд нэхэмжлэл бичиж тараасан... “Гүрт-Өргөө” ХХК-иас ... залгаж 5-р сарын усны мөнгөний үлдэгдэлээс 300,000 төгрөгийг 2016 оны 06-р сарын эхээр танай байгууллагын борлуулалтын байцаагч М.Мандахбаярт өгсөн танай байгууллагаас ирүүлсэн нэхэмжлэл дээр 300,000 төгрөг хасагдаагүй байна гэж ярихад баримтаа аваад хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би М.Мандахбаяр руу залгаж 300,000 төгрөгний талаар асууж тодруулахад М.Мандахбаяр нь хувьдаа авч зээлээ төлснөө хүлээн зөвшөөрч одоо байгууллагын данс руу хийх гэж байна гэж хэлсэн. М.Мандахбаяраас өөр айл өрхүүдээс бэлэн мөнгөөр тооцоо хийсэн бол одоо бэлэн мөнгөний баримтаа авчирч тайлангаа өг гэж хэлэхэд М.Мандахбаяр нь уучлаарай одоо очлоо гэж хэлээд ажил дээр ирэхгүй утас нь холбогдохгүй байсан...” гэсэн мэдүүлгүүд, шүүгдэгч М.Мандахбаярын /хх-ийн 83/ Капитал банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг бичгийн нотлох баримтууд болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул М.Мандахбаярыг бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч М.Мандахбаярт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.  

Шүүгдэгч М.Мандахбаярын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан тодорхой албан тушаал эрхлэх эрхийг хасахгүйгээр  ялыг ялгамжтай оногдуулсан болно.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шаваран Гэлэн овогт Мишигдoржийн Мандахбаярыг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр завшиж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Мишигдoржийн Мандахбаярыг тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр, 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мандахбаярт оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч М.Мандахбаяр энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мандахбаярт оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мандахбаярт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ шийтгэх тогтоолыг ялтан, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Б.НАРМАНДАХ