Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2021/0162

 

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2021/0162

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, шүүгч Н.Дуламсүрэн, шүүгч Д.Халиуна нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Э.Б” ХХК

Хариуцагч: НЗД

Нэхэмжлэлийн шаардлага: Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар НЗД-ын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн “Э.Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, С.Ү, иргэдийн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Э.Б” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2013 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр 7/24 дүгээр тогтоол гаргаж, манай компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн зарим хэсгийг орон нутгийн тусгай хамгаалаЛтад авснаар тус асуудалтай холбоотой маргаан бүхий захиргааны хэрэг үүсч, дурдсан хэргийг хянан шийдвэрлэх хүртэл бид тусгай зөвшөөрлийн дагуу ашиглалт хийх боломжгүй бодит нөхцөл байсныг шалгаж, сонсолгүйгээр шийдвэр гаргасан нь хууль бус болсон. Тодруулбал, манай компани Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2013 оны 9 дүгээр сарын б-ны өдөр 7/24 дүгээр Тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, тус нэхэмжлэлтэй хэрэг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7дугаар сарын 21-ний өдрийн 534 дүгээр захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шүүхээр батлагдсан Эвлэрлийн гэрээгээр хүлээсэн "...7.1 га талбайд хамаарах координатын газар зүйн солбицол бүхий хэсэг болох талбайг хүчингүй болгох" үүргЭэ өнөөг хүртэл гүйцэтгээгүй байна. Нэгэнт дурдсан газрын солбицол тодорхой болоогүй тул бид Эвлэрлийн гэрээгээр хүлээсэн 7,1 га газарт олборлолт хийхгүй байх буюу үйл ажиллагаа явуулахгүй байх үүрэг”-ээ зөрчихгүйн үүднээс Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд шүүхийн шийдвэрийг биелүүлэх, 7.1 га талбайд хамаарах газрын координатыг тодорхОй болгож, тус хэсгийг хүчингүй болгох шаардлагыг тавьж, тус шаардлага биелэгдэхгүй байсан тул газрын хэвлийг ашиглаагүй болно Ийнхүү шүүхийн хүчин төгөлдөр захирамж байсаар байтал түүнийг биелүүлэхгүй эс үйлдэхүйгээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хууль бус үйл ажиллагааны улмаас тусгай зөвшөөрөл бүхий газрын хэвлийг ашиглах боломжгүй байсан үед НЗД тус бодит нөхцөл байдлыг шалгалгүйгээр буюу дээрх Хүндэтгэн үзэх шалтгаантай болохыг харгалзалгүйгээр “...3 жилийн хугацаанд газрын хэвлийг ашиглаж эхлээгүй” хэмээн, мөн Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болсон гэх үндэслэл бий болоогүй байхад тус үндэслэл бий болсон хэмээн үзэж бодит нөхцөлд нийцээгүй захирамж гаргаж бидний эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн.

НЗД тусгай зөвшөөрлийг гагцхүү Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр цуцлах эрхтэй байхаар хуулиар тогтоосон. Тодруулбал, Газрын хэвлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2.Газрын хэвлийд ашигт малтмалын хайгуул хийх, ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулна. Хуулийн 13 дугаар зүйлд уурхайн эдэлбэр олгосон тухай актыг үндэслэн ашигт малтмал олборлоход зориулан газрын хэвлийг олгоно гэж тус тус заажээ. Тодруулбал, Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглахад илүү нарийвчилсан хуулийг мөрдөхөөр зохицуулсан бөгөөд энэ тохиолдолд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноор газрын хэвлийг ашиглах эрх мөн дуусгавар болох бөгөөд нөгөө талаас газрын хэвлийг нь ашиглах эрхгүй хүчин төгөлдөр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл байх боломжгүй логик харагдаж байна. Гэтэл тусгай зөвшөөрлийг Газрын хэвлийн тухай хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгосон нь хэрэглэх ёстой нарийвчлан зохицуулсан хуулийг хэрэглээгүй хууль зөрчсөн шийдвэр болсон.

