Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
Хэргийн индекс | 128/2023/0671/З |
Дугаар | 221/МА2024/0188 |
Огноо | 2024-03-14 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2024/0188
О.Н нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Д.Оюумаа
Илтгэсэн: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н
Нэхэмжлэгч: Ч.А , О.Н , Л.О , Д.О , Ё.Ц
Хариуцагч: Ш е з
Нэхэмжлэлийн шаардлага: “Ч.А, О.Н, Л.О, Д.О, Ё.Ц нарт 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс зарлиг гарах хүртэл хугацааны цалингийн зөрүүг олгохоос татгалзсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн шийдвэр хууль бус болохыг тогтоож, Ч.А-т 2,457,650 төгрөг, О.Н-д 1,365,500 төгрөг, Л.О-д 2,533,036 төгрөг, Д.О-д 4,153,798 төгрөг, Ё.Ц-д 694,553 төгрөг тус тус гаргуулж олгохыг Ш е зд даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2023/0799 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Ё.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тэмүжин
Хэргийн индекс: 128/2023/0671/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэр бүхий 5 нэхэмжлэгчээс Ш е з-д холбогдуулан “... 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс зарлиг гарах хүртэл хугацааны цалингийн зөрүүг олгохоос татгалзсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн шийдвэр хууль бус болохыг тогтоож, Ч.А-т 2,457,650 төгрөг, О.Н-д 1,365,500 төгрөг, Л.О 2,533,036 төгрөг, Д.О-д 4,153,798 төгрөг, Ё.Ц-д 694,553 төгрөг тус тус гаргуулж олгохыг Ш е з-д даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2023/0799 дүгээр шийдвэрээр: Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 23 дугаар зүйлийн 23.3, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4, 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.3, 70.2.4, 73 дугаар зүйлийн 73.1.1, 73.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2-т заасныг тус тус баримтлан Ч.А, О.Н, Л.О, Д.О, Ё.Ц нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч нарын цалингийн зөрүүг олгохоос татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, Ч.А-т 2,457,650 төгрөг, О.Н-д 1,365,500 төгрөг, Л.О 2,533,036 төгрөг, Д.О-д 4,153,798 төгрөг, Ё.Ц-д 694,553 төгрөг тус тус гаргуулж олгохыг Ш е з-д даалгаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. Улсын Их Хурлаас Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталж, мөн оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөнөөр Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль хүчингүй болсон.
3.2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ”, 46.3 дахь хэсэгт “Шүүгчийн албан тушаалын цалин, нэмэгдлийн хэмжээ болон нэмэгдэл олгох журам, шүүгчийн орон тоог Ерөнхий зөвлөлийн өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно” гэж тус тус заасан. Улсын Их Хурлын 2021 оны 04 дүгээр тогтоолоор “Шүүгчийн шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл, түүнийг олгох журам”, “Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, түүнийг олгох журам”-ыг тус тус шинэчлэн баталсан байна.
3.3. Дээрх хууль тогтоомжийн өөрчлөлттэй холбоотойгоор нэхэмжлэгч нарын цалин хөлсөнд өөрчлөлт орсон. Нэхэмжлэгчийн маргааны зүйл нь Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаанаас хамаарсан хохирол байх тул Шүүхийн ерөнхий зөвлөлийг холбогдуулан дээрх хохирлоо төлүүлэх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
3.4. Иймд Шүүгчийн цалин хөлс буурсан нь хууль тогтоох үйл ажиллагаатай холбоотой байх тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Ё.Ц-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан боловч хүчингүй болсонд тооцсон хуулийг тогтоох хэсэгт баримталсан байх тул хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2. Ч.А, О.Н, Л.О, Д.О, Ё.Ц нараас Ш е з-д холбогдуулан “нэхэмжлэгч нарт 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс зарлиг гарах хүртэл хугацааны цалингийн зөрүүг олгохоос татгалзсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн шийдвэр хууль бус болохыг тогтоож, Ч.А-т 2,457,650 төгрөг, О.Н-д 1,365,500 төгрөг, Л.О 2,533,036 төгрөг, Д.О-д 4,153,798 төгрөг, Ё.Ц-д 694,553 төгрөг тус тус гаргуулж олгохыг Ш е з-д даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
3. Ингэхдээ “... Шүүхийн ерөнхий зөвлөл 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаараа зарим шүүгчийн 2021 онд авч байсан цалин хөлс буурсан асуудлыг хэлэлцээд, цалин хөлсний хэмжээг бууруулахгүйгээр зөрүүг олгох тогтоол гаргасан, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 46 дугаар зүйлийн 46.2-т заасан зохицуулалт 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжсэнээс эхлэн биднийг чөлөөлөгдөх хүртэл шүүгчийн бүрэн эрх хэвээр байсан, энэ хугацаанд цалин хөлсний бүрэлдэхүүн, хэмжээг бууруулж болохгүй гэх хуулийн зохицуулалттай” гэж шаардлагын үндэслэлийг тодорхойлох бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаанаас хамаарсан хохирол байх тул Шүүхийн ерөнхий зөвлөлийг холбогдуулан хохирлоо төлүүлэхээр нэхэмжилснийг зөвшөөрөхгүй” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж маргасан.
4. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль /2012 он/-ийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Тухайн шүүгчийн цалингийн хэмжээ шүүгчээр ажилласан тав дахь жилээс эхлэн жил бүр 2 хувиар нэмэгдэж байна” гэж заасан болон Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасан нэмэгдлийн зохицуулалт хэрэгжиж эхэлсэн хугацаанаас хойш буюу 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөх хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нарын өмнө авч байсан цалин хөлсний хэмжээ буурсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан 2021-2022 оны цалингийн карт, цалингийн зөрүү тооцсон судалгаа зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдсон ба энэ талаар анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
5. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 3-д “Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийг шилж олох, эрх ашгийг хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ”, Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 46 дугаар зүйлийн 46.4-т “Шүүхийн төсвийг батлахдаа шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүн, хэмжээг бууруулж болохгүй, 70 дугаар зүйлийн 70.1-д “Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Ерөнхий зөвлөл нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зорилго бүхий шүүхийн захиргааны төв байгууллага мөн”, мөн зүйлийн 70.2-т “Ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 70.2.3-т “шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах”, 70.2.4-д “шүүхийн санхүү, эдийн засгийн баталгааг хангах” гэж зохицуулсан.
6. Харин хуульд заасан уг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах бүрэн эрх, чиг үүрэг буюу шүүгчийн цалин хөлсийг багтаасан шүүхийн төсвийг батлуулахтай холбогдуулан тус хуулийн 46 дугаар зүйлийн 46.8-д “Шүүхийн төсвийг боловсруулж батлахад дараах журмыг баримтална”, 46.8.1-д “...Ерөнхий зөвлөл Улсын дээд шүүхээс бусад шүүхийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийг төлөвлөн Байнгын хороонд хянуулахаар хүргүүлэх”, 46.8.2-т “... Ерөнхий зөвлөл Байнгын хороогоор хянагдсан төсвийн төслийн эцсийн хувилбарыг улсын төсөвт нэгтгүүлэхээр санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хуульд заасны дагуу хүргүүлэх” гэж заажээ.
7. Хуульд заасан шүүгчийн цалин хөлс буурсан нөхцөл байдал тогтоогдож байхад шүүгчийн эрх, ашиг нь зөрчигдөөгүй гэж үзэхээргүй байх тул хуулийн заалт өөрчлөгдсөнтэй холбоотой үүссэн энэхүү нөхцөл байдалд Шүүхийн ерөнхий зөвлөл
нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан шүүгчийн эрх ашгийг хамгаалах үүргээ биелүүлж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд шүүхийн төсөвт шүүгчийн цалин хөлсийг бууруулахгүйгээр тусгаж, холбогдох эрх бүхий этгээдэд хүргүүлэх үүрэгтэй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.
8. Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв дүгнэ, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1, 11.5-д заасан хууль хэрэглэх зарчимд нийцээгүй учир хэрэглэсэн хуулийг зөвтгөсөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
9. Иймд дээрх хууль зүйн үндэслэлээр шийдвэрт хуулийн хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2023/0799 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн...” гэсний дараа “... /2012 оны/” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