Өөрөөр хэлбэл Газрын хэвлийн тухай хуулийн 36 дугаар зүйлд зааснаар газрын хэвлийг ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар ашиглах тухай зохицуулалт юм. Гэтэл хариуцагч тусгай зөвшөөрлийг цуцлахдаа Газрын хэвлийн тухай хуульд заасан газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгох зохицуулалтыг хэрэглэж байгаа нь тухайн бодит нөхцөл байдалд нийцэхгүй, хууль хэрэглээний хувьд алдаатай Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлд хамааралгүй зохицуулалтыг ашиглан эрх хэмжээгээ хэтрүүлэн акт гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 “Аймаг, НЗД тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 37.1.1-37.1.4-т заасан цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана." Түүнчлэн 37.3.Энэ хуулийн 37.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг аймаг, нийслэлийн Засаг даргад ирүүлнэ. 37.4 “Аймаг, НЗД энэ хуулийн 37.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж, шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ.” гэсэн сонсох болон мэдэгдэх процессын ажиллагаа огт хийгдээгүй шууд цуцалсан нь шийдвэр бодит нөхцөлд нийцээгүй байх үндэслэл болсон.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон Захиргааны Ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр НЗД-ын2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн “Э.Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...НЗД“Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” 2017 оны А/609 дүгээр захирамжийг гаргахдаа “Газрын хэвлийн тухай хууль”-ийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-ийг үндэслэн тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсэн.

Улсын Их Хурлын Байнгын хорооны 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 05, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар тогтоолыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас хэрэгжүүлэх чиглэл ирүүлсний дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон нийслэлийн Байгаль орчны газрын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2017/16 дугаартай “Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу 2 байгууллагын хамтран хийсэн хяналт шалгалтаар “Газрын хэвлийн тухай” хууль зөрчсөнийг тогтоон дээрх хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-т заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлийг ашиглаж эхлээгүй аж ахуйн нэгжүүдийн судалгааг гарган газар дээр нь очиж координатын цэгээр талбайг тодорхойлж, фото зургаар баталгаажуулсан болно.

“Э.Б” ХХК нь нэхэмжлэлдээ Налайх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 7/24 дугаартай тогтоол гарсны улмаас тусгай зөвшөөрөл бүхий газрын хэвлийг ашиглах  боломжгүй байсан гэж дурьдсан байна. Тус компанид Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2010 оны 06 дугаар сарын 21-ний өдөр олгосон харин Налайх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 7/24 дугаартай тогтоол 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр гарсан. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш тус тогтоол нь 3 жил 3 сарын дараа гарсан байна. Иймд НЗД Газрын хэвлийн тухай хуулийн 21.2.1 дэх заалтын дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлийг ашиглаж эхлээгүй гэсэн үндэслэлээр газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болсон гэх үндэслэл нь тус компанид хамааралгүй заалт юм.

НЗД Газрын хэвлийн тухай хуулийн 7.2.4-т заасан бүрэн эрхийн хүрээнд газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон. Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж газрын хэвлий ашиглахгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжгүй тул газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосны үр дагавар нь тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болно.

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2, 27.5 дах хэсэгт заасны дагуу НЗД 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хэвлэлийн бага хурал зарлаж нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгжүүдэд байгаль орчны хуулиудыг мөрдөж ажиллах, эс бөгөөс тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах болно гэж мэдэгдэл хийсэн бөгөөд өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлийг цуцлахаас 4 сарын өмнөөс анхааруулж олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сонсох ажиллагаа хийсэн.

НЗД 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийг гаргасан өдөр хэвлэлийн бага хурал хийж, уг захирамжийг олон нийтэд мэдээлсэн бөгөөд захирамжид орсон аж ахуйн нэгжүүдийн нэрсийн жагсаалтыг тухайн өдрийн 08 цаг 15 минут 21 секундэд нийслэлийн албан ёсны цахим хаяг болох www.Ulaanbaatar.mn веб сайтад байршуулснаар нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй бүх аж ахуйн нэгжүүдэд Захиргааны хуулийн 43 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасны дагуу цахим хэлбэрээр мэдэгдсэн.

Мөн Нийслэлийн Байгаль орчны газрын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 02/1229 дүгээр албан бичгээр НЗД-ын2017 оны А/609 дүгээр захирамжийг тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан аж ахуйн нэгжид шуудангаар хүргүүлсэн.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул тухайн аж ахуйн нэгж нь нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэлгүй байна...” гэжээ.

Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: “Нэхэмжлэгч талын хөөн хэлэлцэх хугацаа дууссан. 3 жилийн хугацаандаа ашиглаагүй тул шаардлага хангаагүй байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Э.Б” ХХК-аас “НЗД-ын2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 тоот захирамжийн 2 дугаар хавсралтад байх “Э.Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодруулсан болно[1].

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчээс “...Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 7/24 дугаар тогтоол гаргаж, тусгай зөвшөөрөл бүхий талбайн зарим хэсгийг орон нутгийн хэрэгцээнд авснаар маргаан үүсэж, шүүхээр шийдвэрлэгдэж байсан. Шүүхийн шийдвэр биелэгдээгүй явж байгаа нөхцөл байдалд дүгнэлт хийлгүйгээр маргаан бүхий захиргааны актыг гаргасан. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан эрхээр хангаагүй,...Газрын хэвлийн тухай хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгосон нь хэрэглэх ёстой нарийвчлан зохицуулсан хуулийг хэрэглээгүй, ... Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлд хамааралгүй зохицуулалтыг ашиглан эрх хэмжээгээ хэтрүүлсэн...,мөн сонсох болон мэдэгдэх ажиллагааг хийгээгүй...” гэж А/609 дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах үндэслэлээ тайлбарлан маргасан.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “...Анх тусгай зөвшөөрөл 2010 онд олгосон. Түүнээс хойш газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй. Тэгэхээр тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаагүй гэсэн үндэслэлээр цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2, 27.5 дахь хэсэгт заасан ажиллаагааг хийсэн...” гэж нэхэмжлэлийн үндэслэлийг үгүйсгэсэн болно.

Маргааны үйл баримтыг судалж үзэхэд анх Ашигт малтмалын газраас 2010 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотын Налайх дүүргийн “*******” нэртэй газар орших 22.54 гектар талбай бүхий уурхайн талбайд хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу ашигт малтмал ашиглах MV-0******3 тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч “Э.Б” ХХК-д олгожээ[2].

Гэтэл НЗД-ын2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн 2 дахь заалтаар түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй 33 аж ахуйн нэгж, байгууллагын газрын хэвлий ашиглах эрхийг 2 дугаар хавсралтаар дуусгавар болгосны дотор нэхэмжлэгч компани багтжээ. 

Учир нь 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль батлагдсанаар аймаг, нийслэлийн Засаг даргад түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох, цуцлахтай холбоотой эрхийг хэрэгжүүлэх болж, үүнтэй холбоотой геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хэрэгжүүлж байсан бүрэн эрхийг аймаг, Нийслэлийн Засаг даргад олгожээ.

Хариуцагчаас энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д газрын хэвлийг ашиглагч нь “газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй” бол газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгохоор зохицуулалтыг баримталжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч компаниас өөрийн ашиглалтын MV-0******3 дугаар тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрийг 2010-2017 он хүртэл төлсөн байх боловч[3] Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн “Дүүргийн зарим түүхийн дурсгалт газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” 7/24 дугаартай тогтоол гарахаас өмнө газраа ашиглаагүй.

Мөн тус шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 534 дугаар  “нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7/24 дугаартай тогтоолоор давхцал үүсгэсэн маргаан бүхий  7.1 гектар газраас бусад газарт ашигт малтмал ашиглах MV-0******3 тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааг явуулаагүй.

Энэ нь Нийслэлийн Байгаль орчны газрын дарга болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын хамтран баталсан 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2017/16 дугаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашиг малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт шалгалт хийх ажлын хэсгийн удирдамжийн[4] дагуу хийсэн шалгалтын танилцуулга,[5], Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 5/586 албан бичигт авагдсан “3 болон түүнээс дээш олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн судалгаа[6] болон газар дээр нь баталгаажуулсан фото зургаар[7] нэхэмжлэгч “Э.Б” ХХК нь тусгай зөвшөөрөл бүхий талбайгаа 2010 оноос хойш ашиглаагүй нь тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй талаараа “налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шүүхээр батлагдсан Эвлэрлийн гэрээгээр хүлээсэн “...7.1 га талбайд хамаарах координатын газар зүйн солбицол бүхий хэсэг болох талбайг хүчингүй болгох...” үүргээ өнөөг хүртэл гүйцэтгээгүй гэх тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Тодруулбал 2013-2016 онд шүүхээр маргасан гэх, улмаар эвлэрлийн гэрээнд заасан солбицол тогтоох үүргээ дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэрэгжүүлээгүй гэж 7.1 га талбайн хувьд нийт ашиглах эрхтэй 22.54 гектар талбайн тодорхой хэсэгт хамаарах бөгөөд энэ нь ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайг ашиглах боломжийг бүхэлд нь хязгаарлаагүйн дээр нөгөө талаас шүүхээр маргасан, шийдвэрлэгдсэн агуулгаас үзвэл нэхэмжлэгч нь орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газарт үйл ажиллагаа явуулахгүй болохоо илэрхийлсэн байдаг.

Орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газартай давхцалтай талбайд үйл ажиллагаа явуулахгүй, төлбөр төлөхгүй болохоо нэхэмжлэгч илэрхийлж эвлэрсэн байдаг ч энэ хүсэл зоригийн илэрхийллийн дагуу газрыг буцаан өгөхөөр хүсэлт гаргаж байгаагүй.

Харин 7.1 га газрын солбицлыг тогтоолгохоор хүсэлт гаргасан байх хэдий ч шүүгчийн захирамжаар батлагдсан эвлэрлийн гэрээнд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал солбицол тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй нэгэнт тогтоогдсон давхцалтай талбайг тусгай хамгаалалтад авсан шийдвэрээ хүчингүй болгох үүрэг хүлээсэн тул солбицол тогтоогүйгээс талбайгаа ашиглах боломжгүй байсан гэх тайлбар үндэслэлгүй юм.

Иймд 2010 онд түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийн дагуу 3 жил түүнээс дээш хугацаанд газрын хэвлийг ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэхээргүй байна.

Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл НЗД-ын2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтад заасан үндэслэлээр “Э.Б” ХХК-ийн MV-0******3 тоот тусгай зөвшөөрөл бүхий 22.54 га газарт газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Өөрөөр хэлбэл, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасан нөхцөл үүссэн тохиолдолд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дуусгавар болохоор байна.

Нөгөөтээгүүр нэхэмжлэгчээс маргаан бүхий актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэн хариуцагчийн шийдвэр, үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагааг хийсэн. Үүнийг шүүхээс Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан гэж үзэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасантай нийцсэн гэж үзэн хэргийг хянан хэлэлцсэн болно.

Түүнчлэн нэхэмжлэгчийн “Захиргааны ерөнхий хуульд заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” үүргээ хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах хангалттай үндэслэл биш байна.

Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзээд нэхэмжлэгч “Э.Б” ХХК-ийн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э.Б” ХХК-аас “НЗД-ын2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 тоот захирамжийн 2 дугаар хавсралтад байх “Э.Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг, гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.БАТБААТАР

           ШҮҮГЧ                                   Н.ДУЛАМСҮРЭН

                                            ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА

 

 

[1] Хавтас хэргийн 224 хуудас

[2] Хавтас хэргийн 11 хуудас

[3] Хавтас хэргийн 12 хуудас

[4] Хавтас хэргийн 78-79 хуудас

[5] Хавтас хэргийн 80-92 хуудас

[6] Хавтас хэргийн 109, 111 хуудас

[7] Хавтас хэргийн 112-116 хуудас